Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2022/0774/З |
Дугаар | 128/ШШ2024/0472 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0472
2024 06 03 128/ШШ2024/0472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д*******ын Н*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.А,
Хариуцагч: Б дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э,
Гуравдагч этгээд: Б дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д нарын хоорондын “Б дүүргийн Засаг даргын Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1055 мкв газар эзэмшүүлсэн 2013 оны А/ тоот захирамж хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, нэхэмжлэгч Д.Н*******д Б дүүрэг, ******* хороо, *******ны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 мкв талбай дээр өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн газраас 329 мкв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 мкв газар дээр нэмж, 329 мкв газар Д.Н*******д эзэмшүүлэхийг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, иргэдийн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Б дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамжаар Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт Б дүүргийн ******* хорооны зүүн талд байрлалтай 1055 мкв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
1.2. Д.Н*******аас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу та газар эзэмших эрх бүхий этгээд биш байна. Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар эзэмших эрх нь холбогдох хууль журмын хүрээнд нээлттэй бөгөөд дээрх байршилд Б дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагын зайлшгүй шаардлагатай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн баримт бичиг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан байдлаар стандарт нормын хүрээнд барилга барих боломжтой юм” гэсэн хариу хүргүүлжээ.
1.3. Д.Н*******аас Б дүүргийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Б дүүргийн Засаг даргын 2013 оны А/ тоот захирамжаар Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1053 мкв газрын холбогдох заалтыг хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгч Д.Н*******д Б дүүрэг, ******* хороо, *******ны ард байрлах 1053 мкв талбайг эзэмших захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус, үүний улмаас Д.Н*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, уг газрыг Д.Н*******д эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
1.4. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Б дүүргийн Засаг даргын Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1055 мкв газар эзэмшүүлсэн 2013 оны А/ тоот захирамж хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, нэхэмжлэгч Д.Н*******д Б дүүрэг, ******* хороо, *******ны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 мкв талбай дээр өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн газраас 329 мкв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 мкв газар дээр нэмж, 329 мкв газар Д.Н*******д эзэмшүүлэхийг даалгах” гэжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Д.Н******* нь Б дүүрэг, ******* хороо, *******ны хойд талд 1996-1997 онуудад 1310 мкв талбай газарт орос цэргийн уурын зуухны хог хаягдал, хогийн овоолготой бохирдсон газрыг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж цементлэн, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн шийт, уг газраа тойруулан хашаа зэргийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан тохижуулж, тухайн үеийн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, хорооны газар эдэлбэрийн мэргэжилтэн нартай тохиролцон уг газраа эзэмшиж ашиглаж ирсэн байна. 2002 онд Газрын тухай хууль батлагдаж, 2005-2006 онуудад дүүргийн газрын алба зохион байгуулагдсаны дараа иргэн Д.Н******* нь Б дүүргийн Засаг даргад өөрийн цэвэрлэж эзэмшиж байгаа газраас үйлчилгээний зориулалттай 500 мкв газар эзэмшихийг хүсч өргөдөл гаргасан байна.
Б дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1 дүгээр захирамжаар иргэн Д.Н*******д үйлчилгээ явуулж байгаа дэлгүүрийн газраас 329 мкв зайтай огт өөр газарт 120 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Гэвч иргэн Д.Н******* нь бодит байдал дээр нийт 1310 мкв газар эзэмшиж байсан тул газраа нэмж авахаар байнга хүсэлт гаргаж, газрыг өгөхгүй гэж дарамталсан талаар цагдаад өргөдөл гаргаж байсан байна. Б дүүргийн удирдлага Д.Н*******д худлаа хэлж энэ талд нь өрхийн эмнэлэг, хорооны барилга барья танд хангалттай газар үлдэнэ, танд газар нэмж эзэмшүүлнэ гэж 20 жилийн турш итгүүлж худал хэлсэн байна. Иргэн Д.Н******* нь 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, газрын хэмжээг 700 мкв болгож өөрчлүүлэх хүсэлт гаргасан байдаг.
Түүний өргөдлийг шийдвэрлэхгүй удаад байхаар нь Засаг даргатай 2013 оны эхээр уулзаж яагаад удаад байгаа талаар асуухад шийдэж өгч болно, гэхдээ 10 сая төгрөг өгвөл болно гэж хэлэхээр нь хахуульд мөнгө өгч чадахгүй, хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өг гэж хэлсэн байна. Иргэн Д.Н******* нь Засаг дарга шийдвэр гаргахыг хүлээж, цэвэрлэж тохижуулсан газраа эзэмшсээр хүнсний мухлагаа ажиллуулсаар байсан болно. 2014 онд өргөдөл шийдвэрлэхгүй гэж хэлэхээр нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт 700 мкв газар олгуулах гомдол гаргасанд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон газартай давхацсан байна гэх хариу өгөхөөр нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн тамгын газартаа иргэн Д.Н*******ын эзэмшиж ашиглаж байсан дэлгүүртэй газрыг давхцуулан 1055 мкв газрыг олгосон А/ дүгээр захирамж гарсныг мэдсэн байна. Үүнээс хойш удаа дараа 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ Б дүүргийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг дарга нарт гомдол, хүсэлт, өргөдөл гаргаж байсан боловч огт шийдвэрлэж чадахгүй байсан тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байдаг болно.
Нэг. Б дүүргийн Засаг даргын Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1055 мкв газар эзэмшүүлсэн 2013 оны А/ тоот захирамж хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох үндэслэлүүд:
2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамжаар Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1055 мкв газар 19 оноос хойш хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон байсныг иргэн Д.Н******* 1996-1997 онуудад өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн байхад цэвэрлэсэн иргэнд өгөхгүй байгаа үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг зөрчсөн байна.
Б дүүргийн газрын алба болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж байгаа 1055 мкв кадастрын зурагт иргэн Д.Н*******ын дэлгүүрийн барилга дүрслэгдэж, 1055 мкв газарт хамрагдсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцахгүй байна” гэх хууль зөрчсөн байна.
Уг захирамжид Засаг захиргаа удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд заасныг удирдлага болгон гаргасан гэж байна. 29.2-т “Иргэний эдлэх эрх буюу иргэн нь хүсэлтээ нутгийн өөрөө удирдлагын байгууллагад өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан байхад төрийн байгууллагад газар олгохдоо энэ хуулийн заалтыг дурдсан нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 21.5.3 дахь заалтыг захирамждаа заасан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх гэж хуульчилсан байна. Гэтэл тухайн хувийн хэрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй байгаа нь энэ хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн захирамжид дурдсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу шийдвэр гаргана” гэсэн буюу төрийн байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй байсан гэх нотлох баримт байхгүй, мөн тухайн жилийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ерөнхий болон жилийн төлөвлөгөө хувийн хэрэгт байхгүй байна.
Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, газар эзэмших гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн байна. Засаг даргын Тамгын газар нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар буюу уг хуулийн 67 дугаар зүйлд зааснаар Засаг даргын ажлын алба байна. Засаг даргын ажлын алба нь мөн хуулийн 67 дугаар зүйлд заасан 8 чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү 8 чиг үүрэгт аж ахуй эрхлэх чиг үүрэг хуулиар олгогдоогүй байна. 67.1.5-д зааснаар иргэдээс ирүүлсэн өргөдөл санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байхад үүргээ биелүүлэлгүйгээр харин ч иргэдийн цэвэрлэсэн газрыг албан үүргийнхээ журмаар мэдэж авчхаад өөрийн харьяа байгууллага болох газрын албаар уг газрыг хууль бусаар гаргасан гэрчилгээг ашиглан өөрийн нэр дээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор авч байгаа нь хууль бус байна. 1996-1997 онуудад өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн газарт байгаль орчны дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт байгаагүйг далимдуулан хууль зөрчиж байна.
Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус талаар: Мөн хуулийн 67.2-д “Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог Засгийн газраас нэг бүрчлэн нэг маягаар тогтооно, Тамгын газрын дарга 6 жилийн хугацаагаар томилогдоно, Засаг даргын Тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана, тогтоосон журмаар үйлдсэн тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас ашиглана” гэж хуульчилсан байхад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, өөрийн нэр дээр газар эзэмших эрх авч байгаа нь хууль бус байна.
Хоёр. Нэхэмжлэгч Д.Н*******д Б дүүрэг, ******* хороо, 2 байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 мкв талбай дээр өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн газраас 329 мкв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 мкв газар дээр нэмж 329 мкв газар Д.Н*******д эзэмшүүлэхийг даалгах шаардлагын үндэслэл:
Нэхэмжлэгч Д.Н******* нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжийг мэдээгүй тул Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргахад “Бусдын газартай давхацсан байна” гэх хариуг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Бы 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/3606 тоот албан бичгээс мэдсэн байна. Үүний дараа Д.Н******* нь газар давхардуулж олгосон талаар гомдол гаргахад
- 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас арга хэмжээ авч шийд гэх үүрэг өгсөн байна,
- Б дүүргийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1055 мкв газрыг 449 мкв, 861 мкв болгоно гэж амлаад Д.Н*******аар кадастрын зураг хийлгэсэн байна,
- 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас судалж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ ав гэх албан тоот Б дүүргийн өмчийн харилцааны газарт албан тоот ирүүлэхэд шийдэж өгнө гэж хэлээд шийдвэрлээгүй байна.
- 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Н*******д дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжлэг авбал шийдвэрлэх боломжтой гэх хариу өгсөн байна.
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргахад Нийслэлийн Засаг дарга С.Ааас Б дүүргийн газар зохион байгуулалтын албанд судалж хариу өг гэх шийдвэр гарсан, гарахад шийднэ гэж амаар хэлсэн боловч шийдээгүй байна.
- 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт өгснийг мэдээд иргэн Д.Н******* Б дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг ойлгож, хуулийн дагуу гомдлоо гарган шүүхэд хандсан байна.
Иргэн Д.Н******* нь нийт цэвэрлэсэн газраа бүгдийг авна гэхгүй байгаа бөгөөд шударгаар хандаж, 2015 онд тохиролцсоны дагуу нэмж 329 м.кв газар өгнө гэчхээд өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Н*******д 329 мкв нэмж олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Н******* хуулийн дагуу анх 2006 онд өөрийн цэвэрлэсэн газраас 500 мкв газар хүсэхэд дэлгүүр байсан газар биш 329 мкв зайтай өөр газарт 120 мкв газар өгч эс үйлдэхүй гаргасан.
- 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 700 мкв газар хүсэхэд 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хойшлуулав гэж цохоод шийдвэрлэнэ гэж хэлээд хүсэлт шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан. Гомдол гаргахаар дээд шатны байгууллагаас шийдвэрлэ гэх үүрэг өгөхөөр 1055 мкв газрыг 2 хувааж өгье гэж амлаад 2 кадастрын зураг хийлгээд итгэл төрүүлэн хүлээлгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл амаар гаргасан шийдвэрээ биелүүлэлгүй эс үйлдэхүй гаргасан.
-2019 онд дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжлэг авбал шийдвэрлэх боломжтой гэж хариу өгч итгэл найдвар төрүүлж эс үйлдэхүй гаргасан.
Мөн оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргаас судалж хариу өг гэхэд нааштай шийдвэрлэнэ гэж амаар хэлж итгэл найдвар төрүүлэн өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан зэрэг удаа дараа итгэл найдвар төрүүлэхэд нь найдаж хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Иймд иргэн Д.Н******* хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг цэвэрлэсэн болохыг тогтоож, цэвэрлэсэн газраас 329 мкв газар нэмж олгохыг даалгах шаардлага гаргасан болно” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч манай гэр бүлийн хүн. 28 жилийн өмнөх зүйлийг ярих учраас дэс дараалалтай ярихыг хичээж байгаа. 1993 онд Оросын холбооны улсад сургууль төгсөөд, маргаан бүхий Б дүүргийн ******* хорооны *******анд амьдарч эхэлсэн. Тус газарт Оросын холбооны улсын цэргийн зориулалттай объектод дарга нар нь байрлаж байсан. 1993 оноос хойш тус газарт амьдарч байхад орчин, нөхцөл нь усан бассейн, мод, талбайтай сайхан газар байсан. Оросын цэргийн анги явахад байр эзгүйрч, халаалт нь тусдаа уурын зуухтай байсан. Уурын зуух ажиллахаа болиход халуун, хүйтэн ус байхгүй, орчин, нөхцөл хүнд байдалд орсон. Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоол гараад, байруудыг хуваарилж, байгууллагуудад өгсөн. Маргаж байгаа объект байшингуудын голд байдаг учраас хогонд дарагдсан газар байсан. Тухайн үед санхүүгийн асуудал гайгүй байсан учраас орчныг тохижуулъя, Засаг даргын холбогдох эрх бүхий хүмүүс төвийн системд холбоно гэдэг асуудал ярьсан учраас хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөгч н.С*******, мөн газар хариуцсан мэргэжилтэн гэж хүн байсан, газрын алба гэж байхгүй байсан. Уг хүмүүстэй яриад, хэлээд орчин тойрныг тохижуулаад, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга н.С*******, улсын эрүүл мэндийн улсын байцаагч н.Н******* гэх хүмүүсийн зөвшөөрлийг авч, тус орчны хогийг цэвэрлээд, тодорхой хэмжээний газрыг арчилж, хамгаалж, хашаг бариад, хорооны иргэдэд үйлчлэх, дэлгүүр байдаггүй байсан учраас дэлгүүр ажиллуулаад, өнөөдрийг хүртэл байж байгаа. Цаг, үе өнгөрөх тусам энд амьдрах нөхцөл хүнд болж, хүний хаяж болох бүх зүйлийг овоолж хаясан хогийг цэвэрлээд, тус дэлгүүрийг ажиллуулсан. Орчин тойрныг өмнөх шиг болгох гэж дүүргийн Засаг дарга, дүүргийн холбогдох мэргэжилтнүүдэд итгээд, манай гэр бүлийн хүн нялх хүүхэдтэй байсан учраас хүнийг манаач оруулж цалин, мөнгөгүй, дэлгүүрийн үйлчилгээ явуулаад, өдөр тутам хогийг цэвэрлээд, үйл ажиллагаа явуулж, өдий хүрсэн. Сансрын нисгэгч Ж.Г******* сонгогдоод, төвийн системд холбосон. Тэнд 1300 мкв эхэлж хашаалсан ч хашааны модыг хүмүүс аваад түлдэг байсан учраас 2 удаа нөхсөн. Манайд байрлаж байгаа газрын 2 талд тоглоомын талбай, спортын талбай, нөгөө талд хүүхэд тоглох талбайг өөрийн хүч, хөрөнгөөр тохижуулж хийсэн. Гэтэл эхэлж өрхийн эмнэлэг барихгүй бол болохгүй гээд эрх бүхий хүмүүс 2001 оны Нийслэлийн Засаг даргын захирамжтай өрхийн эмнэлэг барьсан. Мөн хорооны барилга барина гээд 2 давхар барилга барьсан. Иймд олон жил би идэвхтэй амьдралын 25 жилийг тус зүйлд зарцуулж, орчин тойрон, ахуйн нөхцөлөө цэвэр ариун, аятайхан байлгая гэсэн үүднээс явсаар дүүргийн холбогдох эрх бүхий албан хаагч нарт итгэж явсаар хуурагдаж байна гэдгийг 2022 онд газраа сунгаж авахад газрыг чинь сунгаж өгнө гэдэг. Үүнээс хойш энэ асуудлыг шийдээгүй байгаа. Би нийт 25 жилийн хугацаанд 3 удаа захирамж гаргуулсан. Гэтэл Б дүүрэг мөн 3 удаа захирамж гарсан байна. 2002 онд Газрын тухай хууль батлагдсаны дараа өргөдлөө өгч болно, газрыг шийдэж өгнө гэсэн. 2006 онд 500 мкв газар хүсэхэд, 110 мкв газрыг өмчлүүлэх захирамж гарсан. Тус захирамжид дэлгүүр байршиж байгаа газар биш, хойд талд нь 120 мкв газар өгсөн. Иймд 2012 онд сунгуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад ирсэн” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн газраас ирүүлсэн нотлох баримтууд байна. Б дүүргийн Тамгын газарт 42 дугаар хороонд 502 мкв газар эзэмшүүлсэн. ******* хороонд 1039 мкв газар эзэмшүүлсэн. Мөн ******* хороонд 1054 мкв газар эзэмшүүлсэн гэсэн зургууд ирсэн байна. Иймд 1039 мкв газар яг хаана байдаг вэ? Хавтаст хэрэгт Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн газраас ирүүлсэн кадастрын зургуудыг үзэхэд 1054 мкв газар доголтой, 1039 мкв газар шулуун байна. 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл, хяналтын картад талбайн хэмжээг нэмэгдүүлэх гэж хүсэлт гаргахад, түр хойшлуулав гээд бичсэн байгаа. Үүнийг шийдээгүй. 2014, 2015 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Иймд Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар давхцуулж олгосон байна, үүнийг шийднэ үү гээд Б дүүргийн Засаг даргад үүрэг хүлээлгэсэн. Б дүүргийн Засаг даргаас 449 мкв, 861 мкв болгоод кадастрын зураг хийлгээд ир гэсэн. Иймд бүрдүүлэх материалуудыг бүрдүүлж өгсөн. Манай газрын албанд бүрдүүлсэн материалаа өг гэхэд итгээд өгсөн байдаг” гэв.
Гурав. Хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Б дүүргийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Н*******аас Б дүүргийн Засаг даргад холбогдуулан Б дүүргийн Засаг даргын 2013 оны А/ дүгээр захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоолгож, 329 мкв нэмж эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна. Тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд архивд хадгалагдаж буй нэхэмжлэгч Д.Н*******ын газрын хувийн хэргийг үзэхэд дүүргийн ******* хороо, *******ны хойд талд газар эзэмших хүсэлтийг анх 2006 онд гаргасан байдаг. Улмаар Засаг даргын 2006 оны 1 дүгээр захирамжаар ******* хороо *******ны хойд талд 120 мкв талбай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж 2012, 2022 онуудад тус газрын эзэмших хугацааг сунгасан байдаг.
Нэхэмжлэгч нь уг газрын ашиглаж байсан бөгөөд 2001 онд тухайн үеийн Засаг дарга Ё.Стай гэрээ байгуулсан гэх боловч тус гэрээ нь 2007 онд хийгдсэн ахуйн хог хаягдал, цуглуулах, тээвэрлэх, тэдгээрт хяналт тавих тухай гэрээ бөгөөд 2008 онд уг гэрээний хугацаа дуусгавар болсон. Мөн 2006 онд гаргасан хүсэлтдээ хэдэн мкв газар эзэмших талаар дурдаагүй байдаг. Дээрх үзэхэд нэхэмжлэгчийг 2000 оноос ******* хороо, *******ны хойд талд 1053 мкв газар эзэмшиж байсан нь тогтоогдохгүй байна. Тамгын газрын эзэмшиж буй 1055 мкв 329 мкв нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” буюу 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”-ийг хориглосныг зөрчихөд хүргэж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 329 мкв газрыг нэмж эзэмшүүлэх асуудал Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орж тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад зааснаар дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаа больж Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах болсон байна” гэжээ.
3.2. Хариуцагч Б дүүргийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны А/550 дугаар захирамжийн холбогдох хэсэгт нэхэмжлэгч тус дүүргийн ******* хороо, 3 дугаар байрны ард талд 329 мкв талбайг нэмж эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Д.Н******* 2022 онд над дээр өргөдөл барьж орж ирсэн. Өргөдлийг хүлээн аваад Газар зохион байгуулалтын албаны архивд хандаж үзсэн. Нэхэмжлэгчийн хувийн хэргийг үзэхэд ******* хороо *******ны хойд талд газар эзэмших хүсэлтийг 2006 онд гаргасан байдаг. Нийслэлийн Засаг дарга 2006 онд 1 дүгээр захирамжийг гаргаад, ******* хороо, *******ны хойд талд 120 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэн 2012, 2022 онуудад газар эзэмших эрхийг сунгуулсан. Нэхэмжлэгч 2006 оноос өмнө ашиглаж байсан бөгөөд 19 оны үед тус газрыг цэвэрлэж, 2021 онд тухайн үеийн Засаг дарга н.Стай гэрээ байгуулан тус газрыг эзэмшиж байсан гэж тайлбарладаг. Гэтэл тус гэрээнд 2007 онд хийгдсэн ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх гэдэгт хяналт тавих тухай гэрээ байсан бөгөөд 2008 онд тус гэрээний хугацаа дууссан байсан. 2006 онд гаргасан хүсэлтдээ хэдэн мкв эзэмшихээ тодорхой дурдаагүй байсан. Иймд 2000 оноос хойш ******* хороо, *******ны хойд талд 1054 мкв газрыг эзэмшиж байсан талаар баримт, бичгээр тогтоогддоггүй. 2013 онд Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1054 мкв газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан байдаг. Үүний дараа 2022 оноос Д.Н******* тус газраас өөрийн газрыг нэмэгдүүлэх талаар өргөдөл удаа дараа хүргүүлсэн. Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 1054 мкв газрын 329 мкв газрыг эзэмшүүлье гэхэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигчийн эрх, үүрэг байгаа. Тус газар эзэмшигчийн эрх, үүргээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэх нь төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасан байна. Мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд өөрчлөлт орсон. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Б дүүргийн Засаг даргын эрх, хэмжээнд хамаарахгүй болоод байна” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх олгосон гэдэг тайлбаруудыг Б дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний 13 дугаар тогтоолоор ******* хороо төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээгээр цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний дагуу Б дүүргийн Засаг дарга 2013 оны А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрх олгосон.
Хавтаст хэрэгт байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт Засаг даргын Тамгын газрын нэр дээрх 1054 мкв газар 2014 онд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. 3 дугаар хавтаст хэргийн 94-өөс 110 дугаар талд байгаа. Газар эзэмших эрх Б дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулиар гэрчилгээ, кадастрын зураг, мэдээллийн санд бүртгэгдсэн тохиолдолд газар эзэмших эрх хүчин төгөлдөр байдаг. 2006 онд Д.Н*******д газар эзэмших эрх олгосон боловч мэдээллийн санд бүртгэлгүй байсан. Б дүүргийн Засаг даргын Тамгын газар 2014 онд бүртгэсний дараа Д.Н*******ын газар бүртгэгдсэн нь нотлох баримтаар харагдаж байна” гэв.
Дөрөв. Иргэдийн төлөөлөгч.
4.1. Иргэдийн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий гэж дүгнэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.Н*******аас Б дүүргийн Засаг даргад холбогдуулан “Б дүүргийн Засаг даргын Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1055 мкв газар эзэмшүүлсэн 2013 оны А/ тоот захирамж хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, нэхэмжлэгч Д.Н*******д Б дүүрэг, ******* хороо, *******ны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 мкв талбай дээр өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн газраас 329 мкв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 мкв газар дээр нэмж, 329 мкв газар Д.Н*******д эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Б дүүргийн Засаг даргын Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1055 мкв газар эзэмшүүлсэн 2013 оны А/ тоот захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Н*******д Б дүүрэг, ******* хороо, *******ны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 мкв талбай дээр өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн газраас 329 мкв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 мкв газар дээр нэмж 329 мкв газар Д.Н*******д эзэмшүүлэхийг даалгах” гэж тодруулсан.
3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс “Б дүүргийн Засаг даргын 2013 оны А/ дүгээр захирамжийг үндэслэн гарсан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/2 дүгээр захирамжийг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлснийг дэмжиж байгаагаа “Бидний эрхэм зорилго хуульд нийцүүлье гэдэг утгаар 1 дүгээр шаардлагыг тавьж байна гэж ойлгож байна” хэмээн илэрхийлж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...газар эзэмших эрхийн хугацааг сунгана, хүлээж бай гэсээр өөрийн хүч хөрөнгөөр засаж сайжруулсан газрыг эзэмшүүлэхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг зөрчсөн ... ” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
4.1. Нэхэмжлэгчид,
4.1.1. Анх Б дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1 тоот захирамжаар Б дүүргийн ******* хороо, *******ны хойно байрлах 120 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 006 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг Б дүүргийн газрын албатай байгуулсан байна.
4.1.2. Мөн 2007 онд “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, тэдгээрт хяналт тавих гэрээ”-г Дүүргийн хог хаягдлын сангийн байцаагчаас “Д” хүнсний мухлаг/Д.Н*******/-тай байгуулсан байна.
4.1.3. Үүний дараа Б дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/3 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А дугаартай захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг тус тус сунгаж, тухай бүрд “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ олгожээ.
4.2. Гуравдагч этгээд Б дүүргийн Засаг даргын тамгын газарт,
4.2.1. Б дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамжаар тус дүүргийн ******* хорооны зүүн талд байрлалтай 1055 мкв, нэгж талбарын 188312 дугаартай газрыг Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гуравдагч этгээдэд 00043 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна,
4.2.2. Улмаар Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/2 дугаартай захирамжаар 19-р хорооны зүүн талд 1054 мкв, аж ахуйн зориулалттай, нэгж талбарын 1332 дугаартай газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлж эзэмших эрхийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгаж газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, 00000 тоот гэрчилгээ олгожээ.
4.3.3. Мөн Б дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/2 дүгээр захирамжаар нэгж талбарын 1332 дугаар бүхий 1054 мкв газрыг мөн Б дүүргийн Засаг даргын тамгын газарт төрийн захиргааны байгууллагын зориулалтаар Д 19/1 хаягаар 15 жилийн хугацаагаар сунгасан боловч газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгогдоогүй байна.
4.3.4. А/2 дугаар болон А/2 дүгээр захирамжуудад газрын байршлуудыг өөр өөрөөр тодорхойлсны зэрэгцээ Б дүүргийн ******* хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолтод “тус хорооны нутаг дэвсгэрт *******, Д 19/1 гудамж /13291/ тоот хаяг бүртгэлгүй болно” гэсэн ба хороо, өрхийн эмнэлгийн барилга уг газарт байрлахгүй байгаагаас үзвэл, эдгээр шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...бодит нөхцөл байдалд тохирсон байх” гэж заасан захиргааны актын шаардлагад нийцээгүй байна.
4.3.5. Гэвч А/ дугаар захирамж бүхий 1053мкв/хуучин нэгж талбар 188312/, А/2 дугаар захирамж бүхий 1055мкв, А/2 захирамж бүхий 1054мкв газрууд нь нэгж талбарын ижил дугаартай, кадастрын мэдээллийн санд анх 2014 онд тухайн газарт бүртгэгдсэн /https://egazar.gov.mn/map?parcel_no=1332/ байх тул Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж зааснаар Б дүүргийн Засаг даргын 2021 оны А/2 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон гэж үзнэ.
5. Гуравдагч этгээдийн эзэмшлийн дээрх 1055 мкв газарт нэхэмжлэгч Д.Н*******ын эзэмшлийн хүнсний мухлаг байрлаж байгаа, харин нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 мкв газар нь дээрх 1055 мкв газартай давхцалгүй болох нь хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн кадастрын зураг/1хх-95/, шүүхээс хийсэн газрын үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/867 тоот лавлагаа, хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдов.
6. Нэхэмжлэгчээс Б дүүргийн Засаг даргад хандаж,
- 2006 оны 02 болон 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд маргаж буй газарт “25*20 хэмжээтэй газрыг миний нэр дээр захирамж гаргаж өгнө үү” гэж,
- 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “талбайн хэмжээг 700 мкв болгон өөрчилж газрын зөвшөөрлийг сунгаж өгнө үү” гэж,
- 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “миний нэр дээр үйлдвэр үйлчилгээ сууцны зориулалттай 449 мкв газрыг зохих журмын дагуу захирамж гаргаж өгнө үү” гэж,
- 2019 оны 06 дугаар сарын 13, 09 дүгээр сарын 19, 2021 оны 06 дугаар сарын 30, 2022 оны 02 дугаар сарын 22, 03 дугаар сарын 15-ны өдөр “2023 оны А/553 тоот захирамжаа хуульд нийцүүлэн иргэн Д.Н*******д 449 мкв, Б дүүргийн Засаг даргын тамгын газарт 861 мкв болгон кадастрын хэмжээг өөрчилж холбогдох хууль журмын дагуу захирамж гаргуулах” тухай хүсэлтийг тус тус гаргасан байна.
7. Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/3606, 08 дугаар сарын 21-ний өдрийн 5/5684, 2022 оны 03 дугаар сарын 11-ний 13/334 дугаартай албан бичгээр “хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийг байршлын кадастрын зургийн мэдээллийн санд оруулж шалгаж үзэхэд дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцаж байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13/1927 тоот албан бичгээр “дүүргийн Засаг даргын тамгын газраас дэмжсэн санал албан ёсоор авсан үед шийдвэрлэх боломжтой” гэж, 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/824 тоот албан бичгээр “нэгж талбарын зургийн дагуу 449 мкв талбай бүхий газрын танд эзэмшүүлэх боломжгүй тул газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын мэдээллийн санд иргэн таны эзэмшиж буй 120 мкв талбай бүхий газрын нэгж талбарын зураг бүртгэлгүй байх тул давхцалтай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болсон зэрэг үйл баримт тогтоогдож байна” гэж, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/10 тоот албан бичгээр “танай үйлчилгээний объект байрлуулсан газар нь Тамгын газрын эзэмшил талбайд байрлаж байх тул уг эд хөрөнгийг өөрийн эзэмшлийн талбайд нүүлгэн шилжүүлж газар чөлөөлөх нь зүйтэй” гэж тус тус хариу өгчээ.
8. Мөн нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “0,7 га газар эзэмших” тухай Д.Н*******ын хүсэлтэд тус газрын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/3363 тоот албан бичгээр “иргэн Д.Н******* нь эзэмшиж буй газартай холбоотой газрын гомдол манай газарт гаргасан байна. Дээрх асуудлыг судлан үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллана уу” гэсэн хариу, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гомдолд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/1242 тоот албан бичгээр “тухайн байршилд Б дүүргийн засаг даргын 2022 оны А/2 дүгээр захирамжаар 1332 нэгж талбарын дугаар бүхий газрын Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхдээ бусдын эзэмшил газартай давхцуулан эзэмшүүлээгүй талаар Б дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16/122 дугаар албан бичгээр тайлбар ирүүлсэн байна” гэсэн хариу өгчээ.
9. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан “...газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан... байх”-аар, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх”-аар заасан.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь маргаан бүхий А/ дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б дүүргийн Засаг даргын тамгын газарт 188312 нэгж талбарын дугаар бүхий 1055 мкв газрыг эзэмшүүлэхдээ хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу бодитоор бусдын эзэмшилд олгогдсон, 700 мкв болгож нэмэгдүүлэхээр Д.Н*******аас хүсэлт гаргасан байсан газартай давхцуулан газар эзэмшүүлсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
11. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн лавлагаа, агаар сансрын зураг шүүхээс хийсэн газрын үзлэгийн баримтуудаас үзвэл,
11.1. Нэхэмжлэгчийн өмчлөлийн хүнсний мухлаг ажиллаж байсан гэх хөх өнгийн жижиг модон байшин, контейнер нь гуравдагч этгээдийн эзэмшлийн нэгж талбарын 1332 дугаар бүхий, төрийн захиргааны байгууллагын зориулалт бүхий гэх 1055 мкв газрын баруун урд хэсэгт 2005 оноос хойш байрлаж байсан нь,
11.2. Б дүүргийн ******* хороо болон “Ө” өрхийн эрүүл мэндийн төвийн 2 давхар тоосгон байшин нь уг кадастрын зурагт ороогүй, газрын баруун хойд хэсэгт 2010 онд баригдсан нь тус тус тусгагдсан байх тул хариуцагч нь маргаан бүхий актын гаргахдаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхэд хүргэж байна.
12. Мөн маргаан бүхий 2013 оны А/ дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 5 жилийн хугацаагаар аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлсэн, уг хугацаа дуусгавар болсон байхад 2021 оны А/2 дугаартай захирамжаар 19-р хорооны зүүн талд 1055 мкв газрын, 2022 оны А2 дүгээр захирамжаар нэгж талбарын 1332 дугаар бүхий 1054/1055/ мкв газрын эзэмших эрхийг сунгасан нь Газрын тухай хуулийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасанд нийцээгүй болох нь Б дүүргийн газар зохион байгуулалтын албаны архивт шүүхээс хийсэн үзлэгт архивын мэргэжилтэн Б.З*******гаас “Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 2013 оны А/, 2021 оны А/2, 2022 оны А/2 дугаартай захирамж бүхий газруудад газар баталгаажилтын хувийн хэрэг үүсгээгүй” гэснээр тогтоогдов.
13. Иймд Б дүүргийн Засаг даргын 2013 оны А/ дүгээр захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон харин 2022 оны А/2 дүгээр захирамж бүхий газар нь нэхэмжлэгчийн 2012 оноос хойш гаргаж буй хүсэлтэд дурьдсан газартай давхцалтай байх тул уг давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий гэж дүгнэж байна” гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгад тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
14. Д.Н*******д Б дүүрэг, ******* хороо, *******ны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 мкв талбай дээр өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн газраас 329 мкв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 мкв газар дээр нэмж 329 мкв газар Д.Н*******д эзэмшүүлэхийг даалгах шаардлагын тухайд:
15. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж дүүргийн Засаг даргаас иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байсан.
16. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийн дээрх зохицуулалтыг 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.4-т “энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах” гэж өөрчилснөөр дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх хэмжээгүй болсон байна.
17. Иймд хариуцагчид эрх хэмжээ хуулиар олгогдоогүй асуудлаар шүүхээс даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
18. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Н*******ын Б дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Б дүүргийн Засаг даргын 2013 оны А/, 2022 оны А/2 дүгээр захирамжийн Б дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийн Д.Н*******ын хүсэлт гаргасан 329 мкв талбай бүхий газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Н*******д Б дүүрэг, ******* хороо, *******ны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 мкв талбай дээр өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэсэн газраас 329 мкв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 мкв газар дээр нэмж, 329 мкв газар Д.Н*******д эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
19. Д.Н*******аас газар эзэмшүүлэхээр хуулиар эрх олгогдсон этгээдэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******аас Б дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Б дүүргийн Засаг даргын 2022 оны А/2 дүгээр захирамжийн Б дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийн Д.Н*******ын хүсэлт гаргасан 329 мкв талбай бүхий газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ