| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2211 00057 0793 |
| Дугаар | 2022/ДШМ/1097 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/1097
Б.Цид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Солонго,
цагаатгагдсан этгээд Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа,
хохирогч Ч.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Р.Бадмаа,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/712 дугаартай цагаатгах тогтоолтыг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Б.Цид холбогдох 2211 00057 0793 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
...., 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хохирогч Ч.Мягмарсүрэнтэй “зээлсэн барааны мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ч.Мягмарсүрэнгээс нэхэмжилсэн 2.719.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичгээр гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол...” шинжээч томилж, шинжилгээ хийлгэхийг хуульчилж өгсөн.
Хохирогч Ч.Мягмарсүрэн нь цагдаагийн байгууллагад бусдад зодуулсан талаар гомдол гаргасан тул түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор мөрдөгч шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмон нь тусгай мэдлэгийн хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 674 дугаартай “...Ч.Мягмарсүрэнгийн биед хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтийг гаргаж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлттэй холбогдуулан “...Ч.Мягмарсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүдээс хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг өгсөн.
Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг баримтлан шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаж, хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл биш байна гэж дүгнэн хууль сануулж, тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх эрхтэй юм.
Мөн шүүх тогтоолдоо яллагдагч Б.Цид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-д шинжээч томилох шийдвэрийг яллагдагчид танилцуулж мөн хуулийн 27.2 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй гэсэн үндэслэлийг дурдсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.” гэж заасан ба шинжилгээ хийлгэж, шинжээч томилох үед Б.Ц нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, яллагдагчаар татагдаагүй байсан учир шинжээч томилсон тогтоол танилцуулаагүй болно.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 674 дугаартай дүгнэлт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарч, Б.Цийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно.” гэсэн хуульд заасны дагуу хэргийн оролцогч болох Б.Цид шинжээчийн 674 дугаартай дүгнэлтийг 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж, хуульд заасан эрхийг нь эдлүүлсэн болно.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно гэж заасан ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 674 дугаартай дүгнэлтэд байгууллагын болон хувийн тэмдэг дарагдсан, дүгнэлт хүчин төгөлдөр байна.
Хэрэв шүүхийн хэлэлцүүлгийн явцад эргэлзээтэй байдал тогтоогдсон, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болохоор зохицуулсан. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/712 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдэж намайг цагаатгаж тогтоол гаргасанд талархаж байгаа. Би ийм асуудалд орооцолдож байгаагүй. Ямар ч хуулийн мэдлэг байхгүйгээс болоод энд зогсож байна. Тэгээд прокурорт хэлж байсан, намайг нотлох хэрэг байхгүй, би тэр хүний нүүрэнд хүрээгүй. Би утсан дээрээ бичлэг хийсэн байгаа. Тэр бичлэг надад байгаа. Би шүүх рүү очихгүйгээр шийдэх арга байхгүй юу гэхэд заавал шүүхээр орох ёстой гэж надад хэлсэн. Би тухайн үед нилээн том гэдэстэй төрөх гэж байсан. Яагаад хийгээгүй хэргийнхээ төлөө шүүх, цагдаагаар явдаг билээ гэж бодоод их гайхаж байсан. Сэтгэл санаа тавгүй, санаа зовсон байдлаас хамааран саяхан хүндрэлтэй төрсөн. Яагаад намайг 2 дахь удаагаа шүүх дээр давж заалдаж байгаад маш их гомдолтой байна.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Цийн өмгөөлөгч Н.Анхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс энэ хэрэг дээр үндэслэл бүхий, хуулийн дагуу, шударга ёсны шийдвэр гаргасан гэж үзэж санал нэгдэж байна. Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй холбоотойгоор хэд хэдэн тайлбарын үндэслэлээ танилцуулъя. Хууль зүйн, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 онд батлагдсан шинжилгээ хийх журам байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдаагүй, биеийн гадаргуугийн 1 хувиас бага хэмжээний зулгаралт гэсэн байгаа. Тэгэхээр шинжээчийн зүгээс зулгаралт гэдэг үгийг тайлбарласан. Зулгаралт нь ямар шалтгаанаас үүсэх вэ гэхээр биеийн гадаргуугийн 1 хувиас бага тохиолдолд. Биеийн гадаргуугаас 1 хувь бага байсан уу, яагаад бага байгаа вэ гэдэгт холбогдох шинжлэх ухааны үндэслэлтэй нь тайлбарлаад гадаргуу олдог биеийн өндөр, жин харьцааг гадаргуу олдог томъёогоор үзсэн. Ингээд үзэхэд ойролцоогоор 0.0004 хувьтай зулгаралт гарч ирсэн. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий бодитой байхын тулд ийм хэмжээний 3 зулгаралт байхад хоёрыг нь тооцоод нэгийн тооцоогүй байгаа. Энэ арга аргачилалаа шинжээчийн дүгнэлт дээрээ зааж өгөөгүй байсан. Хоёрдугаарт, шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах ёстой байдаг. Энэ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сард гарсан 674 дүгээр тогтоолд хувийн тамга дарагдаагүй байна гэдэг нь үндэслэлтэй. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаартай тогтоолын хавсралт байгаа. Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журам гээд байгаа. Энэ журмын 2.6 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хувь хүн хувийн тэмдэг хэрэглэнэ” гэж заасан. Уг хувийн тэмдэг ашиглаж байгаа эмч юм уу өмгөөлөгч нь эцэг эх юм уу өөрийн нэр гэж байх ёстой. Тухайн хувийн тэмдэг гэх зүйлээс нэг ширхэг нь ч ийм зүйл харагдахгүй. Тэгэхээр Шүүх шинжилгээний хуульд “Шинжээчийн дүгнэлтийг хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулна.” гэж зааж тусгасан. Хувийн тэмдэг нь ямар байх ёстой вэ гэхээр Засгийн Газрын тогтоолоор баталсан журмаар 2021 оны “Тамга тэмдэг хэрэглэх журам”-аар зааж тусгасан. Энэ дотроос нэг ч тийм мэдээлэл харах боломжгүй. Цаашаа илүү сайн нүдээр харлаа гэсэн ч харагдахгүй, боломжгүй зүйл байгаа юм. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 18.2 дугаар зүйлд шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал гэж байгаа, үр дүн харуулсан гэрэл зургийг шинжээчийн дүгнэлтэд хавсаргана гэж заасан. Мөн 1 хувийг шүүх шинжилгээний байгууллагад архивтай хавсаргана гэсэн байдаг. Энэ заалтууд зөрчигдсөн. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэргийн бодит байдалтай нийцүүлж гарсан гэдэгт санал нийлэхгүй байна. Дахин шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж прокурор ярьлаа. Шүүхэд эргэлзээ төрөх юм бол шинжилгээ хийлгэх эрхтэй гэж байгаа. Гэхдээ тэр заалтад шүүх болон прокурор гэсэн байгаа. Энэ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болсон. Энэ урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгдэгчийн хүсэлтээр хийсэн. Үүнд дахин шинжилгээ хийж өгнө үү, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсэн. Тухайн хуралд прокурор шаардлагагүй нотолбол зохих байдлын баримтууд байгаа учраас анхан шатны шүүх хурлаараа хийе гэсэн саналаа хэлсэн. Шүүгчийн зүгээс мөн адил дахин шинжилгээ хийх шаардлагагүй юм байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг олж хараагүй юу дахиад шинжилгээ хийх боломжтой байсан гэдгийг шүүхийн эрх байсан гэдгийг сануулаад байгаа нь эсэргүүцэл бичих хангалттай үндэслэл болоогүй байна гэж үзсэн. Дараагийн үндэслэл нь энэхүү хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянадаг учраас цагаатгах тогтоол гарсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хохирлоо хаанаас ямар шатны байгууллагаас нэхэмжлэхийг дурдах ёстой. Үүнийг залруулж дурдаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.
Хохирогч Ч.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Р.Бадмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг дутуу шалгагдсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Гэхдээ тийм байж болно, шүүхэд өөрийн бүрэн эрх байна. Шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн бус атлаа эрх нь байгаа ч гэсэн ингэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчээс асуусан асуултад эрүүл мэндийг сарниулсан гэдгийг тайлбарлаж чадаагүй. Сарнисан гэж өөрөө тайлбарласан байгаа “...Миний хамрыг маажсан, гар хөхөрсөн...” гэж. Н.Батсайхан шүүгч хэлж байна “...эрүүл мэндийг сарниулсан гэдэг чинь зулгарсан, улайсан байж л сарнисан байна...” гэж хэлээд байна. Хохирогчийн нүүр ам нь эвгүй болсон, хумсаар урчихсан байгаа. Энэ нь сарниж байгаа биш өөр яаж байгаа юм бэ. Би бол сарнисан гэж үзэж байгаа. Сарнисан гэдэг нь тодорхой байгаа. Шинжээч мэдүүлгээ зөрүүтэй өгсөн. Гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтээ үгүйсгэсэн зүйл бичсэн байгаа юм. Тэгэхээр шүүх шинжээчийн дүгнэлтийг дутуу, үндэслэлгүй гарсанд яагаад шинжээч томилж болдоггүй юм. Шинжээч томилох, шалгах бүрэн эрх нь байгаа. Заавал цагаатгах тогтоол гаргахгүй 30 хоногоор хойшлуулж, дахин шинжээч томилох бүрэн боломж байсан. Тэгэхээр энэ хэргийг агуулгаар нь шийдье гэж бодоогүй байгаа юм. Агуулгаар нь шийдэхгүй үг үсгийн алдаа хараад шийдсэн нь бодитой бус тамга тэмдэггүй гээд байна. Тамгын дарсан тэмдэг нь байдаг. Шүүх хэдийгээр цагаатгах эрхтэй ч гэсэн үндэслэлтэй байх ёстой гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Цид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Прокуророос Б.Цийг “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хохирогч Ч.Мягмарсүрэнтэй “зээлсэн барааны мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлэхдээ хохирогч Ч.Мягмарсүрэн, гэрч С.Чадраабал, гэрч Д.Туяа, гэрч Б.Цэрэнтогтох, гэрч Л.Батжаргал нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д хөнгөн гэмтлийг “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирогч Ч.Мягмарсүрэнгийн хамрын нуруунд 0.3х0.1 см, зүүн хацар 0.5x0.1 см, баруун сарвуунд 0.5x0.1 см зулгаралт нь эрүүл мэндийг сарниулсан гэх шинжгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл биш байна.
Дээрхи зулгаралт нь эд эрхтний үйл ажиллагааны хямрал биш, эрүүл мэндийг сарниулаагүй бөгөөд дээрхи журмын 2.6-д заасан эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт үүсээгүй үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэнтэй тохирч байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуу дахь зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох хэмжээний зулгаралт, гэмтэл биш байна.
Шинжээч дүгнэлт гарахдаа тогтоох хэсгийн 1-д “Ч.Мягмарсүрэнгийн биед хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” 3-д “эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт..” гэх боловч мөрдөгчид өгсөн мэдүүлэгтээ хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар хэрхэн сарниулж байгааг тайлбарлаагүй бөгөөд “...Ч.Мягмарсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүдээс хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэж гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн байна. Өөрөөр хэлбэл зүүн хацар, баруун сарвуу дахь ижил хэмжээний буюу 1 мм өргөнтэй 5 мм урттай хумсны мөрний нэг нь гэмтэл, нөгөө нь гэмтэл биш болж байгааг мэргэжлийн хувьд тайлбарлаж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугласан баримтаар хохирогч Ч.Мягмарсүрэнгийн биед учирсан хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан болохыг баримтаар нотлоогүй байна. ...” гэж дүгнэж, Б.Цийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Ч.Мягмарсүрэн /хх 15/, гэрч С.Чадраабал /хх 20/, гэрч Д.Туяа /хх 22/, гэрч Б.Цэрэнтогтох /хх 29/, гэрч Л.Батжаргал /хх 31/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 674 дугаартай дүгнэлт /хх 37-38/, шинжээчийн мэдүүлэг /хх 33-34/ зэрэг нотлох баримтуудаар Б.Ц нь хохирогч Ч.Мягмарсүрэнтэй “зээлсэн барааны мөнгөө өгсөнгүй удаалаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан улмаар Б.Ц гар утсаа гарган бичлэг хийх үед хохирогч утсыг болиулах зэргээр харилцан бие биедээ хүрэх барьцалдсан үйл баримт тогтоогдсон байна.
Харин хохирогч Ч.Мягмарсүрэнгийн биед хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд учирсан зулгаралт гэмтлүүд нь хохирогчийн эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар хэрхэн сарниулсан талаар тогтоогоогүй, энэ талаар шинжээч эмч дүгнэлт болон мэдүүлэгтээ дурдаагүй байх тул хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл шүүхээс дахин шинжилгээ хийлгэх эрхтэй гэж эсэргүүцэл бичсэн боловч энэ нь заавал хийгдэх ажиллагаа биш бөгөөд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Иймд, Б.Цийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/712 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Солонгын цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ