Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/1139

 

 

Б.Зд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Зд холбогдох 2202 00062 0149 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...., 1986 оны .. дугаар сарын ... -ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ...  мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 4, ...ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Б.З нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...ийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэх буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байсан ....т Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, шууд Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд 110.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т... дугаар бүхий 2 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 төгрөгийг шүүгдэгч Б.Згийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Гэм буруу дээр маргаж байгаа. Ямар үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байгаа гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 39.6, 39.7-д заасан хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнээгүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих зүйлүүд нотлогдоогүй гэж Б.З болон өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Авлигын эсрэг гэмт хэрэгт буруутгасныг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих зүйлийг нотлоогүй, Б.Зг нь хэзээ, хаана, хэнтэй, яаж хахууль авах талаар харилцаанд орж, ямар зорилгоор, ямар санаа сэдэлтээр хахууль авсан талаар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогоогүй. Авлигын эсрэг конвенцийн 15 дугаар зүйлийн (а)-д “...нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эсхүл эс үйлдэхүйг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус буюу давуу байдал олгохыг шууд буюу шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох...”-ыг авлигын гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Зг 110.000 төгрөгийн хахууль авсан гэж яллах дүгнэлтэд хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хахууль авсан юм бол хахууль өгөгч байх ёстой. Гэтэл энэ хэрэгт өгөгчөөр шалгагдаж, ял шийтгэгдсэн хүн байхгүй. Шүүх яллах дүгнэлтийг дагаж, дүгнэлт хийж Б.Зг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөнхбат Наранчимэгийн дүүгээс шилжүүлсэн 110.000 төгрөгийг Б.Згийн данс руу хийсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаг. 110.000 төгрөгөөс паспортын хураамж болон бусад зардал хасагдсан юм уу, эсвэл паспортын төлбөл зохих хураамж болон тухайн үед яаралтай гэж 10.000 төгрөгийг хэн тушаасан талаарх баримт хэрэгт байдаггүй. Паспортын хураамжид 32.500 төгрөг төлсөн баримт байдаг боловч 32.500 төгрөг хэний, ямар хөрөнгөөс тушаагдсан талаар нотолсон баримт байдаггүй. Б.З ярихдаа 110.000 төгрөгөөс 32.500 төгрөгийг төлсөн. Тухайн үед завгүй байсан учраас нэг үйлчлүүлэгчийг гуйгаад тухайн мөнгийг төлүүлсэн. Энэ талаар шалгаж тогтоосон баримт байдаггүй. Гэрч “Мөнхбат хураамжийн төлбөрийг би төлсөн” гэдэг боловч Мөнхбат хаанаас, ямар хөрөнгөөс хураамжийг төлсөн тухай шалгаж тогтоосон талаар хавтаст хэрэгт байдаггүй. Авлигын эсрэг конвенцийн агуулгаас үзэхэд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүнээс хахууль авсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн байхыг шаардсан байдаг. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ямар нэгэн түүнд давуу байдал олгосон уу, эсхүл түүний ашиг сонирхлын үүднээс үйлдэл, эс үйлдэхүй хийсэн байхыг шаарддаг. Б.Згийн хувьд хахууль өгөгч нь Наранчимэг үү, Мөнхбат уу гэдгийг шалгаж тогтоосон баримтгүй. Наранчимэг, Мөнхбат хоёрыг шалгасан боловч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Б.Зг хахууль авсан гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Яллах дүгнэлтээс харахад Б.Зг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.4, Засгийн газрын 2016 оны 126 дугаар журмын 4.1, 5.1, 2.4, 2.5, 3.1, 3.1.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн байдаг. Иргэний бүртгэлийн тухай хууль болон Засгийн газрын журмыг зөрчих нь эрүүгийн гэмт хэрэг байх албагүй. Үүнийг Иргэний хууль болон Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх боломжтой. Б.Зг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж үзсэн. Энэ зөрчил нь эрүүгийн гэмт хэрэг байх албагүй. Эрүүгийн гэмт хэрэг гэж үзвэл санаа сэдлийг хаана, хэзээ, юу гэж ярьж хоорондоо харилцаанд орсон, хахууль өгөгч хэний ашиг сонирхлын үүднээс авсан гэдгийг тогтоох ёстой. 110.000 төгрөг Мөнхбатаас Б.Згийн данс руу шилжиж орсон байдаг. Тэгвэл Мөнхбатын ашиг сонирхол гэж юу яриад байгаа юм. Мөнхбат өөртөө паспорт гаргуулаагүй. Мөнхбатын данснаас Б.Згийн данс руу мөнгө орж, тэр мөнгөнөөс Б.З паспортын зохих зардлыг төлсөн. Энэ асуудлыг шалгаж шийдвэрлэхгүйгээр хахууль өгөгч нь Мөнхбат уу, Наранчимэг үү гэдэг нь ойлгомжгүй. Дан ганц хахууль авагч гэж Б.Зг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Авлигын эсрэг хуульд “3.1.1 “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгохоор тодорхойлсон. Мөн эрүүгийн эрх зүйн онолын хувьд “...нийтийн албан тушаалтанд нөлөөлөх зорилгоор мөнгө, бараа, үйлчилгээ, мэдээлэл болон бусад үнэ цэнэтэй зүйлийг тодорхой үйлдэл хийлгэхээр санал болгохыг” ойлгодог. Санал болгосон этгээд нь Наранчимэг биш. Наранчимэгт гадаад энгийн паспорт гаргасан үйлдэл байгаа. Гэхдээ Б.З Наранчимэгтэй шууд харьцаж мөнгө аваагүй. Энэ нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр Б.Зг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гэрч Мөнхбатын мэдүүлгээр Б.Зг ялласан мэтээр харагддаг. Мөнхбат гэрчээр асуугдсан тохиолдолд давхар эх сурвалжаар нотлох үүрэгтэй. Мөнхбат Наранчимэгийн гадаад паспортын хураамжийг төлсөн гэх боловч Мөнхбатын гарын үсэгтэй төлсөн баримтыг гаргаж өгөөгүй. Б.Зд холбогдох хэрэгт давж заалдах гомдол гаргаад явж байх хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Бидний зүгээс зөвхөн гэм буруу дээр маргаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах сонирхол байхгүй. Харин гэм буруу нь гэмт хэргийн шинжгүй. Өөрөөр хэлбэл, хахууль өгөгч нь тодорхой биш. Мөнхбатын ашиг сонирхол гэх зүйл байхгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Б.З анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаагүй. Учир нь, тухайн үед өмгөөлөгчийн зүгээс авлигын хэрэг чангарсан байгаа учраас гэм буруу дээр маргах шаардлагагүй гэж зөвлөсөн. Энэ нь хүний хувь заяа болон нэр хүндийн асуудал бөгөөд Б.З нь мэргэжлээрээ хориод жил ажилласан. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.З тус шүүх хуралдаанд “Өмгөөлөгчийн тайлбар дээр нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Б.Зд хуульд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Журам зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг биш гэсэн агуулга бүхий зүйл ярьж байна. Шүүгдэгч Б.З Монгол Улсын засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 4.1-д заасныг зөрчсөн. Журмыг хэрэгжүүлэх гэж баталдаг, зөрчих гэж баталдаггүй. Тус журмын 4.1-д “энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, хилийн чандад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар олгоно”, 5.1-д “иргэн баримт бичгийг бүрдүүлж энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргана” гэж заасан. Мөн хэнээс хахууль авсан гэх зүйл ярьсан. Наранчимэгийн ашиг сонирхлын үүднээс Наранчимэгээс бусдаар дамжуулж хахууль авсан үйлдэл тогтоогддог. Гадаадад байгаа иргэний паспортыг хууль, дүрэм, журам зөрчиж олгосон нь Авлигын эсрэг конвенц, Авлигын эсрэг тухай хууль, Эрүүгийн хуульд заасан ноцтой зөрчил гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл болсон. Гэрч Мөнхбатын мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч Б.Зд ял оногдуулсан гэх зүйл ярьсан. Гэрчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар тогтоогдох ёстой. Мөнхбатын мэдүүлэг Б.Згийн Хаан банкны депозит дансны хуулгаар давхар тогтоогддог. 110.000 төгрөгийг гадаад паспорт захиалахад хураамжид зарцуулсан гэж байна. Анхнаасаа хууль дүрэм зөрчиж бусдад гадаад паспорт олгосон. Энэ нөхцөл байдлынхаа шан харамжид 110.000 төгрөг авсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсоныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. 110.000 төгрөг хаанаас, хэрхэн яаж орсон талаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүй тогтоосон. Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.З нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т.Наранчимэгийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэх буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байсан Т.Наранчимэгт Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, шууд Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд 110.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь доорхи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

гэрч Т.Наранчимэгийн “...Тухайн үед би Солонгос Улсад хар ажил хийж байсан. Солонгос дахь Элчин сайдын яам дээр очоод итгэмжлэл авах гэсэн боловч нэгдүгээрт очер ихтэй, хоёрдугаарт хагас сайн өдөр байсан санагдаад байна. ...тэгээд паспорт гаргуулах үед нөхөр Батнямд хэлээд манай нөхөр Мөнхдөлөөс гуйж байгаад миний паспортыг гаргуулж Солонгос руу явуулсан. ...” /1хх 6-7, 14/ гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Мөнхдөлийн “...Тухайн үед би Т.Наранчимэгийн гадаад паспортыг таньдаг ах болох иргэний бүртгэлд ажилладаг Одонлхажавын Мөнхбат /99093669/ гэдэг ахдаа хэлж байгаад гаргуулж өгсөн. Батням тэр үед надтай холбогдоод “бид хоёр яаралтай Монгол руу буцах хэрэг гарсан. Эхнэр Т.Наранчимэг гадаад паспортоо хайгаад олохгүй байна, яаралтай гадаад паспорт гаргуулах хэрэгтэй байна” гээд над руу иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургийг явуулсан ба итгэмжлэл явуулъя гэсэн боловч “итгэмжлэл нь удахаар байна дараа нь явуулъя” гэж хэлсэн. Тэгээд би Мөнхбат ахаас асуугаад “манай найз яриад байна, гадаад паспорт яаралтай гаргуулах хэрэгтэй байна, итгэмжлэлийг нь араас нь явуулъя” гэж хэлэхэд тэр үедээ “итгэмжлэлгүйгээр болохгүй шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд “итгэмжлэлийг нь заавал авч өгөөрэй” гээд надаас материалыг нь аваад удалгүй 3-5 хоногийн дараа Т.Наранчимэгийн гадаад паспорт нь гарангуут би онгоцны буудал ороод Солонгос явж байгаа хүнд өгч явуулсан. Тухайн үед гадаад паспортын яаралтай захиалгын үнэ болох 50 гаруй мянган төгрөгийг би материалын хамтаар Мөнхбат ахад өгсөн юм. Батням над руу мөнгө шилжүүлсэн байж магадгүй. ...” /1хх 31-33/ гэсэн мэдүүлэг,

гэрч О.Мөнхбатын “...Баттулгын Золзаяа нь улсын бүртгэгчээр ажилладаг бөгөөд бид хоёр эхлээд архивт хамт ажиллаж байгаад сүүлд гадаад паспортын хэлтэст байцаагчаар ажилладаг болсон. Тэр үед Н.Мөнхдөл нь надаас Т.Наранчимэг гэдэг хүний гадаад паспорт гаргуулах шаардлагатай байна гээд гуйсан юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “мөнгөө тушаагаад хүрээд ир” гэж хэлээд Т.Наранчимэгт хэлж байгаад гаргуулж өгсөн. Тухайн үед очер ихтэй байсан тул яах ч аргагүй Дөлөө гуйсан учраас гаргуулж өгсөн. Итгэмжлэлийг нь би Дөлөөд “заавал авчирч өгөөрэй” гэж хэлэхэд “заавал өгнө өө ахаа” гэж хэлж байсан. Б.З ч гэсэн надаас “Мөөгий ахаа нөгөө итгэмжлэлээ өгөөрэй” гэж хэлж байсан боловч аль аль талдаа мартаад л өнгөрсөн байна. ...Гэхдээ яалт ч үгүй би түрүүн дансны хуулгаа банкнаас аваад харахад дээрх гүйлгээ байсан нь үнэн. Тэгэхээр би Дөлгөөнөөс шилжүүлсэн мөнгөнөөс 110.000 төгрөгийг Б.Зд Т.Наранчимэгийн гадаад паспортыг түргэн шуурхай гаргуулах зорилгоор өгсөн нь үнэн. Тэр үед итгэмжлэлийг ардаас нь өгнө гэж байсан боловч хэн хэн нь мартаад өнгөрсөн байна лээ. ...” /1хх 24, 28-29/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Згийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 21-22/, Н.Мөнхдөлийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 35-36, 68-69/, О.Мөнхбатын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 26-27/, Улсын бүртгэлийн архивын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10/356, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10/2959 дугаар албан бичиг, Т.Наранчимэгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийн баримтууд /1хх 71-72, 82-83/, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 10/1541 дугаар албан бичигт “...Иргэн Т.Наранчимэг нь /ДЭ87092306/-ийн 2017 оны үндэсний гадаад паспортын мэдүүлгийн баримтад “итгэмжлэл” хавсаргаж ирүүлээгүй байна...” гэсэн мэдээлэл бүхий баримт /1хх 80/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/3076 дугаар албан бичиг /1хх 96, 119-123/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/252 дугаар тушаал /1хх 113-114/, улсын бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолт /1хх 119-122/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3/3737 дугаар албан бичиг /1хх 154-165/, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2-4в/2008 дугаар албан бичиг, лавлагааны хариу /1хх 204-208/, дансны хуулга бүхий Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 124-126/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 023 дугаар дүгнэлт /2хх 29-31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Зг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг бөгөөд албан тушаалтан хууль бус үйл үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй хээл хахууль авснаар төгсдөг бөгөөд шүүгдэгч Б.Згийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т.Наранчимэгийн ашиг сонирхлын үүднээс Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байсан түүнд Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, шууд Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд 110.000 төгрөг авсан нь “хахууль авах” гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Б.Згийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Згийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч Б.Оюунбилэг “...хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.З нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд тус албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

          Б.З нь Т.Наранчимэгийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд О.Мөнхбатаар дамжуулан өөрийн “Хаан” банкны дансаар 110.000 төгрөг авсан нь гэрч Т.Наранчимэг, Н.Мөнхдөл, О.Мөнхбат нарын мэдүүлэг, банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр бүрэн тогтоогджээ.

Энэ байдал нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 4.1-д “Энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар олгоно.”, 5.1-д “Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            Энгийн гадаад паспортыг олгохдоо “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бусдын баримт бичгийг ашигласан, бусдад баримт бичгээ ашиглуулсан болон бусад зөрчилтэй болохыг нь улсын байцаагч тогтоосон тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тухайн иргэнд энгийн гадаад паспорт олгохыг хойшлуулж болно.” гэсэн заалтыг Б.З нь зөрчсөн бөгөөд хэрэв иргэн энгийн гадаад паспорт авах тохиолдолд хүсэлтээ хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт гаргаж хүсэлтийг дипломат шуудангаар улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, шаардлага хангасан тохиолдолд бичилт хийгдсэн энгийн паспортыг дипломат тухайн Дипломат төлөөлөгчийн газар хүргүүлэх журамтай байжээ.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ