Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 09

 

Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Х.О-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01390 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.О-д холбогдох,

“Зээлийн гэрээний төлбөр 648.447.59 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Орхон салбарын захирал О.Хаянхярваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Халзан овогтой Отгонзул ФА87032809 нь кредит картын зээлээ хугацаандаа төлөхгүй хугацаа хэтэрч байна. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 523 678.21 төгрөг, хүү 102 505.52 төгрөг, эрх хэтрүүлсэн 12 007.82 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 10 286.04 төгрөг, нийт 648 477.59  төгрөгийн зээлийн өртэй байгаа юм. Одоогоор ажлаа хэвийн хийж байгаа боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд Халзан овогтой Отгонзул /ФА87032809/-ын хариуцах дээр дурдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 648 477.59 /Зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан долоон төгрөг тавин есөн мөнгө /-г төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамж болох 20 155 /Хорин мянга нэг зуун тавин таван төгрөг/-г харилцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие Халзан овогтой Отгонзул нь Г банкнаас 2017 оны 6 дугаар сард 500 000 төгрөгийн кредит картын гэрээ байгуулан авч байсан нь үнэн. Миний бие 2019 оны 05 дугаар сараас хойш биеийн байдал муудаж эмчилгээ хийлгээд кредит картны төлбөрөө төлж чадалгүй өдийг хүрсэн ба энэхүү Г банкны нэхэмжилсэн 648 477.59 төгрөгтэй санал нийлж хүлээн зөвшөөрч байна. Энэхүү мөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах болно. Би анх 500 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Одоо үндсэн зээл гэж 523 000 төгрөг нэхэмжлээд байгаад гайхаж байна. Би энэ мөнгийг нэг удаа бүрэн төлж байсан. Дараа нь бол хүүгий нь хийгээд явж байсан. Сар бүр надад банкнаас мэдээлэл ирдэг байсан, тэр дагуу төлөлт хийж байсан...” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01390 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.О-аас 500 000 төгрөг гаргуулан Г банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс 148 477,59 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 155 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.О-аас 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзориг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Халзан овогтой Отгонзулд холбогдох Г банкны нэхэмжилсэн 648.477.59 төгрөгийг бууруулан 500.000.00 төгрөг харилцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэн гомдол гаргаж байна.

Тус харилцагч 500.000 төгрөгний зээлийн эрхтэй кредит карт авч хүү болон үндсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй өнөөдрийн байдлаар 10 сар буюу 300 хоног ямар ч төлбөр хийгээгүй байж кредит картын илүү зарцуулсан дүн /лимит хэтрүүлсэн нийт эрхийн 5% хүртэл эрх хэтэрч хэрэглэгдэх боломжтой/, хүүгийн төлбөр, торгуулийн төлбөрөө шүүх хурал дээр мэдэхгүй дүр эсгэн хүлээн зөвшөөрөхгүй байсан учир шүүхээс харилцагчийн авч байсан 500.000 төгрөгийг харилцагчаас гаргуулахаар шийдсэн. Тус харилцагч банкнаас хүүгүй зээл аваагүй, бэлэн 3,5% /сарын/ бэлэн бус 2,5%/ сарын/ хүүтэй карт авсан гэдгээ мэдэж байгаа. Шүүх хуралд дээр тайлбар хийхдээ өвчтэй байсан учир төлбөр хийж чадаагүй гэсэн. Энэ тухайгаа банкинд ганц ч удаа мэдэгдээгүй бөгөөд утсаар ярих боломж олгоогүй учраас цаг хугацаа явсаар зээлийн хүү болон торгуулийн хүү нэмэгдсэнг бас ойлгох хэрэгтэй байгаа юм. Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэн гомдол гаргаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Тус харилцагчаар үндсэн төлбөр болон хүү торгуулийн хүү эрх хэтрүүлсэн төлбөр болох 648.477.59 төгрөгийг гаргуулж Г банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Х.О-аас зээлийн гэрээний үүрэгт 648.477.59 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулсан ЗГ/401652538 тоот гэрээнд үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Х.О-тай 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 2 жилийн хугацаатай бэлэн бус гүйлгээний хүү 2%, бэлэн мөнгө авсан гүйлгээний хүү 3.5% зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдэл хүү 2%, хугацаа хэтрүүлсний нэмэгдэл хүү 1% төлөх болзолтойгоор эзэмших гэрээ байгуулжээ.

Хариуцагч Х.О- нь карт эзэмших эрхийн гэрээнд заасан үүргээ графикт хугацаанд нь төлж барагдуулахгүй гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон байна.

Карт эзэмших эрхийн гэрээнд зааснаар хариуцагч нь зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдэл хүү, эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү шимтгэл, үндсэн зээл төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд гэрээнд заасан зээл төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр зээлийг төлж барагдуулах үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний зээлийн эрхийн ерөнхий нөхцөлийг харгалзахгүй зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээндээ зааж болно гэж хуульчилсан байхад картын эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж хоёр нэмэгдүүлсэн хүү тусгасан нь хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт хийж үндсэн зээл 500.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагч Х.О-аас зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01390 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.О-аас 500.000 төгрөг гаргуулан Г банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс 148.477.59 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.О-аас 648.477.59 төгрөг гаргуулан Г банкны Орхон салбарт олгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.155 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.О-аас 15.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Орхон салбарт олгосугай...” гэснийг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.155 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.О-аас 20.155 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Орхон салбарт олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.104 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ