Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 21

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 456 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, ... дугаар баг, .. айлын ... тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар .., Тайж овогтой Н.Агийн нэхэмжлэлтэй  ,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багт байрлах, У а д Ш ш г гт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг  хүчингүйд тооцуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М, шүүх хуралдааны  бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Н.А анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хаан банк ХХК-ийн Увс салбараас 2015 онд 33.000.000 төгрөгийн зээл авч, гэрээний дагуу хугацаандаа үндсэн зээлээ төлж байсан боловч үнийн өсөлт эдийн засгийн хямралаас шалтгаалан зээлийн хугацааг хэтрүүлсэн. Улмаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 411 дүгээр шийдвэрээр зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 32.144.239 төгрөгийг дээрх зээлийн барьцаанд тавьсан Улаангом сумын 3 дугаар баг,

2 дугаар 36 айлын орон сууцны 14 тоотод байрлах 1 өрөө байр, мөн 3 дугаар баг, Яслийн 16 айлын орон сууцад байрлах 2 өрөө орон сууц буюу “Есөн эрдэнэ” дэлгүүр, 5 дугаар багт байрлах 750 м.кв талбай бүхий газраас хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай тохиролцсоны үндсэн дээр сар бүр 800.000 төгрөгийн төлбөрөө хугацаандаа барагдуулж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бусад барьцаа хөрөнгө байсаар байтал миний саналыг харгалзахгүйгээр амьжиргааны гол эх үүсвэр болсон “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн барилгыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зах зээлийн ханшаас доогуур үнэлэн хөрөнгийн үнэлгээ хийсэн. Иймд миний бие дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Г.Саран нар анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 411 дүгээр шийдвэрээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 2-36 дугаар байрны 14 тоотод оршин суух иргэн Н.Агаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 32.478.718 төгрөг гаргуулж, Хаан банк ХХК-ийн Увс салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөрөөс 19.085.211 төгрөгийг хэсэгчлэн төлсөн байх бөгөөд одоо төлбөрийн үлдэгдэл 13.393.507 төгрөг байна.

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч О.Бат-Орших 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17210505/01 дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн 000029232 гэрчилгээний дугаартай, Ү-1520000185 улсын бүртгэлийн дугаартай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Яслийн 16 айлын орон сууцны 09 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, төлбөр төлөх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 20-ны дотор байхаар тогтоосон боловч төлбөр төлөгч үүргийг биелүүлээгүй байна. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17210505/03 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоож, хэрэв үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тус тус мэдэгдсэн байна.

Үл хөдлөх хөрөнгийг хураах ажиллагаа явуулаад төлбөр төлүүлэхээр тогтоосон хугацаанд төлбөр төлөгч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал гаргуулахад төлбөр төлөгч Н.А хөрөнгөдөө үнийн санал өгөхөөс татгалзжээ. Харин төлбөр авагч Хаан банк ХХК-ийн Увс аймаг дахь салбар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5822/911 дугаартай албан бичгээр уг үйлчилгээний зориулалттай байрыг 20.000.000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх саналаа ирүүлсэн. Ингээд хураасан хөрөнгөд өгсөн талуудын үнэлгээ тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасныг үндэслэн дээрх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/36 тогтоолоор шинжээч томилсон.

Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий зөвшөөрөлтэй Гэрэгэ эстимэйт ХХК төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх хөрөнгийг 54.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлснийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр талуудад танилцуулсан байна. Төлбөр төлөгчийн шүүхэд гаргасан гомдолд дурдагдсан бусад хөрөнгүүд нь төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө биш тул гуравдагч этгээдийн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй тохиолдолд бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулж болохоор хуульчилсан.

Төлбөр төлөгч Н.Агийн өмчлөлийн, Яслийн 16 айлын орон сууцны 09 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгө нь төлбөрийн шаадлагыг хангахад хүрэлцэж байх тул гуравдагч этгээдийн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Мөн талууд төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлж барагдуулах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй зэргийг дурьдах нь зүйтэй юм. Иймд төлбөр төлөгч Н.Агийн шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч У а д Ш ш г гт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсгүүдэд зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 16.450 /арван зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр лдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

Анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий зөвшөөрөлтэй “Гэрэгэ эстимэйт” ХХК нь миний  өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 54.000.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний 70 хувь болох 37.000.000 сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа, ХААН банк 20.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан. Миний бие Хаан банк ХХК-аас 33.000.000 төгрөгийн зээл авч, Хаан банкны өгсөн жагсаалтын дагуу 800.000, 600.000 зэрэг төгрөгөөр зээлээ тогтоосон хугацаанд төлж байгаа бөгөөд одоогоор 7.800.000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл байгаа.

Би сар бүр үндсэн зээлээ өөрийнхөө боломжоор төлж барагдуулъя гэсэн. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Бат-Орших гэх хүн шөнө оройн цагаар намайг гэртээ унтаж байхад дуудаж гарган ирж, танай Есөн-Эрдэнэ дэлгүүрийг дуудлага худалдаанд оруулна, Хаан банкнаас 20 сая төгрөгөөр үнэл гэсэн бичиг ирсэн гэж хэлж, танилцуулсан. Тэр үед би юу  ч ойлгохгүй, хуулийн ямар ч мэдлэггүй, үл хөдлөх хөрөнгийг хэрхэн үнэлдэг талаар сайн мэдэхгүй, бас тус дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж, орлогын эх үүсвэрээ болгож байгаа учраас дэлгүүрээ зарах боломжгүй гэдгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүнд тайлбарлаж,  танилцуулсан цаасан дээр гарын үсэг зурахгүй гэсэн хариу өгсөн. Одоо Хаан банкинд төлөх 7,8 сая төгрөгийн барьцаанд 3 үл хөдлөх хөрөнгө байсаар байхад яагаад заавал Есөн-Эрдэнэ дэлгүүрийг барьцаанд авах гээд байгаа нь цаанаа ашиг сонирхол байгаа гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч Н.А нь барьцаанд 2-3 хөрөнгө байхад заавал “Яслын 16 айлын орон сууцны 9 тоот байрыг” дуудлага худалдаанд оруулна гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргадаг. Гэтэл Улсын бүртгэлийн лавлагаагаар зөвхөн Яслийн 16 айлын орон сууцны 9 тоот байр төлбөр төлөгч Н.Агийн нэр дээр бүртгэлтэй, бусад нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байдаг.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө төлбөрийн шаардлага хангаж байсан тул гуравдагч этгээдийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх эрх үүсээгүй.  20 сая төгрөгөөр үнэлсэн гэх тайлбарын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг хурааж аваад төлбөр авагч банк, төлбөр төлөгч Н.А нараас санал авах ёстой. Ингээд санал авахад төлбөр авагч ХААН банк уг үл хөдлөх хөрөнгийг 20 сая төгрөгөөр үнэлүүлэх санал гаргасан. Харин төлбөр төлөгч Н.А нь би хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу өгсөн. Талууд хоорондоо тохиролцоогүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгоход тус үл хөдлөх хөрөнгөд 54 сая төгрөгийн үнэлгээ тогтоосон. Тэгээд дуудлага худалдаа явуулах гэтэл Н.А нь маргаан үүсгэж гомдолтой байна гэхэд нь би “шүүхэд хандаж болно” гэж хэлсэн. Бид хаан банктай хуйвалдаад Н.Агийн хөрөнгийн талаар янз бүрээр тохиролцоё гэсэн зүйл байхгүй.

Мөн нэхэмжлэгч 7.8 сая төгрөгөнд дээрх объектыг дуудлага худалдаагаар оруулж байна гэж тайлбарладаг. Гэвч Хаан банкны зүгээс  13.393.507 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэсэн” гэв.

Н.А нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулж сар бүр 800.000 төгрөг төлж байсан гэж хэлсэн байдаг. Манай байгууллагатай гэрээ хийх ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Харин бид Н.Аг  төлбөр авагч Хаан банктай тохиролцоод сар бүр тодорхой хэмжээний төгрөг төлөх график байгуулвал бид нар түүний дагуу  ажиллана гэсэн тайлбарыг удаа дараа өгч байсан” гэв.  

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой  маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч У а д Ш ш г гт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг эс зөвшөөрч,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан хугацааны дотор анхан шатны шүүхэд гомдол гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гарган маргажээ. 

Анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр Н.А-гийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна.   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 411 дүгээр шийдвэрээр Н.А-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 32,144,239/ гучин хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин ес/ төгрөг гаргуулж ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Увс салбар хүсэлт гаргасныг тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1911 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн, мөн өдөр 358 дугаар гүйцэтгэх хуудас олгосон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дээрхи 358 дугаар гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Н.Ад холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч талд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулах, төлбөр төлөгчтэй уулзаж шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа тогтоох, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж төлбөр төлөх хугацаа тогтоох, битүүмжилсэн хөрөнгийг хурааж, төлбөр төлөх хугацаа тогтоох зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд заасан дэс дарааллаар авч хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба дээрхи ажиллагаанууд хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.А нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөрөө сар бүр 600.000- 800.000 төгрөгөөр төлж барагдуулна гэх тайлбарыг бичгээр гаргаж байсан, мөн энэ талаар хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байх боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй, тэрээр төлбөрөө хэрхэн барагдуулах талаар төлбөр авагч талтай тохиролцсон, эвлэрсэн, төлбөр авагч тал албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан зэрэг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох болон гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөх хугацааг удаа дараа тогтоож,  шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хуульд заасан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч төлбөр төлөгч Н.А нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулах үнийг тодорхойлохоор төлбөр төлөгчөөс үнийн санал асуухад “ би төлбөрөө төлөөд явж байгаа, хөрөнгөө худалдахыг зөвшөөрөхгүй тул үнийн санал гаргахгүй” гэх тайлбар гаргасан байх ба талууд үнийн саналын талаар тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсгүүдэд зааснаар шинжээч томилж, үнэлгээ тогтоолгожээ.

“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.Ганбаатарын 2020 оны 1 дүгээр 21-ний өдрийн дүгнэлтээр Увс аймгийн Улаангом сум 3-р баг Яслын 16 айлын  09 тоотод байрлалтай,  68 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай  орон сууц / үл хөдлөх хөрөнгө/-ны зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 54,000,000 / тавин дөрвөн сая/ төгрөгөөр тогтоосон байна.

Шинжээч томилох болон энэхүү хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан  байх бөгөөд хууль зөрчсөн гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх  шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Н.А-гийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.А нь  давж заалдах шатны шүүх хуралдаанд “....уг зээлийн барьцаанд тавьсан Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 14 тоотод байрлах 1 өрөө байр, мөн 3 дугаар баг, Яслийн 16 айлын орон сууцад байрлах 2 өрөө орон сууц буюу “Есөн эрдэнэ” дэлгүүр, 5 дугаар багт байрлах 750 м.кв талбай бүхий газар зэргээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан байдаг.  Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь бусад барьцаа хөрөнгө байсаар байтал миний саналыг харгалзахгүйгээр,  амьжиргааны гол эх үүсвэр болсон “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн барилгыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгааг зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх, төлбөрийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагааны талаар зохицуулсан байх ба хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т : “энэ хуулийн 76.1-т  заасан ажиллагааг төлбөр төлөгчийн бэлэн болон бэлэн бус мөнгөн хөрөнгөөс эхлэн хэрэгжүүлнэ. Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах / төлбөр төлөх/-д хүрэлцэхгүй бол энэ хуульд заасан дарааллын дагуу бусад хөрөнгөөс суутгал хийнэ”, мөн хуулийн 76.3-т: “ Төлбөр төлөгч суутгал хийлгэх хөрөнгийн дарааллын талаар хүсэлт гаргаж болно” гэж тус тус зааснаар бол  төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь аль хөрөнгөөсөө төлбөрөө төлөх, суутгал хийлгүүлэх талаараа санал, хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргах эрхтэй байх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  6 дугаар сарын 03-ны өдрийн 456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.А-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-гийн давж заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                       Л.АЛТАН