| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2208018190353 |
| Дугаар | 2022/ДШМ/1178 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/1178
Н.Цавд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Уранбайгаль,
шүүгдэгч Н.Цав, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1334 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Цавын өмгөөлөгч Д.Мөнх-Очирын гаргасан давж заалдах гомдлоор Н.Цавд холбогдох эрүүгийн 2208018190353 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Нын Цав 1995 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэргээн засахын эмч мэргэжилтэй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд сэргээн засахын эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 20 дугаар гудамж, 222 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗА95110718/;
Шүүгдэгч Н.Цав нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “-” маркын “-УАК улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Д.Бгийн жолоодон явсан “Hyundai” маркын “Sonata-6” загварын 36-93 УНУ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн араас М.Бгийн жолоодон явсан “Toyota” маркын “Fielder” загварын 23-15 УБЗ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, хохирогч М.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, “Toyota” маркын “Fielder” загварын 23-15 УБЗ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлд 6.073.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Бгийн “Hyundai” маркын “Sonata-6” загварын 36-93 УНУ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4.441.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.Цавын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Нын Цавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цавыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цав нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Цав цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Цав, иргэний хариуцагч Т.Сайнзаяа тус бүрээс 5.707.250 төгрөг, нийт 11.414.500 төгрөг гаргуулан хохирогч М.Бд 6.973.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бд 4.441.000 төгрөг тус тус олгож, хохирогч М.Б “Шатахууны зардал 78.200 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээ, сувилалд явахтай” холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Н.Цавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Цавын өмгөөлөгч Д.Мөнх-Очир гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Н.Цав нь Зам тээврийн ослын улмаас хохирогч М.Бд 6.973.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бд 4.441.000 төгрөг нийт 11.414.500 төгрөгийн хохирлыг анхан шатны шүүхийн шатанд төлөөгүй байсан хохирлоос хохирогч М.Бд жолоочийн хариуцлагын даатгалын мөнгөнөөс 3.084.000 төгрөг, өөрийн данснаас 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бд жолоочийн хариуцлагын даатгалын мөнгөнөөс 1.916.000 төгрөг, өөрийн данснаас 500.000 төгрөг тус тус төлсөн. Тухайн үед даатгалын мөнгө анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн олгогдсон болон өөрийнх нь аваарт орсон машин нь ББСБ-д зээлийн барьцаанд байсан зэрэг шалтгаанаар хохирлыг төлөх боломжгүй байсан. Цаашид үлдсэн хохирол болох М.Бд 2.889.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бд 2.025.000 төгрөг нийт 4.914.500 төгрөгийг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Шүүгдэгч Б.Цав нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.6 -д “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, эрхэлсэн ажилтай, тогтмол цалин орлоготой, учруулсан хохирлоо зохих хэмжээгээр төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Н.Цавд оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Цав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний бие “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д сэргээн засахын эмчээр ажилладаг ба сард гар дээр 1.000.000 орчим төгрөгийн цалин авдаг. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Цавыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхээс “...Н.Цавд торгох ял оногдуулах боломжгүй байна. Учир нь, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг огт төлөөгүй байна. Хоёрдугаарт хохирол төлбөр төлөх талаар идэвх санаачилга гаргаагүй. ...” гэсэн үндэслэлээр 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Цав нь шүүхээс тогтоосон хохирлын 11.414.500 төгрөгөөс хохирогч М.Бд 4.080.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бд 2.416.000 төгрөгийг тус тус төлсөн талаарх баримтыг авчирсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарсны дараа Нийгмийн даатгалаас хохирол төлбөр олгогдсон ба прокурорын зүгээс дээрх хохирол төлбөр төлсөн баримтыг хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч Н.Цав нь ажил хийж, тогтмол цалин авдаг талаараа хэлсэн ба үлдэх хохирогч М.Бд 2.889.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бд 2.025.000 төгрөгийг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд шүүгдэгч Н.Цавд оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх алыг торгох ялаар солиход прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Цав нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “- -УАК улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Д.Бгийн жолоодон явсан -УНУ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн араас М.Бгийн жолоодон явсан -улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, хохирогч М.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, -улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлд 6.073.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Бгийн -УНУ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4.441.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч М.Бгийн “...Хоёр эгнээтэй замын нэгдүгээр эгнээгээр явж байхад зүүн урд талд хоёрдугаар эгнээнд саарал өнгийн “Соната-6” маркын автомашин явж байгаад гэнэт тоормос гишгээд ... Соната-6 машин буцаж эргэж байсан машинтай мөргөлдөөд эрчиндээ миний явж байсан эгнээ рүү ороод замын хашлага мөргөж зогсох үед би Соната-6 маркын автомашины араас мөргөөд зогссон. ...” /хх-27/,
иргэний нэхэмжлэгч Д.Бгийн “...Хойноос урагшаа чиглэлд хоёр эгнээтэй замын хоёрдугаар эгнээнд явж байхад буцаж эргэх хэсгээр улаан өнгийн суудлын автомашин гэнэт урдуур дараад орсон. Би шууд тоормос гишгэсэн боловч хэтэрхий ойрхон байсан болохоор баруун талын урд хаалгыг нь мөргөж эрчиндээ замын нэгдүгээр эгнээ рүү ороод хашлага мөргөөд зогсох үед нэдүгээр эгнээнд явсан автомашин миний машины баруун талын ар хэсэг рүү мөргөж, миний машин буцаж эргээд зогссон. ...” /хх-32/,
Н.Цавын яллагдагчаар өгсөн “...Урдаас хойш чиглэлд явж байгаад буцаж эргэдэг уулзвараар нэлээн хол зайтай саарал өнгийн суудлын автомашин ирж байгаа харагдахаар нь амжина гэж бодоод буцаж эргэх үед уг автомашины миний жолоодон явсан автомашины баруун талын урд хаалгыг мөргөөд зогссоны дараа дахиад тас хийх чимээ гараад миний машины хажуу талаас мөргөсөн автомашины араас машин мөргөх үед миний машин зам дээрээ буцаж эргээд зогссон. ...” /хх 81-82/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...М.Бгийн биед бүсэлхий нурууны 4, 5 дугаар нугалмын Фиброзон цагирагны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн 7801 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-14-15/,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5, 8-9/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-40-57/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэсгийн ахлах мөрдөгчийн 701 дугаар магадлагаа /хх-58-59/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Цавыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Н.Цавын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Н.Цавын өмгөөлөгч Д.Мөнх-Очир “оногдуулсан ялыг хөнгөрүүлэн торгох ялаар солиулах” талаар давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Н.Цавд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөхөд энэ хэм хэмжээний агуулгатай нийцэж байна.
Шүүгдэгч Н.Цавын өмгөөлөгч Д.Мөнх-Очир нь давж заалдах гомдолдоо “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д сэргээн засахын эмчээр ажилладаг талаар болон хохирол төлсөн нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Цавын өмгөөлөгч Д.Мөнх-Очир гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1334 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Цавыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Цавд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Н.Цав нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ