Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 11

 

 

                             Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

                 Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн

                 Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогтой С-ын Б-т холбогдох эрүүгийн 1735001590101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 3-р багт оршин суух, Т овогтой С-ын Б /РД:ОК87091410/

                 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Хар асга” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнаж байгаль орчинд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1.Шүүгдэгч С.Б-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл :  

                  Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Хар асга” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт  зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ойн зэрлэг гахайны мах эд мөрийн баримтаар  хураан авсан тэмдэглэл, 

                   Хохирогч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.А-ын “ Иргэн Б-ийг 2017 оны 10-р сарын 16-ны өдөр “Хан хөхий” нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Хар асга” гэх газраас зэрлэг гахай агнасан талаар Цагдаагийн байгууллагаас сонсож мэдсэн бөгөөд намайг уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилсон.  Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн зэрлэг эм гахай 800,000 төгрөг, эр гахай 700,000 төгрөг байдаг юм. Уг хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага тавьж байна. Экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу учирсан хохирлын хэмжээг нөхөн төлүүлж, сумын байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

                  гэрч Л.М-ийн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт тэжээвэр гахай маллан амьдардаг юм. Манай тэжээвэр гахайн дотор эрлийзсэн хэдэн гахай байдаг юм. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай худ болох Б манайд ирээд “Би зэрлэг гахай алаад Улаанбаатар хот руу нэг гуя явуулсан юм. Тэгсэн чинь цагдаа нар мэдчихсэн байна. Та надад тус болоод намайг манайхаас 100.000 төгрөгөөр нэг торой худалдаж авсан гээд хэлээд өгөөч” гэж надад хэлсэн юм. Б-ийг хаанаас хэзээ зэрлэг гахай агнасан талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

                  гэрч Д.П-ын “Би 2017 оны 10 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн “Хьюндай Грейс” маркийн ногооны өнгөтэй 82-49 УНЛ улсын дугаартай микро автобусанд ачаа ачиж явсан бөгөөд замд Төв аймгийн Лүн сумын цагдаагийн хэсгийн шалган нэвтрүүлэх цэг дээр цагдаа нар зогсоож ачаа тээш шалгахад нэг хайрцагнаас зэрлэг гахайн гуя гарч ирсэн юм. Уг ачаа нь миний өөрийн ачаа биш бөгөөд хэний ачаа болохыг нягталж үзэхэд Өндөрхангай сумын С-ын Б гэх хүний дайвар ачаа байсан юм. Уг ачааг Б өгөхдөө “Улаанбаатар хотод байдаг ах Ж-д хүргээд өгчих” гэж хэлсэн юм. Би ачаанд ангийн мах байсан гэж мэдээгүй. Б надад “Дотор нь мах байгаа, Ж ахад хүргээд өгчихөөрэй ” гэж хэлсэн бөгөөд яг юуны мах болохыг нь хэлээгүй. Би ч асуугаагүй юм. Тухайн үед Б-ийн өгсөн хайрцагтай зүйлийг би задалж үзээгүй юм. Тухайн үед би 5 хүний ачаа ачсан бөгөөд өөр ямар нэгэн ангийн мах, бүтээгдэхүүн гарч ирээгүй. Тэр хайрцагтай эд зүйлийг миний туслах Г гэх залуу машинд ачсан юм. Би ер нь ачааг задалж шалгаад байдаггүй. Хагарах зүйл байгаа эсэхийг нь асуугаад дээр, доор нь хийж ачдаг юм. Ачааны хөлс болох 20.000 төгрөгийг надад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

                  гэрч Н.Ч-ийн: “Б нь миний нөхөр юм. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэцэрлэгээс 2 хүүхдээ аваад замдаа аавынхаа гэрээр ороод гэртээ 18.00 цагийн орчимд  очиход нөхөр Б гэртээ ирчихсэн байсан. Тэр өглөө Б өөрийнхөө “Мустанг” маркийн мотоциклоо унаад ганцаараа Баруунтуруун сум явахаар гарсан юм. Намайг гэртээ очиход Б гэрт ганцаараа байсан бөгөөд “Баруунтуруун орох замд гахай тааралдахаар нь алаад аваад ирлээ” гэж хэлсэн ба уг гахай нь жижигхэн биетэй байсан. Б уг гахайны махыг эвдээд, хэсэгчилж жижиглэсэн байсан. Тэгээд бид нар уг гахайны махыг хүнсэндээ хэрэглэж дууссан бөгөөд 1 гуя үлдсэн байсныг нь цагдаа нар ирээд хураагаад авчихсан юм. Тухайн үед Б “Сумын төвөөс гараад Туруун орохоор ар давж яваад хөл нь бэртсэн зэрлэг гахай тааралдахаар нь эрэгт хашиж байгаад чулуугаар цохиж алсан” гэж хэлсэн бөгөөд яг ямар газраас алсан болохыг нь мэдэхгүй байна.  Б-т буу байдаггүй юм. Б-ийн агнаж ирсэн гахай нь зэрлэг, жижиг биетэй, бага насны гахай байсан бөгөөд хэдэн настай байсныг нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,                

                  Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  2017.11.24-ний өдөр гаргасан 05 тоот: “С.Б-ээс хураан авсан мах нь ойн зэрлэг гахайн /Sus scrofa sibiricus/ мах байна. Увс аймагт 2015, 2016 онуудад хийгдсэн ерөнхий болон нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгаагаар ойн сан бүхий газруудын зэрлэг гахайн тархац байршил нөөц нь Улсын тусгай хамгаалалттай газруудын хилтэй давхцаж байгаа нь тогтоогдсон. Иймд зэрлэг гахайг ахуйн зориулалтаар агнах агнуурын нөөц, ангуурын бүс нутагт тогтоогдоогүй учир Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Увс аймагт зэрлэг гахай агнах зөвшөөрөл олгоогүй болно. Хураан авсан махнаас зэрлэг гахайн нас хүйсийг тогтоох боломжгүй байна. “Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ эр-700.000 төгрөг, эм- 800.000 төгрөг, Зэгсний зэрлэг гахай эр-2.900.000 төгрөг, эм-3.300.000 төгрөг зэрэг экологи, эдийн засгийн үнэлгээтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/,

                 шинжээч М.Т-ийн “Би 2017.11.24-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн гахайн махыг үндэслэн нас, хүйсийг нь нарийвчлан тогтоох боломжгүй юм. Үзлэгээр гахайны төл биш болох нь тогтоогдсон. Ойн зэрлэг гахай нь ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтдаггүй бөгөөд Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолоор /1-р хавсралт/ ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Үүнд ойн зэрлэг гахайг хүйсээр нь ангилж эмийг нь 800.000 төгрөг, эрийг нь 700.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Төлийг нь эдгээр үнэлгээний 70 хувиар тооцох талаар тайлбарласан байдаг юм. Насны ангиллаар тогтоосон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

                  Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 2017.11.05-ны өдөр гаргасан А-108 тоот “Увс аймгийн Өндөрхангай сумын “Хар асга” хэмээх N49o28“05,4 “ E94o48“36,5 “ координаттай газар нь Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн дотор талд байгааг тогтоосон болно” гэх тодорхойлолт /хх-ийн 36/,

                  шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “Би 2017 оны 10-р сарын 16-ны өдрийн өглөө Баруунтуруун сум руу өөрийн эзэмшлийн “Мустанг 5” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклоор явсан ба өвс тэжээл авахаар хүмүүстэй уулзаж, үнэ хөлс тохиролцоод буцаад явж байтал замд Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Хар асга” гэх газарт хөл нь хугарсан бололтой доголсон гахай явж байхтай тааралдсан юм. Тэр гахай надаас зугатаад эрэг рүү орж хярж хэвтсэн тул би тэр гахайг эрэгт шахаж байгаад чулуугаар цохиж алаад тэр чигт нь мотоцикльдоо ачаад  олсоор уяж бэхлээд өөрийнхөө өмсөж явсан цамцаар битүүлж хучаад гэртээ авч ирж нядалсан юм. Гахай алах үед 15:00 цаг өнгөрч байсан байх. Намайг гэртээ ирэхэд хүн байгаагүй. Би уг гахайг гэртээ эвдэж жижиглэж дуусаад байж байтал эхнэр, хүүхдүүд ирсэн юм. Би тэр гахайг өөрөө хүнсэндээ хэрэглээд идэж дуусгасан. Нэг гуя үлдсэнийг замын машинд дайж Улаанбаатар хот руу ахруугаа явуулсан боловч замдаа постон дээр баригдсан байсан. Тухайн үед би ахдаа гахайн мах явуулах талаар яриагүй. Зүгээр сонирхуулах зорилгоор боорцог хүнсний зүйл явуулахдаа хамт хийгээд явуулчихсан юм. Би замд бэртсэн гахай доголоод явж байхаар нь алчихсан юм. Ямар нэгэн ашиг хонжоо олох зорилго байгаагүй. Уг гахайн махыг би өөрөө хэрэглэж дууссан юм. Уг гахай нь зэрлэг, бага буюу 2 настай, эр гахай байсан. Баруун хойд хөл нь доголсон байсан юм. Би гахайн гуяыг Улаанбаатар хот руу явуулсан боловч Лүн сумын цагдаагийн хэсэг дээр баригдсан гэж сонсоод манай суманд байдаг Мижиддорж гэх эрлийз гахай малладаг хүнтэй уулзаж “Манайхаас нэг гахай авсан” гэж хэлээд өгөөч гэж гуйсан боловч М зөвшөөрөөгүй юм. Тэдний гахай нь тэжээмэл гахай, зэрлэг гахайтай эрлийзсэн тул зэрлэг гахай мэт үстэй байдаг юм. Би зэрлэг гахай агнасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохиролд 500000 төгрөг төлсөн. Үлдсэнийг нь төлж барагдуулна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

     Шүүгдэгч С.Б-ийн ойн зэрлэг гахай агнасан Увс аймгийн Өндөрхангай сумын “Хас асга” хэмээх N49o28“05,4 “ E94o48“36,5 “ координаттай газар нутаг нь Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн дотор талд байдаг, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 2017.11.05-ны өдөр гаргасан А-108 тоот тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд С.Б нь ойн зэрлэг гахай агнах тусгай зөвшөөрөл аваагүй, Увс аймгийн хэмжээнд 2015, 2016, 2017 онуудад ойн зэрлэг гахай агнах, барих тусгай зөвшөөрөл олгогдоогүй болох нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2017.11.24-ний өдөр гаргасан 05 тоот шинжээчийн дүгнэлтээр  нотлогдож байна.

     Иймд шүүгдэгч С.Б-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт  зөвшөөрөлгүйгээр амьтан /зэрлэг гахай/ агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

     Шүүгдэгч С.Б-ийн агнасан гахай нь ойн зэрлэг гахай болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч уг дүгнэлтэд эд мөрийн баримтаар хураагдсан махны шинжээр хэдэн настай, эр эм аль нь болохыг тогтоох боломжгүй талаар дурдсан ба шүүгдэгчийн “уг гахай нь зэрлэг, бага буюу 2 настай, эр гахай байсан” гэх мэдүүлгийг үндэслэн ойн зэрлэг эр гахай агнасан гэж дүгнэв.

  Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г баталж, ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ эрийг-700.000 төгрөг, эмийг-800.000 төгрөгөөр үнэлж тогтоосон байх тул энэ гэмт хэргийн улмаас байгаль орчин буюу амьтны аймагт 700.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

       Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 37.2-д “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Б-ээс ойн зэрлэг эр гахай агнасны нөхөн төлбөр 1.400.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч  нөхөн төлбөрт 500.000 төгрөгийг орон нутгийн орлогод төлсөн болох нь Увс аймгийн Өндөрхангай сумын байгаль хамгаалагч Т.Б-ын тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгч С.Б-ээс үлдэх  900.000 төгрөгийг  гаргуулж Увс аймгийн Өндөрхангай сумын орон нутгийн орлогын төрийн сан 100151100946 тоот дансанд оруулах үндэслэлтэй байна.

     2. Шүүгдэгч С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:  

     Шүүгдэгч С.Б улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч С.Б-ийн хувийн байдлын талаар  гэрч Н.Ч-ийн: “Б нь миний нөхөр юм. Бид гэр бүл болоод 11 жил болж байна. 3-11 насны 4 хүүхэдтэй. Б бид хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй, 100 орчим бог мал, 3 үхэр, 8 тооны адуутай бөгөөд малаа өөрсдөө маллаад малынхаа ашиг шимээр амьдардаг юм. Б 6 жилийн өмнө худалдаж авсан “Мустанг-5” маркийн мотоцикльтой. Зан араншингийн хувьд нөхөр маань ар гэртээ халамжтай, архи уугаад байдаггүй, үг дуу цөөтэй, төлөв даруу зантай, найз нөхөд цөөнтэй юм. Нөхөр маань өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,  гэрч Ж.Ү-ын “Б эхнэр, 4 хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг юм. Зан байдлын хувьд төлөв даруу, элдэв муу зуршилгүй, хэлсэн үгэндээ хүрдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн юм. Хувьдаа хэдэн тооны малтай бөгөөд малынхаа ашиг шимээр амьдардаг айл юм. Б нь хувьдаа “Мустанг-5” маркийн мотоцикльтой” гэх мэдүүлэг /хх-ийн 27/-үүд хэрэгт авагдсан байна.  

                  Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг болох нь хэрэгт авагдсан Өндөрхангай сумын Цагааннуур багийн засаг дарга Б.С-ийн 2017.12.06-ны өдөр гаргасан 341 тоот тодорхойлолт, С.Б-ийн 2016 оны жилийн эцсийн мал тооллогын  тодорхойлолт /128 толгой малтай/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Н.Ч, Ж.Ү нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч С.Б  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө  шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүнд хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б-ийн өрхийн тогтмол цалин хөлс, орлогогүй байдлыг харгалзан  амьтны аймагт учруулсан хохирол  буюу нөхөн төлбөрийн үлдэгдэл  900.000 төгрөгийг 2018 оны 5дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөхийг даалгаж шийдвэрлэв.

                 Шүүгдэгч С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулинд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

                 Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

                Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ойн зэрлэг гахайны гуя /1 ширхэг/ -ыг  гэмт хэрэг гарсан 2017-10-16-ны өдрөөс хойш буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-д заасны дагуу шийдвэрлээгүйгээс, тухайлбал: хадгалалтын тусгай горим / хөргүүр /-т хадгалаагүйн улмаас  чанараа алдаж муудсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримт шинжлэн судлах явцад тогтоогдсон болно. Иймд уг гахайны гуя 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж дүгнэв.                      

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                  1. Шүүгдэгч Т овогтой С-ын Б-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэсүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

           4. Амьтны тухай хуулийн 37.1, 37.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ээс 900.000 / есөн зуун мянга / төгрөг гаргуулж Увс аймгийн Өндөрхангай сумын орон нутгийн орлогын төрийн сан 100151100946 тоот дансанд оруулсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч С.Б нь 900.000 / есөн зуун мянга / төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөхийг даалгасугай.

           6. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зэрлэг гахайны гуя 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ,

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН