Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/1138

 

 

М.М, Г.Ч, Ү.Ч нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Баасандорж,

шүүгдэгч Ү.Чий өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Баасандорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.М, Г.Ч, Ү.Ч нарт холбогдох 2211 00000 1051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../,

2. ..... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../,

3. .... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...../;

М.М, Г.Ч, Ү.Ч нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээслэн найзуудын хамт А.Цэлмэгийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Тэмүүлүнтэй маргалдаж, түүний толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.М, Г.Ч, Ү.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .... нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр, шүүгдэгч Ү.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чээс 342.600 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 19-8 тоотод оршин суух Мандахын Ундрах /РД:ХА71053163/-д олгож, шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нараас тус бүр 4.667 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009 0002 0080 дугаартай дансанд хохирол төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, М.М, Г.Ч, Ү.Ч нар нь гэмт хэргийн шууд хохиролд бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлүн, түүний хууль ёсны төлөөлөгчөөс цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрах гаргасан давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хурал дээр гэрч Цэлмэг мэдүүлэхдээ “тухайн өдөр болсон зодоонд жижиг Чингүн оролцоогүй юм аа, миний бие жижиг Чингүнтэй муудалцсан байсан учир гомдоод цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө жижиг Чингүн зодоонд оролцсон гэж худал мэдүүлсэн, мөн хохирогч Тэмүүлүнд болсон хэргийн талаар ярьж өгөхдөө жижиг Чингүн чамайг зодсон гэж худлаа хэлж цагдаа дээр мэдүүлэг өгүүлсэн” гэдэг. Шүүх хурал дуусаад орой нь гэртээ очоод хүүтэйгээ шүүх хурал дээр болсон явдлын талаар ярихад “тийм ээ, Цэлмэг надад ярьж өгөхдөө жижиг Чингүн чамайг зодоход оролцсон гэж ярьж өгсөн бөгөөд түүний дагуу цагдаад мэдүүлэг өгсөн, зодоон болдог өдөр жижиг Чингүн намайг зодоогүй юм байна лээ, болсон явдлын талаар би сайн санахгүй байсан” гэж надад ярьсан. Иймд жижиг Чингүнд холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Бидний зүгээс гомдолгүй.” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны түрүүнд хохирогч Тэмүүлүн бусдад зодуулж гэмтсэн явдалд маш их харамсаж байна. Анх 5 дугаар сард яллагдагчаар татагдаж хэрэгтэй танилцах үедээ миний тухай гэрч Цэлмэг, хохирогч Тэмүүлүн нар худлаа мэдүүлэг өгсөн байна гэдгийг мөрдөн байцаагчид хэлж санал хүсэлт гаргах хэсэгт гомдолтой байгаагаа бичиж гарын үсэг зурж байсан. Тэгээд дараа нь өмгөөлөгч авч энэ тухайгаа хэлээд прокурорт хэд хэдэн удаа гомдол хүсэлт гаргаж байсан боловч хүлээн аваагүй. Харин анхан шатны шүүх хурал дээр гэрч Цэлмэг урьд нь өгсөн мэдүүлгээсээ буцаж, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөнд баярласан. Цэлмэг нь надтай Энхжингээс болж муудалцсан байсан. Тэр уурандаа намайг зодоонд оролцсон гэж худал мэдүүлгийг цагдаа дээр өгсөн. Хохирогч Тэмүүлүнд хэрэг явдлын талаар ярихдаа намайг зодоонд оролцсон гэж түүнд хэлсэн байсан. Харин шүүгч гэрч Цэлмэгийн урьд нь цагдаа дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Тэмүүлүний мэдүүлгээр намайг буруутгаж ял өгсөн. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр шүүхээс шийтгэх тогтоолыг аваад уншиж үзэхэд хохирогч Тэмүүлүн, гэрч Өлзий нарын мэдүүлгээр намайг буруутгасан байсан. Гэрч Өлзийгийн мэдүүлэгт хохирогч Тэмүүлүнг зодсон талаар ямар ч үг, өгүүлбэр байхгүй байхад Өлзийгийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Тухайн зодоон болдог өдөр хүүхдүүдээс намайг зодоонд оролцоогүй, Чингүн нь гаднаас даарч орж ирээд зуухны дэргэд сууж байсныг үнэн зөвөөр гэрчилдэг. Би үнэхээр Тэмүүлүнд нэг удаа гар хүрсэн бол хэргээ хүлээмээр байна. Тийм зүйл байхгүй болохоор үнэхээр гомдолтой байна. Миний бие Тэмүүлүнг зодоход оролцоогүй гэдгээ үнэн зөвөөр тангараглаж байна. Надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Чий өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч нар болох Б.Энхжин, Г.Зулсар, А.Өлзий, Г.Тэргэлсаран, Э.Лувсанчүлтэм нар нь хэргийн үйл баримтын талаар буюу Г.Чийг зодоонд оролцоогүй, гаднаас дөнгөж орж ирээд зуухны дэргэд дулаацаад сууж байсан талаар мэдүүлсэн байдаг.

Гэрч А.Цэлмэг нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгч байсан мэдүүлгээсээ буцаж огт өөрөөр мэдүүлэхдээ “...жижиг Г.Ч нь Энхжинг өмөөрөөд надтай муудалцсан байсан учраас гомдоод цагдаа дээр байхдаа худал мэдүүлэг өгсөн, Г.Ч нь хэрэг гардаг өдөр зодоонд огт оролцоогүй, хэрэг болсны маргааш буюу 2022 оны 3 дугаар сарын 6-ны өглөө нь хохирогч Б.Тэмүүлүн нь надаас “юу болсон юм бэ, би юу ч санахгүй байна” гэж асууж байсан. Б.Тэмүүлүн нь хэрэг гардаг орой нилээн согтолттой байсан. Би дараа нь түүнд болсон явдлын талаар ярихдаа том, жижиг Чингүн, Мөнгөншагай нар чамайг зодсон гэж худлаа ярьж өгсөн, би худлаа мэдүүлэг өгч хүн гүтгэсэндээ маш их харамсаж байна, эрүүгийн хариуцлага хүлээхэд гомдолгүй.” гэж мэдүүлсэн.

Шүүгч тогтоолын тогтоох хэсгийг уншиж хэргийн оролцогчдод Г.Чийг гэм буруутай гэж тооцсон талаараа тайлбарлаж танилцуулахдаа “Хохирогч Тэмүүлүн нь тогтвортой мэдүүлэг өгдөг, гэрч А.Цэлмэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийг тус тус үнэлсэн бөгөөд шүүгч би ямар нотлох баримт үнэлэх нь миний эрх хэмжээний асуудал гэж хэлж байсан юм. /хуралдааны бичлэгт байгаа/ Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.Тэргэлсаран, Г.Энхжин нар нь зодоонд жижиг Г.Чийг оролцоогүй гэж мэдүүлж байх боловч энэ нь хохирогч Б.Тэмүүлүний гаргасан гомдол мэдээлэл, өгсөн мэдүүлэг, гэрч Өлзийгийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна. А.Цэлмэг нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны шатанд худал мэдүүлэг өгсөн, эсхүл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлэг өгсөн аль нь болохыг тогтоож түүний энэхүү үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй юм. А.Цэлмэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.” гэжээ.

Энэ нь оролцогч бидэнд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгээс огт өөр үндэслэл бичсэн, бас хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт гэрч Өлзийгийн мэдүүлэгт Г.Чийг зодоонд оролцсон талаар огт хэлж мэдүүлээгүй байхад шүүх тогтоолдоо худлаа зүйл бичсэн төдийгүй хохирогч Б.Тэмүүлүн нь 2 удаа мэдүүлэг өгөхдөө 2 өөрөөр мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт байхад миний үйлчлүүлэгч Г.Чийг буруутгасан нь шүүх хэт нэг тал буюу яллах талыг барьсан гэж үзэж байгаа бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэснээр шийдвэрлэсэн байна. Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль зөрчсөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/745 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Г.Чд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ү.Чий өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үнэнбаатарын Чингүүний өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Ү.Ч нь өөрт оногдсон хохирлыг шүүх хуралдаан болохоос өмнө төлсөн. Өмгөөлөгчийн зүгээс гомдолтой холбогдуулж хэлэх зүйлгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал нотлогдон тогтоогддог. Хохирогчийн мэдүүлэг, гэрч А.Цэлмэгийн мэдүүлэг болон бусад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул шүүгдэгч Г.Чээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.М, Г.Ч, Ү.Ч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Баасандорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрах нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Чингэлтэй дүүргийн прокуророос М.М, Г.Ч, Ү.Ч нарыг “бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээслэн найзуудын хамт А.Цэлмэгийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Тэмүүлүнтэй маргалдаж, түүний толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

гэрч Э.Лувсанчүлтэмийн “...Тэмүүлүн рүү Мөнгөншагай дайраад байхаар нь би салгаад Тэмүүлүнгийн хөлний ойролцоо салгахаар дараад байж байтал “би яах ч үгүй ээ” гээд надтай ярилцаад байж байснаа Тэмүүлүнгийн нүүр рүү гутлын өсгийн хэсгээрээ өшиглөөд байсан. ...Тэгэхээр нь би “боль л доо” гээд тухайн өрөөнөөс гаргаж, том өрөөний орон дээр суулгаад би зуухны хажууд байсан намхан Чингүний хажууд очсон. Тэгтэл гэнэт гал тогооны өрөөнд хүмүүс пижигнээд явчихаар нь хартал Тэмүүлүн газар хэвтээд дээрээс нь хөлөөрөө хүмүүс дэвсэж байсан. Өндөр Чингүүн өшиглөж байсныг би харсан. Тэгээд өндөр Чингүүнд би “арай хэтрүүлчихэж байгаа юм бишүү” гэтэл “харин тэглээ одоо болилоо” гэж өөрөө хэлж байсан. Мөнгөншагайг би салгаж байх үед гутлын өсгийгөөрөө нүүр рүү нь өшиглөсөн. ...” /1хх 36-39/,

гэрч А.Өлзийгийн “...Тэгээд тэнд байсан орон дээр Тэмүүлүнийг хэвтүүлээд Мөнгөншагай нүүр рүү нь хөлөөрөө зүүн шанаа руу нь жийсэн. Том Чингүүн дээрээс нь нүүр рүү нь гараараа цохисон, яг хаашаа цохисныг хараагүй. Энхжин дээр нь гарч суугаад нүүр рүү нь гараараа алгадаад байсан. Өглөө нь 09 цагийн үед сэрэхэд Тэмүүлүний нүүр баруун талдаа хавдсан, хөмсөг нь сэтэрсэн байсан. Мөнгөншагай нүүр рүү нь хөлөөрөө зүүн шанаа руу нь өшиглөсөн. Өндөр Чингүүн дээр нь гараад нүүр рүү нь цохихыг харсан. Яг хаашаа цохисныг мэдэхгүй байна. ...” /1хх 55-57/,

гэрч Г.Зулсарын “...Гал тогооны өрөөнд Мөнгөншагай, том Чингүүн нар цаад өрөөнд байхдаа зодож цохисон. Би хэн нь хаашаа яаж цохисныг хараагүй. Мөнгөншагай гарч ирэхэд нь цээж рүү нь өшиглөөд байсан. ...” /1хх 59-60/,

гэрч Г.Тэргэлсарангийн “...Өндөр Чингүүн Тэмүүлүний нүүр рүү гараараа бараг 10 удаа цохихыг би харсан. Цэлмэг, Лувсанчүлтэм нар нь Тэмүүлүнг газар хэвтэж байхад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход нь би болиулсан. Өндөр Чингүүн дахиж нөгөө өрөөнд Тэмүүлүнг унтаж байхад зодоод байх шиг болохоор нь очтол “энийг яаж тайван унтуулах вэ, харахаар дургүй хүрээд байна” гэсэн. Бусад хүмүүс нь өндөр Чингүүнийг салгасан. Өглөө Тэмүүлүнг харахад баруун хацар, шанаа нь хавдсан байдалтай байсан. Өндөр Чингүүн нүүр рүү нь олон удаа цохисон. ...” /1хх 51-52/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Цэлмэгийн “...Миний харснаар бол М.М, Ү.Ч, Энхжин нар хохирогч Тэмүүлүний биед халдсан. Би Энхжинг хохирогч Тэмүүлүний дээр гараад алгадаж байхыг нь харсан. Мөнгөншагай болон том Чингүүн нарыг халдаж байхыг нь харсан. Жижиг Чингүн бол гэрт ороод галын хажууд суусан. Мөрдөн шалгах ажиллагааны үед надаас мэдүүлэг авахаас өмнө над руу танихгүй дугааруудаас залгаад “чи тэгж мэдүүлэг өг, ингэж мэдүүлэг өг” гээд дарамтлаад байсан учраас би тухайн дарамтад ороод мөн Г.Чтэй муудалцсан байсан учраас тэгж худлаа мэдүүлэг өгсөн. Давхар Энхжингийн найз залуу над руу “ална” гээд чат бичээд байсан. Над руу танихгүй дугаараас ах нь залгаад яриад байсан. Би жижиг Чингүнтэй муудалцсан учраас тэгж мэдүүлэг өгсөн. Жижиг Чингүнийг хохирогч Тэмүүлүнг цохисон гэж мэдүүлсэн нь худлаа. Жижиг Чингүн нь Энхжинг өмөөрөөд байсан учраас би түүнд гомдсон. Тэмүүлүн босож ирээд “миний нүүр яасан юм бэ” гэж надаас асуухад би түүнд болсон үйл явдлын талаар хэлж өгсөн. Өчигдөрийн болсон явдлыг мэдэхгүй байсан, надаас асууж, лавлаад байсан. ...” 1хх 235-236/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар Г.Ч нь хохирогч Б.Тэмүүлүний биед гэмтэл учруулаагүй болох нь нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлүн “...Байшинд ортол Энхжин орилж хашхираад, намхан Чингүн над руу ирээд миний нүүр рүү гараараа 3 удаа цохитол би газар унасан. Би хана тал руу нүүрээрээ хараад газар хажуу талаараа хэвтэж байсан ба намайг тойроод Энхжин, намхан Чингүн, Мөнгөншагай, том Чингүүн нар зогсоод намхан Чингүн, Энхжин нар гараараа нүүр, толгой руу цохиж байсан. Мөнгөншагай, Чингүүн нар нь хөлөөрөө миний толгой руу жийгээд өшиглөөд дэвсээд байсан. Тухайн үед Мөнгөншагай, өндөр Чингүүн нар миний нүүр рүү хөлөөрөө өшиглөснийг мэдэж байна. Харин Энхжин гараараа миний нүүр рүү цохиж байсан. Тэгтэл удалгүй гаднаас Цэлмэг, Өлзий, Лууяа гурав орж ирээд тэдгээр хүүхдүүдийг салгаад, намайг босгоод орон дээр хэвтүүлсэн. ...” /1хх 24-26/ гэж мэдүүлдэг боловч Г.Чий хохирогчийг зодсон гэх үйлдэл дээр дурдсан нотлох баримтууд болон,

насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлүний хууль ёсны төлөөлөгч М.Ундрахын “...гэрч Цэлмэг мэдүүлэхдээ “тухайн өдөр болсон зодоонд жижиг Чингүн оролцоогүй юм аа, миний бие жижиг Чингүнтэй муудалцсан байсан учир гомдоод цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө жижиг Чингүн зодоонд оролцсон гэж худал мэдүүлсэн, мөн хохирогч Тэмүүлүнд болсон хэргийн талаар ярьж өгөхдөө жижиг Чингүн чамайг зодсон гэж худлаа хэлж цагдаа дээр мэдүүлэг өгүүлсэн” гэдэг. Шүүх хурал дуусаад орой нь гэртээ очоод хүүтэйгээ шүүх хурал дээр болсон явдлын талаар ярихад “тийм ээ, Цэлмэг надад ярьж өгөхдөө жижиг Чингүн чамайг зодоход оролцсон гэж ярьж өгсөн бөгөөд түүний дагуу цагдаад мэдүүлэг өгсөн, зодоон болдог өдөр жижиг Чингүн намайг зодоогүй юм байна лээ, болсон явдлын талаар би сайн санахгүй байсан” гэж надад ярьсан. ...” гэсэн гомдлуудаар үгүйсгэгдэж байна.

Мөрдөгч нь хохирогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлуулах, тодруулах зорилгоор мэдүүлэг авсан бөгөөд хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй.

Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлүн нь болсон явдлын талаар санахгүй байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Цэлмэгийн хэлснээр мэдүүлэг өгсөн ба тухайн хэрэг үйлдэгдэх үед хамт байсан гэрч нарын хэн аль нь Г.Чийг цохиж, зодож байсан талаар мэдүүлээгүй нь хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байна.

Иймд Г.Чд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин М.М, Ү.Ч нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээслэн найзуудын хамт А.Цэлмэгийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Тэмүүлүнтэй маргалдаж, түүний толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлүн /1хх 24-26/, гэрч Э.Лувсанчүлтэм /1хх 36-39/, гэрч А.Өлзий /1хх 55-57/, гэрч Г.Зулсар /1хх 59-60/, гэрч Г.Тэргэлсаран /1хх 51-52/ нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5456 дугаартай “...Б.Тэмүүлүнгийн биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 72-73/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч М.М, Ү.Ч нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.М, Ү.Ч нарын бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Тэмүүлүнтэй маргалдаж, түүний толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М, Ү.Ч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгуулын ял оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Чийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 342.600 төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох М.М, Ү.Ч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Баасандорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

“Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Чийг цагаатгасугай.” гэсэн заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чээс 342.600 төгрөгийг гаргуулж...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М, Ү.Ч нараас тус бүр 171.300 төгрөг гаргуулж...” гэж өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Г.Чд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Баасандорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                     ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ