Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0518

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгч Э.Ануужин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Норжин, гуравдагч этгээд Л.Хишигтогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигдулам, Т.Заяат, гуравдагч этгээд Ю.Бадамцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэг /цахим/ нарыг оролцуулан, Ц.Мөнхнавч, Э.Ануужин нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ануужин тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Э.Ануужин миний нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотой Дундговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан бүхий орон сууцтай асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр баталгаажсан ба одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд Э.Ануужин би Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан нэхэмжлэлээ татан авч байна. Хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Тус шүүх нэхэмжлэл гаргагч Э.Ануужин, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 13 дугаар хороо, 2-г байрны 59 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014279 дугаарт бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/2950 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2023/5325 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Мөнхнавч, Э.Ануужин нарын нэхэмжлэлтэй, Ю.Бадамсүрэн, А.Батхуяг нарт холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар дээрх захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2. Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газраас ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 114 дугаартай албан бичгээр иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаар баримтуудыг хавсралтаар илгээсэн тул уг захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 4912 дугаартай шүүгчийн захирамжаар сэргээж шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад товлосон.

3.Шүүгчийн туслахын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүтэй утсаар ярьсан тэмдэглэлээр нэхэмжлэгч Ц.Мөнхнавч нь нас барсан гэдэг тайлбарыг хэлжээ.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, ...эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заажээ.

5.Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Ануужин нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

6.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ануужин, Ц.Мөнхнавч нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 13 дугаар хороо, 2-г байрны 59 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014279 дугаарт бүртгэлийг хүчингүй болгуулах "-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнхнавчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах М.Мөнхбатад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ