Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зуутраг овогт Ц-ын О-т холбогдох 1835000110020 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 08-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 07-04 тоотод оршин суух Зуутраг овогт Ц-ын О. РД:ОЙ93030817.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.О 2018 оны 1 дүгээр сарын 02-ны орой Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Ц.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны орой Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Нг зодсон болох нь хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 1 дүгаар сарын 02-ны 19 цагийн үед таксинд сууж айлд хүргүүлсэн хүмүүсийн нэг нь шөнө 23 цагийн үед миний 91447307 дугаарын утас уруу залгаж “Нэг шил 0,75 л архи аваад ирээч” гэж хэлсэн тул би тэр архийг нь аваад хашааны гадна очоод гарч ирсэн хүнд “Архи болон такси нийт 23.000 төгрөг болсон” гэж хэлэхэд “Бидэнд одоогоор мөнгө байхгүй. Маргааш өгье” гэж хэлэхээр нь би мөнгөө аваад явна гэж хэлээд хашаанд байсан айл уруу ороход  нэг залуу надад 22.700 төгрөг өгсөн. Тэгэхээр нь гадагш гарч машиндаа суугаад явах гэж байтал мөнгө өгсөн залуу гарч ирээд “Архиа авья” гэхээр нь би “Байхгүй. Чи архиа аваад урд талын айл уруу орсон биз дээ”  гэж хэлээд нь бид хоёр орж үзэх гээд явж байтал нөгөө айлаас нэг эмэгтэй хүн гарч ирээд “Нялх хүүхэдтэй айлд орж болохгүй” гэж хэлэхээр нь буцаад явж байтал нөгөө залуу намайг зогсож бай гэж хэлээд миний уруул, амны хэсэгт гараараа нэг удаа цохисон. Миний уруул сэтэрч, гурван шүд хөдөлсөн байсан тул шүдний хувийн эмнэлэгээр 250.000 төгрөгний эмчилгээ хийлгэх төлбөрийг О барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэлгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-р тал/, гэрч Н.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “О гаднаас 0.5 л хэмжээтэй хар чингис авч ирээд ууж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ухаан ороход би О гэрт байсан ба цагдаа нар ирсэн байна. Би Лхагваатай хамт гадагшаа гарахад бид нарын сууж ирсэн таксины жолооч машинтайгаа хашааны гадна зогсож байсан. Би тэр жолоочид хандаж “Манай найз бид хоёрыг цагдаагийн газар уруу дөхүүлээд өгөөч” гэж хэлэхэд юу ч хэлэхгүй машиндаа суугаад яваад өгсөн. Тэгэхээр нь Лхагва бид хоёр явган засмал уруу явж байхдаа юу болсон талаар асуухад О таксины жолоо нар маргалдсан гэж хэлсэн. Цагдаагийн газарт очиход Оюун, Б нар байсан ба тэднээс юу болсон талаар асуухад О таксины жолоочтой маргалдсан тул Оыг эрүүлжүүлэх байр уруу оруулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/, гэрч Б.Лхагваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Биднийг хүргэж ирсэн таксины жолоочоор архи авахуулах талаар ярилцаж, жолоочийн 99770590 дугаарын утас руу залгаж архи аваад ирээч, ирэхээр чинь таксины мөнгөтэй хамт өгнө” гэж хэлээд архи авахуулсан. Таксины жолооч хашааны гадна ирэхээр нь Ц, О бид гурав гарч архи авах гэхэд жолооч та нар эхлээд мөнгөө өг гэж хэлсэн. Бид гуравт мөнгө байгаагүй. Тэр үед Б бидний араас гарч ирээд дансаа өгчих, маргааш шилжүүлж өгнө гэж хэлсэн. Бид нар гэрт ороход О гаднаас орж ирээд 22.700 төгрөгийг таксины жолоочид өгөөд архи хаана байна гэхэд жолооч чи өөрөө яваад урд айл уруу орсон гэж хэлээд гараад явсан. Таксины жолооч хашааны хаалга руу явж байтал О “хөөе хүлээж бай” гэж дуудаад түүний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Түүнээс хойш ямар нэг маргаан болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р талд/, гэрч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Лхагва бид хоёрыг гэрээс гарч ирсний дараа таксины жолооч залуу От хандаж “чи архиа аваад энэ айл уруу орсон” гэж хэлээд хашааны хаалга руу явж байтал О “Хөөе хүлээж бай” гэхэд эргэж харахад нь таксины жолоочийн нүүр тус газар гараараа нэг удаа цохисон. Бидний таксины жолоочоор авахуулсан архи хашаан дотор цасан дунд байсныг найз нар маань олж авсан. Тэр архийг хэн тэнд хаясан болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-25-26-р талд/, гэрч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “О таксины жолоочийн хамт Ганзориг ахын гэр үрүү орох гээд байхаар нь би “Нялх хүүхэдтэй айл уруу та нар орж болохгүй” гэж хэлсэн. Таксины жолооч хашааны хаалга чиглээд явж байтал О “Хөөе хүлээж бай” гэж хэлээд таксины жолооч эргэж харахад нь  нүүр тус газар нь нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх-27-28-р талд/, гэрч М.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Таксины жолоочид 22.700 төгрөг өгөөд О одоо архиа авья гэж хэлэхэд Н чи түрүүлээд аваад урд айл уруу орсон” гэж маргалдаад байхаар нь Улаанаа бид хоёр О гэрээс түрүүлээд гараад явсан юм. Тэр үеэс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-29-30-р талд/, гэрч Д.Н мөрдөн байцаалтад өгсөн: “Таксины жолоочид 22.700 төгрөг өгөөд О одоо архиа авья гэж хэлэхэд Н чи түрүүлээд аваад урд айл уруу орсон” гэж маргалдаад байхаар нь М бид хоёр О гэрээс түрүүлээд гараад явсан юм. Тэр үеэс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-31-32-р талд/, шүүгдэгч Ц.О мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр хооронд уусан архиндаа согтож хэсэг хугацаанд ухаанаа алдсан байсан. Би нэг ухаан ороход нөгөө таксины жолооч залуу О гэрт ороод ирчихсэн “Та нар архины мөнгөө өг” гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би халаасаа уудлаад надад байсан 22.700 төгрөг байсан бөгөөд тэр мөнгийг таксины жолооч залууд өгөөд “Одоо бид нарын архийг өг” гэж хэлэхэд таксины жолооч “Чи архиа аваад урд айл уруу орсон” гэж хэлээд гэрээс гарсан. Би архи уугаад ухаан алдсан байсан болохоор өөрийнхөө үйлдлийг санахгүй байсан. Энэ үед таксины жолооч залуу худал хэлээд бидний архийг авч явах гэж байна гэж бодоод “хөөё хүлээж бай” гэж хэлэхэд таксины жолооч залуу эргэж харахад түүний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Түүнээс хойш ямар нэг зодоон болоогүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, буруугаа ойлгож байна. Эхнэр бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын нөхцөл байдлыг хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ц.О нь хохирогч Д.Н-г зодсоны улмаас хохирогчийн бие махбодид дээд, доод уруул язарсан шархтай, 11, 12, 21-р шүднүүд 2-р зэргийн хөдөлгөөн, дээд уруулын гадна талд зулгаралт гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт /хх-ийн 10-р тал/-ээр тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч Ц.О-ыг үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзэж гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Хохирогч Д.Н “Шүүгдэгч Ц.О-аас эмчилгээний зардал болох 250.000 төгрөг авсан тул ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

 

2. Шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ц.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн,  хувийн байдал зэргийг нь харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзэв. 

Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Зуутраг овогт Ц-ын О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О 500 /таван зуу/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.О өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ