Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 109/ШШ2024/0015

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: О.П

           Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга

           Гуравдагч этгээд “М” ХХК, “Х банк” ХК нарын хоорондох “Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр А/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /цахим/, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С /цахим/, гуравдагч этгээд “Х банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн О.П, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга нарын хооронд  “Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр А/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх О.П нь Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 тоот захирамжаар Архангай аймгийн Хайрхан сумын М багийн Сүүж гэх газарт байрлах *********** нэгж талбарын дугаар бүхий үр тарианы зориулалттай 50 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон. Гэтэл “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Д- тухай үеийн Хайрхан сумын Засаг дарга В.М, тухайн үед нотариатын үүрэг гүйцэтгэгч хийж байсан Т.С нар 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг “М” ХХК-д шилжүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр А/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж гарсан. Үүний дараа 2019 онд тус багийн иргэдийн нийтийн хурлаар 331 га газрын байршлыг сольж Баянбулагт тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх санал гаргасныг газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар тогтоолоор баталжээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн сумын Засаг даргын 2020 оны А/55 дугаар захирамжаар 4-р багийн Шармингийн өвөрт 210.6 га, А/56 дугаар захирамжаар мөн багийн Баянбулагт 134.0 га, А/57 дугаар захирамжаар Сүүжийн хөндийд 55.4 га газрыг “М” ХХК-д тус тус эзэмшүүлж газрын гэрчилгээг шинээр олгосон. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Хайрхан сумын М багийн Сүүж гэх газарт байрлах *********** нэгж талбарын дугаар бүхий үр тарианы зориулалттай 50 га газрыг маргаан бүхий захиргааны актуудын улмаас “М” ХХК-д алдсан тул газар эзэмших нь зөрчигдөж байгаа болно. Иймд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр А/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр О.П-д болон 1990 оноос өмнө газар тариаланд ажиллаж байсан тариаланч иргэдтэй Газрын тухай хуулийн дагуу давуу эрхээр газрыг эзэмшүүлэх сумын Засаг даргын А/40 дугаартай захирамж гарсан байдаг. Захирамж гараад газартай боллоо гэсний дараа өөрийн төрлийн хүн болох Н.Д- нь нэлээн олон хүнээс газрыг нь авахыг нь аваад түрээслэхийг нь түрээслээд хэрэглэж байгаа. Танд ойрын хугацаанд газраа ашиглах төлөвлөгөөгүй бол надад хэдэн жил хэрэглүүлээч, би бичиг баримтыг нь аваад газрыг чинь хариуцаад явж байна гэсэн аман тохироогоор Н.Д-ыг бичиг баримтыг нь аваад газрыг нь ашиглах юм байна гэдгийг зөвшөөрсөн. Ингээд 2021 онд өөрсдөө газраа ашиглахыг хүсэж Н.Д-аас бичиг баримтаа авах талаар хэлэхэд аль хэдийн газрыг чинь шилжүүлээд авсан, буцааж өгөх боломжгүй гэсэн зүйл ярьсан байдаг. Тэгээд тэр сумын захиргаанаас шилжүүлсэн бичиг баримтыг шүүж үзэхэд тухайн жилийнхээ 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 45 дугаартай захирамжаар бусад 8 хүний хамтаар нэхэмжлэгчийн газар Н.Д-ын эзэмшлийн “М” компани руу шилжсэн захирамж гарсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өөрөө шилжүүлэхийг зөвшөөрсөн үйлдэл ерөөсөө хийгээгүй байхад эзнийг нь байхгүйд шилжүүлсэн юм бэ гэдэг асуудлыг сумын Засаг дарга тавьсан. Сумын Засаг дарга шүүхэд хандахыг санал болгосон. 2021 оны өвөл Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхэд хандсан. Ингээд 2, 3 жил орчим иргэний хэргийн шүүхээр яваад газрын эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоож өгсөн. Ийм учраас нэгдүгээр шаардлага болох 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын гаргасан хууль бус, хүчин төгөлдөр бус эрх шилжүүлэх гэрээгээр ашиглаж хийсэн нэхэмжлэгчийн газрыг шилжүүлсэн энэ захирамжийг нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох асуудал нь үндэслэсэн бичиг баримт нь шүүхээр хууль бус нь тогтоогдсон учраас шийдэгдэх байх гэж харж байна. Хоёрдугаарт Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хоёр ч удаа газар дээр нь очиж холбогдох албан тушаалтнуудтай хэмжилт шинжилгээг хийсэн байдаг. Мөн анх Хайрхан сумын М багийн Сүүж гэх газар олгосон, “М” ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 57 тоот захирамжаар Сүүж гэх газарт газар эзэмшдэг. Энэ газар эзэмшдэг захирамж дээр мөн холбогдох хэсэг буюу анх олгосон 50 га газрыг О.П-д буцааж олгох шаардлагаар нэхэмжлэл гаргасан. Эрх зүйн үүднээс манай өмгөөлөгч нэмж тайлбар хийх байх гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн албан тоот дээр хоёр хуулийн заалтыг дурддаг. Нэгдүгээрт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үздэг. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үздэг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нөхцөлийг хангаж байна гэж үзэж байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримталж тусгасан байгаа. Мөн 4.2.5-т зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэлгүй байна гэсэн зарчмуудыг хууль тогтоогч Захиргааны ерөнхий хуульд заасан байгаа. Маргаан бүхий 2 захиргааны актын хувьд Хайрхан сумын Засаг дарга захиргааны акт гаргахдаа нэгдүгээрт хуульд үндэслээгүй болох нь миний түрүүний хэлсэн хуулийн заалтууд Архангай аймгийн Аудитын газрын албан бичгээр тогтоогдож байгаа. Бодит нөхцөл байдалд нийцээгүй гэдэг нь тухайн хүмүүст газраа шилжүүлэх хүсэл зориггүй байсан гэдгийг иргэний хэргийн 3 шатны шүүхээр яваад эцэслэн тогтоолгосон нөхцөл байдал байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

5. Хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр А/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” тухай захирамжийн О.П-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэг, мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дах хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан тайлбартаа: О.П-гийн нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “М” ХХК нь тус нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 тоот захирамжаар О.П-д газар олгосон гэрчилгээ, гэрээ байхгүй бөгөөд энэ миний газар юм гээд заагаад тодорхойлох ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 тоот захирамжаар мөн О.П-д газар олгож, нэр дээр нь гэрчилгээ гаргаж, газрын байршил, цэг зааж гаргасан баримт байхгүй буюу тухайн нэхэмжлэгчид холбогдох эрх зүйн акт гараагүй гэж үзэх үндэслэл байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндсэндээ О.П-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй бас газар эзэмших гэрээ байгуулаагүй. Газрын албанаас газартай эсэхийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл О.П-гийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

8. Гуравдагч этгээд “Х банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нар нь 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ************ тоот зээлийн гэрээ **************** тоот барьцааны гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийн зээлийг Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар тус банкнаас авсан ба уг зээлийн барьцаанд дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг. Үүнд: Хайрхан сумын 4-р баг М багт сүүжийн хөндийд байрлалтай 554,258 м.кв, ************* тоот дугаартай эзэмших эрхтэй тариалангийн газар; (маргаан бүхий газар)-ыг барьцаалсан. Банк ийнхүү барьцаалахдаа “М” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн хүсэлт болон Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг, мөн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ************** дугаартай, нэгж талбарын ***************** дугаартай, улсын эрхийн бүртгэлийн ****************** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн “М” ХХК-г тухайн газрыг барьцаалах эрх бүхий этгээд мөн болохыг тогтоож барьцаанд авч “М” ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ****************** тоот барьцааны гэрээг байгуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гээд 4.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж заасан байдаг. Банк нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу “М” ХХК-ийг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэж барьцааны гэрээг байгуулан тухайн газрыг барьцаалах эрхийг хууль ёсны дагуу олж авсан байх тул гуравдагч этгээдээр оролцож буй банкны хууль, ёсны эрх ашгийг хөндөхгүйгээр уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд

1.1. Анх иргэн О.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаар захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/55, А/56, А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжуудын О.П-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаар захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

1.3.  Иргэн О.П-гээс 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 04 дугаартай итгэмжлэлээр иргэн Ж.О-д захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг гурван жилийн хугацаатай олгосон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх юм. (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал)

1.4. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх байдлаар багасгасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцохоо илэрхийсэн тул шүүхээс диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

1.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн багасгасан шаардлага буюу Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаар захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1.6. Мөн шүүх дээрх шаардлага бүхий нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2. Маргааны үйл баримтын тухайд

2.1. Архангай аймгийн Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн “2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус сумын М багийн Сүүжийн хөндий гэх газарт 1500 га газрыг үр тариа, ногоон тэжээлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал)

2.2. Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/40 дүгээр захирамжаар иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршил, газар эзэмших хугацааг 1 дүгээр хавсралтаар баталсны 5 дугаарт Б овогт О-гийн П-д М багийн Сүүж гэх газарт 50 га үр тарианы зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал)

2.3. Иргэн О.П нь 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл /тодорхойлолт/ гаргаж, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “М” ХХК-ийн захирал Н.Д-тай газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, сумын Засаг даргын Тамгын газрын дарга /нотариатын үүрэг гүйцэтгэгчээр/-аар гэрчлүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дахь тал)

2.4. Улмаар Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/45 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэн авч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, газрын хэмжээ, зориулалт, байршлыг хавсралтаар баталсны дотор иргэн О.П-гийн 50 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “М” ХХК-д шилжүүлсэн ажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал)

2.5. Дээрх захирамжийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “М” ХХК-д ********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдрийн №30 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 124-125, 2 дугаар хавтаст хэргийн 16-21 дэх тал)

2.6. Иргэн О.П-гээс “М” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй хэмээн маргаж, иргэн Н.Д-, Т.С нарт холбогдуулан “О.П-, Н.Д- нарын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 онд гаргаж, тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.П, Н.Д- нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/00052 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/00005 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 28-52 дахь тал)

 

2.7. Ийнхүү иргэн О.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оын 2 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд

Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаар захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд

3.1. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалахтай холбогдсон харилцааг уг хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан байна.

3.2. Тухайлбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2. дахь хэсэг Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2.-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.3. дахь хэсэг Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2.-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3.-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4. дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж заажээ.

3.3. Иргэн О.П-гээс иргэн Н.Д, Т.С нарт холбогдуулан “О.П, Н.Д- нарын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 онд гаргаж, тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.П-, Н.Д- нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ... шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан.

3.5. Ийнхүү нэгэнт шүүхээс тогтоосон буюу нэхэмжлэгчийн маргаж буй Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/45 дугаар захирамж гарах үндэс болсон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь шүүхээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдож хүчингүй болсон үйл баримт тогтоосон тул шүүх түүнийг дахин нотлох шаардлагагүй, нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.

3.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж тус тус заасан.

3.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу захиргааны актыг эл үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох үндэслэл нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдсан, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан зэргээр хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг хамааруулан ойлгодог.

3.8. Уг хэрэг маргааны хувьд, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/45 дугаар захирамж гарах үндэс болсон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул дээрх хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн гарсан А/45 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзнэ.

            3.9. Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2. дахь хэсэг Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” гэж заасан материаллаг хуулийн зохицуулалт зөрчигдсөн /хууль бус байсан/ болох нь тогтоогдсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, эл үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлтэй байна.

            3.10. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэв.

Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

3.11. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий Засаг дарга гаргасан бол уг шийдвэрийг үндэслэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх зэрэг ажлыг гүйцэтгэсний дараа газар эзэмших эрхтэй этгээд бодитойгоор газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх ёстой.

3.12. Энэ талаар Газрын тухай хуулийн  тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. дэх хэсэг Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3.-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”,  34 дүгээр зүйлийн  34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заажээ.

3.13. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан болох Засаг дарга гаргасан бол уг шийдвэрийг үндэслэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, кординатжуулах, кадастрын зургийг үйлдэж, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх зэрэг ажлыг гүйцэтгэснээр иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрх бодитойгоор хэрэгжих учиртай.

3.14. Нэхэмжлэгч О.П-гийн газар эзэмших эрх Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 дугаартай захирамж гарснаар үүссэн байх боловч газар эзэмших эрхээ баталгаажуулж гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гаргуулаагүй, газрын байршлыг тогтоож баталгаажуулаагүй, кадастрын зураг гараагүй, газрыг хүлээн авсан тухай акт үйлдээгүй бөгөөд бодит байдалд газар эзэмших эрхээ бодитойгоор хэрэгжүүлж, газраа эзэмшээгүй байна.

3.15. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор зохицуулсан.

3.16. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхтэй болсон этгээд нь газар эзэмших эрхээ бодитойгоор хэрэгжүүлээгүй, тодорхой газарт газар эзэмшиж эхлээгүй, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байгаа энэ тохиолдолд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаар захирамжаар гуравдагч этгээд “М” ХХК-д эзэмшүүлсэн Сүүжийн хөндийд байрлалтай нэгж талбарын ************* дугаартай 55.4 га талбай бүхий газрыг эзэмшүүлсэн захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй.

3.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “… захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар …”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:” гээд 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоох; гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол илт хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй.

3.18. Гэтэл маргаан бүхий энэ хэргийн тухайд нэхэмжлэгч О.П-д Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар тус сумын Сүүжийн хөндий гэх газарт 50 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмших эрх олгосон байх боловч Газрын тухай хуульд зааснаар гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, тухайн газрын байршлыг тогтоолгоогүй, кадастрын зураг гаргаж байгаагүй бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангаагүй байна.

3.19. Дээрх нөхцөл нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн эзэмшиж буй 55.4 га газрыг байршил, хэмжээ /координат/-ний хувьд иргэн О.П-гийн эзэмших эрх бүхий газар мөн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

3.20. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.2, 106.3.13, 106.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаар захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдсэн Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ТҮВШИНТУЛГА