| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00567/И |
| Дугаар | 103/ШШ2024/00559 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2024/00559
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2024/00559 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, дээд боловсролтой, ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 39 дүгээр хороо, ******* ******* 22 дугаар авто бааз, 1 дүгээр байрны 3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь 1997 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргаж буй хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь 1996 оны 09 дүгээр сарын 16-нд Багануур дүүргийн 1******* дугаар цэцэрлэгт багшаар ажилд орж, 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүүхэд төрүүлсэн. Гэтэл хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаа буюу 1997 оны 01 дүгээр сараас 1998 оны 8 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын төлөлт бичигдээгүй, хүүхэд асрах чөлөөний тушаал гаргаагүй байх тул тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1997 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нярай хүүхдээ асрах хууль ёсны чөлөөгөө эдлэж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Багануур дүүргийн 1******* дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Г.******* шүүхэд гаргасан хүсэлттэй танилцлаа. Г.******* нь 1996 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус байгууллагад ажиллаж байсан. 1997 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан боловч тухайн үед тушаал гаргаагүй нь үнэн гэжээ.
3.Шүүхээс хэрэгт авагдсан: Иргэний үнэмэлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн 1******* дугаар цэцэрлэгийн даргын 1996 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 48, 1996 оны 09 дүгээр сарын 61, 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 65, 1997 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, Э. төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Багануур дүүргийн 1******* дугаар цэцэрлэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.******* нь хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жил дутсан гэжээ.
1.Г.******* нь Багануур дүүргийн 1******* дугаар цэцэрлэгт 1996 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тус байгууллагадаа ажиллаж байгаад, 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүү Э. төрүүлсэн, 1998 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгт орсон болох нь 1996 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 48, 1996 оны 09 дүгээр сарын 61, 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 65, 1997 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай тушаалууд, төрсний гэрчилгээний хуулбар, 3950 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 5-13 дугаар тал/
2. БНМАУ-ын 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д Эхчүүдэд хүүхдээ төрүүлэхээс нь өмнө 45 хоног, амаржсаны дараа 56 хоногийн амралт олгоно, 88 дугаар зүйлийн 1-д Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд хүүхдээ асрахад зориулж хүүхдийг 2 /ихэр бол 3 / настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил албан тушаалыг нь хэвээр хадгална гэж зааснаар ажил олгогч нь ажилтан Г.*******т хүүхэд асрах чөлөөг тушаалаар олгох үүрэгтэй байсан боловч чөлөө олгосон эсэх нь тодорхойгүй, эрхийн акт гаргаагүй болох нь тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Г.*******т үүсэж байх ба хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3. Монгол улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журам-ын 2 дахь хэсгийн 8-и-д төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцно гэж тус тус зааснаар түүний хүүхэд асарсан хугацааг улсад ажиллаж байснаар тооцох нь зүйтэй.
3.Г.******* нь 1998 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүүхдээ төрүүлсэн, хуульд зааснаар мөн өдрөөс амаржсаны дараах 56 хоногийн амралтаа 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл эдэлсэн, хүүхэд асрах чөлөөгөө 1997 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс авсан байх боломжтой, нийгмийн даатгалын дэвтрээс харахад 1997 оны 3 сараас эхлээд 1998 оны 8 сарыг дуустал бөглөгдсөн боловч шимтгэл төлөгдөөгүй байна.
Дээрх баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний үндсэн дээр хүсэлт гаргагч Г.*******ийг 1997 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримтыг тогтоон шийдвэрлэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Багануур дүүргийн 1******* дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.******* өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.6-д заасныг үндэслэж ******* овогт ******* *******ийг 1997 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ