Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2024/0027/З |
Дугаар | 159/ШШ2024/0034 |
Огноо | 2024-06-12 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 159/ШШ2024/0034
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн татварын улсын ахлах байцаагч Н.Даваадоржид холбогдох “Б.Энхмаад холбогдох 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0693082 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Н.Даваадорж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн татварын улсын ахлах байцаагч Н.Даваадорж би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй, хяналтын прокурор А.Энхтуяагийн 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн татварын улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0693082 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Б.Энхмаад холбогдох 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0693082 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагийн гаргасан “Б.Энхмаад холбогдох 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0693082 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР