Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0170/З |
Дугаар | 128/ШШ2024/0403 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2024/0403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Ж******* /РД:*******/ ,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,
Маргааны төрөл: Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаал хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Х.Ж*******ийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эхийг хүчингүй болгуулах тухай ******* дугаартай тушаалыг хүчингүй болгох, Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч Х.Ж******* нь Баян-Өлгий аймгийн санхүүгийн хэлтсийн 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр анх тооцооны нягтлан бодогчоор, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 1994 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай тушаалаар татварын улсын байцаагч, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай тушаалаар татварын улсын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар Татварын улсын байцаагчид тус тус томилогдон ажиллаж байсан.
2.2.Нэхэмжлэгч Х.Ж******* нь Төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн даргад гаргасныг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газарт уламжилжээ.
2.3.Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.Ж*******ийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгожээ.
2.5.Нэхэмжлэгчийн төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эхийг хүчингүй болгуулах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгох, Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаар 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Х.Ж*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч******* нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ: Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нь 2023 оны 12 сарын 01-ны өдрийн ******* дугаартай Тушаалаар Х.Ж*******ийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулийн зохих зүйл заалтад нийцсэн байх ёстой. Гэтэл тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хуульд нийцэхгүй байх бөгөөд тушаал гарснаар Х.Ж*******ийн төрийн жинхэнэ алба хаах, хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байна.
Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.3-т заасны үндэслэсэн байх бөгөөд "Татварын ерөнхий газрын харьяа Баян-өлгий аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Х.Ж******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2023 оны 12 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосугай" гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахтай холбоотой тус маргаан бүхий захиргааны акттай холбоотой дараах хуулийн зохицуулалтууд байна. Үүнд:
1)Төрийн албаны тухай хуулийн 4.4-т "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна" гэж,
2)Төрийн албаны тухай хуулийн 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" бол Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр, харин 46.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана." гэж,
3)Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна" гэж,
4)Хөдөлмөрийн тухай хуулийн 145.1-т "Ахмад настан ... хөдөлмөр эрхэлж болно". 9.6-д "Аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг үргэлжлүүлэн ажиллуулж болно" гэж,
5) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэж тус тус зохицуулсан.
6)Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: 1967 онд төрсөн бол 56 нас 3 сар" хүрвэл тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохоор заасан.
Дээрх хуулийн тодорхой зохицуулалтуудаас үзэхэд эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол шууд тэтгэвэрт гаргаж ажлаас нь чөлөөлөхөөр хуульчлаагүй байна. Харин дээрх насанд хүрснээр өөрөө хүссэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх олгосон зохицуулалт байна. Нэхэмжлэгч Х.Ж******* нь 1967 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн. Хэдийгээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дах хэсэгт заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ (55 нас 9 сартай байхдаа) 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд гаргасан байсан.
Нэхэмжлэгч Х.Ж******* нь Баян-өлгий аймгийн татварын хэлтэс 1992 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш тасралтгүй 31 дэх жилдээ тус албанд бусдыгаа манлайлж үр дүнтэй ажилласан туршлагатай, ажиллах хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй, үйл ажиллагаа үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ жил бүр 90 хувиас дээш А үнэлгээтэй, эрүүл мэндийн байдал хэвийн, тухайн албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэхэд саад болох аливаа зүйлгүй, төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой байгаа.
Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан албан тушаалын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ хангалтгүй байсан бол, туршлагын хувьд тус албан тушаал дээр нийцэхгүй байсан бол, эрүүл мэндийн байдал албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй байсан бол эдгээр нөхцөл байдлууд баримтаар тогтоогдсон бол түүнийг ажлаас чөлөөлөх шаардлагыг хуульд заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 42.2-т заасанчлан Захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахдаа сонгох боломжийг хэрэглэх тохиолдолд хуульд заасан шаардлагад үндэслэх ёстой. Тус хуулийн 3.1-т зааснаар 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн ахмад настан гэдэг ойлголтод хамаарахаар заасан.
Гэтэл Х.Ж*******ийн олон жил ажилласан туршлага, уйл ажиллагаа үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээний талаар болон эрүүл мэндийн хувьд цаашид үргэлжлүүлэх ажиллах боломжтой эсэх асуудлыг огт судлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж тус тус заасныг зөрчсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах тухай заасан... Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журмын дагуу Х.Ж*******д урьдчилан мэдэгдэж, түүнээс тайлбар, баримт авах шаардлагатай байсан. Гэтэл тус ажиллагааг хийлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг юм.
Иймд түүний хүсэлтийг үл харгалзан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүргээгүй байхад ийнхүү төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 49.1-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" гэж, 62.1-т "Төрийн жинхэнэ албан хаагч ... дараах баталгаагаар хангагдана" гэж, 62.1.1-т "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэж тус тус заасныг зөрчсөн байх тул тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
ГУРАВ. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Нэхэмжлэгч Х.Ж******* нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд багтаан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн ******* дугаартай "Гомдлын хариу хүргүүлэх тухай" албан бичгээр маргаан бүхий захиргааны актыг хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн агуулгаар шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 76.3-т "Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т "... захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж, 14.1.1-т "... гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 сарын 23-ны Өдрийн ******* дугаартай "Гомдлын хариу хүргүүлэх тухай" хариуг мэдсэнээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлсэн, гомдлын хариуг хүлээн авсан өдрөөс хуульд заасан хугацаанд багтаан нэхэмжлэлээ тус шүүхэд гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.1 дэх хэсэгт /хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх/ гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 42.3 дахь хэсгийг харгалзан үзэж маргаан бүхий актын шийдвэрийг гаргаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тэтгэврийн насанд хүрсэн гэх шалтгаанаар төрийн албанаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч өндөр настны тэтгэврийн дээд хязгаарын нас хүртэл ажиллах хүсэлтэй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргахыг хүсэж байна гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* шүүхэд ирүүлсэн болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 46.5, Татварын ерөнхий хуулийн 77.7.9, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг тус тус үндэслэн, хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр болно.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө", 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн", 46.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй", 46.5-д "Энэ хуулийн 46.1, 46.2-т заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана" гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол тухайн албан хаагчийг чөлөөлөх бүрэн эрх төсвийн шууд захирагчид үүснэ.
Төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ өгч болох ба тус хүсэлтийг гаргаснаар үргэлжлүүлэн ажиллуулах үр дагавар шууд үүсэхгүй ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасан тодорхой шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй байна.
Мөн томилох эрх бүхий албан тушаалтан нь үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг зайлшгүй харгалзан, хүсэлтийг үндэслэж, тухайн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахыг үүрэгжүүлсэн зохицуулалт Төрийн албаны тухай хуульд тусгагдаагүй болно.
Татварын ерөнхий газар нь Х.Ж*******ийн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлэн ажиллах хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хүлээн авч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн.
Тус албан бичигт Х.Ж*******ийн хүсэлтийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авах боломжгүй талаар, мөн
Х.Ж*******ийг төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой материал ирүүлэхийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст мэдэгдсэн. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс нь дээр дурдсан албан бичгийн хувийг Х.Ж*******д гардуулж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тайлбар, санал авах ажиллагааг хийсэн боловч оролцогч тайлбар, нотлох баримт өгөхөөс татгалзсан байна.
Мөн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар Х.Ж*******ийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 1967 онд төрсөн ба хуанлийн жил, сар, хоногоор тооцвол 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуульд заасан тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэх боломжтой нас буюу 56 нас 3 сар хүрсэн. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчөөгүй болно. Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 46.3 дугаар зүйлд тайлбар хэлэхдээ зөрчилдсөн тайлбар хэлж байгааг шүүх харгалзан үзнэ үү. Тус хуулиар сонгох боломжийг хэрэглэхдээ мөн хуулийн 42.2 дугаар зүйлд заасан шаардлагыг үндэслэх үүрэгтэй байсан бөгөөд тухай ажлын байранд тэнцэх эсэх дээр ажиллагаа хийх ёстой байсан. Гэтэл тухайн ажиллагаа хийгдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн хариу тайлбараас харагдаж байна. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг болон сонсох ажиллагааны мэдэгдэл нь хэлбэрийн төдий байсан нь ажиглагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрхэн шийдсэн нь тодорхойгүй байна. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээх тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч бүх баримт бичгээ бүрдүүлэн өгөх шаардлагагүй юм. Гагцхүү үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байгаа бол хүсэлтээ өгөх тухай заасан байдаг. Тиймээс захиргааны байгууллага өөрөө цуглуулах шаардлагатай байсан нотлох баримтыг хүсэлт гаргагч өгөх ёстой байсан мэт буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй. Татварын ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс рүү явуулсан албан бичиг нь эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн шийдвэр биш бөгөөд нотлох баримт цуглуулах ажиллагааг Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс хэрэгжүүлэх ёстой байсан. Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс тайлбарлахдаа тухайн үед Х.Ж*******д сонсох ажиллагаа явуулахад ямар нэгэн тайлбар, баримт гаргаж өгөөгүй, өөрийн биеэр Татварын ерөнхий газарт хандана гэж хэлээд ажлаа хүлээлгэн өгөөд явсан гэж хэлж байсан. Түүнийг нотлох баримт байгаа бөгөөд сонсох ажиллагаанд оролцоогүй гэж хэлэх үндэслэлгүй юм. Баян-Өлгий аймгийн татварын газар тэтгэвэрт гарахтай холбоотой нэмэлт материал гаргаж өг гэж удаа дараа мэдэгдэхэд татгалзаж байсан нь Захиргааны хэргийн шүүхэд хандах гэж байсан гэж бодогдохуйц байна. Тиймээс Татварын ерөнхий газар нэхэмжлэгч Х.Ж*******ийг хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс Татварын ерөнхий газрын даргасан захиргааны акт нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн 2 нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Ж*******ээс Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.
Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өрийн ******* дугаартай тушаалаар[1] Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Х.Ж******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагийн эрхийг хүчингүй болгосон байна.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна., 46.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж зохицуулжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заажээ
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай /2023 оны 12 дугаар сарын 01-нйи өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1967 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 56 нас 3 сар байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байх бөгөөд 1967 онд төрсөн эмэгтэй төрийн албан хаагчийг 56 нас 3 сар хүрснээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөхөөр байна.
Нөгөөтэйгүүр хууль тогтоогч төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргахаар, хэрэв хүсэлт гаргасан тохиолдолд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах тусгайлсан зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 46.3 дахь хэсэгт тусгажээ.
Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллуулахдаа түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэрэг 4 нөхцөлийг харгалзан үзэж, шийдвэр гаргахаар хуульд заасан байх бөгөөд эдгээр нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд шийдвэр гаргахдаа зайлшгүй хянан үзэхийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Ж*******ээс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргад төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ[2] бичгээр гаргасан, уг хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр[3] Татварын ерөнхий газарт уламжилсан, Татварын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр[4] хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариуг өгч, хувийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг хүлээнэ.
Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Х.Ж*******ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасан түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэрэг 4 нөхцөлийг харгалзан үзэх үүргийн дагуу нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт цуглуулах ажиллагааг хийлгүйгээр тэтгэвэр тогтоох насанд хүрсэн, мөн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг 2023 оны төсөвт тусгасан гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд Х.Ж*******ийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэр-ийн хуулбараар нэхэмжлэгч Х.Ж*******д Татварын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хувийг гардуулж өгсөн болох нь тогтоогдож байх боловч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн сонсох ажиллагаанд нэхэмжлэгч оролцсон болох нь нотлогдохгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд 55 нас хүрсэн эмэгтэй төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан байхад захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд уг хүсэлтийг хуульд заасан 4 шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.
Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн карт авагдаагүй, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг холбогдох журамд заасны дагуу нэг бүрчлэн тооцоолох боломжгүй байх тул 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цалин, хөлсийг нэг бүрчлэн бодож олгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 100 дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ж*******ээс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Ж*******ийг Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цалин, хөлсийг нэг бүрчлэн бодож олгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын даргаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ