| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0006/э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Г даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн Их зуутраг овогт Б-ын О-т холбогдох 1735002010005 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух, Их зуутраг овогт Б-ын О. РД:ОВ85091739.
Холбогдогсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутагт хохирогч И.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутагт хохирогч И.Д-г зодсон болох нь хохирогч И.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “Манай сумын О гэдэг залуу “хөгжмийн багшаа чамайг ална. Цагаачин пизда” гэж хашгираад Б-гийн дэлгүүрийн дэргэдээс гарч ирсэн. О ирээд намайг заамдаад авахаар нь би “Миний дүү тавьчих” гэж хэлээд түүний заамдсан гарыг тавиулж би зугатах гэхэд дахин намайг заамдаж зүүн шанаа руу баруун гараараа цохисон. Тэр үед миний толгой манараад газар суугаад Оийг “Чи намайг алчихлаа” гэж би хашгирсан гэсэн. Тэр үед миний хамраас цус гарч байсан. О намайг цохих үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр биеэ эмчлүүлэхээр Улаанбаатар хот уруу явж эрүү нүүрний мэс засалд орж нэг сар эмчлүүлсэн. Б.О надад 3.500.000 төгрөг өгсөн тул надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 21-р тал/, гэрч С.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн “Д бид хоёр сумын төвийн гудамжаар явж байтал О М дэлгүүрээс гарч ирээд бид хоёрыг дуудахаар түүнийг хүлээж байтал О ирээд Д хоёр гараараа заамдаад боохоор нь би тэр хоёрыг салгаад эргэтэл Д цохиж унагасан. Тухайн үед Д-ийн хаана цохисоныг би хараагүй. О бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/, гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатад өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед гэртээ байж байтал эрүүл мэндийн төвөөс хүн зодуулсан байна гэсэн гэмтлийн дуудлага ирсэн. Тэгээд би Эрүүл мэндийн төв дээр яваад очтол манай сумын Соёлын төвийн хөгжмийн багш Д ирчихсэн байсан. И.Д-г үзэхэд зүүн шанааны яс цуурсан, зүүн нүд бүлтийж хавдсан, салстууд маш ихээр улайсан байсан тул тархины цусан хангамж сайжруулах, хаван хөөх антибиотик, судас хамгаалах эмчилгээ хийсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс засалын тасгийн эрхлэгч Г, гэмтлийн эмч нараас зөвлөгөө авсан. Маргааш өглөө зөөвөрлөж аймгийн төв үрүү оруулж ирж компьютерт харуулах шаардлагатай гэсэн тул түүнийг аймгийн төв үрүү зөөвөрлөж оруулсан. Тухайн үед Д-ийн бие хүндэвтэр, ухаан санаа балартсан, орчины харьцаа сул байсан” гэх мэдүүлэг /хх-24-р тал, шүүгдэгч Б.О мөрдөн байцаал болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр 12 цагийн үед Т тэдний гэрт “цагаан” нэртэй архи 0,75 л хэмжээтэй нэг жил архи хувааж уусан. Тэдний гэрээс 17 цагийн үед явж байтал Б тааралдаж Б ахын гуанзанд очиж 0,75 л хэмжээтэй “тэргүүн” нэртэй архи уусан. Тэндээс гараад М дэлгүүр орж нэгж асуугаад гараад ирэхэд Ө, Д хоёр хамт явж байхаар нь Д дуудаад хамт явья гэтэл Д намайг хатиар /харамч/, гурай /гуйлгачин/ гээд үгээ доромжлоод байхаар нь зүүн нүд орчим газар нь нэг удаа цохисон. Тэгтэл Д газарт суугаад “ёо ёо” гэж орилсон. Өмнө нь Д намайг нэг шил архи аваад өг гээд байдаг байсан. Өөрөөр өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Даас уучлалт гуйж 4.000.000 төгрөг төлсөн юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Д цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Улсын яллагчийн ялын талаар гаргасан саналын зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.О нь хохирогч И.Д-г зодсоны улмаас хохирогчийн бие махбодид зүүн талын хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны гадна хананы хугарал, зүүн нүдний эвэрлэгийн цус харвалт зэрэг гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 764 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-р тал/-ээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.О нь энэ үйлдлийг хийхгүй байх бүрэн боломжтой нөхцөл байдалд уг үйлдлийг хүсэж хийсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч И.Д нь “Б.О надад 3.500.000 төгрөг өгсөн тул надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 21-р тал/, мөн “Б.О эмчилгээний зардал гаргуулсан тул ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 52-р тал/” гэсэн хүсэлтийг прокурорын хяналтын шатанд гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзэв.
2. Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байтал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч Их зуутраг овогт Б-ын О-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ