Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/04127

 

 

 

 

 

 

 

 

2024 09 03

101/ШШ2024/04127

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт байрлах СХХК /регистрийн дугаар 0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0 тоот хаягт байрлах К ХХК /регистрийн дугаар 0/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр 14,305,765 төгрөг, алданги 7,152,883 төгрөг, эвдэрсэн барааны төлбөр 396,000 төгрөг нийт 21,854,648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

СХХК нь К ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн.

Бараа материалын тооцоогоор 2023 оны 8 сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 сарын 29-ний өдөр хүртэл нийт 1304 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-380 төгрөгөөр түрээслүүлж, нийт 8,115,600 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр барьцаа 4,000,000 төгрөгийг нэмж нийт 12,115,600 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг К ХХК болон түүний захирал П.А хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж 12,115,600 төгрөгийг төлсөн.

Түрээсийн үргэлжлэл болох Авлага өглөгийн товчоо тоогоор 2023 оны 9 сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 сарын 21-ний өдөр хүртлэх тооцоогоор 1204 ширхэг бараа материалыг 32-174 хоногийн хугацаанд нэг хоногийн 165-310 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 18,305,765 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Эвдэрсэн буюу акталсан 47 ширхэг барааны үнэ 396000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл 18,701,765 болсноос барьцааны үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хасч нийт 14,701,765 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан.

Алдангийн хувьд нийт төлбөр зохих үлдэгдэл төлбөр 14,701,765 төгрөгөөс эвдэрсэн буюу акталсан барааны үнэ болох 396000 төгрөгийг хасч 14305765 төгрөнөөс алдангийг тооцож, 2023 оны 9 сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 сарын 21-ний өдөр хүртэл 174 хоногийг нэг хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 12,446,016 төгрөгийн алданги гарч байх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 7,152,883 төгрөг болсон.

Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 14,305,765 төгрөг, акталсан барааны үнэ 396,000 төгрөг, алданги 7,152,883 төгрөг нийт 21,854,648 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч А.Ашүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

СХХК нь К ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр алдангид нийт 21,854,648 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.

Учир нь К ХХК нь түрээсийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд уг нэхэмжлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна. Бид 12,000,000 төгрөг болон 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь дансны хуулгаар баталгаажих болно гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээ, дутагдуулсан эд хөрөнгийн тооцоо, эвдрэл гэмтлийн үнэлгээ, батаа материалын тооцоо, авлаг өглөгийн товчоо, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус ирүүлсэн байна.

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч СХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 14,305,765 төгрөг, алданги 7,152,883 төгрөг, эвдэрсэн буюу актлагдсан барааны үнэ 396,000 төгрөг нийт 21,854,648 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртлэх хугацааны 1204 ширхэг барилгын материалыг нэг хоногийн 165-310 төгрөгөөр тооцож 18,305,765 төгрөг болсон ба барьцаа төлбөр болох 4,000,000 төгрөгийг хасч тооцож 14,305,765 төгрөг, эвдэрсэн буюу актласан 47 ширхэг барааны үнэ 396,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны буюу 174 хоногийн алданги 7,152,883 төгрөг нийт 21,854,648 төгрөг гаргуулна гэж тодорхойлж байна.

3.Зохигч талуудын хооронд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан нэг талаас хэв хашмал, сапуд зэрэг барилгын материалыг нөгөө талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нөгөө талаас 5 сарын хугацаанд ашиглан, бүтээгдэхүүн тус бүрийн үнийг 165-310 төгрөгөөр тооцож төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээний хуулбараар тогтоогдох ба дурдсан нөхцлөөр гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 4-6 дугаар тал/

Тус гэрээний дагуу талууд үүссэн төлбөр болон эд хөрөнгийн эвдрэл гэмтлийн үнэлгээг тооцоо нийлэн акт үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан байна. /х.х-ийн 7-9 дүгээр тал/

Нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт 14,305,765 төгрөг, эвдэрсэн актлагдсан барааны төлбөрт 396,000 төгрөг нийт 18,701,765 төгрөг төлөхөөр байх бөгөөд үүнээс хариуцагчийн барьцааны төлбөр төлсөн 4,000,000 төгрөгийг хасч тооцож 14,701,765 төгрөг төлөхөөр байна гэж тайлбарлаж байна. /хх-ийн 10-11 дүгээр тал/

Хариуцагчаас дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд түрээсийн гэрээний төлбөрт 12,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэх тайлбарыг бичгээр гаргасан.

4.Талуудын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга болон зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж дүгнэхээр байна.

Гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго, сэдлийн хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргийг түрээслүүлэгч талаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг заасан, түрээслэгчийн үүрэг болон мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасныг журамлан 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хугацаанд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний дагуу тус үүргийг гүйцэтгэхийг түрээслэгчээс шаардаж байгаа нь хуульд нийцэж байна.

5.Хариуцагчийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг төлсөн гэх татгалзлын үндэслэлийн тухайд, нэхэмжлэгчээс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 8,115,600 төгрөг, барьцааны төлбөрт 4,000,000 төгрөг нийт 12,115,600 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар нь эд хөрөнгө түрээслүүлэх үнэ болон дутагдуулсан эд хөрөнгийн үнийг төлүүлэх тухай гэх тооцооны баримтаар тогтоогдож байна.

Харин хариуцагчийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрт төлбөр төлсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт тооцсон 14,701,765 төгрөгийг хариуцагч К ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу алдангид 7,152,883 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх тул тус шаардлагын үндэслэл, тооцооллын хувьд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан гэрээний /түрээслэгчийн эрх, үүрэг/ 3.5-д, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилан мөнгөн хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэсэн нөхцөл тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэх бөгөөд гэрээнд заасан гэсэн үндэслэлээр алданги шаардаж байгааг буруутгах боломжгүй байна.

Харин алданги тооцсон үндэслэл, тооцооллын хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгааг дурдах нь зүйтэй.

Учир нь, алданги нь хууль болон гэрээнд зааснаар гаргуулах нэмэгдэл үүрэг, гэрээний хариуцлага юм. Энэ агуулгаар гэрээний үүргийн зөрчил гаргасан хугацаанаас хамаарч тооцогдох бөгөөд үүргийн зөрчлийг тухай бүрт хэрхэн тодорхойлсон болон нэмэгдэл үүрэг тооцсон үндсэн үүргийн тооцоолол тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч тал эд хөрөнгө түрээслүүлэх үнэ болон дутагдуулсан эд хөрөнгийн үнийг төлүүлэх тухай гэх баримтаар түрээсийн зүйлийн нэг бүрийн үнэ өөр өөр байх бөгөөд үүргийн зөрчлийн хугацааг тодорхойлох боломжгүй байна. /х.х-ийн 7 дугаар тал/

Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулга, нөхцлийг талууд өөрсдөө тодорхойлох, гэрээний чөлөөт байдлын зарчим хамаарах боловч тодорхой төрлийн гэрээний хариу төлбөр бүрийг зөв ялган тодорхойлж, тухай бүр тохирох үүрэг, хариуцлагын асуудлыг хуульд нийцүүлэн тохиролцох зохицуулалттай.

Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулсан агуулгаар түрээслэгч түрээсийн төлбөр төлөх үүрэг үүссэн байх боловч хариу төлбөр бүрээр ялган тодорхойлж, зөвхөн түрээсийн төлбөрт хамаарах үүргийн зөрчил, хугацаа, түүнд хамаарах нэмэлт үүрэг буюу алдангийг гэрээний үүргийн дагуу тодорхойлж нэхэмжлээгүй байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шаардлагаар алдангийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 7,152,883 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч К ХХК-иас 14,701,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,152,883 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч К ХХК-иас 229,457 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА