Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,

       Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн  Г-ын Б-д холбогдох эрүүгийн 1735002160118 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Барокко хийц” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 09-10 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЛ88031873, С овгийн Г-ын Б.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 05 дугаар багийн нутагт хохирогч Б.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар :

                  Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 05 дугаар багийн нутагт хохирогч Б.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Н-ийн: “ 2017 оны 12 сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 01:00 цаг орчимд нөхөр маань найз нартайгаа архи уусан гээд согтуу байдалтай гэрт орж ирээд “Чи намайг найз нөхөдтэйгээ уулзаж байхад араас утасдаад хэл ам татлаад байна. Би найз нөхөдтэйгээ уулзаж болдоггүй юм уу” гэж хэлээд над руу уурласан юм. Би тэр орой нөхрийгөө ирэхгүй болохоор нь араас нь утасдаад утсаа авахгүй болохоор найз нөхөд рүү нь утасдаж асууж сурагласан юм. Тэгээд сүүлдээ нэг найзындаа байгааг нь мэдээд тэр айлын эмэгтэй рүү утасдаад “Архи уух нөхцөл байдлыг нь бүрдүүлж өгч байна. Чи адилхан эхнэр хүн байж” гэх зэргээр загначихсан юм. Би нөхөртөө “Найз нөхөдтэйгээ явж байгаа бол хаана, хэнтэй явж байгаагаа үнэнээр нь хэлчих” гэж хэлдэг байсан юм. Нөхөр маань тэр өдөр “Ажил хөөцөлдөнө” гэж хэлээд явсан боловч утсаа авахгүй, хаана байгаагаа хэлэхгүй шөнө орой болтол явчихсан юм. Түүнээс болж бид хоёр маргалдаад Б намайг хэл амаар доромжилж, зодох гээд давшлаад байхаар нь би гадагшаа гараад манай хашаанд байдаг нөхрийн ах Г-нд ороод “Б согтуу ирчихээд янз бүр болоод байна. Та дүүгээ ав, аль эсвэл би цагдаа дуудна” гэж хэлэхэд Г ах “Цагдаа дууд” гэж  хэлээд гэрээсээ гарч ирэхгүй байсан. Тиймээс би цагдаад дуудлага өгчихөөд гэрийнхээ гаднаас сэм чагнаж нөхрийгөө тайвширсан эсэхийг ажиглахад нөхөр маань хүүхдүүдээ эрхлүүлээд уур нь гарсан бололтой байсан тул гэрлүү орох гэтэл урдаас тосоод гараад ирсэн. Тэгээд Б намайг харчихаад “Хаашаа яваад ирж байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед би биеэ хамгаалах зорилгоор ардаа жижиг мод барьчихсан байсан бөгөөд Б-г  дөхөөд ирэхээр нь “Намайг цохих гэх юм бол би модоор буцааж цохино. Би даараад байна, холд” гэж хэлээд модгүй зүүн гараараа Б-г холдуулах гэтэл Б миний зүүн гарыг барьж аваад мушгиж дагз руу 2 удаа цохисон. Би тусламж дуудаж орилоход хажуу айлаас хэн ч гарч ирэхгүй байсан. Б миний барьж байсан модыг булааж авахаар нь би зугатааж гэрлүүгээ ороод хаалгаа түгжсэн юм. Тэгээд дахин цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа ирээд Б-г авч явсан юм. Нөхөр маань архи уухаараа хурдан согтчихдог тул би араас нь санаа зовоод утсаар залгадаг. Нөхөр маань хаана, хэнтэй явж байгаагаа хэлээгүй байж гэрт ирчихээд “Найз нөхөдтэй уулзуулахгүй байна” гэж уурлаад байдаг юм. Мөн нөхрийн талын хамаатны хүмүүс болох хадам ээж, эмээ нарын зүгээс бидний амьдралд оролцож надад юм хэлэхгүй мөртлөө нөхөрт маань миний тухай элдэв үг хэлээд байдаг юм. Тэр үгийг нь нөхөр сонсчихоод надад ирж хэлж уурладаг. Түүнээс болж хэрүүл маргаан гараад байдаг юм. Нөхөр маань тэр бүхнийг сонсоод намайг түүний ээжийг нь уурлуулж бухимдуулаад хүндлэхгүй байна гэж үзээд байдаг юм. Тэр хүмүүс надад болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар хэлэхгүй байж нөхөрт маань элдэв дайвар үг хэлээд байдгаас болж хэрүүл маргаан болдог юм. Миний биед яг одоогоор өвдөж байгаа зүйл байхгүй. Гэмтсэний дараа эмчилгээ хийлгэсэн тул өвчин зовиур эдгэрсэн. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй. Миний хувьд гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн  22-23/,

                  гэрч Ц.Б-ын “Н нь миний төрсөн охин, Б нь түүний нөхөр юм. Н, Б нар гэр бүл болоод 4 жил болж байгаа, одоо 2 хүүхэдтэй гэр бүл байгаа юм. Тэд бие биетэйгээ харьцах харьцаа сайн, нэг компанид ажилладаг тул ар гэрийн ажил төрлөө хуваарилаад ээлжлээд хийчихдэг хүмүүс байгаа юм. Байнга хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Б нь найз нөхдийн хүрээнд хааяа гадуур архи ууж ирэхэд хэрүүл маргаан гараад байдаг бололтой байдаг ч байнга уугаад байдаггүй. Жилд 1-2 удаа уудаг бололтой байсан. Хувийн барилгын зураг төслийн компанитай тул хүмүүстэй уулзаж ажил төрөл хөөцөлдөхөд тиймэрхүү нөхцөл гардаг л байх гэж боддог юм. Сүүлд 2017 оны 12 дугаар сарын 07-нд Б охин Н-ийг зодсон талаар би  2-3 хоногийн дараа сонссон бөгөөд хэрэг явдал гарах үеэр би тэднийд байгаагүй тул мэдэхгүй байна. Гэр бүлийн хооронд байнгын хэрүүл маргаан дарамталсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа зүйл дуулдаж байгаагүй. Миний мэдэхээр 2-3 жилийн өмнө Н-ийг Б түлхэж унагасан гэж сонсоод би гэрт нь очиж байсан юм. Тэр үед аль алинд нь зөвлөж сургаал хэлээд загнаад өнгөрсөн. Түүнээс хойш дахин хэрүүл маргаан, зодоон бослон талаар надад сонсогдож байгаагүй. Б ер нь даруухан залуу бөгөөд элдэв хүмүүстэй нийлж танхайраад яваад байдаггүй, үгэнд сайн ордог хүн байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

                  гэрч З.Г-ийн “Би Б-гийн авга ах нь байгаа юм. 2017 оны 12 сарын 06-ны шөнө унтаж байтал манай хашаанд амьдардаг миний ахын хүүхэд болох Б-гийн гэрт хэрүүл маргаан болж шуугилдаад байсан юм. Тэгж байтал Б-гийн эхнэр Н манай гэрийн хаалгаар шагайгаад “Б-гээ аваарай, авахгүй бол цагдаа дуудлаа” гэж хэлэхээр нь би “Та нар өөрсдөө учраа ол” гэж хэлээд гэрээс гараагүй юм. Б “Хаалгаа тайл” гээд орилоод хаалгаа цохиод байх шиг байсан. Тэгж байтал цагдаагийн машин ирээд цагдаа нар Б-г аваад явах шиг болсон. Би тухайн үед гэрээс гарч хараагүй. Ямар нэгэн зодоон нүдээн болсныг хараагүй юм. Б, Н нар шөнө дунд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Б, Н нар гэр бүл болсноос хойш манай хашаанд амьдарч байгаа бөгөөд тэд урьд өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдах, Б нь Н-ийг зодож цохиж байхыг харж байгаагүй. Тэр хоёр хамт ажилладаг бөгөөд хоорондоо эвсэг харьцаатай, байнга хамт явж байдаг хүмүүс байгаа юм. Хоорондоо хэрүүл маргаан гаргаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зүйл байхгүй. Би “Улиасны хэв”-ийн дээд талд жимсний талбайтай тул зунд нь голдуу тэнд байдаг бөгөөд өвөлдөө хашаандаа ирж байралдаг юм. Б нь үг дуу цөөнтэй, төлөв даруу зантай, архи дарс уугаад агсам согтуу тавиад байдаггүй хүн юм. Хувийн зураг төслийн компанитай бөгөөд эхнэрийн хамт ажилладаг. Ар гэртээ халамж анхаарал сайн тавьдаг. Ажлын байдлаас хамаарч хүүхдүүдээ ээлжилж аваад хоол ундаа ээлжилж хийгээд амьдардаг хүмүүс байгаа юм. Б урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, элдэв муу зуршилгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

                  шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой найз нарын хамт архи ууж согтоод гэртээ шөнө дунд харьсан. Тухайн үед би архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул зарим үйлдлээ санахгүй байна. Миний санаж байгаагаар би гэрийн хаалгаа татсан боловч эхнэр Н дотроос нь түгжсэн бололтой онгойлгож өгөхгүй байсан. Тэгтэл цагдаа нар ирж намайг авч явсан юм. Би тухайн үед согтсон байсан тул эхнэр Н-ийг хаана нь юугаар зодож цохисноо санахгүй байна. Н надад хэлэхдээ толгой руу цохисон гэж хэлж байсан. Намайг архи дарс ууж гадуур явснаас болж маргалдсан бололтой байсан. Н-ийн дагз орчим хавдсан байсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Эхнэр бид 2-ын харилцаа хэвийн сайн байгаа, бид 2 хамтдаа ажиллаж , амьдралаа авч явдаг, өнөөдөр гэхэд л бид 2 хамт ажил дээрээ байж байгаад би ирсэн, би архи ууснаас болж ийм асуудал гарсан. Дахиж ийм асуудал гаргахгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                 Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №17 дугаартай: “Үзүүлэгч Б.Н-ийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны хоёрдугаар хуруунд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

                 Шүүгдэгч Г.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ийн  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.                

                 Хохирогч Б.Н нь шүүгдэгч Г.Б-гээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

                  2. Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Г.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Улаангом сумын 05-р багт эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг болох нь Улаангом сумын 05-р багийн засаг дарга Ч.Г-ийн тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.                      

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                  1. Шүүгдэгч С овгийн Г-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ,

                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН