Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 04

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хошууд овогт Б-ын Ц-д холбогдох 1735002050119 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 16-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт оршин суух, Хошууд овогт Б-ын Ц. РД:ОИ90051619.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.М, Д,У, М.Н нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Б.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Д.У, М.Н нарыг хутгалсан, хохирогч Л.М-гийн гарын хурууг зүссэн болох нь хохирогч Л.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн “Н, У, Ц, Н, О бид нар хоол хийж идчихээд бүгдээрээ караокед орж 1 шил 0.75 литрийн “экс” нэртэй архи, 2 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво хувааж ууцгаагаад гарсан юм. Тэндээс бид нарыг Ц гэртээ дагуулж очиход эхнэр нь 2 хүүхдийн хамт байсан. Н их согтуу байсан тул тэдний орон дээр унтсан. Н, У, О, Б, Ц бид зургаа газарт хөзөр тоглож, Ц эхнэр мах чанасан юм. Ц “Манай энэ жил азарга хүнсэндээ идсэн” гэж ярьж байтал Уламбаяр “Ямар их юм ярьдаг юм бэ? дуугүй бай” гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь Н Ц-ыг гэрийн хойморт байх орон дээр дарчихсан байсан. Ц орон дээрээс босож ирэхэд түүний хамраас цус гарсан байсныг мэдээд тэрээр “Синий хамраас цус гаргадаг хэн вэ? Та нарыг бүгдийг нь ална” гэж орилох үед тэдний хоёр хүүхэд айж уйлахад эхнэр нь хүүхдүүдээ авч гараад эргээд орж ирэхэд Ц хоолны шкабаас хутга авчихсан байсан. Н хаалгаар гарахад Ц араас нь очиж толгой хэсэгт нь хутгалсан. Би Ц барьцалдаж хутгыг нь булаах гэж оролдоход Б “Чи өөрөө хутгалуулав аа амиа авч гар. Чамайг бас ална шүү” гэж хэлээд гэрээс гараад явсан. Би Ц ноцолдож байхад миний хоёр гараас цус гойжоод байсан. Ц хутгаа барьж гэрээс гарсан. Би араас нь гарахад гэрийн баруун талд Уын өмсөж явсан шар /улаан/ өнгийн цамц байсан ба түүний цаана У цээж нүцгэн байсан. Тухайн өдрөө би эмнэлэгийн тусламж аваагүй маргааш нь баруун гарын гурав дахь хуруунд 4 оёдол, зүүн гарын гурав дахь хуруунд 1 оёдол Б сувилагч тавьсан. Тэр өдөр би хүрэн өнгийн цамц, бор өнгийн куртик, хар өнгийн даавуун материалаар хийсэн өмд, бор өнгийн богино түрийтэй гутал зэрэг хувцастай байсан. Цаас гомдол болон нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг /хх-37-41-р талд/, хохирогч М.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Б хоол гаргаж өгөөд бид нар хоол идэж дуусаад архи ууж байсан. Түүний дараа юу болсон, хэнтэй маргалдсан талаар санахгүй байна. Ц гэрээс гараад хаалганы урд талд үүдний хэсэгт зогсож байхдаа хүзүүний арын хэсгийг гараараа тэмтэрч үзэхэд гар цус болсон. Тэр үед би хутгалуулсан болохоо мэдсэн. Тэр үед Ц эхнэр 2 хүүхдээ тэвэрчихсэн, хүүхдүүд нь уйлж байсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд юу болсон талаар санахгүй байна. Би Утай гэрийн баруун талд таараад намайг хутгалчихлаа гэхэд У би бас хутгалуулчихлаа гэж хэлсэн. Бид хоёр хамт Г хашааны урд талд явж байтал Өмнөговь сумын хэсгийн цагдаа Ш.Ю, Ц.Т нар ирсэн. Тэд биднийг эмнэлэгт хүргэж өгсөн. Болороо, Батгэрэл эмч нар миний толгойны дагз хэсэгт 6 оёдол, Уын зүүн хацар хэсэгт 3 оёдол, нурууны хэсэгт 3 оёдол тавьсан. Ц намайг ямар шалтгааны улмаас хутгалсан талаар мэдэхгүй байна. Цаас нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-43-44-р талд/, хохирогч Д.У мөрдөн байцаалтанд өгсөн: “Ц эхнэр тогооноос хоол гаргаад бид нар идэж байсан. Энэ хооронд би гадагшаа гарч бие засаад орж ирсэн. Үүний дараа гэрт юу болсон талаар сайн санахгүй байна. Намайг гэрээс гар гэж эмэгтэй хүн хэлж байсан. Тэр үед миний нуруу хэсэгт хутгалсан нь мэдрэгдсэн. Н чамайг Ц хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэр үед би Цыг намайг хутгалчихлаа гээд хойшоо нэг алхах үед Ц гараа өргөх үед зүүн талын хацрын хэсгийн зүссэн. Тухайн үед хутгаар зүсэгдсэн хэсгээс цус гарч байсан болохоор түр зуур ухаангүй болсон. Нэг мэдэхэд эмнэлэгийн гадна ирчихсэн байсан. Маргааш нь Ц аав, сумын эрэгтэй эмчтэй хамт Улаангомд ирж Батсүх эмчид үзүүлж эмнэлэгт хэвтсэн. Надад учирсан эмчилгээний болон хувцасны үнийг төлөх юм бол өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-46-48-р талд/, гэрч Ш.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэд нар хоолоо идэж байгаад У Цыг “Чи Өлгий сумынх байж яагаад Өмнөговьд амьдардаг юм бэ?” гэхэд Ц “Хаана амьдрах нь ямар хамаатай юм бэ?” гээд хоорондоо маргалдаж байгаад У эхлээд Ц хоолой руу нь зүүн гараараа цохиход Ц эргүүлээд Уын хүзүү рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед Н “Больцгоо” гэж хэлээд манай гэрийн голын орон дээр дараад авсан. Энэ үед Н эхнэртэйгээ гэрээс гараад явсан. Н Ц-ыг дарж байсан тул Ц түүнийг түлхэж босож ирээд Нын гэдэс үрүү нэг удаа өшиглөхөд Н Ц-ыг гараараа цохьсон. Энэ үед манай  2 хүүхэд уйлсан тул гэрээс гараад хашааны буланд үлдээчихээд гэрт эргээд ороход Н гэрийн үүдний баруун талд зогсож байсан. М “Ц хутга авчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Ц “Чи намайг гэрт ирж зодлоо. Та нарыг бүгдийг нь ална” гэж хэлж байсан. Би Н-ыг гэрээс гар гээд түлхэхэд Ц Нын ар талаас хутгалах шиг болсон. Би хоёр хүүхдээ төрсөн ах Бы гэрт хүргэчихээд эргээд ирэхэд М гараа угааж байсан ба “Цаас хутга булааж авах гээд зүсүүлчихлээ” гэж хэлсэн. Миний нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ догшин ширүүн зан ааштай болчихдог. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг боловч амархан согтдог, согтсон үедээ өөрийн гаргасан үйдлийг сандаггүй. Тухайн үед У, Н нар нь манай нөхрийг зодсон тул тэднийг хутгалсан” гэх мэдүүлэг /хх-49-52-р талд/, гэрч А.О мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар Ц гэрт мах идэж байтал Ц, У нар маргалдаад ширээнээс босоод явахаар нь “Б ээ хутгаа хураагаарай” гэж хэлээд нөхөр Н дагуулаад гэрл үрүүгээ явсан. Тухайн үед хоол идэж байхдаа У, Ц нар тарган туранхай, өөхтэй, өөхгүй мах гээд маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-53-р талд/, гэрч Ж.Н мөрдөн байцаалтөд өгсөн: “Ц гэрт ороод би шууд унтсан. Нэг мэдэхэд эхнэр дуудаж сэргээгээд Ц гэрээс гараад явсан. Тэр үед Ц, У, Н нар маргалдаж байх шиг байсан. Н, Ц, У бид дөрөв он жавууд тул тухайн өдөр уулзаад баярлаад архи уусан. Урьд өмнө Ц ийм асуудал гаргаж байгаагүй тул түүнийг ширүүн зантай гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-54-р талд/, гэрч Ш.Ю-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед хэсгийн цагдаа, цагдаагийн ахмад Ц.Т утсанд дуудлага ирж “Өмнөговь сумын 5-р багийн нутагт байрлах Д хашаанд Ц нь хүн хутгалчихлаа” гэж түүний хадам ах Б дуудлага өгсөн тул уг газарт очиж байтал Г хашааны урд талд Ц хутгатай явж байсан. Бид машинаа зогсоогоод харахад У, Н нар нь Г хашааны өнцөгт дугуйны хажууд сууж байсан. Бид хоёр Ц барьж байсан хутгыг салгаж, түүнийг цагдаагийн байранд дагуулж ирэхэд түүний биед ил харагдах шарх байгаагүй. Харин түүний нүүр, гар, хувцас цус болсон байсан. Тухайн үед Ц согтууралыг шалгахад 1.83 хувийн согтолттой байсан. Н, У нарыг эмнэлэгт хүргэж өгч өгсөн” гэх мэдүүлэг /хх-55-56-р тал/, гэрч Ц.Т мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 04-ний шөнө би хэсгийн цагдаа, цагдаагийн ахмад ахлагч Ш.Ю-ийн хамт Өмнөговь сумын цагдаагийн хэсгийн байранд байхад миний 88774811 дугаарын гар утас уруу манай сумын иргэн Т залгаж “Миний дүү Ц гэрт хүмүүс маргалдаж, хутга шөвөг болоод байх шиг байна. Та нар яаралтай ирэх хэрэгтэй байна” гэсэн дуудлага өгсөн тул Ш.Ю бид хоёр Ц гэр үрүү явж байтал Г хашааны үүдэн хэсэгт Ц зүүн гартаа хутга барьчихсан гудамжинд алхаж байхаар нь бид нар түүний урд хойноос алхаж очоод барьж байсан хутгыг нь авсан. Ш.Ю Н, У нарыг эмнэлэгт хүргэж өгнө гээд явсан. Би Ц хамт тухайн газарт байтал Ц эхнэр, хадам ах Б нар машинтай ирсэн тул цагдаагийн байр уруу авч явсан” гэх мэдүүлэг /хх-57-р тал/, гэрч Ш.Б мөрдөн байцаалтад өгсөн: “Би Бийн хамтаар эмнэлэг дээр очиход Н-ын толгойны ар хэсэгт оёдол тавиулж байсан. У гэх залуу цээж нүцгэн, доогуураа жинсэн өмдтэй эмнэлэгийн боолт хийдэг өрөөнд шалан дээр сууж байсан. Би Б “У-ын бие ямар байна вэ?” гэхэд “Нурууны хэсэгт хавж хутгалсан байна. Гадна ам нь жижигхэн дотор хэсэг том зүсэгдсэн байна. Өөрөө сайн оёулж өгөхгүй байна. дотор гадна оёдол тавьсан. Өглөө болтол цус нивчээд байвал аймаг авч явна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-60-61-р тал/, шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийнхөө үйлдлийг сандаггүй. Бага байхдаа зүрх өвдөж эмнэлэгт хэвтэж байсан. Бөөр, зүрх өвддөг тул дотор давчиддаг. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болсон үйлдлээ би санахгүй байгаа ба эхнэрээс юу болсон талаар сонссон. У, Н нартай цэргийн он жавууд /цэргийн алба хамт хаасан/, харин М нь эхнэрийн арван жилийн ангийн найз юм. Ийм хэрэг үйлдсэндээ ” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас нь хохирогч Л.М бие махбодид баруун гарын 2, 3-р хуруу, зүүн гарын 2, 3-р хуруунуудад зүсэгдсэн гэмтэл учирсан байх бөгөөд дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 790 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-р тал/-ээр, хохирогч М.Н-ын бие махбодид дагзанд зүсэгдсэн гэмтэл учирсан бөгөөд дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 791 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-р тал/-ээр, хохирогч Д.У бие махбодид цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн , зүүн чихний доод хэсэгт зүсэгдсэн гэмтэл учирсан байх бөгөөд дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 793 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-р тал/-ээр тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч Б.Ц-ыг хоёр, түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.У хохиролд 400.000 төгрөг, хохирогч Л.М 500.000 төгрөг, хохирогч М.Н 500.000 төгрөг тус тус шүүгдэгч Б.Ц-аас авсан цаашид нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй талаараа тодорхойлолт гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул уг тодорхойлолтуудыг нотлох баримтаар үнэлэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

2. Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, өрхийн орлогогүй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай өрх болох нь Өмнөговь сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93-р тал/-оор тогтоогдож байна.

            Шүүхээс шүүгдэгч Б.Ц ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.           

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч цэнхэр иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Хошууд овогт Б-ын Ц-ыг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ц өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ