Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 109/ШШ2024/0014

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Ж

            Хариуцагч: Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох “охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах, 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, гэрч Б.Э /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Н.Ж, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хооронд “охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах, 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Н.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ж- миний бие Б овогт Д-ийн О-тай 2017 онд танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоотой болж уг оныхоо 9 дүгээр сараас эхлэн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх 6 жилийн хугацаанд хамтын амьдралтай, нэг гэр бүлийн харилцаатай амьдарч байсан. Бидний дундаас 2018 оны 11 сарын 10-ны өдөр охин Ж.Б- төрсөн. Охиныг төрөх үед нөхөр бид хоёр гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй, охины эцэг иргэний цахим үнэмлэхээ гээгдүүлчихсэн байснаас шалтгаалж охиныг миний нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байсан. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр Д.О нь зам тээврийн осолд орж нас барж охин бид хоёрт хүнд уй гашуу тохиолдсон. Түүний дараа халамжийн байгууллагаас охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор хандахад талийгаачтай гэрлэлт бүртгэлгүй учраас хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолго гэсэн шаардлагын дагуу тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 572 дугаартай шийдвэрээр 2017 оны 9 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгосон. Шүүхийн шийдвэрийг бичгээр гарсны дараа буюу 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хаяглан Архангай аймгийн Жаргалант сумын халамжийн байцаагчид өргөдөл гаргахад миний материалыг дээш нь явуулсан гэсэн боловч хорь гаран хоногийн дараа миний гаргасан өргөдлийг хавсаргаж өгсөн баримтуудын хамт буцаагаад надад өгсөн. Буцааж өгсөн үндэслэлээ тайлбарлахдаа охин Ж.Б-гийн эцэг талийгаач Д.О-ыг мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр зайлшгүй байх ёстой, иргэний шүүхэд энэ талаараа нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэр гарангууд манай байгууллагад дахин ханд гэж амаар хэлсэн, бичгээр хариу өгөөгүй. Ингээд би 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахад иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 655 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний охин Ж.Б нь талийгаач нөхөр Д.О бид хоёрын хамтын амьдралтай байх хугацаанд төрсөн хүүхэд бөгөөд энэ нь дээрх 572 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, үүнтэй холбоотой маргаан огт үүсч байгаагүй. Гэтэл Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэлийг уншиж судлалгүй хууль бус шаардлага тавьж миний охин Ж.Б-гийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан. Иймд охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах, 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ж-гийн хувьд иргэн Д.О-тай 2017 онд танилцаад улмаар хайр сэтгэлийн холбоотой болж 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн охин Ж.Б-г төрүүлсэн. Охин Ж.Б-г төрүүлэх хүртэлх хугацаа буюу 2017-2023 онд Н.Ж- нь Д.О-тай хамтын амьдралтай байсан. Энэ хүнтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсныг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр тогтоосон. Мөн уг шийдвэрийг тогтоосны дараа Н.Ж- Архангай аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын мэргэжилтэнд хандаж 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж аваад программд бүртгэж, амьжиргаа дэмжих зөвлөл рүү хурлаар оролцуулсан.Тэгээд харьяаллын дагуу Архангай аймгийн Хөдөлмөр, үйлчилгээний газарт хянуулахаар материалыг ирүүлсэн байдаг. Гэтэл Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас иргэний бичгээр өгсөн өргөдөлд бичгээр хариу өгөөгүй. Бичгээр хариу өгөхгүйгээр энэ өргөдөл нь манай журмыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр тайлбарлаж өгч буцаасан. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж охин Ж.Б-гийн эцгээр талийгч Д.О-ыг мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 655 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь талийгч Д.О-тай, нэхэмжлэгч Н.Ж- нь өөрөө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүхээр тогтоогдсон байна. Хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгочихсон байгаа нь өөрөө Гэр бүлийн тухай хуулийн 23.2-т зааснаар эхнэр, нөхрийн харилцаатай байсныг тогтоосон гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр аваад Н.Ж- захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд хандсан. Ж.Б- Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөөс энгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж асаргаатай холбоотой тэтгэмж авах эрхийг зөрчөөд байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

4. Хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жаргалант сумын иргэн Н-ны Ж нь 2024 оны 1 дүгээр сард Жаргалант сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Э-т хандан иргэн Н-ны Ж (********) нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан “Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд” гэсний дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан. Иргэн Н.Ж- нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргахдаа Д.О-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэж хүсэлтээ буруу гаргасны улмаас 2017-2023 онуудад хамтын амьдралтай байсныг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 129/ШШ2023/00572 тоот шийдвэрээр тогтоосон. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг тогтоон олгох боломжгүй тул иргэний бүрдүүлж өгсөн материалыг буцаасан. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэсний дагуу тэтгэврийг тогтооно. Д.О нь хүүхдийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр эсхүл тэжээн тэтгэгч байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд уг тэтгэврийг тогтооно. Тухайн иргэний 2024 оны 1 дүгээр сард гаргасан хүсэлт анхан шатны баримтын бүрдэл шаардлага хангаагүйгээс буцаагдсан тул дахин шаардлага хангасан материалаа бүрдүүлэн өгсөн өдрөөс буюу “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу иргэний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн тооцож тэтгэврийн мөнгийг олгоно гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т хариуцагч хүүхдийн эцэг эхтэй эр эмийн харилцаатай байсан нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн хүний хүүхэд мөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байгаа. Тэр тэтгэвэр тэтгэмж нь тухайн хүүхдэд олгогдож байгаа хүүхдийг асран хамгаалж байгаа, хүүхдийн ирээдүйд зарцуулах ёстой байдаг. Тэгэхээр тухайн хүүхдийн эцэг нь мөн гэдэг нотлох баримт биш. Зөвхөн хамтран амьдарч байсан гэдэг нотолж өгсөн байгаа. Тийм болохоор тухайн хүүхдийн асран хамгаалагч юм уу, эцэг мөн гэсэн тодорхойлолт хэрэгтэй байгаа. Зөрчлийг арилгачихсан нөхцөлд тухайн хугацаанаас тэтгэвэр, тэтгэмжийн хөнгөлөлтийг олгоод явж болно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг жил хүртэлх хугацааны мөнгийг нөхөн олгож болно. Эцэг мөн талаар тогтоож өгөхгүй бол тухайн хүний хүүхэд гарч ирлээ гэхэд тэтгэмжийг хүүхдийн тоогоор хувааж олгодог. Тэгэхээр хаа нэг газраас тухайн хүний хүүхэд гараад ирэхийг үгүйсгэхгүй, тийм магадлалтай. Тэгээд тухайн тэтгэмж хүүхдэд олгогдож байгаа учраас тухайн хүний хүүхэд мөн гэсэн тодорхойлолт юм уу, эсвэл тухайн хүнийг хүүхдийг асран хамгаалж халамжилдаг үнэн гэсэн тийм тодорхойлолт байхгүй нөхцөлд олгож болохгүй гэв.

6. Гэрч Б.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “ ... Н.Ж 2024 оны 1 дүгээр сарын 2-нд хүсэлтээ гаргасан. Манай амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал 1 дүгээр сарын 10-нд болсон, манайх программаараа шивж явуулна. Гэтэл аймгаас буцаагдсан ...” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Иргэн Н.Ж нь иргэн Д.О-тай хамтран амьдрах хугацаандаа охин Ж.Б-г төрүүлжээ. Иргэн Д.О нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас баржээ.

1.2. Улмаар иргэн Н.Ж нь охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой асуудлаар 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өргөдөл гаргасныг тус аймгийн Жаргалант сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Э хүлээн авч, Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах шаардлага хангахгүй гэх үндэслэлээр /амаар/ тайлбар гаргаж, иргэн Н.Ж-гийн өргөдлийг буцаасан байна. Иргэн Н.Ж-гийн тус газарт гаргасан өргөдлийг буцаасан талаар албан бичиг, холбогдох баримт гараагүй ажээ.

1.3. Ийнхүү иргэн Н.Ж-гаас хүүхдийн эцэг тогтоолгох асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандаж, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 129/ШЗ2024/00655 дугаартай захирамжийн дагуу Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

1.4. Иргэн Н.Ж-гийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад:

2.1. Монгол Улсын иргэн Т овогт Н-ны Ж, Б овогт Д-ийн О нар нь 2017 онд танилцаж (нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар), охин Ж.Б-г 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрүүлжээ. (Хавтаст хэргийн 6-8 дахь тал)

2.2. Иргэн Д.О нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд авто тээврийн ослын улмаас нас барсан байна. (Хавтаст хэргийн 7 дахь тал)

2.3. Иргэн Н.Ж, иргэн Д.О нар нь хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байжээ. Улмаар иргэн Н.Ж-гаас Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.О-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Тодруулбал тус хүсэлтэд “ ... Н.Ж- миний бие 1999 онд төрсөн, өөрийн нөхөр болох Д.О-тай 2017 онд анх танилцаж хайр сэтгэлтэй болж улмаар 2018 онд хамтран амьдрах хугацаандаа охин Ж.Б- нь төрсөн юм. Нөхөр Д.О-тай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан, гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан тул тэжээгчээ алдсаны тэтгэмжид орох гэтэл хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоолго гэсэн ...” гэж дурджээ. (Хавтаст хэргийн 41 дэх тал)

2.4. Ийнхүү дээрх хүсэлтийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2023/00572 дугаар шийдвэрээр хангаж, Т овогт Н-ны Ж-г Б овогт Д-ийн О агсантай 2017 оны 9 сараас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ. Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. (Хавтаст хэргийн 58 дахь тал)

2.5. Иргэн Н.Ж-гаас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор Архангай аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өргөдөл гаргажээ. (Хавтаст хэргийн 14 дэх тал)

2.6. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэн Н.Ж-гийн хүсэлтийг /амаар/ “ ... Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэсний дагуу тэтгэврийг тогтооно. Д.О нь хүүхдийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр эсхүл тэжээн тэтгэгч байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд уг тэтгэврийг тогтооно” гэх үндэслэлээр буцааж, цахим хүсэлтийг баталгаажуулахаас татгалзжээ. (Хавтаст хэргийн 30, 64-74 дэх тал)

2.7. Ийнхүү иргэн Н.Ж-гаас Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “эцэг тогтоолгох” тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 129/ШЗ2024/00655 дугаартай захирамжаар тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тодруулбал, “Н.Ж- би хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгосны дараа тэжээгчээ алдсаны тэтгэмж авахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандсан ... тус газраас заавал эцэг мөн болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн, өөр байгууллагад хандаагүй ... тус газраас болохгүй гэсэн учраас шүүхэд хандсан ...” гэх тайлбар гаргажээ. Улмаар шүүхээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй гэх үндэслэлийг дурдаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. (Хавтаст хэргийн 12-13 дахь тал)

2.8. Ингээд Н.Ж-гаас тус шүүхэд “охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан байна. (Хавтаст хэргийн 1 дэх тал)

2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. дахь хэсэгт “Эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаална.” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Ж нь 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 0584 дугаартай итгэмжлэлээр иргэн Э.М-д нэхэмжлэгчийг шүүхэд бүрэн төлөөлөх /нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх г.м/ эрхийг 2 жилийн хугацаатай олгожээ. (Хавтаст хэргийн 34 дэх тал)

2.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, шүүх хариуцагчаас хариу тайлбар гаргуулж, хэрэгт хавсаргасан байна. (Хавтаст хэргийн 89, 95 дахь тал)

3. Хууль зүйн үндэслэлийн талаар:

3.1. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлийн 1.-д “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.”, 2.-т “Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.” гэж;

3.2. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1 дүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.”, 3 дугаар зүйлийн 1.-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2.-т “Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.”, 6 дугаар зүйлийн 2.-т “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.” гэж тус тус заажээ.

3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, 11/-д “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.”, Арван есдүгээр зүйлийн 1.-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” хэмээн тунхагласан.

3.4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ.”, 5 дугаар зүйлийн 5.4. дэх хэсэгт “Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.” хэмээн тус тус зааснаар хүүхэд хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, төрийн байгууллага, албан тушаалтан хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн тохиолдолд нэн даруй сэргээх үүрэг хүлээнэ.

3.5. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Монгол Улсын иргэн Н.Ж, Д.О нарыг хамтын амьдралтай байх хугацаанд охин Ж.Б- төрсөн ба иргэн Н.Ж, Д.О- нар нь гэрлэлтээ батлуулаагүй байх хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн Д.О нас барснаар охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлага үүсжээ.

3.6. Ийнхүү Иргэний хуулийн 18.1., 18.3 дахь хэсэгт зааснаар иргэн Ж.Б-гийн хууль ёсны төлөөлөгч болох эх Н.Ж- нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн халамжийн мэргэжилтэнд “охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай” өргөдлийг 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр гаргаж, тус өргөдлийг Архангай аймгийн хөдөлмөр, халамжийн газраас 2024 оны 1 дүгээр сард буцаасан нь хууль бус байна. Учир нь,

3.7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” хэмээн заасан.

3.8. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2023/00572 дугаар шийдвэрээр Т овогт Н-ны Ж-г Б овогт Д-ийн О агсантай 2017 оны 9 сараас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. (Хавтаст хэргийн 58 дахь тал)

3.9. Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэрээр хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд тухайн иргэдийн хамтын амьдралтай, эр, эмийн харилцаатай байх хугацаанд төрсөн охин Ж.Б-гийн эцгийг Д.О мөн гэж үзнэ.

3.10. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.3. “Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.”, 59 дүгээр зүйлийн 59.2. “Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж зааснаас үзвэл хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг төрсөн эцэг, эх төдийгүй хойт эцэг, эх, үрчлэн авсан эцэг, эх мөн адил хүлээдэг.

3.11. Улмаар эдгээр хүмүүс нь хүүхдийг тэжээн тэтгэж байгаад /эцэг/ нас барсан бол хүүхдэд Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1.6., 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар тэтгэвэр олгохоор зохицуулсан ба дээрх  хууль, журам зөрчигдсөн байна.

3.12. Уг маргааны хувьд, хариуцагчаас “ ... Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэсний дагуу тэтгэврийг тогтооно. Д.О нь хүүхдийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр эсхүл тэжээн тэтгэгч байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд уг тэтгэврийг тогтооно ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

3.13. Маргаан бүхий нөхцөлд, бүрлээч Д.О нь охин Ж.Б-гийн эцэг мөн гэдгийг бүрлээч Д.О-ын эх, төрөл садан нь маргаангүй хүлээн зөвшөөрдөг /уг асуудлаар маргаж байгаагүй/, иргэн Н.Ж, Д.О нар 2017 оноос хойш хамт амьдарч, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Ж.Б- төрсөн, охин Ж.Б-г төрснөөс хойш Д.О-ыг нас барах хүртэл хугацаанд уг гэр бүл хамтдаа амьдарч байсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

3.14. Гэрийн бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. дахь хэсэгт зааснаар хуулийн үг, өгүүлбэр, хоорондын цэг таслал, үгийн утга тус тусдаа бичигдсэн байхад хариуцагч захиргааны байгууллага дээрхи хуулийн заалтыг нэг өгүүлбэр мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр иргэн Н.Ж, охин Ж.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

3.15. Түүнчлэн иргэн Н.Ж, Д.О нарыг хамт амьдралтай байсан болохыг иргэний хэргийн шүүх тогтоосоор байхад хүүхдийг нас барсан эцэг мөн эсэхийг тогтооход заавал эмнэлгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хариуцагчаас маргаж байгаа нь дээр дурдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, бусад хууль зүйн үндэслэлүүдээр няцаагдаж байна.

 3.16. Мөн маргаан бүхий асуудлаар гэрч Н.Г шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... О- нь миний отгон хүү байсан юм. Миний хүү Д.О- 2017 онд Н.Ж-тай танилцаж гэр бүл болсон. Дундаасаа 2018 оны 11 дүгээр сард охинтой болсон. Охиныг нь Б гэдэг юм. Д.О 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Т аймгийн З суманд машинтай явж байгаад автын ослоор өөд болсон. Д.О-ыг өөд болох хүртэл хугацаанд Д.О, Н.Ж нар хамтран амьдарч байсан. Манайхан Н.Ж-гийн бэрийн гуйлтыг хийгээд хурим найрыг нь хийж амжаагүй байсан. Хамт амьдарч байх хугацаандаа буюу танилцаж дотносон цагаасаа эхлээд хүү Д.О-ыг өөд болох хүртэл хугацаанд Архангай аймгийн Э сумын 4 дүгээр баг, Б-н 42-07 тоотод хамт амьдарч байсан. Би хүү, бэр хоёртой хамт амьдардаг байсан. ... Н.Ж-, Д.О нарыг гэрлэлтээ батлуулж байгаагүй гэдгийг нь саяхан мэдсэн. Тухайн үед би гэрлэлтээ батлуулаарай гэж хэлж байсан. Н.Ж, Д.О нар хамт амьдарч байх хугацаандаа салж байгаагүй. Дандаа хамт амьдарч байсан. Д.О, Н.Ж нар өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй. Хэн алиных нь анхны амьдрал байсан ...” гэж,

3.17. Гэрч М.М шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... Д.О-, Н.Ж- нар 2017 оноос 2023 оны 9 сарыг хүртэл хугацаанд Архангай аймгийн Э сумын 4 дүгээр баг, Б-н 42-07 тоотод хамт амьдарч байсан. Тэд дундаасаа нэг охинтой. Охин нь одоо 5 настай. Б гэдэг юм. Би Д.О-ын ээжийнх нь төрсөн эгчийн дүү байгаа юм. Д.О бид хоёр үеэлүүд бөгөөд би нагац эгч нь байгаа юм. Д.О нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр автын ослоор өөд болсон. Д.О амьд ахуйдаа хувиараа хөдөлмөр эрхэлж, Улаанбаатар хотын Эмээлт түүхий эдийн зах дээр махны ченж хийдэг байсан. Д.О-, Н.Ж- нар нь 2017 оноос 2023 оныг хүртэл хугацаанд хамт амьдарч байсан нь үнэн ...” гэх тайлбарыг тус тус гаргажээ. (Хавтаст хэргийн 48-49 дэх тал)

3.18. Мөн Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн 2334004840458 дугаартай хэрэгт Д.О-ыг хохирогчоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Ж-г томилсон, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолд “ ... амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-д зардал, сэтгэл санааны хохирлыг олгохоор зааж, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Ж-н Б-гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.  (Хавтаст хэргийн 78-83 дахь тал)

3.19. Хариуцагч Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 25 дугаар зүйлийн 25.2. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.” гэж,

3.20. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална”, 4.1.1. “хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх”, 4.1.2. “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлийн 2. “Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.” гэж,

3.21. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 2 дугаар зүйлийн  2. Оролцогч улсууд хүүхдийг, ... аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна.” 3 дугаар зүйлийн 1. Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж тус тус зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн байх бөгөөд төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхдэд олгох зохицуулалт нь дээр дурдсан хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн байна.

3.22. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйл нь хүүхдийн эцэг эхийг шүүхийн журмаар тогтоохтой холбоотой процесс ажиллагааг зохицуулсан заалт бөгөөд хариуцагчаас дээрх хуулийн зохицуулалт болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1/742 дугаар албан бичгээр /дотоодод/ ирүүлсэн чиглэлийг үндэслэн татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.23. Өөрөөр хэлбэл, хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын иргэн Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1. дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн бөгөөд бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй хүүхдийн язгуур эрхийг хөндсөн, наад захын хэрэгцээг хангах тэтгэврийг олгоогүй нь хууль бус болжээ.

3.24. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж, 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.12 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Нийгмийн халамжийн тухай 3 дугаар зүйлийн 3.1.1., 12 дугаар зүйлийн 12.1.4., 24 дүгээр зүйлийн 24.6., Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1., 4 дүгээр зүйлийн 4.1.1.,  5 дугаар зүйлийн 5.4., Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., 5 дугаар зүйлийн 5.2., 21 дүгээр зүйлийн 21.1., 21.4., 25 дугаар зүйлийн 25.2. дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, охин Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж, 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш Ж.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ж-д олгосугай.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА