Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 24

 

 

А.Янжмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00282 дугаар шийдвэртэй,  Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 15-5 тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,  ******* холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай. А.Янжмаад холбогдуулан гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн сөрөг нэхэмжлэлтэй.

Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дугаар ажилтанг өндөр насны тэтгэвэрт гарах тушаалаар нэхэмжлэгч А.Янжмааг намайг бэлдмэлчингийн ажлаас чөлөөлснийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч А.Янжмаа би 1974 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 60 нас хүрээгүй байхад хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс намайг бэлдмэлчингийн ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг зөрчсөн. Ажилтанд нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлтэй нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр авах, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх ажил олгогчид үүсгэхгүй. Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлтэй нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр авах, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь ажилтны сайн дураар эдлэх эрх бөгөөд уг эрхээ эдлэх эсэхээс нь шалтгаалж түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх ажил олгогчид байхгүй. Иймд нэхэмжлэгч А.Янжмаа миний хариуцагч ******* холбогдох гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Өндөр настны тэтгэвэрт гаргаж, амралт олгох тухай А/35 дугаартай тушаалыг А.Янжмаа бид хоёр хоорондоо ярьж зөвшилцөж гаргасан. Тухайн өдөр А.Янжмаа нь тушаалаа авсан. Тушаалаа аваад нягтлангаас цалингаа аваад амарсан. Манай байгууллага нь ажил үүргийн онцлогоос хамаарч  9 дүгээр сараас хойш амралтаа авдаг. А.Янжмаа нь олон жил ажилласан. Эртхэн амраад шүүхээр нэршлээ өөрчлүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй байна. Та миний тушаалыг гаргаад өгөөч гэхээр нь би тушаалаа гаргаж өгсөн. Сайн дураараа тэтгэвэртээ гарах тухай өргөдлөө манай хүний нөөцийн ажилтанд өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй байгаа. А.Янжмаа нь сайн дураараа тэтгэвэртээ гарсан. 45 нас хүрээд хортой нөхцөлөөр сайн дураараа тэтгэвэртээ гарч болно гэсэн хуулийн заалтын дагуу тэтгэвэртээ гарсан. А.Янжмаа нь 10 дугаар сард эргэж ажилдаа орж ирээд тэтгэврээ тогтоолгож амжсангүй. Одоо яах вэ гэхээр нь тэтгэвэртээ гартлаа ажиллаж байхгүй юу цалинг чинь хасахгүй гээд түр ажилтнаар ажилд авсан. Нэгэнт тэтгэвэртээ гарсан хүнийг жинхэнэ ажилтнаар авч болохгүй гэрээтээр хуучин ажиллаж байсан ажлаа хийгээд 3 сар ажиллаж байгаад дулаарахаар ажлаасаа гараарай гэж хэлсэн. А.Янжмаа нь зөвшөөрч гэрээтээр ажиллахаар болсон. Гэрээтээр ажиллаж байх хугацаандаа шүүхэд хандсан байгаа гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны Монгол улсын Засгийн газрын 382 дугаар тогтоол батлагдаж цалингийн цэс нь шинээр ирсэн. Уг тогтоолд эмнэлгийн сертификатгүй ажилчид ТҮ-ийн зэрэглэл рүү шилжиж байгаа. А.Янжмааг ТҮ-ийн зэрэглэл рүү шилжүүлэх гэсэн чинь А.Янжмаа надаас энэ жил тэтгэвэртээ гарна. Сүүлийн 6 сар цалин сайн авбал тэтгэвэр өндөр тогтдог гэнэ. Та намайг өндөр цалин өгөхөөр тушаал гаргаад өгөөч ээ гээд гуйхаар нь би А.Янжмаад итгэж тушаал гаргаж өгсөн. А.Янжмаа нь миний итгэлийг алдсан учир сөрөг нэхэмжлэл гаргасан. А.Янжмаа нь ТҮ-1-5-аар буюу 505,706 төгрөгөөр цалинжих ёстой. Бусад нэмэгдэл урамшуулал нь 505,706 төгрөгөөс бодогдох ёстой. Гэтэл би А.Янжмааг ТҮЭМ-2-5-аар буюу 614,276 төгрөгөөр цалинжуулсан. Нэмэгдэл урамшуулал, 4 улирлын нэмэгдэл нь ороод А.Янжмаа нийт 7,966,460 төгрөгийн цалин авсан байдаг. 2019 онд А.Янжмаагийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бүх шимтгэл нь төлөгдөж байсан. А.Янжмаагийн яг авах ёстой байсан цалин нь 505,706 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар гэх мэт бүх шимтгэлээ төлөөд, орон нутгийн нэмэгдэл, хортой нөхцөлийн нэмэгдэл, унааны мөнгө нэмээд авахаар гар дээрээ 6,514,429 төгрөг авах ёстой. Энэ хоёр цалингийн зөрүү 1,452,031 төгрөгийг А.Янжмаагаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Янжмаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байгаа. Нэгдүгээрт: Сөрөг нэхэмжлэлд дурдсан ажил олгогч байгууллагын даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр бүтэц орон тоог баталсан тушаал байгаа. Уг тушаалын хавсралтад лабораторийн тасгийн ажилчдын заримыг  ТҮЭМ-2-5-аар, заримыг нь ТҮЭМ-ийн 4-5, ТҮЭМ-ийн 3-5 цалинжуулахаар гаргасан тушаал байгаа. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар ТҮЭМ-2-5-аар цалинжуулахаар гаргасан ажил олгогчийн тушаал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ажил олгогчийн заасан шатлалаар цалинжиж явсан учир ажилтанг хууль бусаар цалин хөлс авсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийг ТҮ-1-5-аар цалинжих ёстой гэж байгаа юм. ТҮ-1-5-д ямар албан тушаалтан ажилладаг юм бэ гэдгийг Монгол улсын Засгийн газрын тогтоолд бичсэн байгаа. Байгалийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай мэргэжил, боловсрол үл шаардагдах үйлчилгээний ажил үүрэг гүйцэтгэх албан тушаалтан хамаарна гэж заасан. Ямар ч боловсрол мэргэжил шаардлагагүй ажлын байр юм гэж ярьж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч анх Зоонозын өвчин судлалын төвд сургалтад сууж ирээд томилогдсон.  Ажлын байрны онцлог нь химийн хортой бодисуудтай харьцаж, лабораторийн тасагт ажилладаг. Нэхэмжлэгчийн хийдэг ажлыг ямар ч мэргэжил боловсролгүй хөдөөний малчин хийх боломжгүй. ТҮ-1-5-аар цалинжих ёстой гэж шууд үндэслэлгүй хэлж болохгүй. 2017 оноос хойш ТҮЭМ-ээр цалинжсан. 2019 онд ажил олгогч мөн ТҮЭМ-ээр цалинжуулсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Эрүүл мэндийн ажилтан” гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг ойлгоно гэж заасан. Хариуцагчийн ярьж байгаа зүйл, гаргаж байгаа үндэслэл нь хоорондоо зөрчилдөөнтэй. Мөн ажил олгогчийн тушаал шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд ажилтанг хууль бусаар цалин хөлс авсан гэж үзэх боломж байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00282 дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын 2 дахь заалт буюу А.Янжмааг өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр “Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай” тушаалын 1 дэх заалт буюу А.Янжмааг түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр “А.Янжмааг гэрээт ажилтнаар ажилд авах тухай” тушаал, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоосугай.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн А.Янжмаад холбогдуулан гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 1,294,163.15 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 743,332 төгрөг, нийт 2,037,495.15 /хоёр сая гучин долоон мянга дөрвөн зуун ерэн таван төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Янжмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 1,354,922.85 /нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга есэн зуун хорин хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Янжмаагийн 1,294,163.15 /нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран гурван төгрөг арван таван мөнгө/ төгрөгөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох, 743,332 /долоон зуун дөчин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны тус тус нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ******* даалгасугай.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс улсын тэмдэгтийн  хураамж нийт 117,750 /нэг зуун арван долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд болон хэрэгт цугларсан нотлох баримтыг  тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтой  зөрчиж зохигчдын  мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар "нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан хүсэлтийг хуулийн үндэслэлгүйгээр хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдьэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Өндөр насны тэтгэвэрийг Ховд аймгийн  Нийгмийн  даатгалын  хэлтэс  тогтоохдоо ажилтны ажлаас чөлөөлөгдсөн  тушаалыг 2019 оны 08 дугаар сарын  19-ний  өдрийн  Б/35 дугаар  тушаалыг үндэслэн  тогтоосон  бөгөөд  2019 оны 10 сард  тэтгэвэрээ тогтоолгоогүй  үйл баримт  нь  ажил олгогчийн  буруу байхгүй байхгүй. Өөрөөр  хэлбэл ажил олгогчийн  хувьд А.Янжмаа нь 2019 оны  08 дугаар сарын  19-ний өдрийн  тушаал  гарснаар өндөр настан  гэж  тооцогдож  шинээр  хөдөлмөрийн  эрх зүйн  харилцаа үүссэн  байтал шүүх Хөдөлмөрийн  тухай  хуулийг буруу тайлбарлан  хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 41.2-т зааснаар  “...хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл,  эс үйлдэхүй, бусад  нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана”, гэснийг шүүх хууль тайлбарлахдаа анхаарч хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож дахин  хэлэлцүүлэхээр  буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Янжмаа нь *******  холбогдуулан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Янжмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа” Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалыг хүчингүй болгуулах, бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах,  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” гэж тодруулсан байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Янжмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа “ Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дугаартай А.Янжмааг гэрээт ажилчнаар авах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаартай Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалын 2 дахь заалт буюу А.Янжмааг өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гарч тэтгэмж автал түр ажиллуулах тухай тушаалын 1 дэх заалт буюу А.Янжмааг түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь 2020 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах тухай шаардлагаа “2020 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 2,421,979 төгрөг гаргуулах” гэж, 2020 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаа “2020 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” гэж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаа “2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс  2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлс 970,439 төгрөг гаргуулах” гэж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаа “2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс  2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” гэж тус тус тодруулжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баяржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “А.Янжмааг бэлдмэлчингийн ажилд оруулах боломжгүй,А.Янжмаа тэтгэмжээ авсан, тэтгэвэртээ гарсан гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Янжмаад холбогдуулан 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тухайлбал

 Хэргийн 139 дүгээр талд  авагдсан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт “Алгаа овогтой Янжмаа миний бие нь 1991 оноос өнөөг хүртэл ЗӨСТ-д бэлдмэлчингээр ажиллаад тэтгэвэрт гарч байгаа тул Эрүүл мэндийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу нэг удаагийн тэтгэмж олгож өгнө үү? гэх гараар бичсэн өргөдлийн хуулбар, хэргийн 140 дүгээр талд авагдсан “Алгаа овогтой Янжмаа нь /ПЮ74072206/ Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь заалтад заасан тэтгэмжээ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны 5845618442 тоот дансаар хүлээн авсан нь үнэн болно” гэх Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 354 дугаартай албан бичгийг шүүх үнэлсэн эсэх нь тодорхойгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт бичгээр гаргасан өргөдөл, тэтгэмжээ авсан талаарх Эрүүл мэндийн газрын даргын тодорхойлолт зэргээс үзэхэд түүнийг өөрөө хүсэлтээ гаргаж, хортой халуун нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна” гэж дүгнэж болохоор байна.

Энэ нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 2 дахь хэсэгт ... нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэх хуулийн заалттай нийцсэн байна. Хариуцагчийн тайлбар болон хэргийн 141 дүгээр талд авагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 209 дугаартай “Алгаа овогтой Янжмаа /ПЮ74072206/ нь 2019 оны 11 дүгээр сарын 28-нд хортой, халуун нөхцлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нь үнэн болно” гэх албан бичиг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байна. Гэтэл шүүх хэрэгт авагдсан эдгээр үйл баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд “ажилтныг өөрөө хүсээгүй байхад нь түүнийг өндөр насны тэтгэвэрт гаргасан гэж” ажил олгогчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Мөн хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангасан боловч хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Янжмаагийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дугаартай ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн тодруулсан болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Зоонозын өвчин судлалын төв А.Янжмаад холбогдуулан гаргасан 1,452,031 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Н.ТУЯА

 

                                ШҮҮГЧИД                                                      Б.ДАМБА

                              

                                                                                                       М.НЯМБАЯР