Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1169

 

Ц.Т, Б.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/749 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Т, Б.Б нарт холбогдох 2102 00484 0034 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...., 19... оны ... дүгээр сарын ....-ний өдөр .... аймагт төрсөн, .... настай, э....., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .....нарын хамт ..... дүүргийн ... дугаар хороо, ..... гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн .... дугаар хороо, .... тоотод түр оршин суух хаягтай, /РД:....../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 914 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн;

2. ......, 20... оны .... дугаар сарын .....-ний өдөр ..... төрсөн, .... настай, э......., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “........” ХХК-д ....... ажилтай, ам бүл ...... хамт ..... дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар ..... хороолол, .... дүгээр байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

Ц.Т нь 2021 оны 10 дугаар сарын 5-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “9-н 9” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан нийт 8.3057 грамм буюу 15 ширхэг капсултай морфин /Morphine/-ын агууламжтай хориглосон мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 5-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “9-н 9” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 12.2377 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Т, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Т, Б.Б нарыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.Тг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тд оногдуулсан ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар урьд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 2 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсон шийдвэрээс эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 4 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 173 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 15 ширхэг капсултай, 8.3057 грамм жинтэй эм мэт зүйл /морфин/, 12.2377 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэж буруутган ял оноосон. 2021 онд мөн энэ бодисоор 2 жилийн зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн. Тухайн үед мөрдөгч “Өршөөлийн хуульд орох болохоор зүгээрээ, гялс шийдвэрлэхгүй бол өршөөлд хамрагдахгүй” гэж хэлсэн. Ингээд хэргээ гялс шийдүүлэх гээд хууль зүйн туслалцаа аваагүй нь үнэхээр миний буруу. Миний биедээ авч явсан сэтгэцэд нөлөөлөх бодисыг морфин гэж ангилж байгаад гайхаж байна. Тухайн бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байсан бол би хэрэглэхгүй байсан. Эм гэж өдөрт 3 удаа уудаг байсан. Уух үед огт сэтгэцэд нөлөөлж, мансуурч байгаагүй. Фейсбүүкт түрүү булчирхай, чалханд сайн гэсэн эм байхаар нь дугаар руу нь залгаад захиалж авсан. Эмний хайрцаг дээр декстра морфин хэрэглэх заавар гээд гадаадаар бичсэн эм байсан. Шийтгэх тогтоолд миний биеэс илэрсэн гэх морфин гэх бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн жагсаалтад байхгүй байхад шинжээчийн гаргасан гэх дүгнэлт эх сурвалжгүй. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын сайтад байхгүй. Морфин гэх зүйл байна гэж дүгнэлтийг үндэслэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, бодит байдалд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14-д зааснаар нотлох баримтыг цуглуулахдаа эд мөрийн баримтаар тооцсон морфин нь мансууруулах төрлийн бодисд хамаарах эсэх талаар харьцуулсан болон тухайн эм бэлдмэлд хамаарах эсэх талаар ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Өөрөөр хэлбэл шинжээч өөрийн тусгай мэдлэгээс хэтэрсэн, баримтгүй зүйлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын жагсаалтаар хориглосон гэх боловч өөрийнх нь мэдүүлэгт дурдсан “Unodc” гэх сайтад нь албан ёсоор бүртгэгдээгүй байхад мансууруулах төрлийн бодисд хамаарна гэж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Шүүх хоорондоо зөрүүтэй шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэжээ. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зөрүүтэй нотлох баримтаар ял оногдуулж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа бөгөөд хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан байна. Иймд дээрх зөрүүтэй нотлох баримтыг үндэслэн ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ үнэхээр мансууруулах бодис мөн гэж тогтоовол анхан шатны шүүхээс надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Тгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Учир нь Ц.Тг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болох 1961 оны эмийн жагсаалтад орсон морфин гэх бодисыг 15 ширхэгийг биедээ хадгалсан гэж буруутгаад байгаа юм. Ц.Т хэлэхдээ “Би фейсбүүкээс олж авсан. Нэршил нь декстра-морфин гэж байсан” гэж хэлдэг. Миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд тавьсан шаардлага нь яллах дүгнэлтэд бичигдснээр шинжээч эмчийн гаргасан дүгнэлтэд ерөнхий нэршлээр нь бичсэн байсан. Ц.Тгийн биеэс гарсан 15 ширхэг капсул эмнээс морфин илэрсэн. Морфин нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын мансууруулах эмийн тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн байдаг. Миний зүгээс шүүх хуралдааны үеэр “1961 оны эмийн жагсаалтад морфин өөрөөр хэлбэл дан нэршлээрээ байхгүй, конвенцид байна гэж Ц.Тд ял оноосон нь хэр хууль зүйн үндэслэлтэй вэ” гэж маргасан. Гэтэл шинжээч эмч “Нэгдсэн Үндэстний Байгууллагын жагсаалтад багтдаг бөгөөд үүнийг “Unodc” гэх тусгай сайтад байдаг” гэдэг. Би “та энэ сайтыг тусгай мэдлэгийн хүрээнд үнэлээд гаргаж байгаа бол сайтаа үзүүлнэ үү, ядаж утаснаасаа сайт руу ороод морфин гэх бодисыг мансууруулах эмийн жагсаалтад багтдаг гэвэл өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд ямар нэгэн тайлбар хэлэх шаардлага байхгүй” гэж хэлсэн. Жагсаалтад байдаг гэж ярьсаар байгаад анхан шатны шүүх хэргийг шийдсэн. Шүүгдэгч Ц.Тд мөрдөгч “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа болохоор чиний үйлдсэн хэрэг зорчих эрх хязгаарлах ял авна, бугуйвч зүүнэ” гэж хэлснийг сонсоод ямар нэгэн эрх зүйн туслалцаа, өмгөөлөгч аваагүй байдаг. Шүүгдэгч морфин нь тухайн конвенцид байдаг, байдаггүй талаар сайн мэдэхгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээсэн. Эрүүгийн хариуцлага зөрчсний улмаас хорих ял болсон. Өмнө нь давж заалдах шатны шүүхээр хянасан шүүхийн магадлал байгаа. Декстра морфин нь мансууруулах эмийн жагсаалтад байхгүй учраас мансууруулах төрлийн эм бэлдмэл гэж үзэхгүй гэсэн хууль зүйн агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байдаг. Тэгэхээр энэ асуудалд шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэгэнт хэргийн үйл баримтыг давж заалдах шатны шүүх хэн нэгэн хүний гаргасан гомдол, эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр дүгнэдэг. Ийм учраас миний зүгээс анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн“ гэж байгаа. Ц.Т урьд нь зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээсэн. Анхан шатны шүүхээс хүндрүүлж байгаа үйл баримт нь ямар учраас хүндрүүлж байгаа нь ойлгомжгүй. Улсын яллагчаас тухайн шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн нөхцөл байдал, мэтгэлцээний явцад Ц.Тд нээлттэй хорих ангид 1 жил 6 сарын хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэсэн хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзээд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын хугацааг нэмсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгосон. Иймд шүүх бүрэлдэхүүнийг декстра-морфин гэж нэрлээд байгаа эмийг 1961 оны мансууруулах эмийн жагсаалтад байхгүй байгааг, мөн гэм буруугийн асуудлыг шийдэж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юу, мөн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц байгаа. Монгол улс энэхүү конвенцид 84 дугаартай гэрээгээр нэгдэн орж, эрх зүйн нэгдсэн системд хэвлэгдэн орсон. Энэхүү гэрээний заалтыг би хэвлээд ирсэн. Шаардлагатай бол өмгөөлөгчид үзүүлж болно. Нэгдүгээр жагсаалтад морфин гэх нэршлээрээ байгаа нь харагдаж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч оролцохдоо “Unodc” гэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын сайт байгааг дурдсан. Энэхүү сайтын хайлт хэсэг рүү нь ороод 1961 оны конвенц гээд хайвал 3 дахь хэсэгт байгаа. Үүнийг 6 улсын хэлээр татаж авах боломжтой. Энэхүү конвенцийг тухайн сайтаас ороод хэвлээд авчирсан. 1 дүгээр жагсаалтад морфин гэх нэршлээрээ байгаа. Ц.Тгийн гаргасан гомдолд “сайт руу орж үзсэн, байхгүй байна” гэсэн. Шаардлагатай гэвэл сайт руу одоо ороод үзүүлж болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна. Мөн ялын хувьд 3 жилийн хорих ял оногдуулж, хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 1-5 жилийн хорих ялаас 3 жилийн хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ц.Тгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.Т нь 2021 оны 10 дугаар сарын 5-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “9-н 9” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан нийт 8.3057 грамм буюу 15 ширхэг капсултай морфин /Morphine/-ын агууламжтай хориглосон мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 5-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “9-н 9” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 12.2377 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч Л.Пүрэвсүрэнгийн “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн "9-н 9” зочид буудалд хэрүүл маргаан болоод эмэгтэй хүн зодоод байна гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгахад тус буудлын 502 тоот өрөөнд 19-21 орчим насны 8 залуучууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба иргэн Ц.Т нь сэжиг бүхий байсан тул биед нь үзлэг хийхэд капсул савлагаатай зүйл биеэс нь илэрсэн. Улмаар өрөөнд байсан иргэдийн биед үзлэг хийхэд иргэн Б.Бат-Эрдэнийн биеэс савлагаатай өвс мэт зүйл илэрсэн. ...” гэх тэмдэглэл /1хх 12/,

хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “9-н 9” нэртэй 5 давхар, саарал өнгийн гадартай урд зүгт харсан 1 ширхэг орц, гарц бүхий хаалгатай объект байв. Хэргийн газрын хамгаалалт авсан алба хаагч дэд ахлагч Л.Пүрэвсүрэн нь 5x5.5 см харьцаатай өнгөгүй тунгалаг, гялгар уутанд жижиглэж нунтагласан ургамал байх ба ургамлыг Б.Бат-Эрдэнийн өмсөж явсан цамцны баруун халааснаас, 20x14 см харьцаатай өнгөгүй тунгалаг гялгар ууттай, 15 ширхэг улаан, цагаан өнгийн капсултай эм, эмийн гаралтай бүтээгдэхүүнийг Ц.Тгийн биеэс гарч ирсэн тул хураан авсан гэх яриа өгүүллийг дэд ахлагч Л.Пүрэвсүрэн гаргасан болохыг тэмдэглэлд тусгав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-8/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...Ц.Тгээс дээж авахад ТНС /Марихуан/ илэрсэн. ...” гэх тэмдэглэл /1хх 179-181/,

гэрч Н.Дөлгөөний “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Бат-Эрдэнэ, Золбоот, Тэмүүжин, Ичинхорлоо, Хонгороо, Ундрал бид нар хороололд уулзаад 28 дугаар сургуулийн зүүн урд байрлах “9-н 9” зочид буудалд хоёр ортой 2 өрөө аваад орсон. Бат-Эрдэнэ бид хоёр гараад 5 ширхэг том пиво авч ирэхэд Банзрагч “Тэмүүжин дуудаад байхаар нь ирлээ” гэчихсэн сууж байсан. Тэгээд бид нар хамтдаа нэг өрөөндөө авсан пивоо уугаад сууж байхад Банзрагчийн найз гэх эрэгтэй шавар гэдэг нэртэй сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис халааснаасаа гаргаж ирээд Тэмүүжин, Банзрагч болон Банзрагчийн найз гэх эрэгтэй тухайн шавар гэх зүйлээ тугалган цаасаар ам руугаа сороод байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. ...Цагдаа ирээд шалгахад Бат-Эрдэнээс өвс гарч ирсэн. Хаанаас нь гарч ирснийг сайн анзаараагүй. Тэмүүжингийн куртикний халааснаас ууттай эм шиг зүйл гарч ирсэн. ...Бат-Эрдэнийг мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй гэж боддог. Бат-Эрдэнийн найз нь хэрэглэдэг гэж сонсож байсан. ...” /1хх 17, 85-86, 201/,

гэрч Р.Ичинхорлоогийн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Золбоот уулзъя гээд 22 цагийн үед намайг ирж авсан. Тэгээд буудалд орж уухаар болоод хорооллын эцэст байх “9-н 9” нэртэй зочид буудлын 502, 503 тоотыг аваад 502 тоотод бөөнөөрөө орсон. Золбоот, Дөлгөөн хоёр дэлгүүр орж пиво авч ирсэн ба тэр хоёрыг гарсны дараа Банзрагч нэг зүйл гаргаж ирээд тугалган цаасан дээр тавьж асаагаад тойруулаад сорсон. Би хоёр удаа сорсон. Тэгээд манараад сууж байхад цагдаа орж ирж шалгасан. Бат-Эрдэнээс өвс гарч ирсэн. Би өмнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж үзээгүй. Цагдаагийн хэлтэс дээр ирээд бид нарыг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест тавихад “ТНС” хэрэглэсэн гэж гарсан. Гирагийн /Тэмүүжин/ хар өнгийн савхин куртикны халааснаас капсултай эмийг цагдаа нар гаргаж ирсэн. Мөн Б.Бат-Эрдэнийн халааснаас өвс гаргаж ирсэн. Цагдааг ирсэн байхад нь Бат-Эрдэнэ өвсөө буйдангийн завсраар нуух гэж байгаад цагдаад баригдсан. ...” /1хх 21-22, 203/,

гэрч Н.Банзрагчийн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хүүхдийн 100”-д найзуудтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нэлээн согтоод найз Сонинбаяртай уулзаад Тэмүүжинтэй яриад Бичил хорооллын “9-н 9” нэртэй буудалд байна гэхээр нь очсон. Тэмүүжинтэй хамт урьд нь харж байгаагүй нэлээн олон танихгүй хүн байсан. Бид нар буудлын өрөөнд пиво ууж байтал гэнэт шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис гараад ирсэн ба тэнд байсан бүх хүмүүс татаад байх шиг байсан. ...Тэгээд гэнэт цагдаа нар ороод ирсэн. ...Тэнд байсан хүмүүсийн биед нэгжлэг хийхэд Тэмүүжингийн куртикны халааснаас эм гарч ирсэн. Бат-Эрдэнэ гэдэг залуугийн халааснаас өвс гарч ирсэн. ...” /1хх 41, 208/,

гэрч Ч.Золбоотын “...Тэр өдөр буудалд ороод байж байтал цагдаа нар ирээд бүгдийг нь нэгжих үед Бат-Эрдэнээс гялгар уутанд боосон өвс, Тэмүүжингийн савхин куртикний халааснаас эм шиг зүйл гарч ирсэн. ...” /1хх 84/,

гэрч Л.Пүрэвсүрэнгийн “...Шар цамцтай байсан Тэмүүжин гэх залуугийн регистрийг албаны таб дээр хийгээд үзтэл мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр ял авсан нь гарч ирсэн. Ингээд улам сэжиг төрөөд биед нь үзлэг хийсэн. Тэгтэл Бат-Эрдэнийн цамцны баруун талын халааснаас гялгар уутанд боосон өвс мэт зүйл гарч ирсэн. Мөн Тэмүүжингийн өмсөж байсан куртикнээс гарч ирсэн. ...Б.Б, Ц.Т нар нь нэлээн манарсан байдалтай байсан ба Энхбаяр эхлээд Тэмүүжин гэх залуугийн өмдний халааснаас гялгар ууттай улаан, цагаан өнгийн алаг капсултай эм гарч ирсэн. Дараа нь Б.Б гэх намхан шар залуугийн биед үзлэг хийж байгаад нунтаг ногоон өнгийн өвс шиг зүйл гаргаж ирсэн. ...” /1хх 199-200, 2хх 140/,

гэрч Э.Энхбаярын “...Тэнд байсан нэг залуу хувцасныхаа халааснаас нэг зүйл гаргаад орны хажуу руу шидэх үйлдэл гаргах гээд байхаар нь очиход гарт нь өвс байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсийг нэгжиж үзэхэд Тэмүүжингийн хар өнгийн савхин куртикнээс эм мэт зүйл гарч ирсэн. ...Тэмүүжин гэх залуугийн өмдний халааснаас гялгар ууттай эм мэт зүйл гарч ирснийг хурааж авсан. Тэр гялгар ууттай эм нь улаан, цагаан өнгө алагласан капсултай эмнүүд байсан. ...” /2хх 130-131, 134/,

гэрч Э.Эрдэнэдалайн “...Хэргийн газарт ороход цагдаагийн дэд ахлагч Л.Пүрэвсүрэн нь Б.Б, Ц.Т нарын биеэс нунтаг ургамал, эм, эмийн гаралтай бүтээгдэхүүн гарч ирсэн гэж хэлсэн. Иргэдийн биеэс гарч ирсэн бодисууд нь уг буудлын өрөөний ширээн дээр ил тавьсан байхаар нь үзлэг хийж хураан авсан. Нунтаг ургамлыг Б.Бат-Эрдэнийн өмсөж байсан цамцны халааснаас, эм мэт зүйл нь Ц.Тгээс гарч ирсэн гэж хэлсэн. ...” /2хх 136-138/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4739 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Б УХ00261136” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.” /1хх 122-123/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4801 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “9-н 9” зочид буудалд Бат-Эрдэнийн биеэс гарсан өвс мэт зүйл гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 12.2377 грамм байна.” /1хх 132-134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4800 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эм мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “9-н 9” зочид буудалд Ц.Тгийн биеэс гарсан 15 ширхэг, капсултай эм мэт зүйл” гэж хаягласан улаан, цагаан өнгийн капсултай эм мэт зүйлээс Морфин /Моrphine/ илэрсэн. Морфин /Моrphine/ нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн капсултай эм мэт зүйлийн цэвэр жин нь 8.3057 грамм байна.” /1хх 136-138/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 209 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ц.Т ФБ99112115” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.” /1хх 184-186/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ц.Т, Б.Б нарыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Тгийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “9-н 9” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан нийт 8.3057 грамм буюу 15 ширхэг капсултай морфин /Morphine/-ын агууламжтай хориглосон мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “9-н 9” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 12.2377 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Т “...Шийтгэх тогтоолд миний биеэс илэрсэн гэх морфин гэх бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн жагсаалтад байхгүй байхад шинжээчийн гаргасан гэх дүгнэлт эх сурвалжгүй. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын сайтад байхгүй. Морфин гэх зүйл байна гэж дүгнэлтийг үндэслэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, бодит байдалд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. ...Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зөрүүтэй нотлох баримтаар ял оногдуулж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа бөгөөд хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан байна. Иймд дээрх зөрүүтэй нотлох баримтыг үндэслэн ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ үнэхээр мансууруулах бодис мөн гэж тогтоовол анхан шатны шүүхээс надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, борлуулах, тээвэрлэх, илгээх явдал нь нийгэмд аюултай, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учир төрөөс эдгээр гэмт хэргийн нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт  хэргийн бүлэгт багтаасан байна.

Энэхүү гэмт хэрэг нь /бодис нь/ хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой бөгөөд хүний биед улиг муу зуршил бий болгодог, хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархинд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг учир нийгмийн хор аюул, уршиг нь оршино.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг “хадгалах” гэдэг нь уг бодисыг санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж байх, биедээ авч явахыг ойлгоно. 

Нэгдсэн Үндэстний байгууллагын 1988 оны Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенц, ийм бодисын тухай Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц зэрэгт тус тус зааснаар тодорхой нэр төрлийн бодисуудыг хамааруулахаар тодорхойлсон.

Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улс 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Вена хотноо баталсан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцид 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нэгдэн орсныг соёрхон баталсан.

Монгол Улсын Олон Улсын Гэрээ 84. “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн Удиртгал хэсэгт “хүн төрөлхтөний эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл зовниж, мансууруулах эмд донтох нь хувь хүнд ноцтой гай зовлон, хүн төрөлхтөнд нийгэм, эдийн засгийн аюул учруулахыг хүлээн зөвшөөрч, мансууруулах эмийг урвуулан хэрэглэхийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахад уялдуулан зохицуулалт, бүх нийтийн үйл ажиллагаа шаардлагатай гэж үзэж, мансууруулах эмийн талаархи одоо мөрдөж буй гэрээнүүдийг сольж, мансууруулах эмийг гагцхүү анагаах ухааны болон эрдэм шинжилгээний хэрэглээгээр хязгаарлаж, ийм зорилго, зорилтод хүрэхэд олон улсын байнгын хамтын ажиллагаа, хяналт тавих тухай заасан нийтээр хүлээн зөвшөөрөх олон улсын конвенц байгуулахыг эрмэлзэн дараахь зүйлийг хэлэлцэн тохирсоны дотор,

j\ “Мансууруулах эм” гэж 1 болон 2 дугаар жагсаалтад орсон байгалийн болон нийлэг бодисын аль нэгийг хэлнэ.

Хяналтанд хамрагдах бодис, 1. Тодорхой мансууруулах эмээр хязгаарласан хяналтын арга хэмжээнээс бусад тохиолдолд 1 дүгээр жагсаалтад орсон мансууруулах эм нь энэхүү конвенцийн дагуу мансууруулах эмийн хувьд хэрэглэх хяналтын бүх арга хэмжээ, ялангуяа 4 дэх хэсгийн /c/ дэд хэсэг, 19, 20, 29, 30, 31, 32, 33, 34, 37 дугаар зүйлд заасан арга хэмжээнд хамрагдана.

1 дүгээр жагсаалтын 67 дугаар хүснэгтэд “Morphine Morphine methobromide”, /and other pentavalent nitrogen morphine derivatives, including in particular the morphine- N-oxide derivatives, one of which is codeine- N-oxide/ нэртэйгээр орсон бөгөөд энэхүү хүснэгтэд заасан нэршил нь шинжээчийн 4800 дугаартай дүгнэлтээр “Ц.Тгийн биеэс гарсан 15 ширхэг, капсултай эм мэт зүйл” гэж хаягласан улаан, цагаан өнгийн капсултай эм мэт зүйлээс Морфин /Моrphine/ илэрсэн. Морфин /Моrphine/ батлагдсан” гэсэнтэй тохирч байна.

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис гэж тодорхой тоо чанарын шинжтэй материаллаг обьект бөгөөд ийм бэлдмэл бодис болохыг эмнэлгийн байгууллагын мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоодог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.

4 дүгээр зүйлийн 4.1-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараахь байгууллага ашиглаж болно.”, 4.2-т “Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.” гэж тус тус заасан бөгөөд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, эмчийн заалтаар эм хэрэглэх жор авсаны дагуу олж авсан, хэрэглэсэн бол гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй бөгөөд шүүгдэгч Ц.Тд эмчийн заалтаар буюу эм хэрэглэх жор авсан өвчтөн биш байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт анхан шатны шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмуудыг баримталдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “...нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулсан нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршин суух бүртгэлтэйг харгалзан түүнийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх хүрээ хязгаарыг өөрчлүүлэх талаар хүсэлтээ зохих албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэх боломж нээлттэй болохыг тэмдэглэж байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/749 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Ц.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 8-ны энэ өдрийг хүртэл 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/749 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.Т-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...шүүгдэгч Б.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж,

3 дахь заалтын “...түүний нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “...түүний нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 58 /тавин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ        

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ