Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/01095

 

                                                                Н.Төрбатын нэхэмжлэлтэй                                                                   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02763 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1331 дүгээр магадлалтай,

Н.Төрбатын нэхэмжлэлтэй,

            “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох    

            Хамтын гэрээний 8.8.1-д зааснаар хоол унааны хөнгөлөлтийг өдрийн 3 800 төгрөгөөр тооцож, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар, Хамтын гэрээний 4.2-т заасны дагуу миний нэг сарын үндсэн цалин болох 800 000 төгрөгийг 15 хувиар нэмэгдлийг буюу нэг сарын 120 000 төгрөгөөр тооцож 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны нэмэгдлийг, Цалин хөлсний журамд заасны дагуу 2015 оны удаан жилийн нэмэгдэлд 100 000 төгрөгийг, 2015 оны үр дүнгийн шагналт цалинд 883 000 төгрөгийг, 2005 оны 05 дугаар сараас 2013 оны 03 дугаар сар хүртэлх ээлжийн амралтын олговорт дутуу олгосныг Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тогтоосноор 1 688 519 төгрөгийг, Үйлдвэрчний эвлэлийн хорооны өмнөх дарга нар авч байсан 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74/09 тоот цалин хөлсний журмын дагуу шагналт цалинг үндсэн цалин 800 000 төгрөгийн 40 хувиар тооцож сард 320 000 төгрөгөөр тооцож, 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож тус тус гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт өмнөх цалин хөлснөөс суутгасан шитмтгэлийн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн         

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо/цаашид ҮЭХ гэх/-ны даргаар сонгогдон ажиллах болсон. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэгэн адил хамаарна”, Авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрийн 5.4 дэх хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын тухайн байгууллагын ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан шагнал хөнгөлөлт үзүүлнэ гэж тус тус зааснаар хамтын гэрээнд заасан урамшуулал, нэмэгдэл, хөнгөлөлтийг эдлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Өмнө нь 2013, 2014 онд холбогдох урамшуулал, нэмэгдэл, хөнгөлөлтийг эдлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/03583 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1116 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 865 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Уг тогтоол гарснаас хойш дахин миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, дараах цалин хөлс нэмэгдэл хөлсөө өгөхгүй хохироож байгаа тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хамтын гэрээний 8.8.1-д зааснаар хоол унааны хөнгөлөлтийг өдрийн 3 800 төгрөгөөр тооцож 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар байгууллагаас гаргуулах, хамтын гэрээний 4.2-т заасны дагуу миний нэг сарын үндсэн цалин болох 800 000 төгрөгийн 15 хувиар нэмэгдлийг тооцож /нэг сарын 120 000/ 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны нэмэгдлийг байгууллагаас гаргуулах, цалин хөлсний журамд заасны дагуу 2015 оны удаан жилийн нэмэгдэлд 100 000 төгрөгийг байгууллагаас гаргуулах, 2015 оны үр дүнгийн шагналт цалинд 883 000 төгрөг олгуулах, 2005 оны 05 дугаар сараас 2013 оны 03 дугаар сар хүртэлх ээлжийн амралтын олговорт дутуу олгосныг Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тогтоосноор 1 688 519 төгрөгийг олгуулах, ҮЭХ-ны өмнөх дарга нар авч байсан 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74/09 тоот цалин хөлсний журмын дагуу шагналт цалинг үндсэн цалин 800 000 төгрөгийн 40 хувиар тооцож сард 320 000 төгрөгөөр бодож 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, өмнөх цалин хөлснөөс нягтлан бодогч н.Энхтайван нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан атлаа нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөөгүй. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү. Хамтын гэрээний 8.1-д заасны дагуу хоол унааны мөнгийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 996 000 төгрөг, хамтын гэрээний 4.2-т заасны дагуу 15 хувийн нэмэгдэл 1 444 000 төгрөг, урьд нь ҮЭ-ийн хорооны дарга нарт олгодог байсан урамшуулал цалин үндсэн цалингийн 40 хувь буюу 320 000 төгрөг, нийт 11 840 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үндсэн цалин 800 000 төгрөг, хоол унааны 83 000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 120 000 төгрөг, шагналт цалин 320 000 төгрөг, нийт 1 сард 1 230 000 төгрөгийн цалин авах ёстой гэж тооцсон. Хамтын гэрээний 4.7-д заасны дагуу 1 сарын дундаж цалингаар тооцож урамшуулал цалин олгох ёстой. Гэтэл надад 2013 оноос 2015 он хүртэл урамшуулал цалин олгоогүй, бусад ажилчид цалингаа авсан. Тэгэхээр энэ хугацааны үр дүнгийн шагнал цалин 3 969 000 төгрөг, би энэ байгууллагад 10 жил ажилласан бөгөөд удаан жилийн нэмэгдэл 100 000 төгрөг, нийт 19 307 519 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

             Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хариу тайлбарт: “Тус дүүргийн шүүхэд иргэн Н.Төрбат нь хамтын гэрээний дагуу хоол унааны хөнгөлөлт, нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Н.Төрбат нь манай байгууллагад 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар ажилд орж 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 144 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь “Автобус нэг” ОНӨААТҮГ болон ҮЭ-ийн хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдан 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгэгдэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хамтын гэрээ юм. Уг хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч “Автобус нэг” ОНӨААТҮГ нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоолоор татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болж байгуулагдсан. Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслээд байгаа хамтын гэрээг бид үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй. Яагаад гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдье, нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор ҮЭХ-ноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажиллаж байна. Мөн байгууллагын захиргааны зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр 2013 онд байгуулсан хамтын гэрээг мөрдөж ажиллахгүй тухай ҮЭХ-нд мэдэгдсэн болно. Энэ маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх” гэж заасныг баримтлаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын нэгдүгээр шаардлагын тухайд 2005 оны 05 дугаар сараас 2013 оны 03 дугаар сар хүртэлх ээлжийн амралтын олговрыг дутуу олгосон гэх шаардлагыг нэхэмжлэгч урьд нь тус дүүргийн шүүхэд гаргасан ба уг шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Мөн нэхэмжлэгч уг асуудлаар МХЕГ-ын улсын байцаагчид хандсан бөгөөд улсын байцаагчаас гарсан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05/092/03 дугаар бүхий актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу байгууллагаас гомдол гаргасан болно. Гомдлын хариу гарах хуулийн хугацаа дуусаагүй тул хариу ирээгүй байна. Улсын байцаагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул ээлжийн амралтын дутуу олгосон зөрүүг олгуулахыг дахин шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Хоёрдугаар шаардлагын тухайд ҮЭХ-ны өмнөх дарга нар авч байсан гэх 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74/09 тоот тухайн үеийн “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын цалин хөлсний журмын дагуу шагналт цалинг үндсэн цалин 800 000 төгрөгийн 40 хувиар тооцох нь хуулийн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй юм. Учир нь Н.Төрбат даргын ажлын гүйцэтгэлийг хэн хэзээ хэрхэн үнэлэх, үнэлсний дүнд шагналт цалинг хэдэн хувиар хэрхэн тооцож олгохыг зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам байгууллагад байхгүй. Гуравдугаар шаардлагын тухайд тодорхой бус ойлгомжгүй байх тул дахин тодруулах шаардлагатай. Ээлжийн амралтын олговрын асуудлыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч тал улсын байцаагчийн актыг үндэслэж байгаа бол уг маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх бөгөөд хэргийн харьяалал зөрчсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас ээлжийн амралтын мөнгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ цалин хөлсний журамд ажилласан хоногоор тооцож хоол унааны хөнгөлөлтийг олгоно гэж заасан. Хавтаст хэргийн 10 дугаар хуудаст 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн НИТХ-ын тогтоолоор “Автобус нэг” ОНӨААТҮГ гэсэн байгууллагыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулсан. Тэгэхээр хамтын гэрээний 4.2-т байгууллагад мөрдөгдөж байгаа журмыг мөрдлөг болгон үр дүнгийн шагнал цалин, урамшуулал зэргийг олгоно гэж заасан. Нэхэмжлэгч хэдэн оны ямар журмыг үндэслэж нэхэмжилж байгаа гэдэг нь тодорхойгүй, энэ талаар баримт байдаггүй. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 3 баазыг нэгтгэж үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнээс “Автобус нэг” ОНӨААТҮГ гэж байхгүй. Манай байгууллагаас 2015 оны үр дүнгийн шагнал, удаан жилийн нэмэгдэл олгох талаар тушаал шийдвэр гараагүй. 2014 оны шийдвэрээр хоол унааны олговор гэж 883 000 төгрөг олгосон. Түүнээс цалин хөлсний олговор гэж олгоогүй учраас нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ гэж байгаа нь боломжгүй. Энэ талаар баримт байхгүй учраас уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тарифийн хэлэлцээрийг үндэслэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр нийгмийн зөрчлийн 3 талт үндэсний хороогоор шийдвэрлүүлэх ёстой. “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын цалин хөлс олгох журам хүчингүй болсон. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-тай байгуулсан шинэ дотоод журам, цалин хөлсний журам дээр Н.Төрбат эдгээрийн үзүүлэлтүүдийг үндэслэж ийм цалин олгоно гэсэн нэг ч баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2013 оноос 2014 оны урамшуулал, цалин аваагүй гэж яриад байна. Уг шаардлага дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдана.” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02763 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 2 294 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Төрбатад олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр даалгуулах болон 14 997 519 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 654 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1331 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02763 дугаар шийдвэр, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1331 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан түүнчлэн хууль буруу хэрэглэсэн хариуцагч талын гаргаж өгсөн үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй болно. Нэхэмжлэгч Н.Төрбат нь манай байгууллагад 2005 онд ажилд орж өөрийн хүсэлтээр 2013 онд ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлага болсон Автобус нэг ОНӨҮГ-ын ҮЭ-ийн хороо болон захиргаа хоёрын хооронд хийгдсэн Хамтын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулиар мөрдөгдөх боломжгүй болсон ба энэ нь эрх бүхий албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/778 тоот захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоолоор татан буугдсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас гаргасан эрх зүйн актад тодорхой үгээр утга ойлгомжтой байдлаар “Автобус нэг ОНӨҮГ”-ыг татан буулгасугай гэж заасаар байхад түүнийг үнэлээгүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Аж ахуй нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд татан буугдсан шийдвэр гарсан байхад хамтын гэрээг хэвээр мөрдөнө гэсэн заалт хуулинд байхгүй байгааг дээрх хоёр шүүх анхаараагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. 2014, 2015 онуудад захиргааны зүгээс удаа дараа 2013 онд байгуулсан Хамтын гэрээ нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй болсон тул бид энэхүү гэрээг цаашид мөрдөхгүй тухай ҮЭ-ийн хороонд албан бичгээр хүргүүлж байсан ба үүний дагуу ҮЭ-ийн хорооноос 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хамтын гэрээг шинээр байгуулах тухай 01 тоот албан бичгийг захиргаанд хүргүүлсэн байдаг. Хамтын гэрээг шинээр байгуулах асуудлаар ажил олгогч болон ҮЭ-ийн хороотой хэлэлцээрт 2015 оноос эхлэн суусан боловч өнөөдрийг хүртэл нэгдсэн үр дүнд хүрээгүй ҮЭ-ийн хорооноос уг асуудалд хариу өгөхгүй байгааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Төрбат нь хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан хамтын гэрээний 8.1, 4.2 дахь заалт, цалин хөлсний журамд зааснаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны хоол, унааны мөнгө 996 000 төгрөг, үндсэн цалингийн нэмэгдэл 1 444 000 төгрөг, 2015 оны удаан жилийн нэмэгдэл 100 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны хамтын гэрээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр өөрчлөн байгуулагдсан “Нийслэлийн зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ мөрдөхгүй, цалин хөлсний журамд үндсэн цалингийн нэмэгдлийг мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан 15 хувь хүртэл тогтоохоор заасан, нэхэмжлэгчийн тухайд журамд заасан ямар шалгуурыг хангасан нь тодорхойгүй, удаан жилийн нэмэгдлийн тухайд байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлэсэн баримт байхгүй гэж маргажээ.

“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь “Автобус-1” ОНӨҮГазар, ажилтны төлөөлөл оролцон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд хамтын гэрээг шинээр байгуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул өмнөх гэрээний ерөнхий нөхцөл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд хоол, унааны мөнгө, цалингийн нэмэгдлийг олгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хамтын гэрээний заалтыг үндэслэх нь хууль болон гэрээнд нийцэх учраас хариуцагчийн татгалзлалын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд удаан жилийн нэмэгдлийг цалин хөлсний журмын дагуу олгох үндэслэл нь 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тарифын/ хэлэлцээрийн 5.4-т заасан байх тул шүүх 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хоол, унааны хөнгөлөлтийг ажлын 230 өдрөөр тооцож 874 000 төгрөг, үндсэн цалингийн 15 хувь буюу 120 000 төгрөгийн нэмэгдлийг 11 сараар тооцож 1 320 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100 000 төгрөг, нийт 2 294 000 төгрөгийг Хамтын гэрээний 8.1, 4.2 дахь заалт болон цалин хөлс олгох журмын 5.5.3-т зааснаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хамтын гэрээний зорилгод нийцсэн, илүү тооцож нэхэмжилсэн 246 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.   

Харин шагналт цалинг бодох аргачлал, үзүүлэлтийн дагуу 2015 оны үйл ажиллагаа, ажлын үр дүнг дүгнүүлсэн болон эрх бүхий этгээдээс үр дүнгийн шагналт цалинг олгохоор шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч Н.Төрбатын уг үндэслэлээр нэхэмжилсэн 1 223 000 төгрөг, мөн өмнөх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарт 40 хувийн урамшуулалт цалин олгож байсан гэж 11 840 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т заасанд болон хамтын гэрээний 4.7, цалин хөлс олгох журмын 6-д заасанд нийцсэн байна.

        Нэхэмжлэгч хариуцагчаас 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-08-24/328 тоот улсын байцаагчийн актыг үндэслэн ээлжийн амралтын олговрын зөрүү мөнгө 1 688 519 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан гэж үзэхгүй.     

        Түүнчлэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд тэрээр уг шаардлагын үндэслэлийг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үүргээ ажил олгогч зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй  байгаа тухай анхан шатны шүүх   дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02763 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1331 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.654 /тавин нэгэн мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН