| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/02665/И |
| Дугаар | 101/ШШ2024/04197 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/04197
| 2024 09 10 | 101/ШШ2024/04197
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц ББСБ ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух, Б Т/РД:0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,231,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Б.Тшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Б.Тнь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын Кцахим зээлийн үйлчилгээнд №5657 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 1,480,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 52,700 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.
Бидний хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлйн дүнг түүнд ногдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх, 4 дүгээр зүйлийн 2.3-т зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээл эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.
Гэтэл зээлдэгч Б.Тнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Бидний хувьд 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүү бодоогүй.
Тухай бүрт хариуцагчтай холбогдож зээлээ төлөхийг шаардсан боловч боломжгүй гэсэн хариу өгч байсан. Сүүлдээ энэ дугаарт нь ийм хүн байхгүй гэж хэлээд холбогдохгүй болсон.
Хариуцагч зээлийн төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч баримтаар нотлогдохгүй байх бөгөөд төлсөн бол энэ талаараа манай байгууллага дээр ирээд уулзах боломжтой байсан.
Хариуцагчаас 2020 оны 12 дугаа сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 13 удаа зээлээ сунгасан. Тухайн үед сунгах хүсэлтүүд илгээж байсан бөгөөд 13 удаагийн гүйлгээгээр сар бүр 52,700 төгрөгийн сунгалтаа хийж байсан бөгөөд нийт 685,100 төгрөгийг төлсөн. Харин үндсэн зээлийн төлбөрөөс 100,000 төгрөгийг төлж, зээлийн үлдэгдэл төлбөр 1,380,000 төгрөг болсноор сунгалт нь 49200 төгрөг болсон.
Хариуцагчийн хувьд манай байгууллагатай 2019 оны 1 сарын 30-ны өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Монгол улсын оюуны өмчийн газар барааны тэмдэгийн гэрчилгээтэй.
Санхүүгийн зохицуулах хорооноос стандартыг хэрэгжүүлсний дараа нээж болно гээд тухайн стандартыг биелүүлэх хүртэл аппыг стори дээр байлгахыг хориглоод 2022 оны 12 сараас аппликейшн маань ашиглаж болохгүй болсон. Манайхаас өдөр болгон үйлчлүүлэгч нарын утсаар зээлийн үлдэгдэл төлбөрийн талаарх мэдээллийг явуулдаг байсан.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,378,372 төгрөг, хүү 852,753 төгрөг, нийт 2,231,125 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кмоби гэж аппаас удаа дараа зээл авч байсан ба 2019 онд 1,480,000 төгрөгийн зээл авсан. Сар бүр 52,700 төгрөгөөр 15 удаагийн мөнгөн шилжүүлэг хийсэн.
Би утасны дугаар сольж байгаагүй. Миний нэр дээр 20 жил болж байгаа. Кмоби гэдэг аппликейшн нь гэнэт утсан дээрээс байхгүй болсон
Аппликейшн нь алга болцон тухай үед нь мөнгө төгрөгийн үлдэгдэл байсан бол энэ газраас энийгээ хэлсэн бол өдийд төлөөд шийдэгдчихсэн л байх байсан.
Гэтэл энэ удаан хугацааны дараа гэнэт нэхэмжилж хүнийг хүнд байдалд оруулж байгааг зөвшөөрөхгүй байна.
Гэрээний хугацаа дууссан байхад үндсэн зээлсэн мөнгөө л өгнө гэж бодсон. Үндсэн зээлээс мөнгө өгснөө санахгүй байна. Үндсэн зээлийн төлбөрийг зөвшөөрч байна. Харин хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иймд хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс: цахим зээлийн эрх нээх гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл, хүүний тооцооллын баримт, зээлийн эргэн төлөлтийн тооцооллын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,231,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Харин хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0005657 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,378,372 төгрөг, зээлийн хүү 852,753 төгрөг нийт 2,231,125 төгрөг гаргуулна гэж тодорхойлж байна.
Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 00005657 тоот цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулагдан зээлдэгч нь КМОБИ системийн тооцоолуураар 10,000,000 төгрөг хүртлэх зээлийг хугацааны сонголтуудтайгаар зээлж авахаар тохиролцсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
Гэрээгээр тохиролцсоноор цахим зээлийн эрхийн хугацаа 1 жилийн хугацаатай байх бөгөөд хариуцагч Б.Тнь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,480,000 төгрөгийг зээлж 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд сар бүр шимтгэлд 52,700 төгрөг болон үндсэн зээлийн төлбөрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 34 дүгээр тал/
3.Зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,378,372 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан хүү тооцооллын баримтаар үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 1,378,372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгчээс хүүгийн төлбөрт 852,753 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
Мөн талууд байгуулсан гэрээний 2.1.6.2-т хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үлдэгдэлд сарын 4 хувийн хүү тооцно гэж гэрээгээр тохиролцсон байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч хариуцагч үндсэ зээлээ төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хүү нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.
Хариуцагчаас гар утсан дээрх аппликейшн устан нөхцөл байдлаас шалтгаалж хүүгийн төлбөр төлөх боломжгүй болсон гэх тайлбарыг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар 2022 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэгч байгууллагын КМОБИ аппликейшн устсан гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг шаардаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан.
Нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны улмаас цахим зээлийн гэрээний зүйл болох гар утсан дээрх КМОБИ аппликейшн устсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд шаардах эрхийг Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд илүү хэрэгжүүлэх үүрэг хүлээхээр байна.
Дээрх үйл баримтаар хүүгийн хэмжээ нэмэгдэхэд зээлдүүлэгч нарт мэдээлэл өгөх, зээлийн төлбөрийг шаардах зэрэг нэхэмжлэгчийн эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэхээр байх тул хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт 426,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт хариуцагч Б.Таас үндсэн зээлийн төлбөрт 1,378,372 төгрөг, хүүгийн төлбөрт 426,376 төгрөг нийт 1,804,748 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 426,376 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Таас 1,804,748 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 426,376 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Таас 43,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА