| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0012/Э/ |
| Дугаар | 06 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О-д холбогдох 1728001380113 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 23-нд Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ноён сум, 1 дүгээр багийн Мэлтэс гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Б.О, регистрийн дугаар КЗ......,
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвд С.Б ы биед цээжний өмнөх хэсэгт хөндий рүү хутгалж, бие эрх чөлөөнд халдан бие махбодод хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Б ы биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Өмнөговь аймгийн Ноён суманд архи хэтрүүлэн хэрэглэж С.Б ы биед хөнгөн гэмтэл учруулсан. Яагаад хутгалсанаа мэдэхгүй. Муудалцсан зүйл болоогүй. Хохирол төлбөр төлсөн гэв.
Хохирогч С.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 11 дүгээр сарын 26-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг болох Загийн худаг гэдэг газарт гэртээ байж байгаад Ноён сум руу явах ажил гараад өөрийн эзэмшлийн ява маркийн мотоциклоор ганцаараа явсан. 16 цагийн үед Ноён суманд хадам Нармандахын гэрт очиход тэнд хадам ээж Нармандах сургуулийн хүүхдүүдтэйгээ мөн баз хүргэн Б.О хөдөөнөөс ирчихсэн байсан. Цай унд уучихаад Б.О бид хоёр дэлгүүр явж би дэлгүүрээс нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад сумаас баруун хойшоо хөдөө тал руу гараад авсан архиа хувааж уучихаад буцаад сумын төв рүү ороод дэлгүүрээс Б.О нэг шил 0.5 граммын архийг худалдаж авсан. Бид хоёр хадамын гэрт нь очоод архиа задлаад нэг нэг аягалж байтал хадам ээж уурлаад битгий архи уугаад бай, ажил төрлөө бод гэсэн. Бид хоёр гэрээс гараад Хүргэн ах Өийн гэрт нь ороход тэнд Ө ах ганцаараа байсан. Ө ахын гэрт ороод гэрийн баруун талд газар суусан, миний дээд талд Б.О суугаад нөгөө архийг хуваагаад ууж байсан. Би тасарчихсан байсан, нэг мэдсэн миний цээж хэсгээс цус гараад хувцас руу цус гоожоод цээж хавьд хөндүүрлээд өвдөж байсан. Би хутгалуулчихлаа гээд хэлтэл Б.О миний дээд талд сууж байсан. Өөө сумын эмнэлэг, цагдааг дуудсан. Удалгүй сумын эмч ирж намайг үзээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Тэр үед би их согтсон байсан, ухаан санаа орж гараад байсан. Б.О тай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг сэрэхэд намайг хутгалчихсан байсан. Намайг Б.О хутгалсан, Ө ах чамайг Б.О цээж хавьд чинь нэг удаа хутгалсан гэж хэлсэн. Маргааш нь намайг эмнэлэгт байхад Б.О хүрч ирээд би чамайг өчигдөр орой хутгалчихсан байна, яагаад хутгалсанаа ойлгохгүй байна гэж хэлсэн. Б.О их согтолттой байсан. Ө ах архи уугаагүй эрүүл байсан. Б.О ын биед гэмтэл учраагүй, зүгээр байсан. Намайг анх сум руу очоод уулзахад Б.О хүнс хийх гэж байгаад больчихсон гээд эвхдэг жижиг хутга халааснаасаа гаргаж ирээд надад үзүүлж байсан. Хүрэн бор өнгийн иштэй жижиг эвхдэг хутга байсан. Б.О хүнд их тусархуу зан ааш сайтай залуу байгаа юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй байна... “ гэжээ. /хх-10-11/,
Иргэний нэхэмжлэгч, хохирогч С.Б ы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Б.О надад уртаараа 20 см хэмжээтэй эвхдэг бор өнгийн иштэй хутга үзүүлж байсан. Миний биед Б.О гэмтэл учруулсан, цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгаар хутгалсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэжээ. /хх-12/,
Шүүгдэгч Б.О ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сумын төвд манай баз хүргэн С.Б тай таараад хоёулаа хоёр шил 0.5 граммын Ерөөл архи аваад Ө ахынд очсон. Бид хоёр нэг шил архиа ууж дуусаагүй байж байхдаа маргалдсан юм шиг байгаа юм. Нэг мэдсэн С.Б чи намайг хутгаар дүрчихлээ шүү дээ гэж байсан. Тэгсэн гаднаас Ө ах орж ирээд эмнэлэг, цагдаа дуудсан юм байгаа юм. Гаднаас цагдаа орж ирээд намайг гавлаад аваад явсан. Бид хоёрыг архи ууж байхад хажууд хадам ээж Хандмаа байсан. Бид хоёр урьд нь маргалдаж байсан удаа байхгүй. Би С.Б ы цээж хэсэг нь өөрт байсан эвхдэг хутгаар дүрсэн. Бид хоёр тухайн үед их согтуу байсан, зарим юмаа санахгүй байна. Би хүнс хийх гээд гэрээс хутга авсан байсан юм. Миний биед гэмтэл, шарх, сорви байхгүй... “ гэжээ. /хх-17/,
Гэрч С.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөө зөөлөнгийн энгэрээс хүнс хоол дөхүүлэх гээд Ноён сум ороод төвд байдаг Өөө гэх айл очиж машины сэлбэг асуух гээд очтол Өөөгийнд Б.О , С.Б нар халамцуу байсан. Өөөгөөс машины сэлбэгээ үзэх гээд Өөө бид хоёр гэрээс гараад явсан. Эргээд ороод ирэхэд С.Б намайг Б.О дүрчихлээ гэсэн. Сумын эмнэлэг, цагдаа дуудах юм болоод явсан. Удалгүй эмч хүрээд ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэжээ. /хх-18/,
Гэрч Т.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 11 дүгээр сарын 26-нд ээлжинд гараад ажилтай байсан. Орой 20 цагийн үед гэртээ очиж хоолоо идэх гээд ирсэн чинь Б.О , С.Б нар хоорондоо маргалдсан бололтой С.Б ы цээж нүцгэн энгэрээс цус гоожсон цамцаараа дараад байж байсан. Би сумын хэсгийн цагдаад очиж хэлчихээд ажил руугаа явсан. ...би ажил дээр байсан болохоор сайн мэдэхгүй байна. Намайг очиход С.Б ы цээж хэсгээс цус гарсан байдалтай цамцаараа дарсан байсан. Би айгаад сайн харж чадаагүй, гэдсээ дараад доош тонгойсон байсан...” гэжээ. /хх-20/,
Гэрч Д.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би сумын төвд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүүхэд хараад гэртээ байж байсан. Гаднаас манай хүргэн Б.О С.Б нар 19 цагийн үед манай гэрт нэг шил 0.5 граммын Ерөөл архи уух гэхээр нь хөөгөөд гаргасан. Хэсэг хугацааны дараа манай хажуу айлын Гэрэлмаа орж ирээд Б.О чинь С.Б ыг хутгалчихлаа гэж байсан. Гэрэлмаа эргээд гараад явсан. Би гэртээ байж байсан, очиж үзээгүй. Гэрэлмаа эмнэлэг, цагдаа дуудаад байх шиг байсан. Өөр мэдэж байгаа зүйл байхгүй...” гэжээ. /хх-21/,
Гэрч Б.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би гэртээ байж байсан чинь орой 21 цагийн үед манй эмнэлгийн ээлжийн сувилагч ш.Уянга утсаар залгаж хутгалуулсан хүн гэнэ яааралтай дуудлага ирлээ гэж хэлхэд би ажил дээрээ очиж сувилагчаа аваад жолооч Түвшинбаяртай хамт сумын төвийн хойд байранд айлд очиход Т.Ө айл байсан гэрт орход С.Б нь цзэж нүцгэн шалан дээр цус гоожсон хувцасны шүүгээ хоёр хөлөө жийсэн байдалтай толгойгоо унжуулсан байдалтай байж байсан Б.О нь гэрийн баруун талд доошоо хараад хэвтсэн цагдаа очсон гавлах гээд байж байсан тэгээд хүнээ үзэхэд дуудхад хариу урвал үзүүлэхгүй амьсгал хэвийн зүрхний цохилттой байсан С.Б ыг үзэхэд өвчүүний зүүн хэсэгт 5-р хавираны харалдаа зүсэгдсэн байдалтай шархтай, шарнаас бага зэрэг цус гарч байсан цус тогтоох тариа хийж би хүнээ эмнэлэг дээр авч ирж шархыг шалгахад хутганы шарх нь цааш 3 см орчим гүн орж хавирга тулж зогссон мэсний шарх байсан амин үзүүлэлтийг хянаж цус тогтоох тариа хийж архи үнэртэж байсан тул цус тогтоох тариа хийсэн тухайн хүн юм ярьж асуултанд хариулж эхэлсэн...” гэжээ /хх-23/,
Гэрч Т.А ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 11-р сарын 26 ний орой 20 цагийн орчимд Т.Ө гэх залуу манай эхнэрийн дүү Б.О нь хүн хутгалчлаа гэсэ дуудлага ирж, уг дуудлагын дагуу очиж шалгахад Б.О нь нэлээн би хүн хутгалчлаа гээд гэрийн баруун талд хэвтэж байсан гэрийн баруун урд хэсэгт С.Б нь дөрвөн хөлөлцөн бөхийцөн хэвтэж байсан тэгээд гаднаас эмч ирээд С.Б ыг аваад явсан би Б.О ыг цагдаагийн хэсэг дээр авч ирж тандалтаар үлээлгэхэд согтолттой гарсан тандах багаж нь хувь заадаггүй болно би тэгээд цагдаагийн алба хаагчын хяналтанд авч өглөө хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн...” гэжээ. /хх-24/,
Шүүгдэгч Б.О ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 1987 оны 08 дугаар сарын 23-нд Өмнөговь аймгийн Ноён сумын төрсөн, айлын бага хүүхэд болж төрсөн, Аав Б гэдэг намайг бага байхад нас барчихсан, ээжийг Ц.Т гэдэг би сумын сургуульд ороод 3 дугаар ангидаа суруулиас гарчихсан. 2006 онд Дорноговь аймгийн Хулинхээрийн 0168-р цэргийн ангид нэг жилийн хугацаатай албыг хааж дуусгачихаад 2007 оноос хойш Ноён сумандаа ирээд хөдөө мал дээрээ байсан.2011 онд ЭХ-ийн 181.3-р 3 жил, 6 сарын ял авсан. 2014 онд Улаанбаатар хотын Дамжин өнгөрүүлэх шоронд ял эдэлж байгаад гарсан. 2014 онд Өмнөговь аймгийн Ноён сумын 1 дүгээр баг /Сайран/. Мэлтэс гэдэг газарт өвөлжиж байна. Эхнэр Д.Д 2 хүүхдийн хамт амьдардаг юм.
Би 2017 оны 11 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг болох Мэлтэс гэдэг газарт гэртээ байж байхад манай ээж Тогтох утсаар залгаад өнөөдөр манайх хүнс хоолоо авна хүрээд ирээ гэж хэлсэн.Би тэгээд өөрийн эзэмшлийн ява маркийн мотоциклиор ээжийнд очоод тэнд хүнс хоолыг авч өгчихөөд тэгээд сумын төв рүү орж бензин авах гээд Ноён сум руу ганцаараа явсан.Тэгээд сумын төвд 16 цагийн үед ирээд хадам ээж Н ын гэрт очоод цай унд уучихаад сумын колонк руу явж мотоцикльдоо бензин авчихаад явж байтал сумын дэлгүүрийн гадаа нь С.Б тай таараад тэр дэлгүүрээс С.Б нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад тэгээд бид хоёр сумаас баруун тийшээ гарч хөдөө тал дээр тэр архийг С.Б бид хоёр хувааж уучихаад буцаад сумын төв орж би дэлгүүрээс нэг 0.5 граммын Ерөөл нэртэй архийг аваад тэгээд сумын төвийн гэр хороололд байдаг хадам Нармандахын гэрт очоод Нармандахын гэрт тэр архийг жаахан ууж байгаад гэрээс гараад хажу.. талын гэрт нь орсон тэгэхэд тэр гэрт нь манай хүргэн ах Ө ганцаараа байсан.Тэгээд тэр хугас шилтэй архийг С.Б бид хоёр хувааж уучихаад хоорондоо юм яриад сууж байгаад би тасарчихсан байсан нэг мэдсэн чинь С.Б “чи намайг дүрчихлээ” гэсэн би тэгээд сэргээд хартал С.Б гэрийн зүүн хойд талд цээжээ гараараа дараад сууж байхаар би гэнэт ухаан ороод хүргэн Өыг яаралтай эмч , цагдаад хэл гэж хэлчихээд байж байтал эмнэлгийг хүмүүс иртэл араас нь сумын цагдаа орж ирээд намайг гэрээс аваад гарсан. Тэгээд намайг цагдаагийн газар авчирсан.
Тухайн үед би тасраагүй байж байхдаа С.Б тай маргалдсан зүйл байхгүй харин тасараад цаашаа юу болсоныг санахгүй байна. Би архи уусан согтуу байсан. Би С.Б ы цээжин тус газар нь тонгорог хутгаар хутгалсан. Би хохирогчид тухай бүрт нь эмчилгээний зардал ..” гэжээ. /хх-32-34/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-7/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-9/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-14/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-25-26/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №581 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “С.Б ы биед цээжний өмнө хэсэгт /өвчүүний харалдаа/ хөндий рүү нэвтрээгүй зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-27/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-28-29/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-30/,
Хувийн баталгаа гаргасан баримт /хх-31/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-35-42/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/,
Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол /хх-46-48/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-49/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-51,59/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-52/,
Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн Засаг даргын тодорхойлолт /хх-53/,
Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-54/,
Эвлэрлийн гэрээ /хх-56/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-57/,
Хүсэлт хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-58/,
Эмчлүүлэгчийн карт /хх-60-62/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хх-63/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-64-65/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-66/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-67-69/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-70/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвд С.Б ы биед цээжний өмнөх хэсэгт хөндий рүү хутгалж, бие эрх чөлөөнд халдан бие махбодод хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Б ы бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 581 дугаартай шинжээч эмчийн: “С.Б ы биед цээжний өмнө хэсэгт /өвчүүний харалдаа/ хөндий рүү нэвтрээгүй зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо . Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.О ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял санал болгосон ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б д хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсэгт бор өнгийн модон оруулгатай, цагаан өнгийн 20 см урттай ажлын хэсэг нь 7.5 см урттай хутганы ажлын хэсгийн төгсгөлд stainless steel гэсэн бичигтэй эвхдэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь
хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсэгт бор өнгийн модон оруулгатай, цагаан өнгийн 20 см урттай ажлын хэсэг нь 7.5 см урттай хутганы ажлын хэсгийн төгсгөлд stainless steel гэсэн бичигтэй эвхдэг хутгыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ