Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0959/з |
Дугаар | 444 |
Огноо | 2018-11-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 444
“Д... т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Ж.О, С.Т нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 240012438 тоот актыг хүчингүй болгуулах тухай”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0219 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0320 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дашдэндэв, Р.Бямбажав, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,
Хариуцагч: Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,
Нэхэмжлэгч “Д... т...” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0219 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан ”Д... т...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 240012438 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0320 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0219 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д... т...” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 240012438 тоот актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч “Д...” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Н-ын гомдол: “... нэхэмжлэгч “Д... т...” ХХК нь “БЗД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2015.06.24-ний өдрийн 240012438 актыг хүчингүйд тооцуулах” тухай Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, БЗД-ийн Татварын байгууллага нь буруутай этгээдээс хохирлоо иргэний шүүхийн журмаар нэхэмжлэн гаргуулах боломжтой байхад “Д... т...” ХХК-иар төлүүлэхээр акт тавьсан нь нэг зөрчилд хариуцлагыг давхардуулан оногдуулж байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байна гээд БЗД-ийн Татварын хэлтсээс “Д... т...” ХХК-ний 2008-2012 оныг дуусталх хугацаанд албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж 2013.03.06-ны өдрийн улсын байцаагчийн 243062 тоот актаар “Ж м” ХХК-иас худалдан авалт хийсэн 10085777 дугаартай НӨАТ-ын падааныг тайлагнаж, төсөвт төлөх НӨАТ-аас хасалт хийснийг зөрчил гэж үзэлгүйгээр тус компаний 2013.01.01-ний байдлаар НӨАТ-т баталгаажсан байна. Энэ үндэслэлээр магадлан Маргаан таслах зөвлөлийн магадлагч татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар санал оруулж байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн хугацаанд хамаарах татварын 2013 оны хяналт шалгалтаар 10085777 дугаартай нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг тайлагнан төсөвт төлөх нэмэгдсэн өртөгийн албан татвараас хасалт хийснийг “зөрчил” гэж үзээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийсэн атлаа энэ шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байхад татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан “Татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс, бүртгэл, төлөлт болон санхүүгийн бусад баримтад хяналт хийх, тайлбар, лавлагаа гаргуулах авах...” зэрэг зөрчлийг тогтоох, шалгах ажиллагаа бүрэн хийгээгүй, зөвхөн цагдаагийн байгууллагаас ирсэн албан бичгийг үндэслэн зөрчил тогтоогдсон гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй байна гэж дүгнээд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 заалт ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтуудыг баримтлан “Д... т...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган БЗД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2015.06.24-ний өдрийн 240012438 тоот актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хариуцагч тал болох БЗД-ийн Татварын улсын байцаагч Ж.О, С.Т, түүний итгэмжилсэн төлөөлөгч А.А нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “давж заалдах шатанд” гомдол гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна”. БЗД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн “акт нь үндэслэлтэй” байна гээд хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлсэн байдаг.
4. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.06-ны өдрийн 221/МА2018/0320 дугаар магадлалаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.06-ны 128/ШШ2018/0219 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Д... т...” ХХК-ний гаргасан БЗД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2015.06.24-ний өдрийн 240012438 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч хариуцагч нарын зүгээс гаргаж өгсөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль эрхзүйн хүрээнд бүх талаас нь бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй, хэт хариуцагч талын үндэслэлгүй тайлбар, нотолгооны зарим баримтуудыг үнэлж, анхан шатны шүүхийн зүгээс үйл явдлыг бодитойгоор хуулийн хүрээнд өгсөн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нарын давж заалдсан гомдолд “Д... т...” ХХК-ийн захирал Л.Дашдэндэв, нягтлан бодогч П.Байгалмаа нар тухайн ажил үүргийг гүйцэтгэсэн “Д... т...” ХХК нь бусдаар ажил үүрэг гүйцэтгүүлж, бусдаас бараа материал авсан боловч 100 айлын зах зээлээр явж барилгын материалын үнийг судлаагүй хэрнээ “Ж м” ХХК-ийг ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдээгүй. “Ж м” ХХК гэгчтэй холбогдсон, түүнээс НӨАТ-ын падааныг хий бичүүлэн авч хасалт хийж, улсад төлөх татвараа бууруулж тайлагнасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 заалтыг зөрчсөн гээд 2013 оны хяналт шалгалтаар тогтоогдоогүй гэж үзэж байна гэсэн “гомдол” гаргасан атлаа уг гомдлоо үгүйсгэсэн байдаг.
5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Ж м” ХХК-ийн захирал Ж.Тамирын хууль бус үйлдэл нь Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015.04.24-ний өдрийн 9д/2933 дугаар бүхий албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд “Д... т...” ХХК нь “Жигдэн мядаг” ХХК-иас худалдан авалт хийгээгүй, “Ж м” ХХК нь борлуулалтын дэвтэртээ бичилт хийсэн боловч бодит байдалд 72,150,000 төгрөгийг бараа материалын борлуулалт хийгдээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, “Д... т...” ХХК нь “Ж м” ХХК-иас бараа худалдан аваагүй, НӨАТ-ыг борлуулагчид төлсөн нь тогтоогдохгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчиж төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцон төсөвт төлөх татварыг бууруулах зөрчил гаргасан гэж үзсэн “татварын байцаагчийн актыг буруутгах үндэслэлгүй” байна гээд түүнчлэн нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1 заалт, 7.6 заалтуудыг тус тус зөрчиж худалдан авалтын, санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлээгүй байна гэж дүгнээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Энэхүү давж заалдах шатны шүүхийн хууль тогтоомжийн заалтуудыг үндэслэн дүгнэсэн эрх зүйн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт болжээ.
6. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан “актаа” хамгаалах гэсэн таамаглал төдий үндэслэлгүй тайлбар, нотлогдоогүй үйл явдлыг нотлогдсон болгож хуулийн заалтыг буруу хэрэглэн, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан тоот үйл явдлын хөдлөшгүй эх сурвалж мэтээр дүгнэсэн хууль бус дүгнэлтийг иш үндэс болгож, хэт нэг талыг барьсан шийдвэр дүгнэлт гэж үзэж байна. “Д... т...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, нотлох баримт болгонд хуулийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, тухайн хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн “дүгнэх, үндэслэх” хэсгүүдэд бодитой тусгагдсан байтал үүнийг давж заалдах шатны шүүх илт үгүйсгэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэх бүрэн үндэстэй байна.
7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.06-ны өдрийн 221/МА2018/0320 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хүчингүй болгуулж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.06-ны өдрийн 128/ШШ2018/0219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээхээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.О, С.Т нар нэхэмжлэгч “Д... т...” ХХК-ийн 2012-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 240012438 дугаар актаар “... “Ж м” ХХК-иас бараа материал худалдан авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн 10085777 дугаар падаанаар 72,150,000.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг хуурамчаар бичүүлэн авч, ... албан татвар ногдох орлогыг бууруулсан” гэх зөрчил тогтоон, 7,215,000 төгрөгийн нөхөн татвар, 2,164,500 төгрөгийн торгууль, 3,171,850 төгрөгийн алданги, нийт 12,551,350 төгрөгийн төлбөр ногдуулсан, хариуцагч нараас уг актын үндэслэлээ “...Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад, “Ж м” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж тараасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж, нэхэмжлэгчээс “... уг падаан нь татварын албанд бүртгэлтэй, хүчинтэй дугаартай үнэт цаас байсан. Бид үүнийг 2012 оны 03 дугаар сарын НӨАТ-ын тайландаа тусгаж падааныхаа нэг хувийг тайлантайгаа татварын албанд баталгаажуулж өгсөн. ... “Д... т...” ХХК-ийн 2008-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж 2013.03.06-ны өдөр татварын улсын байцаагчийн 243062 тоот акт гаргасан нь одоо хүчин төгөлдөр байгаа ба уг актаар энэ зөрчил илрээгүй. ...Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас Татварын ерөнхий газарт ирүүлсэн албан бичгийг үндэслэн шалгалт хийсэн нь хууль бус” гэж тус тус маргажээ.
10. Маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Д... т...” ХХК-иас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл гомдол гаргасныг тус зөвлөл хянаад, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 057 дугаар тогтоолоор “... актаар ногдуулсан төлбөрөөс 2,164,500.00 төгрөгийн торгууль, 3,171,850.00 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан өршөөж 5,336,350.0 төгрөгийг хасч, нөхөн татвар 7,215,000.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.
11. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Д... т...” ХХК-ийн “... бараа худалдан авч, ажил гүйцэтгүүлсэн” гэх “Ж м” ХХК (захирал З.Тамир) нь “... ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, ... 2012-2013 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж тараан, аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон” болох нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах явцад тогтоогдсон байх тул нэхэмжлэгч “Д... т...” ХХК-ийг “... “Ж м” ХХК-иас 72,150,000.00 төгрөгийн бараа, материал худалдан авч 7,215,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, анхан шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулсан нь зөв болжээ.
12. Тодруулбал, шүүх нэхэмжлэгч “Д... т...” ХХК-ийг ямар нэг этгээдээс бараа материал худалдаж аваагүй, ажил гүйцэтгүүлээгүй гэж дүгнээгүй, харин бараа материал худалдан авч, ажил гүйцэтгүүлэхдээ борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн болно.
13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх”-ээр, 8.2-т “... аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.
14. Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.
15. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн “бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотолно” гэж ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 010085777 дугаар падаан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т тусгайлан заасан шаардлага хангаагүй, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажлын нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн үнийг заагаагүй байх тул “зохих ёсоор” бүрдүүлсэн анхан шатны баримт гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүх нотлох баримтуудаар тогтоогдоогүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн, ... хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.
16. Нэхэмжлэгч “Д... т...” ХХК нь “Ж м” ХХК-иас “... 72,150,000.00 төгрөгийн бараа, материал худалдан авч, ажил гүйцэтгүүлэн 7,215,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг “Ж м” ХХК-нд төлсөн” нь дээрх байдлаар тогтоогдохгүй байхад “... татварын байгууллага нь буруутай этгээдээс хохирлоо иргэний шүүхийн журмаар нэхэмжлэн гаргуулах боломжтой байхад “Д... т...” ХХК-иар төлүүлэхээр акт тавьсан ... нь хууль бус” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
17. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0320 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д...” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Д...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА