Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Булгадар овогт Ж.Б-т холбогдох 1735001740109 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 13-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилга, засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл-1 Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суух, Булгадар овогт Ж.Б. РД:ОО83031312.

            Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах ХААН банкны Улаангом тооцооны төвөөс хохирогч Д.А-ын "Самсунг галакси гранд" загварын гар утас хулгайлж 303.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Ж.Б бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрдах ХААН банкны Улаангом тооцооны төвөөс хохирогч Д.А-ын "Самсунг галакси гранд" загварын гар утас хулгайлсан болох нь хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг 31 минутын орчимд өөрийн ажил болох Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаангом тооцооны төвийн 1 давхарт байх өрөөнөөс 2 давхар уруу гарч гадна хувцасаа аваад буцаж өрөөндөө ирээд комьпютерийн процессор дээр байсан “Samsung Galaxy Grand Prime” загварын гар утсаа авах гэтэл алга болчихсон байхаар нь банкны хяналтын камер шүүж үзэхэд намайг өрөөнөөс гараад явахад миний өрөө рүү хар хөх өнгийн куртик, дотор талдаа хар өнгийн юүдэнтэй малгайтай, хар өнгийн өмд, гуталтай, магнайн хоёр талаасаа үс нь унаж халцарсан хүн орж ирээд авсан байсан. Уг бичлэг үзсэнийхээ дараа цагдаагийн байгууллагад хандсан. Уг утсыг Мобикомын Увс салбараас 2015 оны 10 дугаар сард 450.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас хулгайлсан хүнээс гар утсаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-6-р талд/, гэрч Б.Тогтохбаярын мөрдөн байцаалтад өгсөн “Би Увс Хаан банкны салбарт жолоочоор ажилладаг ба 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад автомашинтайгаа ганцаар Улаангом салбар тооцооны төвийн байранд очсон юм. Гаднаас ороход нэг давхарын коридорт хүнгүй, Аын өрөө онгорхой байсан. Тухайн үед би ахлах теллер Дэлгэрмөрөнгийн өрөө рүү орж кассын мөнгө авах гэж ирлээ гэж хэлээд утас дуугарахаар нь авч нэг давхарын АТМ-ын дэргэд зогсож байснаа гаднаас хүн орж ирэхээр Ариунболорын өрөө рүү утсаар ярьсан хэвээрээ ороод буцаад гарах үед ширээн дээр утас байгаагүй. Би Дэлгэрийн өрөөнд байхад Ариунболор “Миний гар утас алга болчихлоо. Залгаад өгөөч” гэж хэлж гаднаас орж ирэхэд түүний 99038254 дугаар уруу залгахад холбогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/, шүүгдэгч Ж.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гар утас хулгайлж аваад Бадрахын талбай дээр ирээд сууж байснаа санаж байна. Тэгээд утсаа хаана хийсэн, яасан талаар мэдэхгүй байна. Би согтуу байхдаа гар утас хулгайлж авсанаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.А-ын гар утас хулгайлж 303.000 төгрөгийн хохирол учруулсан болох 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 344 дугаартай гар утас үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 10-р тал/-ээр тогтоогдсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.2-т “үлэмж хэмжээний хохиролд хамаарч байна.

            Иймд шүүгдэгч Ж.Б-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.А-ын “Samsung Galaxy Grand Prime” загварын гар утас 303.000 төгрөгийн үнэтэй болох 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 344 дугаартай гар утас үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 10-р тал/-ээр тогтоогдсон бөгөөд уг хохирол төлөгдөөгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Иймд шүүгдэгч Ж.Баас 303.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ат олгох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Ж.Б-т ял оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчид  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Булгадар овогт Ж.Б бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баас 303.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.А /ОЗ91101000/-т олгосугай.

            5. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ