Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарилж овогт Д-гийн Б-д холбогдох 1735001950111 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Ундарга-Увс” ШТС-ийн Өндөрхангай суман дахь салбарт түгээгч ажилтай, ам бүл-5, эхэнр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, Шарилж овогт Д-гийн Б. регистрийн дугаар: ТА70111410.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой хохирогч Г.Ш-г /хууль сахиулагч/ албан үүрэгтэйн холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Б хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Г.Ш нь Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/69 дүгээртэй тушаал /хх-ийн 50-р тал/-аар Өэдөрхангай сум дахь цагдаагийн хэсгийн цагдаагаар томилогдож ажиллаж байгаа Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан цагдаагийн алба хаагч тул түүнийг хууль сахиулагч гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сары 28-ны орой Өндөрхангай сумын хэсгийн цагдаа Г.Ш-г /хууль сахиулагч/ хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч Г.Ш-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн цагдаагаар ажиллах болсон. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой ганцаараа хуучин загварын хар өнгийн юүдэнтэй хүрэм, хөх өнгийн дотортой өмд, шинэ загварын ноосон хар өнгийн малгай зэргийг өмсөж Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 40 минутын орчим “Хан хөхий Сондор” ХХК-ий “Орос хүнс, барааны дэлгүүр”-ийн гадна Өндөрхангай сумын иргэн Дорлигсүрэнгийн Б эзэмшлийн 78-36 УВХ улсын дугаартай “DATSUN” маркийн хар өнгийн хойд талдаа тэвштэй, суудлын автомашин зогсоод машинаас хүн бууж дэлгүүр үрүү орсон. Тэр үед би машин уруу очиход жолоочийн суудалд М гэх хүн суухаар нь би өөрийнхөө албан тушаалыг танилцуулаад хаанаас хашаа хэний хамт явж байгаа талаар асуухад тэрээр “Энэ зуур явж байна” гэж хэлэх үед согтууруулах ундаа хэрэглэсний дараа биенээс гарах эхүүн үнэр гарч байсан тул би түүнд “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, та бичиг баримтаа шалгуул” гэх үед дэлгүүрээс Б гарч ирээд намайг харснаа “Чи муу яахаараа миний машин шалгадаг юм бэ? Чамайг ална” гээд над уруу дайрсан. Би Б “Албан үүргээ гүйцэтгэж байна. Та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байна” гэхэд Б хэл амаар доромжилж “Чамайг алаад булшинд хийнэ” гээд над уруу дайрч зүүн гараараа миний энгэрээс зуурч баруун гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Энэ үед Б хөл алдаж газар унахдаа хоёр хөлөөрөө миний толгой цээж үрүү жийж өшиглөсөн. Тухайн үед миний өмсөж байсан юүдэнтэй хүрэмний зүүн талын ханцуй, өмдний салтаа зэрэг урагдсан байсан. Би Б-той маргалдаж байх үед А дэлгүүрээ хаагаад гэр үрүүгээ явж байгаа харагдсан, өөр хүн байсан эсэхийг анзаараагүй. Боор зодуулж байх үед утсаа гаргаж бичлэг хийх гэсэн боловч миний гар утас булааж аваад Б 2 удаа дэвсэж гэмтээсэн. Утсаа 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би тухайн үед өмсөж явсан хувцас болон гар утас завсуулах мөнгө зэргийг өгөх юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-16-18-р талд/, гэрч С.А мөрдөн байцаалтанд өгсөн “Намайг дэлгүүрээс гарахад Б машин дэлгүүрийн гадна байсан ба Өндөрхангай сумын хэсгийн цагдаагийн машин байсан. Манай гэр ойрхон болохоор гэртээ ороод байж байтал маргалдаж байгаа чимээ гараад удахгүй машин асаад явсан.. Тухайн үед харанхуй байсан болохоор хэсгийн цагдаа Г.Ш тухайн газар байсныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-21-р тал/, гэрч П.Ж /М/-ы мөрдөн байцаалтанд өгсөн “Би “Орос хүнс, барааны дэлгүүр” нэртэй Агийн дэлгүүрийн гадна зогсоход Б дэлгүүр үрүү орсоны дараа хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ш ирээд өөрийгөө танилцуулаад “Та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү” гэхэд би архи уугаагүй, Бтой хамт явна, Б дэлгүүр үрүү орсон” гэж хэлээд зогсож байтал Б дэлгүүрээс гарч ирээд Ш рүү үг хэлээд түүнийг хавирч газарт унагасан. Би машинаас буугаад тэр хоёрыг салгаж Быг машинд суулгаад явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/, гэрч Н.Х мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой хэсгийн цагдаа Ш 19-20 цагийн үед утсаар над уруу залгаж би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Б гэдэг хүн миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж намайг зодож, миний хувцас урж, гар утас гэмтээж, намайг өшиглөж унагасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-24-р талд/, шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний ажил дээр талийгаач ахын найз ирээд ахын талаар ярьж байгаад явсны дараа би ахыгаа санаад сэтгэл санаа тавгүйтээд, бие эвгүй болоод байхаар нь 78-36 УВХ улсын дугаартай Дацун маркийн автомашин унаад дэлгүүр орж 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авч хашааны буланд зогсоод ганцаараа уугаад согтох шинжтэй болохоор нь М уруу залгаж машинаа бариулаад өөрөө жолоочийн дэргэд суугаад явж байсан  түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед юу болсон талаар Моос асууж мэдсэн. Би согтсон үедээ агсам болдог гэж хүмүүс хэлдэг юм. Би Г.Ш рүү дайрч хэрүүл маргаан үүсгэж, түүний хувцас урсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би Г.Ш-д учирсан хохирол 450.000 төгрөг төлж барагдуулсан, мөн түүнээс уучлалт гуйсан. Г.Ш надаас нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдолгүй болсон” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” бол  тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг шалгах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд 78-36 УВХ улсын дугаартай Дацун загварын автомашин жолоодож явсан П.Ж /М/-д бичиг баримтаа шалгуулах шаардлагыг Г.Ш тавьсан нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага болно.

78-36 УВХ улсын дугаартай Дацун загварын автомашин өмчлөгч болох шүүгдэгч Д.Б нь энэхүү шаардлагыг биелүүлэхгүй байх зорилгоор зүй бус үг хэллэгээр хүч хэрэглэхээр заналхийлж улмаар биеийн хүчээр эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн алба хаагчийн дээрх хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байна.

Шүүгдэгч Д.Б нь хууль сахиулагчийг биеийн хүчээр эсэргүүцэл үзүүлэх явцдаа хохирогч Г.Ш /хууль сахиулагч/-ийн өмсөж явсан хар өнгийн хүрэмний зүүн талын ханцуйн үзүүр хэсгээс суга руу чиглэсэн 20 см хэмжээтэй ханзарсан урагдалт, мөн хөх өнгийн өмдний баруун гуяны дотор хэсэгт 33 см хэмжээтэй ханзарсан урагдалт тус тус үүссэн байна.. Уг ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн болох нь Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17/59 дүгээртэй дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/-ээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.Б хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай гэж дүгнэв.

“Увс финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р тал/-ээр хохирогч Г.Ш-гийн албан үүрэг гүйцэтгэх үедээ өмсөж явсан өвлийн юудэнт хүрэм /хуучин/-ийг 25.000 төгрөг, өвлийн өмд /хуучин/-ийг 8.000 төгрөгөөр, самсунг ноте-5 загварын гар утсыг 263.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Дээрх албаны хувцаснуудад ханзарсан урагдалт үүссэн болох нь криминалистикийн шинжээчээр дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг нөхөн сэргээж /оёдол хийлгэж/ болохоор байна. Иймд нөхөн сэргээхэд гарах зардлыг тогтоолгох шаардлагатай байсан байна. Мөн Увс аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 52-2/11 дугаартай албан бичиг/хх-ийн 48-р тал/-т хохирогч Г.Ш-гийн албан үүрэг гүйцэтгэх үедээ өмсөж явсан өвлийн юудэнт хүрэм /хуучин/, өвлийн өмд /хуучин/ нь хүчингүй болсон тул үнэлэх боломжгүй талаар дурджээ.

Иймд уг албаныхувцаснуудыг үнэлсэн дээрх үнэлгээгээр нь тооцож хохирол гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлээс  өвлийн юудэнт хүрэм /хуучин/-ийг 25.000 төгрөг, өвлийн өмд /хуучин/-ийг 8.000 төгрөг, нийт 33.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээрх дүгнэлтээр самсунг ноте-5 загварын гар утсыг 263.000 төгрөгөөр үнэлсэн боловч хохирогч гар утасны дэлгэцний хамгаалалт наалт, камерын дурангийн шил тус тус шуурсан боловч ажиллагаа нь хэвийн байгаа болох нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/-ээр тогтоогдож байгаа тул гар утасны үнийг дүгнэлтэнд дурдаснаар нь хохирол гэж үзэх боломжгүй байна. Учир нь гэр утасны ажиллагаа хэвийн байгаа тул зөвхөн гэмтсэн хэсгийг засварлахтай холбоотой зардлыг гэм бурууттай этгээдээс гаргуулах үндэслэлтэй тул гар утсыг үнэ 263.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, зардлын баримтаа бүрдүүлэн хохирогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгчээс хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол байхгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай  нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, “Ундарга-Увс” ХХК-ий Өндөрхангай сум дахь шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, 142 толгой малтай, эхнэр нь ажилгүй, 1 оюутан хүүхэдтэй, цалингаас өөр орлого байхгүй болох нь Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56-р тал/-оор тогтоогдож байна.

            Шүүхээс шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хувийн  байдал зэргийг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

           

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Г.Шгийн юүдэнт хүрэм 1 /нэг/ ширхэг, өмд 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Шд буцаан олгож, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Шарилж овогт Д-гийн Б-ыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

 

            4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавихыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Г.Ш-гийн нэхэмжлэлээс 33.000 /гучин гурван мянга/ төгрөгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар 263.000 /хоёр зуун жаран гурван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Г.Ш-гийн юүдэнт хүрэм 1 /нэг/ ширхэг, өмд 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Ш-д буцаан олгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ