Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1098

 

Ц.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

яллагдагч Ц.Б,

хохирогч Д.Мөнхдөл, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/2147 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Амармөрөнгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Ц.Бод холбогдох 2109 00124 1484 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...., 19.... оны ... дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, гадаад худалдаа, гаалийн мэргэжилтэй, “......, 21-.... оршин суух бүртгэлтэй, /РД:......./,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Ц.Б нь хохирогч Д.Мөнхдөлд өөрийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг “Таван өнө гурван гал” ХХК-ийг “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн зэсийн баяжмалаас гарсан овоолго шороог ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах эрх авсан, ирээдүйд уг үйлдвэр ашиглалтад орохоор сар бүр хувьцааныхаа ашгийг аваад байх боломжтой” хэмээн итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компани эзэмших эрх шилжүүлэх зэрэг гэрээг халхавчлан 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны Түшиг салбараас “Таван өнгө гурван гал” ХХК-ийн 1 хувийн хувьцааны үнэ гэж 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гомдол хүсэлтэд “.....” ХХК нь “Оюу толгой” ХХК-ийн ил уурхай олборлолтын үйл ажиллагааны улмаас үүссэн бага агуулгатай исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглан хэрэгжүүлэх төслийн ажил үргэлжилж байгаа, бусдыг хуурч залилсан асуудал байхгүй гэж холбогдох баримтуудыг гаргаж ирүүлжээ.

Дээрх баримтуудыг судалж үзэхэд Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” ХХК-д “Оюу толгойн ил уурхай олборлолтын үйл ажиллагааны улмаас үүссэн бага агуулгатай исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр “Таван өнө гурван гал” ХХК нь 2015 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар дурдаж, дэмжлэг хүссэн албан бичиг ирүүлсэн тул бодлогын хүрээнд дэмжиж ажиллах” талаар гаргасан хүсэлтийн хариуд “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Эккэрслигээс Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яаманд хүргүүлсэн “...исэлдсэн хүдрийн овоолгод агуулагдаж буй зэс-алтны нөөцийн үр дүнгийн тайланг боловсруулж эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг эхлүүлж байгаа тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Яллагдагч Ц.Бын “Таван өнө гурван гал” ХХК нь Оюу толгойн ил уурхай олборлолтын үйл ажиллагааны улмаас үүссэн бага агуулгатай исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх талаар дэмжлэг хүссэн, холбогдох байгууллага албан тушаалтан уг төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэх албан бичгүүдийг хэргийн материалд нотлох баримтаар хавсарган ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан ба яллагдагч Ц.Бын гэмт үйлдлийн шинж болон аргыг тодорхойлоход шаардлагатай ажиллагаа бүрэн хийгдээгүй, зэс боловсруулах үйлдвэр хэрэгжих боломжтой байсан эсэх, бусдыг хууран мэхлэхийн тулд зориуд зохиомол байдал бий болгосон эсэхийг тогтоохын тулд дээрх холбогдох этгээдүүдээс гэрчээр мэдүүлэг авч, албан бичгүүдэд дурдсан үндэслэлийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай тул Бургууд овгийн Цэцэгээгийн Баярцогтод холбогдох эрүүгийн 2109 00124 1484 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Амармөрөн бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Ц.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны “Түшиг” салбараас “Таван өнө гурван гал” ХХК-ийн 1 хувийн хувьцааны үнэ гэж 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Эндээс үзвэл гэмт хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Гэтэл Ц.Б нь “үйлдвэр байгуулах эрх авсан, 2019 оны 3 дугаар сараас ажил эхэлж ашгаа өгнө” гэж хохирогч Мөнхдөлд хэлж ярьсанд итгэж “Таван өнө гурван гал” ХХК-ийн 1 хувийн хувьцааг 100.000.000 төгрөгөөр авахаар тохиролцож, Д.Мөнхдөл нь өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Рояаль финанс” барьцаалан зээлдэх газарт тавьж уг мөнгийг шилжүүлсэн. Түүнчлэн Ц.Бын “Таван өнө гурван гал” ХХК-тай “Оюу толгой” ХХК нь ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тендерт оролцоогүй болох нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Оюу толгой” ХХК-ийн 873/276 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Харин гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамнаас “Таван өнө гурван гал” ХХК-ийн ирсэн хүсэлтийн дагуу дэмжиж ажиллах талаар болон үүсмэл ордыг ашиглахын тулд Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам”, “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг тус тус баримталж ажиллах тухай албан бичгийг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүргүүлсэн байна. Дээрх албан бичиг нь “Таван өнө гурван гал” ХХК-ийг үүсмэл орд ашиглах талаар санал гаргаж байгааг илэрхийлсэн болохоос биш үйл ажиллагаа явуулах эрх олгосон, зөвшөөрсөн албан бичигт хамаарахгүй байна.

Иймд Ц.Б нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших цаг хугацаанд уг төслийг хэрэгжүүлэх талаар албан байгууллага, аж ахуй нэгжид санал тавьж байгаа, уг саналыг судалж, хэлэлцэж байгаа гэх агуулга бүхий албан бичгүүдийг хэрэгт хавсаргуулахаар гомдол, хүсэлтдээ хавсаргаж өгсөн нотлох баримтууд тул Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамны эрх бүхий албан тушаалтан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн захирал Түмэнцогт нараас мэдүүлэг авах нь тухайн гэмт хэргийг яллах болон цагаатгах талын нотлох баримтад хамаарахгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Ц.Б нь “Оюу толгой” ХХК-ийн зэсийн баяжмалаас гарсан овоолго шороог ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах, уг үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүй, уг үйлдвэрийг байгуулах эрхийг аваагүй байхдаа бусдад худал амлаж “Оюу толгой” ХХК-ийн зэсийн баяжмалаас гарсан овоолго шороог ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах эрх авсан, ирээдүйд уг үйлдвэр ашиглалтад орохоор сар бүр хувьцааныхаа ашгийг аваад байх боломжтой” гэж ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй “Таван өнө гурван гал” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 1 хувийн хувьцаа 1000 төгрөг буюу 1.000.000 төгрөгийн хөрөнгөтэй байхдаа хохирогчид 1 хувийн хувьцааг 100.000.000 төгрөгөөр зарж, эзэмшүүлнэ гэж төөрөгдөлд оруулж, 100.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна.

Яллагдагч Ц.Б нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг үйл ажиллагааг явуулахаар төрийн байгууллага албан тушаалтанд хандсан, уг төсөл хэрэгжих боломжтой байсан гэдэг боловч түүний мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтад гаргаж өгсөн баримтууд нь бүгдээрээ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойшхи хугацаанд хандсан, хөөцөлдсөн ажил болох нь албан бичгийн огноо дугаар, агуулга болон бусад байдлаар нотлогдож байна.

Яллагдагч Ц.Б нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Мөнхдөлөөс авсан 100.000.000 төгрөгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулаагүй гэдэг боловч хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч нарын мэдүүлгээр компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй өөрийн өр төлбөр, хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь тогтоогдсон. Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй тул шүүгчийн 2022/ШЗ/2147 дугаартай захирамжид заасан ажиллагааг явуулах шаардлагагүй байх тул прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн эсэргүүцэл бичсэн. Үндэслэл нь яллагдагч Ц.Бын хувьд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж тодорхойлсон. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойшхи цаг хугацаанд буюу 2019 оны 1 дүгээр сарын 11-нээс тухайн өдрийг барих талаар бусдад тусламж хүсэж байгаа, албан бичиг хүргүүлж байгаа, одоо явагдаж байгаа үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа албан бичгүүд авагдсан. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойшхи цаг хугацаа гэж үзнэ. Ц.Б нь үйлдвэр байгуулах эрх авсан гэх байдлаар хохирогчид итгүүлэн 100.000.000 төгрөг шилжүүлж авсан. Таван өнө гурван гал” ХХК нь өөрөө 1.000.000 төгрөгийн хөрөнгөтэй. 2015 оноос хойш 2019 он болон өнөөдрийг хүртэл нэг ч удаа татвар төлж, тайлан үйл ажиллагаа явуулж байгаагүй, өөрийн үйл ажиллагааны чиглэл дээр уул уурхай эрхлэх зэсийн боловсорсон үйлдвэр үйлчилгээ явуулах эрх энэ компанид олгогдоогүй. Түүнээс гадна үүсмэл орд авахад хамгийн шаардлагатай тусгай зөвшөөрөл болон ямар ч бичиг баримт байхгүй. Тусгай зөвшөөрөл үүсэж бий болсноороо үйл ажиллагаа явуулах бодитой үндэслэл бий болно. Тийм учраас хохирогчид тухайн үйлдвэрийг барих эрхийг аваагүй, өөрийнхөө хүсэл зоригийг бусдад илэрхийлж байгаа байдлаа итгүүлэн үнэмшүүлж энэ эрхийг би авсан, үйлдвэрээ удахгүй барих гэж байна гэсэн байдлаар итгүүлж, эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа үйлдэл нь өөрөө залилах гэмт хэрэг байна гэж үзсэн. Албан бичгийн хувьд зайлшгүй энэ хүмүүсээс авах шаардлагагүй, цаг хугацааны хувьд энэ нь гэмт хэрэг үйлдсэнээс хойшхи цаг хугацаанд хандаад байгаа бичгүүд юм. Тийм учраас эдгээр хүмүүсээс зайлшгүй тайлбар мэдүүлэг авах, энэ үйлдвэр нь цаашид ажиллах боломжтой эсэхийг тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь тохиролцоо юу байсан бэ, тохиролцоонд яагаад хүрээгүй юм бэ, тохиролцоо бий болж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай юм уу гэдгийг тогтоох ёстой гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ үйлдвэр барих эрх нь байсан юм уу, боломжтой байсан уу, тусгай зөвшөөрлийн эрхээ авсан уу гээд шалгаад үзэхээр төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтоор, бусад гэрчүүдийн мэдүүлгээр Таван өнө гурван гал” ХХК нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан. Үүсмэл орд ашиглах эрхийг аваагүй байсан гэдэг нь тогтоогдсон учраас залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Эдгээр хүмүүсээс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

Яллагдагч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ үйл ажиллагаа маань 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан. 2016, 2017 оны баримт бичгүүд байгаа. 2018 онд овоолго дээр хайгуул хийсэн. Баримт бичгүүд нь ч байна. 2017, 2018 оны бүх албан тоотууд байгаа. Сүүлд анхан шатны шүүхэд гаргаж өгсөн Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас ирсэн албан тоотууд, хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 15-нд Эрдэнэс Оюу ТолгойХХК буюу Оюу толгойн 34 хувийг эзэмшигч компаниас албан тоот ирүүлсэн байгаа. Үүнд юу гэж заасан бэ гэхээр 2017 оноос хойшхи албан тоотууд явж байгаа ийм үүсмэл орд ашиглах талаар Таван өнө гурван гал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б танаа албан тоотууд болон хуулийн үндэслэлүүдийг бичээд ...Иймд үүсмэл орд ашиглах асуудлыг дээрх журмыг мөрдлөгө болгон ажиллах нь зүйтэй бөгөөд стратегийн ач холбогдол бүхий Оюу ТолгойХХК-ийн төслийн Монголын талын хувьцаа эзэмшигчийн хувьд төслийн үндсэн үйл ажиллагаанд сөргөөг нөлөөлөхгүй байдлаар хууль тогтоомжийн дагуу үүсмэл ордыг ашиглах нь чухал гэж үзэж байна.” гэсэн. Энэ нь өөрөө төсөл юм. Би эрх авсан гэж анхнаасаа хэлээгүй. Гомдол гаргаад байгаа Д.Мөнхдөлийг би бичиг үсэг тайлагдсан гэж ойлгодог. Бүх бичиг баримттай танилцаад ах нь наадхыг чинь авъя гэсэн санал тавьсан. Тэгчихээд гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Лицензийн хувьд бол тухайн үед авах ямар ч боломжгүй байсан. Энэ нь төслийн дагуу явж байгаа учраас Оюу Толгой ХХК-ийн албан тоотуудыг би хавсаргасан байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Д.Мөнхдөл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Намайг бичиг, үсэг тайлагдсан юм уу, үгүй юм уу гэж байна. Би бичиг үсэг тайлагдсан, харин хүн таних болоогүй юм шиг байна. Хүүхдээ хараад удаа дараа хойш тавьсан гэж байна. Эхний удаа өвлийн хүүхдийн амралт таарсан байсан. Тийм учраас нэг удаа татгалзсан. Дараагийн удаа ийм ажил таарлаа гэж өөрөө татгалзсан байдаг. 1 хувийн эрх шилжүүлсэн гэж байна. Үүнийг би дараа нь ойлгосон. Юу ойлгосон бэ гэхээр нөгөө 49 хувийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ-Очир гэдэг хүнтэй Ц.Б зөвшилцсөний үндсэн дээр эрх нь шилжих ёстой байдаг юм билээ. Эрдэнэ-Очир гэдэг хүнтэй Ц.Б зөвшилцөөгүй. Нэг удаа ч Эрдэнэ-Очир гэдэг хүнтэй нүүр тулж уулзаж үзээгүй. Хүсэлт тавьж байсан, тэгэхэд Улаанбаатар хотод их цөөхөн ирдэг, дандаа ажлаар Ханбогд сумандаа байдаг гэсэн хариу өгдөг байсан. Шударгаар хэлэхэд өгсөн мэдүүлгээс авахуулаад бүх юм нь худлаа явагдаж байгаад би өөрөө нүүрэлдэе гэж бодож байна. Ялангуяа төрсөн ах Ц.Баярбаттай нүүрэлдэнэ гэсэн бодолтой байна. Би өөрөө санал тавьсан гэж байна. Ямар ч санал тавих үндэслэл байхгүй. Би энэ хүнийг ямар ажил төрөл эрхэлдэг, юу сэдээд явж байгааг мэдэх боломж байхгүй. Энэ хүн харин өөрөө надад ширээ дүүрэн бичиг баримт харуулж, ийм ажил байна та энэ дээр дэмжээд өгөөчээ, шанд нь та сар болгон 100.000.000 гаруй төгрөгийн ашиг олох боломжтой гэж хэлсэн.” гэв.

Хохирогч Д.Мөнхдөлийн өмгөөлөгч Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Д.Мөнхдөл 100.000.000 төгрөгийг зүгээр өгсөн. Өөрөөр хэлбэл Ц.Б сая ярьсан Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яаманд асуудлуудыг тавиад яваад байна гэж. 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулжээ гэж шүүх дүгнээд байгаа юм. Гэтэл 2015 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Татварын болон Нийгмийн даатгалын байгууллагын албан бичигт ямар ч баримт байдаггүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үеийн албаны хэлтсийн дарга, үүрэг гүйцэтгэгч нарын бичиж байсан хэсгүүдээр тодорхойлогддог. Хоёрдугаарт энэ хэрэг бол 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 100.000.000 төгрөг аваад Ц.Бын гүйлгээний тооцоог нь харвал дандаа хувьдаа зарцуулаад дууссан байдаг. Мөн өнөөдрийг хүртэл хувьцаа шилжигдээгүй байгаа бөгөөд хувьцааны гэрээ хийсэн. Гэрээ хийгээд шилжүүлнэ гэж хэлсэн мөртлөө өөрөө сая хэлж байна Эрдэнэ-Очир гээд Таван өнө гурван гал” ХХК-ийн эзэмшигч нь 2 хүн байна. Ц.Б хэлэхдээ ...би өөрөө 51 хувь эзэмшдэг, Эрдэнэ-Очир 49 хувь эзэмшдэг” гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хувьцаа шилжээгүй байгаа. Тухайн үед залилахдаа Хувьцааг эзэмшихийн бол сар болгон ашиг хүртэнэ. Дээрээс хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, 60.000.000-70.000.000 төгрөгийн хөрөнгө гэж манай үйлчлүүлэгчид итгүүлсэн. Яаж итгүүлсэн бэ гэхээр Ц.Б нь манай үйлчлүүлэгчийн ахтай нэг анги байсан бөгөөд урьдын итгэлийн харилцааг ашиглаж байгаа юм. Нэг нэгнээ таньдаг мэддэг гэрээр нь ордог, гэрт нь байнга байдаг байсан. Шүүгчийн захирамжийн хувьд үндэслэлгүй. Энэ хэрэг бол өмнө нь өмгөөлөгч гомдол хүсэлт гаргаад нэг удаа яллах дүгнэлтийг хүчингүй болгуулаад мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлсэн. Дараа нь үндэслэлтэй хүсэлтүүд гаргасан боловч прокурор хангаагүй. Тэгэхээр шүүх захирамжаа гаргахдаа дахин шалгах шаардлагатай гэж үзсэнг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ц.Бод холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.Бын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэв.

 

            Анхан шатны шүүх яллагдагч Ц.Бын гэмт үйлдлийн шинж болон аргыг тодорхойлоход шаардлагатай ажиллагаа бүрэн хийгдээгүй, зэс боловсруулах үйлдвэр хэрэгжих боломжтой байсан эсэх, бусдыг хууран мэхлэхийн тулд зориуд зохиомол байдал бий болгосон эсэхийг тогтоогох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурласан байх учиртай бөгөөд хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал юм.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл.Нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон, Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгджээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсчээ.

 

Иймд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/2147 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ