Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1085

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/2084 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр Д.Бт холбогдох 2208 02023 1263 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

..., 20.. оны ... дугаар сарын ....-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... нарын хамт ... аймгийн .... багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 8 дугаар гудамжны 822 тоотод О.Баатархүүгийн гэрт түр амьдарч байхдаа түүний 13 настай охин болох Б.Хтай үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 9 дүгээр сарын 3-ны өдөр, 9 дүгээр сарын 6-ны өдөр тус тус бэлгийн харьцаанд орж, Б.Хыг жирэмсэн болгож, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын хүрээнд процесс ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага нь яллагдагч, хохирогчийн хувийн байдал, хоорондын харилцаа, яллах, цагаатгах болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэг хүлээж тэгш байдлыг ханган шалгах ажиллагааг явуулах шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд дараах нэмэлт ажиллагаа хийх нь ач холбогдолтой гэж дүгнэлээ. Учир нь, яллагдагч Д.Б нь 18 нас 5 сартай байх үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэлтэй хүнд хэрэгт яллагдагчаар татагджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд уг хэргийн шинж, онцлог байдал зэргийг харгалзаад яллагдагч Д.Бын бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, өсвөр насны хүний шинж байдал байгаа эсэхийг тодруулахаар мэргэжлийн шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд /хх 57-59/ насанд хүрээгүй хохирогч Б.Хын бэлгийн бойжилт олсон эсэхийг тодорхойлоогүй, хохирогчийн биологийн хөгжил, бие бялдрын хувьд насандаа байгаа талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь уг хэрэгт ач холбогдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.”, 7 дахь хэсэгт “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан. Яллагдагч Д.Б нь яллах дүгнэлт гардаж авахаас татгалзаж, өмгөөлөгчид өгнө үү гэхэд гардаж авлаа, өмгөөлөгчид өгнө үү гэж бичүүлсэн, угтаа бол яллах дүгнэлт аваагүй гэсэн бол прокуророос яллагдагч яллах дүгнэлтээ гардаж авсан, энэ талаараа бичсэн байгаа гэсэн харилцан зөрүүтэй тайлбар гаргасан. Хэрэв яллагдагч яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан тохиолдолд хуульд зааснаар тэмдэглэл үйлдэх, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах нь зүйтэйг тэмдэглэж байна.

Иймд захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх, холбогдох зарим ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хийлгэхээр Доржбалын Баярбаатарт холбогдох эрүүгийн 2208 02023 1263 дугаартай 1 хавтас хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Д.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан. Яллагдагч нь бүрэн дунд боловсролтой, бие бялдар, хэл яриа, сэтгэцийн хувьд хэвийн, ямар нэгэн байдлаар эргэлзээ төрүүлэх үндэслэл бүхий нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно. Хэрвээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...шүүгдэгч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрсөн гэж үзэж байгаа бол шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүхийн шатанд хийх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Тухайн хэргийн хохирогч Б.Х нь 13 настай, бага насны хохирогч бөгөөд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, тухайн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байдлыг далимдуулж үйлдэгддэг учраас хохирогч зөвшөөрсөн буюу эсэргүүцэл үзүүлээгүй нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн 13 настай хохирогч Б.Х бэлгийн бойжилт олсон, эс олсон эсэх нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул энэ заавал хийгдэх ажиллагаа биш гэж үзэж байна.

Яллагдагч Д.Бт прокуророос яллах дүгнэлтийг цагдан хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд гардуулан өгч, гардан авсан тэмдэглэлд Д.Б нь гардаж авлаа гэж гарын үсгээ зурсан баримт хавтаст хэрэгт яллах дүгнэлтийн ар талд хавсаргасан байгаа. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт гардуулах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу явагдсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон хэдий ч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөрчилнө гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2084 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Х нь өөрийгөө 8 дугаар ангид сурдаг, 14 настай гэж хэлж байсан. ...” гэв.

Яллагдагч Д.Бын өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч тус хэрэг гарах үед 13 настай байсан. Одоо 14 насанд хүрсэн. Хохирогч хүүхдээ төрүүлэхдээ өөрөөрөө төрсөн байдаг. Хүүхдийг нь хохирогчийн аав, ээж нь харж байгаа. Бэлгийн бойжилт олох буюу насанд хүрээгүй хүн бол бэлгийн бойжилт олоогүй байдаг гээд шүүх эмнэлгийн дүгнэлт байдаг. Хохирогч Б.Х нь хүүхэд төрүүлсэн нь бэлгийн бойжилт олон 14 нас хүрсэн байх боломжтой. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт цуглаагүй байдаг. Ийм учраас насанд хүрээгүй хохирогч бэлгийн бойжилт олсон эсэх талаарх дүгнэлтийг зайлшгүй гаргуулах шаардлагатай байна. Мөн Б.Х нь Д.Бтай байнга чат бичсэн гэж мэдүүлдэг. Энэ талаарх чатуудыг ямар нэгэн байдлаар өөрсдөөс нь тодорхой мэдүүлэг аваагүй. Хохирогчийн биед үзлэг хийн, биеийн өндөр болон жинг тогтоож, гаднах байдлаар нь хэдэн настай вэ гэх талаар тогтоох шаардлагатай гэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан байдаг. Улсын Дээд шүүхээс хүчиндэх гэмт хэргийг тайлбарлахдаа бага насны хүүхэд гэх ойлголтыг харьцангуй авч үзэхэд тодорхой шалгуураар тогтоох талаар тайлбарласан байдаг. Сэжигтэн этгээд хохирогчийг насанд хүрээгүй гэх субъектив шинж байна гэж үзвэл гэмт этгээдийн өгсөн мэдүүлгийг сайтар хянаж, хэргийн нөхцөл байдалтай нийцэж байгаа эсэхийг шалгана. Хохирогч түүний биеэ авч яваа байдал, гэмт этгээд, хохирогч нарын хоорондын харилцаа, танилцсан нөхцөл байдал, гэмт этгээд хохирогчоос хүлээн авсан мэдээлэл болон хохирогчийн насыг тогтоож болох асуудлыг анхаарах нь чухал гэдгийг тайлбарласан байдаг. Ийм учраас тухайн хохирогчоос дахин мэдүүлэг авч, биеийн болон биологийн байдлыг тогтоох шаардлагатай байна. Мөн дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.гэсэн байна. Гэтэл прокурор заавал яллах талаас нь нотлох баримтаар яллаад байна. Цагаатгах буюу хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, мөн Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Бын Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 8 дугаар гудамжны 822 тоотод О.Баатархүүгийн гэрт түр амьдарч байхдаа түүний 13 настай охин болох Б.Хтай үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 9 дүгээр сарын 3-ны өдөр, 9 дүгээр сарын 6-ны өдөр тус тус бэлгийн харьцаанд орж, Б.Хыг жирэмсэн болгож, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...яллагдагч Д.Б нь 18 нас 5 сартай байх үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэлтэй хүнд хэрэгт яллагдагчаар татагджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд уг хэргийн шинж, онцлог байдал зэргийг харгалзаад яллагдагч Д.Бын бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, өсвөр насны хүний шинж байдал байгаа эсэхийг тодруулахаар мэргэжлийн шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай. ...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.Х нь яллагдагч Д.Бтай чат бичиж харилцдаг байсан талаар мэдүүлсэн байх бөгөөд тэдний хооронд сэтгэл зүйн ямар харилцаа үүссэн талаар тодруулах, мөн Д.Бын биеийн онцлог, сэтгэхүйн хөгжил, өсвөр насны хүний шинж байдал байгаа эсэхийг тодруулах, түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Б.Хын хувийн байдлуудыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч Б.Хын бэлгийн бойжилт олсон эсэхийг тодорхойлоогүй, хохирогчийн биологийн хөгжил, бие бялдрын хувьд насандаа байгаа талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэнийг шалгах шаардлагагүй.

Учир нь, насанд хүрээгүй хохирогч Б.Х нь яллагдагч Д.Баас жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн байх бөгөөд бэлгийн бойжилт олсон эсэхийг тогтоох зайлшгүй шаардлага хэрэгт байхгүй байна.

Харин насанд хүрээгүй хохирогч Б.Хын бие бялдрын хөгжил нь гэмт хэрэг үйлдэх ямар байсан, одоо ямар байгаа, биеийн өндөр, жин, харагдах байдлаар ямар болох талаар шинжээч томилж тодруулах шаардлагатай. Энэ нь хэргийн зүйлчлэлийг тогтооход ач холбогдолтой.

Иймд, яллагдагч Д.Бт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЗ/2084 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЗ/2084 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ