| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2018/00763/и |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-07-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 25
А.Арнагүлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2020/00205 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр баг, Их булан 4 дүгээр гудамж 02 тоотод оршин суух, ЕП81120505 дугаарын регистртэй, Базархул овогт Авзалын Арнагүлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус сургуульд түүх, нийгэм судлалын багшаар ажилд орж тасралтгүй 14 жил ажилласан. Ажилласан хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах багшийн орон тоонд үр бүтээлтэй багшилж ирсэн.
2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд ахлах багш надад цаг хүрэхгүй байна гэх шалтгаанаар цагийн хуваарьд хичээл тавихгүй надаас хойш ажилд орсон 3 залуу багшид нийгмийн ухааны хичээлийн цагийг хувиарлаж өгсөн. Тухайн үед миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж байсан боловч үл ойшоосон.
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтэн утсаар захирлын өрөөнд хуралтай гэж дуудаж, Ховд их сургуулийн Баян- Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Ханилган чамайг ажлаас халсан , тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2018 оны 10 дугааар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон энэхүү үндэслэлгүй тушаал нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд халдсан хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гэж үзэж байгаа тул өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Учир нь миний орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлж буй тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хувьд хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Иймд Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон тул орон тоог цөөрүүлэх асуудлыг Ховд их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн.Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар А.Арнагүлийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэснийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлж , 2018 оны 10 дугаар сарын 03 –ны өдрийн 1/275 дугаар албан тоотоор хүргүүлсэн “Мэдэгдэл” –ийг Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурал дээр нэхэмжлэгч А.Арнагүлд танилцуулж гардуулсан. Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг зөв хэрэглэсэн, хөдөлмөрийн харилцааг өөрчлөхөд ажил олгогчийн зүгээс хийвэл зохих ажиллагааг хуулийн дагуу хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2020/00205 дугаар шийдвэрээр:” 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Базархул овогт Авзалын Арнагүлийг урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,113,523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Арнагүлд олгосугай.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Арнагүлийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14,113,523 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгасугай. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 14,113,523 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 228518 төгрөг нийт 298,718 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна. Хариуцагч Ховд их сургууль нь нэхэмжлэгч А.Арнагүлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдэлийг хүргүүлж, захиралын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч А.Арнагүлийн ажилгүй байсан хугацааг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдий хүртэл гэж тооцох, мөн нэг сард авах ёстой байсан цалин хөлс нь хэдэн төгрөг болох талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэгч А.Арнагүл нь Ховд Их сургуульд холбогдуулан Ховд Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ховд Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимд элсэх оюутны тоо буурсан, нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлсэн, нэхэмжлэгч А.Арнагүлд захирлын тушаал гарахаас нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн” гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Арнагүлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэл тус бүрийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ. Тухайлбал “нэхэмжлэгч А.Арнагүлийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 12 сар ажилгүй байжээ” гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны олговорт 14,113,523 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлс болон нэг сарын дундаж цалин хөлсийг хэдэн төгрөгөөр тооцож, ямар аргачлалаар хэрхэн бодож гаргасан, нэхэмжлэгч нь 2018, 2019, 2020 онд тус бүр хэдэн сар, хэд хоног ажилгүй байсан гэдгийг тодруулан үндэслэл бүхий тооцоо гаргаж, дүгнэлт хийгээгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр болсон байхад ажилгүй байсан хугацааг тооцохдоо 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэж тооцсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр 14,113,523 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. А.Арнагүлийн нэхэмжлэлтэй Ховд Их сургуульд холбогдох хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүгч С.Оюунжаргал шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 61 дугаартай албан бичгээр хэргийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор А.Арнагүлийн нэхэмжлэлтэй Ховд Их сургуульд холбогдох хэргийн хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан ба 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнийг өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулсан байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс ирсэн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.Оюун-Эрдэнийг томилсон шийдвэрийг албажуулах байтал түүнийг өөрчлөн томилсон захирамж гаргасан нь буруу байна. Хэрэв өөрчлөн томилсон захирамж нь зөв бол хэргийг нэг шүүгчээс нөгөө шүүгчид шилжүүлсэн зөвлөгөөний тогтоол хэрэгт авагдаагүй байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.2, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэгийн давж заалдсан хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь заалттай нийцэхгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй. Мөн хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч, нэхэмжлэгч нарт давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангасан боловч хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 298,718 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2020/00205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,718 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Г.Бадамцэцэгт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР