| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2209 00000 0310 |
| Дугаар | 2022/ДШМ/1140 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ДШМ/1140
Л.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Оргилбаяр,
шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Мөнхтуяа,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/647 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209 00000 0310 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .... аймгийн ... сум, .. дүгээр баг, ..... оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Л.М нь 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/10 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч М.Шурайгийн эзэмшлийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж дээрэмдсэн,
мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадна байрлуулсан Ч.Батбаярын эзэмшлийн 9119 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.378.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Л.Маас 1.673.800 төгрөгийг гаргуулж хохирогч М.Шурайд 344.800 төгрөг, Ч.Батбаярт 1.329.000 төгрөгийг тус тус олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Маас нөхөн төлсөн 98.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 данснаас гаргуулж, хохирогч М.Шурай, Ч.Батбаяр нарт хувь тэнцүүлэн олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Л.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Намайг согтуу явж байхад цагдаа нар эрүүлжүүлэх байранд хийсэн. Маргааш нь гаргаад шууд байцаалт авсан. Миний хохирогч гээд байгаа Батбаяр гэж хүн намайг биш гэж хэлэхэд цагдаа нь намайг гарч бай гээд Батбаярыг үлдээж уулзсаны дараа энэ хүн мөн гээд мэдүүлгээ өөрчилсөн. Би Батбаяр гэж хүний машин дотроос эд зүйл хулгайлаагүй. Тэр өдөр үстэй малгайтай яваагүй, ноосон малгайтай байсан. Намайг гүтгэж, дарамтлан хийгээгүй хэргийн минь төлөө ял оноосон гэж үзэж байна. Иймд миний хэргийг дахин хянаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулсан. Бид анхан шатны шүүх хуралдаанд анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж байсан. Энэ хэргийг хийгээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэдэг байр суурьтай оролцсон. Миний үйлчлүүлэгч оюуны хүндэвтэр зэргийн хомсдолтой. Дээрмийн хэргийн хувьд хохирогч М.Шурайд 98.000 төгрөгийг төлж барагдуулсан, үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хэргийг давж заалдах шатны журмаар хянаж өгнө үү.” гэв.
Прокурор А.Оргилбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үйлдсэн хэргийнхээ талаар нотлох үүргийг хүлээхгүй гэдэг эрхээ эдэлж байна гэж ойлгож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн санаа ч гэсэн тийм байх шиг байна. Гэрч Сүхбаатар, Чулуундорж нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх байр суурьтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Л.Мын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Л.М нь 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/10 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч М.Шурайгийн эзэмшлийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж дээрэмдсэн,
мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадна байрлуулсан Ч.Батбаярын эзэмшлийн 9119 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.378.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Батбаярын “...Би 29 дүгээр байрны СӨХ-ийн дарга хийдэг ба манай байрны үүдээр байнга явдаг тэнэмэл амьдралтай Мөнхзул гэх хүнийг сэжиглэж байгаа. Мөнхзул нь автомашины хаалга татаж үзээд хулгай хийх гээд байгаа юм шиг харагддаг. Мөнхзулын онцлог шинж тэмдэг нь 4 талдаа үстэй малгайтай нөхөр байгаа. Би өөрийн автомашиныг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өглөө 29 дүгээр байрны урд 11 цагийн үед зогсоолд байрлуулсан байсан ба орой 19 цагийн үед гарч машинаа харахад дотор зүйлс эмх замбараагүй хулгай орсон байдалтай байсан. Би бодохдоо жолооч талын эсрэг талын хаалгыг дутуу хаагаад онгорхой орхисон байна. Миний автомашинаас сэгсүүргэн үстэй, даавуун гадартай, ногоон өнгөтэй дээл 1 ширхэг, дугуй хийлэгч, дува сохор гэрэл, ком дорцов багаж, савхин бээлий, ноолууран ороолт зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /1хх 90/,
гэрч Д.Сүхбаатарын “...Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны “Соёд” СӨХ-д нягтлан бодогч хийдэг. 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр манай СӨХ-ийн дарга Ч.Батбаярын 91-19 УБП улсын дугаартай “Коронда” маркийн тээврийн хэрэгсэлд хулгай орсон байсан. Тэгээд тухайн үед цагдаагийн бүрэлдэхүүн ирээд явсан ба тухайн үед хяналтын камер шүүх боломжгүй байсан ба дарга Ч.Батбаярын хамт 29 дүгээр байрны урд талын автомашины зогсоолын хяналтын камерыг шүүж үзэхэд 19 цаг 08 минутад үстэй малгайтай эрэгтэй хүн захирлын автомашины хаалгаар орж, 19 цаг 26 минутад машинаас эд зүйл аваад гарч буй бичлэг байсан. Цагдаагийн байгууллагаас ирж хяналтын камерын бичлэг шүүх гэхэд камерын бичлэг нь устчихсан байсан тул шүүх боломжгүй болсон. ...” /1хх 92/,
гэрч Н.Чулуундоржийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төв дотор гар утасны сэлбэг засварт ажилладаг. Саяхан 10 гаруй хоногийн өмнө 11 цаг 30 минутын үед ажил дээр ирэхэд лангуун дээр үстэй дээл байсан ба “энийг хэн тавьчихваа” гээд хажуу талын лангууны эгчээс асуухад “энүүгээр явдаг тэнэмэл иргэн оруулж ирж тавьчихаад явсан” гэсэн. Удалгүй нөгөө нөхөр шал согтуу ирээд “энэ дээлийг 5000 төгрөгөөр авчих” гэхээр нь би аваагүй. ...үстэй малгайтай, хүрэн бор өнгийн куртиктэй ба дотуураа цамц, куртик давхарласан байсан. ...” /1хх 23-24/ гэх мэдүүлгүүд,
гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 1, 69/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 2, 70/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 7-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-10/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 75-80/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Л.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан, мөн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л.Мын хохирогч М.Шурайгийн эзэмшлийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
мөн Ч.Батбаярын эзэмшлийн 9119 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.378.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Л.М нь “...Би Батбаяр гэж хүний машин дотроос эд зүйл хулгайлаагүй. Тэр өдөр үстэй малгайтай яваагүй, ноосон малгайтай байсан. Намайг гүтгэж, дарамтлан хийгээгүй хэргийн минь төлөө ял оноосон гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэргээс үзэхэд, гэрч Д.Сүхбаатарын “...хяналтын камерыг шүүж үзэхэд 19 цаг 08 минутад үстэй малгайтай эрэгтэй хүн захирлын автомашины хаалгаар орж, 19 цаг 26 минутад машинаас эд зүйл аваад гарч буй бичлэг байсан. ...” /1хх 92/ гэх,
гэрч Н.Чулуундоржийн “...ажил дээр ирэхэд лангуун дээр үстэй дээл байсан ба “энийг хэн тавьчихваа” гээд хажуу талын лангууны эгчээс асуухад “энүүгээр явдаг тэнэмэл иргэн оруулж ирж тавьчихаад явсан” гэсэн. Удалгүй нөгөө нөхөр шал согтуу ирээд “энэ дээлийг 5000 төгрөгөөр авчих” гэхээр нь би аваагүй. ...үстэй малгайтай, хүрэн бор өнгийн куртиктэй ба дотуураа цамц, куртик давхарласан байсан. ...” /1хх 23-24/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.Мын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг хөдөлбөргүй тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/647 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Л.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 1-ний энэ өдрийг хүртэл 167 /нэг зуун жаран долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/647 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын цагдан хоригдсон нийт 167 /нэг зуун жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ