Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1168

 

Д.Т-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч М.Одбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бунджав, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бунджав, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Төд холбогдох 2208 00000 0655 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

....., 20.... оны .... дугаар сарын .....-ны өдөр .... аймагт төрсөн, ..... настай, э...., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг гэх, ам бүл ...,... ..... хамт ..... аймгийн .... багийн ..... гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 77 дугаар гудамжны 5 тоотод оршин суух Н.Найдандоржийн гэрт 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө иргэн Б.Мтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Т-ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т-д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийн цагдан хоригдсон 179 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Т-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бунджав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч миний бие 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр өөрийн төрсөн хүү Бунджав овогтой Мөнх-Очир /талийгаач/ хүү нь бусдад зодуулж амь насаа алдсан билээ. Би болоод манай гэр бүл маш их харамсаж юугаар ч нөхөж барашгүй том гарз гараад байгаа билээ. Иймд сэтгэл санааны болон бие махбодын хохиролд ороод байна. Миний хүү Бунджав овогтой Мөнх-Очир талийгаач хүү нь 3 дахь хамгийн бага хүүхэд, юманд ул суурьтай, үг дуу цөөтэй хааяа нээрээ тийм шүү гэмээр санаа оноотой сурлага болон ажилд махруу бага наснаасаа болон оюутан болоод багш болон анги хамт олондоо нэр хүндтэй, цэвэрч нямбай, эд хөрөнгөндөө нямбай, муу зуршилгүй, мөн аав, ээж, ах, эгч хүмүүсд худлаа ярьдаггүй, зохион байгуулалт сайтай шударга байсан болон оюутан болоод амралтаараа ажил хийж сургалтын төлбөрөө нэмэрлэж, хувцасаа авдаг байсан. Мөнгө төгрөгөнд тооцоотой өгөхөө өгдөг авахаа авдаг байсан. Би хүүхдүүдтэйгээ ний нуугүй амьдрал ярьдаг, сайн муу зүйлийг хэлж ярьдаг архины асуудлаар ойлгуулж хэлж ярилцдаг байсан. Аав би архи уудаггүй хүн. Хүү минь гэртээ согтуу ирж байсан удаа байхгүй, хонуудаар явах болбол ярьж хэлж явдаг байсан. Тэр нь хөдөө ажил хийж байхдаа болно.

Дагдан овогтой Түвшинтөгс нь ам бүл 6, эхнэр хүүхэдгүй, 6 дугаар анги төгссөн, аймхай зүрх муутай, хүний үгэнд оромтгой, талийгаач болон манай гэр бүлтэй хөдөөнөөс ажил хийх гэж ирдэг байсан. Ямар ч асуудалгүй аав ээжтэй нь ярьж гэрлүү нь явуулдаг байсан. Бидэнтэй ойр дотно, миний үгнээс гардаггүй мөн аав ээжид нь онц хэрэггүй бол нааш цааш нь битгий явуул гэдэг байсан багаас нь сайн мэднэ. Б.М талийгаач хүү болон Д.Т хоёр нь нэг нэгэндээ сайн, нэгнийхээ аминд хүрэх хүмүүс биш. Энэ хоёрыг маргалдуулах хэмжээнд хүргэсэн хүн нь Н.Найдандорж байх магадлал маш өндөр. Мөн хүний гүтлэг болон явсных нь дараа өөр хүн зодсон байх магадлалтай.

Наранцэцэг овогтой Найдандорж нь ээжээрээ овоглодог, аавгүй, цэргийн алба хаасан, 4 дүгээр анги төгссөн, эхнэр хүүхэдтэй хөдөлмөрийн чадвартай, худалч, гүжүүд бүрэг, үг дуу цөөтэй, муу санаатай, нийтэч биш, мэдүүлэг өгөхдөө худлаа өгч байна. Эхлээд 100-200 грамм уусан, эрүүл шахуу байсан гэчихээд дараа нь би согтуу байсан гэх бичиг үсэг мэдэхгүй байснаа 9 дүгээр ангийн боловсролтой гэж зөрж мэдүүлж байсан.

Өмнө нь миний талийгаач хүүгээр хамаатныдаа хүргүүлж ирснээ “чи манай хүүхэд талийгаач Б.Моор хүргүүлж ирсэн үү” гэж би асуухад “үгүй” гэж нүүрэн дээр худлаа ярих жишээтэй. Хичээлээ тараад шууд гэртэээ ирдэг байсан, сүүлд ганц нэг удаа үдээс хойш орой ирэхээр нь асуухад “Н.Найдандорж гэрт хүргээд өг гээд гэрт нь хүргэж өглөө, эхнэр хүүхдийг нь эмнэлэгт хүргээд өг гээд хүргэж өглөө” гэж байсан. Мөн сайн найзаас нь холдуулж байсан. Миний хүүгийн машиныг 9 саяд зарчих гэж гуйж байсан. Хадам аав микер машинаа зараад 9 саяд машин авна гээд үүнийг асуухад үгүй гэж худлаа хариулж байсан. Мөн эхнэрээ их харддаг гэж ярьж байсан удаатай. Энэ нь хэрэгт холбоотой байж болзошгүй. 4 дүгээр сарын 2-ны өдөр гэрийн ойрхон хадам талынхаа айлд утсаар яриулаач гэж орсон байсан. Чи утсаа яасан гэхэд өчигдөр ирж яваад автобуснаас унагаад хагалцан гэж худал хэлсэн. Утас нь миний хүүг зодож байхад ашиглагдсан байж гэх мэтийн худал яриатай, зодоон хэрүүлд дуртай, өмнө нь зодооны асуудалд орж байсан. Б.М талийгаачийг татан, түлхэж юм мөргүүлж цусыг гаргасан байж яагаад миний хүүд анхны тусламж үзүүлээгүй вэ, яагаад гэртээ аваачиж согтууруулах ундаа хэрэглүүлэх байрыг нь бэлдэж өгсөн бэ, зодуулаад цус гарсан байхад тоохгүй ар гэрт нь мэдээлэл хүргэсэнгүй вэ, энэ нь санаатай атаа хорсол, хардалтаас байх магадлалтай. Ойр хавийн камер шүүх, утасны дуудлагуудыг үзэж шүүлгэх хүсэлтэй байна. Талийгаач хүүг зодсон зодоонд оролцсон, зодож байхад байсан гэх бүх хүмүүсд гомдолтой байна. Д.Т Н.Найдандоржийн ээжийнх нь нэг голд багаасаа ойр дотно байсан. Н.Найдандоржийн ээжийн төрсөн эгчийн хүүхэд юм.

Болдбаатар овогтой Амартүвшин нь зохион байгуулалт хийж, буяны ажилтай талийгаачийг хөдөөлүүлээгүй байхад гэрт ирж Д.Тийг 7 жил, Н.Найдандоржийг 3 жилийн ял авах нь гэж бидэнд сэтгэл санааны том дарамт үзүүлсэн. Д.Тийн аавд би цагдаа нартай нь уулзсан, та хүүтэйгээ уулзах шаардлагагүй, би пүүз аваачиж өгсөн гэж хэлсэн. Би гайхаад чи яаж мэдэв гэхэд өгдөг юмыг нь өгөөд болцон гэж ярьсан. Тэгэхэд гайхаад би наад явдлыг чинь байцаагч, шүүгч, прокурор нарт хэлж болох уу гэхэд болно гэсэн. Мөн Д.Тийг байцаагдаж байхад уулзаж, ярилцсан нь айлгаж сүрдүүлэх эсвэл тохиролцсон байх магадлалтай, цүнхийг нь гэрлүүгээ авч явсан байсан, эцэг эхгүй гэж мэдүүлсэн байсан.

Д.Т, Н.Найдандорж нарыг баривчлан хорих анги руу ачиж байхад Н.Найдандоржийг суллан авсан. Эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаа нарт талийгаач Б.М болон Д.Т хоёрыг орон гэргүй, эцэг, эхгүй гэж ойлгуулсан байсан. Наранцэцэг овогтой Найдандорж, түүний ах болох Болдбаатар овогтой Амартүвшин нарт маш их гомдолтой байгаа тул гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр, хууль ёсоор нь хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна.

Гэмтлийн эмнэлэгт талийгаачийн цогцосыг авчирч гэрт байршуулах гэж төрсөн ах, эгч, аав, ээж бусад хамаатнууд нь очиход эмнэлэг танайх 2022 оны 4 дүгээр сарын 8-нд буюу 5 дахь өдөр авна гэж гарын үсэг зурсан байна гэж өгөхгүй байсан. Бид нар тийм юм байхгүй уулзаагүй байхад 2022 оны 4 дүгээр сарын 2-нд талийгаачтай орж уулзах гэж иртэл задлан хийж байна гээд эмч нар нь оруулаагүй гэж хэлсэн. Хэний гарын үсэг болохыг шалгаж өгнө үү. Мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн талийгаачийн хэрэг дээр ажилласан цагдаа нар болон эмнэлэгт маш их гомдолтой байна. Мөн шинжилгээний хариу хугацаандаа гараагүй, Б.М талийгаач эмнэлэгт хэдүүлээ очсон, хэн хэнтэй очсон, амийг нь аврах ямар ямар арга хэмжээ авсан, хэн гэдэг эмч сувилагч гэх мэдээлэл огт өгөөгүй. Үүнийг шалгаж өгөхийг хүсэж байна.

Н.Найдандоржийг сэжигтэнээр байхад яагаад гэрч болгов үндэслэл зөндөө байхад. Д.Тийн ар гэрт битгий мэдэгд гэж тушаасан бусад хүмүүс рүү нь болохоор гэрт нь мэдэгдсэн байж хэлсэн. Мөн Б.М талийгаачийн гэр бүлийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудаж бүгдийг нь явж болохгүй гэж өрөөнд хаалга хааж хорин, талийгаачийг хармаар байна гэж уйлан гуйхад явуулахгүй удаан байлгаж алтан цагийг минь хомсолсон нь талийгаач дээр очих цагийг санаатай хойшлуулсан байх магадлалтай гэж үзэж байна. Үүнээс болж задлан шинжилгээг хийгдэхээс өмнө уулзаагүй нь гэр бүлд маш их гомдол байгаа. Д.Т нь байцаагдаж байхдаа анх юунаас болсон гэж асуухад Н.Найдандоржоос болсон гэх хариултыг надад өгч байсан. Үүнийг үндэслэн Н.Найдандоржийг өөрийн биеэр хуралд оруулж Д.Ттэй нүүрэлдүүлж мэдүүлэг авахыг маш их хүсэж байна. Энэ цаг мөчөөс болж бид нар ах дүүсийн барилдлага тасарсан. Ийм ийм юмнуудад гомдож байна. Зүйл ангийг өөрчилсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Хохирлын 8.995.212 төгрөгийг талийгаачийн буяны ажилд зарцуулсан байхад үндэслэлгүйгээр хассан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хүүхдийг санаатайгаар алсан.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бунджавын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус дүүргийн шүүх 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гэм буруугийн болгоомжгүй үйлдэлээр хүний амь насыг хохироосон гэж үзэж хөнгөрүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шийтгэх тогтоолын 2.2.1 ...хохирогчийг алах гэм буруугийн санаатай хэлбэр сэдэлт зорилготой байсан гэж үзэх нотлох баримтыг тогтоогдоогүй гэжээ. Хавтаст хэргийн 60 дугаар талд гэрч Н.Найдандорж мэдүүлэхдээ “...архины шилээр Мөнх-Очирын зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохиход шанаанаас нь цус гарсан” гэж мэдүүлсэн. Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж тунхагласан. Гэтэл хүний амьд явах эрх рүү санаатайгаар халдаж байгаа нь болгоомжгүй үйлдэл гэж үзэхгүй байна. Хохирогч Мөнх-Очир амь насаа хамгаалахаар гэрээс зугтаахад нь Түвшинтөгс барьж авч унагаагаад толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохино, 2-3 удаа бөгс гуя руу өшиглөнө, хохирогч дахин зугтаахад араас нь гарч, мөн гэрт оруулж ирээд өшиглөнө. Ингээд хохирогч дахин зугтааж явна. Энэ хооронд Түвшинтөгсийн амнаас “ална” гэдэг үг байнга гарч байсныг Найдандорж гэрчилнэ. Гэтэл шүүх толгойн тус газар архины шилээр цохисон нь анхнаасаа хүн алах зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй гэж үзсэн. Шүүгдэгч хохирогчийн биед удаа дараа халдаж, зодож, нүдээд байгаа. Тэр байдлыг тэвчих аргагүй байснаас амь аврах зорилгоор гэрээс гарсан нь “осголт”-оос болж нас барсан гэж үзэх үндэслэл болж шүүгдэгчид зүйлчлэл хөнгөрүүлэх үндэслэл болжээ. Гэтэл хохирогчийн цогцост хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт “...олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд, осгож нас барахад цус багадалт нөлөөлсөн, биеийн ерөнхий цус багадалт үүсэж осголт түргэн явагдах нөхцөл болсон эд эрхтэний цусан хангамж багассан” талаар дүгнэлт мэдүүлэгтээ дурджээ. Дээрх байдлууд нь шууд шалтгаант холбоогоор үхэлд хүргэсэн, өөрөөр хэлбэл их хэмжээний цус алдалтаас шалтгаалан хүндрэл үүсч амь насаа алдсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тухайн үед хохирогчийн өмсөж явсан цэнхэр шорт, хар футболка, хар малгайтай цамц, цэнхэр жинс, шар оймс, хос гутал зэргийг хураан авсан тэмдэглэл байхад хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэж шийдвэрлэснийг, мөн хохирол бүрэн төлөгдөөгүй /5 сая төгрөг дутуу/ зэргийг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бунджавын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйл нь тус хуулийн бусад заалттай зөрчигдсөн. Ялангуяа энэ хуулийн 39.9 дүгээр зүйл заалттай зөрчилдсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг заасан. Үүнд буцаах заалт хэвээрээ байгаа. Гэвч зөрчигдсөн заалтыг үндэслээд давж заалдах шатанд гомдол гаргах эрхийг нь хязгаарласан хэрэг байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, 1.13 дугаар зүйлд заасан шүүхэд хандах эрхийг зөрчсөн заалт байна. Уг зүйл заалтыг хуулиар Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж зөрчилдөөнт байдлыг засах ёстой. Үүнээс үзэхэд 39.9 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхэд 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээ нь адилхан байна. Тэгвэл 39.9 дүгээр зүйлийг хүчингүй болгоогүй тохиолдолд үүнийг үндэслээд хэрэг маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд авч үзэхэд хуулийг үнэхээр буруу хэрэглэсэн, зүйлчлэлийг өөрчилсөн, мөн шүүхийн тогтоол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж байсан хэргийг 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгохдоо тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ төрвөл гэсэн энэ ойлголт байхгүй байна. Зүйлчлэл өөрчилсөн тохиолдолд заавал 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг заах ёстой боловч үндэслэлдээ журамлаагүй. Тиймээс тогтоол үндэслэл бүхий хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна. Мөнх-Очир нас барсан хэргийн хувьд гэрч Найдандоржийн мэдүүлгээр хамгийн сүүлд эргэж оруулан дахиад зугтахад нь гуя болон өгзөг рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Гуя руу нь өшиглөсөн гэмтлийн хувьд ил гэмтэл байхгүй ч гэсэн алхаж явах хөдөлгөөнд нөлөөлж хязгаарласан байхыг үгүйсгэхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хэдийгээр үхэлд хүргээгүй ч гэсэн гуя болон өвдөг, бусад хэсэгт нь явах үйлдэл хийхэд нөлөөлсөн байж болохоор зөөлөн эдийн гэмтэл байгаа. Найдандорж гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн цогцост задлан хийсэн дүгнэлт бол шинжлэх ухааны үндэслэлгүй осголт гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг шүүх болон прокурор үнэлж чадаагүй. Энэ нь осголтын шинж тэмдэг, дотор эрхтний шинж тэмдэг гараагүй, нотлохын тулд наад захын осголтыг шинжлэх шинжилгээ бол элэг болон зүрхнээс аваад химийн шинжилгээнд өгдөг. Эндээс гликоген буюу энерги нь шавхагдсанаар осголтонд ордог. Энэ шинжилгээг хийгээгүй байж шинжээч осголт гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл хэргийн нөхцөл байдлыг үзэхэд гэрээс гарч зугтсанаас хойш 2-3 цагийн дотор хохирогчийг тэнд хэвтэж байхад гэрч харсан байна. 4 дүгээр сард 2 цагийн дотор хүн осгох нөхцөл байдал үүсэхгүй. Гэтэл энэ дүгнэлт нь өөрөө хийх ёстой нэмэлт шинжилгээг хийгээгүй хэрнээ осголт гэж дүгнэсэн. Мөн дотор эрхтний шинжилгээгээр элэг, уушиг, зүрх, бөөр, нойр булчирхай нь цус багадалттай, цав цагаан өнгөтэй болсон байсан ба гэрэл зураг ч байгаа. Эдгээр эрхтнүүд нь цус багадалт гэж эсийн түвшинд хүртэл тогтоогдсон байна. Цогцосын онош буюу 1059 тоот дүгнэлтэд цогцосын толбоны бүдэг байдал гэж бичсэн байгаа. Хүүрийн толбо ямар үед бүдэг байдаг вэ гэхээр цус алдсан үед. Мөн шинжилгээгээр дунд зэргийн согтол гэсэн байгаа. Эхний шинжилгээгээр гэмтлийн зэргийг тогтоохдоо зөвхөн хуйханд байгаа шарханд болон биеийн зөөлөн эдийн гэмтлээс гэмтлийн зэргийг тогтоосон. Гэмтлээс үүссэн механик ил гэмтлээс гадна үйл ажиллагаанд нь нөлөөлөх үхэлд хүргэсэн нөхцөл байдлыг гэмтлийн зэрэг тогтоодог. Жишээ нь амыг нь дарсан бол амьсгал бүтэлтэнд ороод эргээд сэргэсэн бол хүнд гэмтэлд тооцогдоно. Гэтэл цус алдалт нь амьсгал бүтэлт шиг хүнд гэмтлийн зэрэг тогтоох шаардлагатай бие организмын нөхцөл байдал үүссэн. Ийм байдалд орсон байхад зөвхөн шарханд гэмтлийн зэрэг тогтоосон. Иймд гэмтлийн зэрэг болон үхлийн шалтгаан хоорондын шалтгаант холбоог анхан шатны шүүх хамааралгүй гэж үзсэн. Мөн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ буруу үнэлсэн. Хэдийгээр шинжээч осголт гэсэн боловч осголт нь цус алдаж цус багадалт үүссэнээс осголтод нөлөөлсөн, түргэн явагдах нөхцлийн үе болсон гэж шалтгаант холбоог нь тогтоосон. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг өөрчилж шийдвэр гаргасан. Гол асуудал нь шүүхийн тогтоолд маш ноцтой алдаа байгаа. Тухайлбал өөрчлөх үндэслэл гэдэгт гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэл, зорилгогүй байж гэсэн. Толгой руу нь цохисон үйлдлийг ямар ч санаатай үйлдэл биш юм шиг үзсэн. Хоёрдугаарт хохирогчийн зүй бус үйлдэл гэж өөрчилсөн. Зүйлчлэлийг өөрчлөхөд хохирогчийн зүй бус үйлдэл гэсэн ойлголт байхгүй. Гуравдугаарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлсөнгэсэн. Мөн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болно гэсэн. Гэтэл хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт нь зүйлчлэлийг өөрчлөх бодитой үндэслэл байгаагүй. Шалтгаант холбоог тогтоосон байсан. Шинжээчийн дүгнэлтэд дунд зэргийн согтолт гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх их хэмжээний согтолттой байсан учраас нас барсан байна гэж өөрчилсөн. Эдгээр нь зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд асуудалтай нөхцөл байдал байгаа ч Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг барин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч М.Одбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлье. Архины шилээр цохиж хүний амь насанд санаатай хохирол учруулсан гэж байна. Архины шилээр цохисон үйлдэлд шүүгдэгч Д.Т маргадаггүй. Цохисон үйлдлийн улмаас талийгаачид хөнгөн зэргийн гэмтэл гарсан байдаг. Осголтод цус алдалт нөлөөлсөн гэдэгт тухайн үед шинжээчээс мэдүүлэг авахад цус алдах болсон шалтгаан нь ухамсарт ухаангүй байдалд байсан учраас өөрийгөө осгож байна гэдгийг талийгаач мэдээгүй байжээ. Энэ нь осголт түргэн явагдахад нөлөөлсөн. Мөн 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хөрсний хэм -12 градус хүйтэн байсан. Эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амьд үлдэх боломжтой байсан гэдэг. Эдгээр дүгнэлтүүдийг хэлснээр шүүгдэгч архины шилээр цохисны улмаас шууд үхэлд хүргэх асуудал байгаагүй гэдгийг нотолж байна. Иймд архины шилээр цохиж хүнийг санаатай алсан гэх үйлдэл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт, осголт болох шалтгаан зэрэг мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд хангалттай авагдсан. Цус их хэмжээгээр алдах болсон шалтгаан нь толгойнд цохисон цус алдалтад их хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Учир нь архи их хэмжээгээр хэрэглэсний улмаас цус шингэрч, цус их хэмжээгээр гардаг гэж шинжээч эмч дүгнэлтдээ хэлсэн. Мөн хэрэгт авагдсан цусны зургууд маш их байна гэж байна. Тухайн үед хамраас нь цус гарч орчинг тэр чигт нь цус болгосон зургууд авагдсан байсан. Тэр болгоныг тархинаас гарсан цус гэж үзэх үү, үгүй юу. Шүүгдэгч Д.Т архины шилээр цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Архины шилээр цохисон үйлдлээ хүнийг санаатай алах санаа зорилго байгаагүй. Тухайн үед бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Талийгаачтай уулзахаас өмнө 3, 4 шил архи, пиво уусан байсан гэх мэдүүлгүүд байгаа. Үүнд хохирогчийн буруутай үйлдэл байхаас гадна золгүй явдал болсон гэх байр суурьтай байна. Үнэхээр тэр үед тусламж үзүүлсэн бол амьд байх байсан, харамсалтай байна. Хохирлын хувьд хамаатан садан учраас тухайн үед хохирлыг барагдуулж, гарын үсэг зуруулсан. Нэмж гарах хохирол, төлбөрийг төлөх асуудал нээлттэй байгаа.” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэргийг зүйлчлэхэд эргэлзээтэй байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдсэн. Шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн болгоомжгүйгээр хүнийг алсан гэж хөнгөрүүлж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогчийн хоёр өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралд оролцоогүй асуудал байгаа. Цус багадалттай холбоотойгоор шинжээч эмчээс мэдүүлэг авсан, дүгнэлтүүд гарсан. Хэдий хэмжээгээр цус алдсанг тогтоох боломжгүй байдаг. Цус багадалт гэмтлийн зэрэгт хамаарах уу гэхэд шинжээч эмч хамаарахгүй гэж хэлдэг. 4 шинжээч эмч осголт гэж нэгэнт дүгнэлт гаргасан. Талийгаачийн биед учирсан гэмтлийг хөнгөн гэмтэл гэж үзсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Төд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бунджав, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Тийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 77 дугаар гудамжны 5 тоотод оршин суух Н.Найдандоржийн гэрт 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Б.Мтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Д.Төд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Тийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй шүүгдэгч Д.Төд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Нотолгооны зорилго, агуулга талаас нь яллах нотлох баримт, цагаатгах нотлох баримт гэж ангилах бөгөөд яллах нотлох баримт нь гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэргийн нөхцөл байдлыг батлах, яллагдагчийн гэм бурууг нотлон тогтооход чиглэгдсэн баримтад мэдээллүүд юм. Цагаатгах баримт нь гэмт хэрэг гараагүй буюу тухайн гэмт хэрэг үйлдээгүйг батлах, хэргийн болон ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх үндэслэлийг нотлох буюу нөхцөл байдлыг няцаахад чиглэгдсэн баримтад мэдээллүүд юм.

Нотлох баримтыг үнэлэх ажиллагаа нь шүүгчийн дотоод итгэлээр хэрэгждэг болохоор ажил хэрэгтээ хуулийг дээдлэх үүднээс шударгаар хандах эрх зүйн өндөр ухамсартай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хуулийн агуулга заалтыг хэрэглэх, тайлбарлах өргөн мэдлэг чадвартай, хуулийг хэлбэртгүй сахин биелүүлэх соёлтой, ёс суртахууны өндөр түвшинтэй байх нь нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх, эрх зүйн ухамсарын гол шинжүүд болно.

Хавтаст хэргээс үзэхэд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 1059 дугаартай “...Талийгаачид зүүн чамархай хуйханд шарх, зулайн хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, ооч, баруун бугалга, зүүн шуу, цээж, баруун мөр, баруун тохой, баруун шуу, сарвуунд цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хацар, эрүү, хүзүү баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, нуруу, ахар сүүл, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нам хэвийн үйлчлэлээр осгож нас баржээ. Осгож нас барахад цус багадалт нөлөөлсөн байна. Талийгаач нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 07 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 1-3 цаг орчим болсон байна. Талийгаачийн ходоодонд бүрэн боловсорсон шингэн агууламжтай байна. Талийгаачийн цусанд 2.4 промилл, ходоодны шингэнд 2.7 промилл, спиртийн зүйл илэрсэн. Цусан дахь 2.4 промилл, спиртийн зүйлийн илрэл нь дунд зэргийн согтолтод хамаарна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэх дүгнэлт /2хх 51-56, 85-90/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 450 дугаартай “Талийгаач Б.Мын зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зүүн чихний дэлбээ, их бие, мөчдөөр зулгаралтууд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдээс зүүн чамархайн хуйхны шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний дэлбээ, их бие мөчдийн зулгаралтууд тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй. Талийгаач Б.М нь нам хэвийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ. 2022.04.02-ны 11.07 цагийн байдлаар талийгаач нь нас бараад 1-3 цаг болсон байжээ. Б.Мын биед учирсан зүүн чамархайн хуйхны шархнаас цус алдсан нь ерөнхий цус багадалт үүсгэж осголт түргэн явагдах нөхцөл болжээ. Талийгаач Б.М нас барах үедээ дунд зэргийн согтолттой, архи ихээр хэрэглэснээс ухамсарт ухаангүй болж хуйхны шархнаасаа цус алдаж цус багадалтад орон амархан осгох нөхцөл болжээ. Шинжээч эмчийн 1059 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /2хх 78-80/,

гэрч Н.Найдандоржийн “...Тэгээд би галаа түлээд дуусахад тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн ба Түвшинтөгс Мөнх-Очирт хандан “чи намайг хөдөөнөөс дуудаж авчраад хүмүүстэй нийлж зодож байдаг, Дэмбээтэй нийлээд хоёр дахь удаагаа болж байгаа шүү” гэхэд Мөнх-Очир би чамайг зодчихно шүү гээд Түвшинтөгсийн хацар луу нэг удаа алгадсан, тэр 2 заамдалцахад нь салгаад тэр 2 хоёр тийшээ болоод суусан. Тэгтэл Мөнх-Очир та хоёр намайг нийлж зодох гээд байгаа юм уу гэж хэлэхэд Түвшинтөгс “би хүн дуудаад явлаа, гар утсаа өгч бай" гэхээр нь би гар утасныхаа кодыг тайлж Түвшинтөгс өгөхөд Мөнх-Очир “п.... минь чамайг ална шүү” гээд Түвшинтөгс дээр очоод зууралдаад авахад би дундуур нь ороод “одоо больцгоо” гээд хоёр тал руу түлхсэн. Тэгтэл Мөнх-Очир ор авдар хоёрын завсар унасан ба Түвшинтөгс хойд буйдан дээр суусан. Мөнх-Очир босоод ирэхэд хамраас нь цус гарсан байсан. Надад Мөнх-Очир ор мөргөчих шиг боллоо гэж хэлсэн. Би Мөнх-Очирын цусыг тогтоох гээд салфетик өгөөд зогсож байхад Түвшинтөгс утсаар ярьж дуусаад “чи п.... яагаад томроод байгаа юм бэ” гээд ...гартаа байсан экс нэртэй архины шилээр Мөнх-Очирын зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиход шанаанаас нь цус гарсан. Одоо болиоч гэхэд энэнтэй чинь цуг алчихна шүү, намайг тавь гээд байсан. Мөнх-Очир гэрээс гарч зугтаах гэхэд угаалгын машины ойролцоо Түвшинтөгс Мөнх-Очирыг барьж авч газар унагаагаад гараараа толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиод авахад нь “болиоч ээ” гэхэд “ална шүү, цаашаа бай” гээд би дийлээгүй. Тэгээд Түвшинтөгс Мөнх-Очирын хажууд шалан дээр суучихаад, надад нэг архи хийгээд ир гэж хэлсэн ба Мөнх-Очир шалан дээр нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд намайг архи хийж өгөхөд та нар намайг барахгүй шүү, бүгдийг зодно шүү гэж хэлээд Мөнх-Очирыг 2-3 удаа гуя бөгс хавьцаа нь өшиглөөд баруун талын сандал дээр очоод суухад Мөнх-Очир гараад зугтаасан. Араас нь Түвшинтөгс гараад хашааны хаалганы хажууд Мөнх-Очирыг бариад газар чирээд буцаад гэр лүү оруулж ирээд өшиглөхөд би Түвшинтөгст хандан “чи болиоч” гэхэд “дуугүй байгаарай п.... минь” гээд байсан. Тэгээд хойд талын буйдан дээр Түвшинтөгс тамхи татаад сууж байхад Мөнх-Очир цусаа гоожуулаад босоод ирсэн ба Түвшинтөгс “буцаад хэвтээрэй ална шүү” гэхээр нь “чи болиоч” гэхэд “дуугүй бай, наадах чинь маргааш өглөө үхээгүй босоод ирвэл өөрөөр нь цусыг нь цэвэрлээд гаргана” гэж хэлсэн. Энэ хооронд Мөнх-Очир хаалганы түгжээг онгойлгоод гараад гүйсэн ба араас нь Түвшинтөгс Мөнх-Очирыг хөөсөн, барьж чадаагүй. Мөнх-Очир хашаа даваад зугтаасан, хашааны давсан хэсэг нь цус болчихсон байсан. ...” /1хх 60-61/ гэсэн мэдүүлэг авагдсан байх бөгөөд эдгээр баримтуудаар шүүгдэгч Д.Т нь амь хохирогчийг санаатай алсан нөхцөл байдал тогтоогдож байна.

            Хэрэг явдал болсон 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Н.Найдандоржийн гэрт амь хохирогч Б.М, Д.Т, Н.Найдандорж нар байсан бөгөөд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч Д.Тийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болж байна.

Хэргийн үйл баримт болон анхан шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, гэрч Н.Найдандоржийн “...шүүгдэгч Д.Т нь архи ууж согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Б.Мтой маргалдаж, Б.Мын зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиход шанаанаас нь цус гарсан, ...газар унагаагаад дээрээс нь гараараа толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан, ...2-3 удаа гуя, бөгс хавьцаа өшиглөсөн, ...бариад газар чирээд буцаад гэр лүү оруулж ирээд өшиглөхөд, ...энэ хооронд Мөнх-Очир хаалганы түгжээг онгойлгоод гараад гүйсэн ба араас нь Түвшинтөгс Мөнх-Очирыг хөөгөөд барьж чадаагүй. Мөнх-Очир хашаа даваад зугтаасан, хашаа давсан хэсэг нь цус болчихсон байсан. ...Тэгээд гэр нил цус болчихсон байхаар нь хадам уурлаад намайг хөөж магадгүй гэж бодоод Мөнх-Очироос гарсан цусыг цэвэрлэсэн юм.” гэсэн мэдүүлэг /1хх 60-61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 450 дугаартай “Талийгаач Б.Мын зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зүүн чихний дэлбээ, их бие, мөчдөөр зулгаралтууд үүсчээ. ...Талийгаач Б.М нь нам хэвийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ. ...Б.Мын биед учирсан зүүн чамархайн хуйхны шархнаас цус алдсан нь ерөнхий цус багадалт үүсгэж осголт түргэн явагдах нөхцөл болжээ. Талийгаач Б.М нас барах үедээ дунд зэргийн согтолттой, архи ихээр хэрэглэснээс ухамсарт ухаангүй болж хуйхны шархнаасаа цус алдаж цус багадалтад орон амархан осгох нөхцөл болжээ. Шинжээч эмчийн 1059 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /2хх 78-80/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 7-21 дүгээр хуудасны гэрэл зургийн үзүүлэлтээр цус мэт бохирлогдсон зүйлийг бэхжүүлж авсан байдал, цогцост үзлэг хийсэн “зүүн чамархайн хуйханд 2 см хэмжээтэй 3 ширхэг оёдол бүхий, 3, 9 цагт байрласан шарх авсан” гэх тэмдэглэл зэргээр хохирогч Б.Мын амь нас нь хохирсон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд шүүгдэгч Д.Тийн толгойн тус газарт архины шилээр цохисны улмаас Б.Мын биед учирсан зүүн чамархайн хуйхны шархнаас цус алдсан нь ерөнхий цус багадалт үүсгэж, осголт түргэн явагдах нөхцөл боломжийг бүрдүүлж, хохирогч хэсэг хугацааны дараа осгож нас барсан болох нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн тухайн хэрэг учрал болох үед байсан ганц гэрч болох Н.Найдандорж “...Түвшинтөгс утсаар ярьж дуусаад “чи п.... яагаад томроод байгаа юм бэ” гээд ...гартаа байсан экс нэртэй архины шилээр Мөнх-Очирын зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиход шанаанаас нь цус гарсан. Одоо болиоч гэхэд энэнтэй чинь цуг алчихна шүү, намайг тавь гээд байсан. Мөнх-Очир гэрээс гарч зугтаах гэхэд угаалгын машины ойролцоо Түвшинтөгс Мөнх-Очирыг барьж авч газар унагаагаад гараараа толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиод авахад нь “болиоч ээ” гэхэд “ална шүү, цаашаа бай” гээд би дийлээгүй. Тэгээд Түвшинтөгс Мөнх-Очирын хажууд шалан дээр суучихаад, надад нэг архи хийгээд ир гэж хэлсэн ба Мөнх-Очир шалан дээр нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан. ...Мөнх-Очирыг 2-3 удаа гуя бөгс хавьцаа нь өшиглөөд баруун талын сандал дээр очоод суухад Мөнх-Очир гараад зугтаасан. Араас нь Түвшинтөгс гараад хашааны хаалганы хажууд Мөнх-Очирыг бариад газар чирээд буцаад гэр лүү оруулж ирээд өшиглөхөд би Түвшинтөгст хандан “чи болиоч” гэхэд “дуугүй байгаарай п.... минь” гээд байсан. Тэгээд хойд талын буйдан дээр Түвшинтөгс тамхи татаад сууж байхад Мөнх-Очир цусаа гоожуулаад босоод ирсэн ба Түвшинтөгс “буцаад хэвтээрэй ална шүү” гэхээр нь “чи болиоч” гэхэд “дуугүй бай, наадах чинь маргааш өглөө үхээгүй босоод ирвэл өөрөөр нь цусыг нь цэвэрлээд гаргана” гэж хэлсэн. Энэ хооронд Мөнх-Очир хаалганы түгжээг онгойлгоод гараад гүйсэн ба араас нь Түвшинтөгс Мөнх-Очирыг хөөсөн, барьж чадаагүй. ...” /1хх 60-61/ гэж Д.Тийн гэмт хэргийн санаа зорилгыг тодорхой мэдүүлсэн байна.

Хохирогч Б.М нь энэ үйл баримтаас өмнө нас барах хүртлээ бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.

Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох зарчим нь эрүүгийн процессын бүхий л ажиллагаа, арга, хэлбэр бүхэн зөв зохистой, шударга бөгөөд хуульд нийцсэн байх шаардлагыг хангахад оршино. Тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримт, сэлт мэдээлэл болон гэмт үйл явдлын хоорондын орон зай, цаг хугацаа болон шалтгаант холбоо нь нотлох баримтын хамаарлыг бий болгож байна. Нотлох баримтын хамаарлыг зөв тогтоосноор хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бунджав, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт хүчин төгөлдөр байгаа хэдий ч мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг хүчингүй болсоноор Давж заалдах шатны шүүх тухайн эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурор, шүүхэд буцааж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь:

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;” заалтыг хүчингүй болсонд тооцсон”-оор шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хууль хэрэглээний алдаатай үйл ажиллагааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, өөрчилсөн тохиолдолд үүнийг зөвтгөн шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй юм.

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсчээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1208 дугаар шийтгэх тогтоолтыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Д.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 8-ны энэ өдрийг хүртэл 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1208 дугаар шийтгэх тогтоолтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ