| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0177/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 03
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Г-ын Н-т холбогдох эрүүгийн 1735002140116 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 01-р баг 10-06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, РД:ОЮ91102277, Ш овгийн Г-ын Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч С.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч С.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
хохирогч С.Г-ын: “ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал миний найз Д манай гэрт ирсэн. Тэгээд Д бид хоёр гэрт байж байхад манай хадам ээж Д над руу залгаад “Чи цайны цагаар гараад ирээч. Хүүдээ гутал авах гэсэн юм. Чамтай нэг размер өмсдөг болохоор чамд өмсгөж үзээд авна” гэхээр нь би баз дүү болох Н-ыг дуудсан. Н манай гэрт ирэх хооронд манай гэрт байсан 0,75 литрийн “Чингис” нэртэй архийг задалж би ганцаараа уусан бөгөөд найз Д тэр архинаас уугаагүй. Тэгээд Н манай хашааны гадна ирэхэд нь би гарч Н-ын машинд суугаад “Цагаан шувуут” нэртэй дэлгүүрт очиж гутал өмсөж үзчихээд Н бид хоёр “Сондор” нэртэй дэлгүүр ороход Н нэг шил архи авсан. Тэгээд Н бид хоёр машин дотроо уг архийг хувааж уугаад би тасарчихсан байсан. Нэг мэдэхэд манай гэрт ороод ирчихсэн Н бид хоёр барьцалдаад авчихсан, Н намайг заамдаад хоолойноос боож байсныг санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа бөгөөд нэг сэрэхэд миний нүүр, нүд хавдчихсан байсан. Би өөрөө цагдаад гомдол гаргаагүй, манай ээж гомдол гаргасан. Намайг зодуулж байхыг манай ахын 2-р ангийн Д гэдэг хүүхэд харсан гэж хэлж байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Н бид хоёр эв зүйгээ олчихсон. Тухайн үед архи уусан байснаас болж ийм байдалд хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
гэрч Д.А-ын “Манайх Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байдаг бөгөөд манай хашаанд миний хүү Г-ынх хамт байдаг юм. Миний хүү “Өгөөж” төвд тогооч ажилтай. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цагт Г “Ажилдаа явна” гэхээр нь би “Ажилдаа явахаасаа өмнө ээждээ эмийн сан ороод эм дөхүүлж өгөөч” гэхэд Г эм авч ирж өгчихөөд ажилдаа явах гээд байж байтал Г-ын баз хүргэн нь гэх залуу ирээд 13 цаг өнгөрч байхад Г-ыг дагуулаад гарсан. Тэгээд 15 цаг 40 миунтын үед Г баз гэх залуутай хамт согтуу ирээд гэрлүүгээ орсон. Тэгтэл гэнэт Г-ын гэрт хүн орилохоор нь би явж ороход Г-ын нүд, нүүр нэлэнхүйдээ цус болчихсон байхаар нь би Г-ын баз залуугаас “Энэ юу болж байна” гэхэд “Танай хүү миний футболк урчихлаа” гэж хэлчихээд гараад явчихсан. Тэр хоёр аль аль нь согтуу байсан бөгөөд юунаас болж, яагаад зодолдсон болохыг нь мэдэхгүй байна. Би Г-ын баз залуугийн нэрийг мэдэхгүй. Тэр залуугийн футболка нь цус болчихсон байснаас өөр ямар нэгэн зодуулсан зүйл байгаагүй. Г хэрхэн, яаж зодуулсныг би хараагүй. Тэдний гэрт ороход л Г-ын уруул нь хавдаад цус гарсан, нүд, нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
насанд хүрээгүй гэрч Г.Д-ын “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би өвөөгийнхөө гэрт байж байгаад өвөөгийн хашаанд байдаг Г ахын гэрлүү ороход Г ах зүүн талынхаа орон дээр суучихсан хамар, амнаас нь цус гарч байсан. Г ахын хажууд орны доод талд Н гэх хүн зогсож байсан. Тэгтэл Н ах Г ахад “Та намайг аймаар цохилоо” гэхэд Г ах уурлаад босоод ирэхэд Н ах Г ахыг цохиж газарт унагаагаад гараараа толгой руу нь цохисон. Тэгээд Г ахын цээж рүү нь өшиглөчихөөд гараад зугатаачихсан. Н ахыг гарч зугатаахын өмнө би эмээ Амаржаргалыг дуудах гэхэд эмээ өмнөөс Г ахын гэрлүү ороод ирсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
шүүгдэгч Г.Н-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед манай хадам аав, ээж хоёр над руу залгаад “Чи яваад Г-ыг аваад ирээч. Хүүдээ гутал авах гэсэн юм. Хүргэн Г-тай нэг размер өмсдөг юм байна лээ” гэхээр нь би Улаангом сумын 10-р багт байрлах баз Г-ын гэрт очиж түүнийг гэрээс нь авахад тэдний гэрт Г-ын найз Д байсан. Тэгээд би Г-т “Хамт нэг тийшээ яваад ирье” гэж хэлээд хадам аав Дүгэрсүрэн, хадам ээж Д нарын гэрт очоод аав, ээж хоёрыг аваад “Цагаан шувуут” гутлын дэлгүүр орсон. Хадам аав, ээж хоёр Г-т гутал өмсгөж тааруулж аваад ажил дээрээ бууж үлдсэн. Би Г-ыг гэрт нь хүргэх гэхэд Г “1 шил архи аваад өг” гээд байхаар нь Тээврийн хорооны “Сондор” нэртэй дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи аваад Г-т задалж өгсөн. Тэгтэл Г “Манай ахын гэрлүү явъя. Би ахын гэрт очиж ахтай уулзана” гэхээр нь би Г-ыг ахынх нь гэрийн гадна хүргэхэд ах нь байхгүй байсан. Тэгтэл Г “Би бэргэн эгчид агсам тавина” гэхээр нь “Хэрэггүй, хоёулаа одоо харъя” гэж хэлээд Г-ыг гэрт нь авч ирэхэд Г-ын гэрт хүн байхгүй байсан. Тэгээд би Г-ыг гэрлүү нь оруулаад унтуулах гэхэд Г гэртээ ороод хоолны шкафаа өшиглөхөөр нь би Г-ыг тэвэрч зүүн талын орон дээр суулгаад гутлыг нь тайлах гэхэд босоод орны дээд талын 1 ширхэг унийг татаад хугалахаар нь би Г-ыг бариад авахад Г миний хамар луу цохиод, миний цамцыг урсан. Тэгэхээр нь би Г-ын нүүрэн тус газар луу нь гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиод 2 хацар луу нь алгадсан. Би Г-т учирсан хохирлыг төлж барагдуулсан, уучлалт гуйсан, бидний харилцаа одоо хэвийн байгаа. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Манайх 5 сартай хүүхэдтэй, эхнэр ажилладаг тул би хүүхдээ асардаг, зав чөлөө гарсан үед машинаараа таксинд явдаг. Иймд надад улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хүүхдээ харж асрах боломж олгож өгнө үү ” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №18 дугаартай: “Үзүүлэгч С.Г-ын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дээд уруулд язарсан шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын салстад цус хуралт, дух, баруун, зүүн завьжны салст, цээжинд зулгаралт, хамар, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр учирсан гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч С.Г нь шүүгдэгч Г.Н-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Г.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Н нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багт эхнэр, 5 сартай хүүхдийн хамт оршин суудаг нь Улаангом сумын 1-р багийн засаг дарга Т.П-ын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.Н нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан буюу хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овгийн Г-ын Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН