Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/00542

 

 

 

 

 

 

 

2024 01 23

101/ШШ2024/00542

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух, Е /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0 байранд байрлах Г олон улсын бүрэн дунд сургууль холбоо /0/-нд холбогдох,

Сургалтын төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 1,441,176 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нарийн бичгийн дарга А.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний хүү Е.М нь 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн 2а ангид суралцаж байсан боловч, сургалтын чанар муу, багш тогтворгүй, байнга солигддог шалтгаанаар тус сургуулиас шилжсэн.

Гэтэл сургалтын төлбөрийг 2 дахин ихээр бодож, суутгаж авсан буюу нийт 35 хоног хичээлд суусан байхад 70 хоногоор тооцож, 2,882,352 төгрөгийг авсан ба үүнийгээ сургалтын гэрээнд заасан гэж тодорхойлсон.

Хууль, журмаас давсан хүчин төгөлдөр гэрээ гэж байх боломжгүй ба тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаа, хариуцлаггүй байдлаас шалтгаалж бид хүүхдээ өөр сургуульд шилжүүлж, сэтгэл санаа цаг хугацаа санхүүгээр хохирч байна.

Миний хүү 2022 оноос Г сургуульд суралцсан боловч, тус сургууль болон удаагийн асуудлаар манай гэр бүлд олон удаагийн асуудал гаргаж байсан, нүүрээ гэмтээж байсан, үе тэнгийн хүүхдүүдийн хүчирхийлэлд өртөж байсан. Тухайн сургуульд миний бие олон удаагийн хүсэлт өгч байсан, надад ч гэсэн албан бичгээр хариу өгч байсан боловч, сургалтын чанартай холбоотой асуудал сайжраагүй. Энэ жилийн хувьд ангийн багш болон англи хэлний багш солигдсон, багш нь эцэг эхэд мэдэгдэхгүй байдлаар солигдсон. Ингээд хүүхэд 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 35 хоног хичээлд суусан байхад төлбөрийг буцаан олгохдоо эцэг эхтэй байгуулсан гэрээний дагуу гэж 70 хоногоор тооцож суутгаж авч үлдээд буцаан олголт олгосон. Монгол улсын ямар хууль тогтоомжид тэгэж заасан байдаг юм бэ? Нийт сургалтын төлбөр 7 сая төгрөгөөр гэрээ хийсэн боловч, 2,882,352 орчим төгрөг суутгасан. Нийт сургалтын төлбөрөө хичээлийн шинэ жилийн ажлын өдөрт хувааж боддог юм шиг байсан.

Нийт сургалтын төлбөрөө хичээл орсон хоногтоо хуваагаад нэг долоо 205,882 төгрөг, 1 өдрийн төлбөр 41,416, хичээлд суусан хоног 35, суутгал хийх хоног 70 хоног гэж тооцсон. Гэрээн дээрээ 2 дахин үржүүлж тооцно гэж заасны дагуу 2,882,352 төгрөгийг суутгаж авсан байна. Манайд 4,117,647 төгрөгийг буцааж өгсөн. Хүүхдийн сэтгэл санаа болон эрүүл мэндтэй холбоотойгоор нэхэмжлэх эрх бидэнд байгаа байх гэж бодож байна.

Иймд суугаагүй хугацааны төлбөрт суутгаж авж үлдсэн 1,441,176 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус сургууль нь 2002 оноос өнөөг хүртэл тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Герман хэлний хөтөлбөр, Кэмбрижийн олон улсын хөтөлбөр, Үндэсний цөм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ.

Сурагч Е.М нь 2022-2023 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцсан бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд 2 дугаар ангид суралцаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжсэн болно.

Тус сургуулийн Төлбөртэй сургалтын гэрээ-ний 12 дугаар зүйлийн 12.5 -д заасны дагуу хичээлийн жилийн дундаас сургалтын гэрээ цуцлахад хичээлд суусан хугацааг 2 дахин нэмж, нийт төлсөн төлбөрөөс хасаж, үлдэгдэл дүнг буцаан олгодог. Сургууль нь тухайн хичээлийн жилд сурагчийн суудлын тооны дагуух сургалтын төлбөрөөр багш ажилтны цалин хангамж, сургалтын орчин, урсгал зардал, хичээл сургалтын үйл ажиллагааны зардалд зарцуулдаг бөгөөд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс дээрх заалтыг оруулсан болно. Хичээлийн явцад сул суудал гарч, сургалтын хэвийн үйл ажиллагаа доголдохоос сэргийлж, Сургуулийн дотоод журам-ын 15 дугаар зүйлийн 15.2.6-д заасан болно.

Сурагч Е.Мийн асран хамгаалагч Төлбөртэй сургалтын гэрээ-ний дагуу сургалтын төлбөр болох 7,000,000 төгрөг төлснөөс 2023.09.01-ээс 2023.10.20 хүртэл хичээлд суусан ирцээр 9 дүгээр сард 20 хоног, 10 дугаар сард 15 хоногт нийт 35 хоног хичээлд суусныг Төлбөртэй сургалтын гэрээ-ний 12.5 заалтын дагуу суутган 2,882,352.94 төгрөгийг авч үлдсэн 4,117,647.06 төгрөгийг буцаан олгосон болно. (2023-2024 оны хичээлийн жил нь бага ангийн хувьд 34 долоо хоног буюу 170 хоногийн хичээлийн өдөртэй болно).

Талуудын хооороонд үүсэн маргааны хувьд суралцсан хугацааны хувьд маргаан байхгүй. Төлбөрийн хэмжээ дээр маргахгүй, нэхэмжлэийн шаарлага сургуулийн буруутай үйл ажиллагааны улмаас болж гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна. 35 хоног сурсан байхад 70 хоногоор тооцож байгаа дээр маргах юм байна. Гэрээнд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байгаа. Г сургуульд нийт 837 хүүхэд суралцаж байгаа, тэндээс янз бүрийн шалтгаанаар сургуулиас гардаг. Гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.2 дэх хэсэгт эцэг эхийн санаачилгаар гэрээг цуцлах юм бол 2 дахин үржүүлсэн хоногоор тооцно гэж заасан байдаг. Энийг зөвхөн суралцсан хугацаагаар нь тооцож байна гэж ойлгож болохгүй. Учир нь ийм аргаар гэрээний биелэлтийг хангуулах зорилготой. Яагаад энэ хоногоор нь тооцоод байгаа вэ гэхээр тэр хүүхэд тухайн жил суух ёстой байснаас өөр хүүхдийн сурах боломиийг хааж сургуульд ордог. Нөгөө талдаа сургуулийн эргэлтийн хөрөнгө хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс бүрддэг. Хавар нэгдүүгээр сард ороход нь дараа жилийнх нь төлбөрийг авдаг. 5 болон 6 дугаар сард урьдчилгаа 30 хувийг авдаг, шалтгаан нь зуны хугацаанд засвараа хийх, багш нараа цалинжуулах зорилготой. Энэ гэрээн дээр бол талууд тохироод гэрээ хийгддэг. Хууль журмаар давсан гэдэг утгыг ойлгохдоо энэ тухайн хуулийн зохицуулалт байхад гэрээнд нарийвчлан заагаагүй байна гэж байна. Энэ асуудал нь ямар хууль журамд юу гээд заасныг бид нар гэрээндээ зөрчсөн болохыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байна. Гэрээний үүргийг хангуулахтай холбоотойгоор урьчилгаа авагдаг нь Монгол улсын хэмжээнд бүхий л харилцаан байдаг л зүйл. Энэ бол зөвхөн манай хувийн сургууль биш, бүх хувийн сургууль дээр явагддаг зарчим. Гэрээндээ бол ямар ямар тохиолдолд эцэг эхийн санаачилгээр гэрээг цуцалж болох юм бэ гэдгийг гэрээнд тусгасан байдаг. Үүнд айл өөрөө гадаадад оршин суух, эцэг эх нь нас барсан бол гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан олгодог байгаа. Хүүхдийн хүчирхийлэл, багш солигдсон нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж байгаа хэдий ч тэр талаар баримт нь хэрэгт байхгүй байна гэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс сургалтын гэрээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, хариуцагчаас байгууллагын дотоод журам, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтуудыг тус тус өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Е нь Г олон улсын бүрэн дунд сургуульд холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл төлбөр 1,441,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Нэхэмжлэгч Э.Е болон Г олон улсын бүрэн дунд сургууль нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Г сургуулийн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах сургалтын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 3-6 дугаар тал/

Энэхүү гэрээгээр 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын үндсэн төлбөр 7,000,000 төгрөг байхаар тохиролцож, нэг талаас төлбөр төлөх үүргийг, нөгөө талаас гэрээгээр тохирсон сургалтын үйлчилгээ үзүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

3.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

4.Нэхэмжлэгчээс 1,441,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023-2024 оны сургалтын гэрээнээс татгалзаж, хүү Е.Мийг өөр сургуульд шилжүүлсэн тул нийт төлсөн 7,000,000 төгрөгөөс 35 хоногийн суралцсан хугацааны төлбөр болох 1,441,176 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Хариуцагчаас хүүхэд 2023 оны хичээлийн шилд 35 хоног суусан, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, хүүхдээ өөр сургуульд шилжүүлсэн болон сургалтын төлбөрт шилжүүлсэн 7 сая төгрөгөөс 2,882,352 төгрөгийг хасаж, 4,117,647 төгрөгийг буцаан өгсөн үйл баримтын талаар маргаагүй.

6.Харин хариуцагчаас сургалтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5-д заасны дагуу суралцагчийн хичээлд суусан 35 хоногийн хугацааг 2 дахин нэмж 70 хоногоор тооцон, нийт төлсөн төлбөрөөс хасаж, үлдэгдэл дүнг буцаан олгохоор тохиролцсон тул 1,441,176 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

5.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар маргаагүй тул үүргийн зөрчилтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийх шаардлаггүй байна.

6.Сургалтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5-д ...1 долоо хоног хичээллэсэн бол 2 долоо хоногийн, 2 долоо хоног хичээллэсэн бол 4 долоо хоногийн гэх мэтээр хичээлд суусан хугацааг 2 дахин нэмж, нийт төлсөн төлбөрөөс хасаж, үлдэгдэл дүнг буцаан олгоно гэж заасан байна.

Хөлсөөр ажиллах гэрээний хувьд нэг талаас гэрээгээр тохиролсон ажил үйлчилгээг үзүүлэх бөгөөд нөгөө талаас түүнхард тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчаас гэрээний дээрх заалтыг ...тухайн хичээлийн жилд суралцах ёстой байсан өөр хүүхдийн сурах боломжийг хааж гэрээ байгуулсан. Нөгөө талдаа сургуулийн эргэлтийн хөрөнгө хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс бүрддэг сургуулийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой гэж тайлбарлаж байна.

7.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлүүдэд гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, хариуцлагын үүргийн талаар зохицуулсан байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Мөн 232 дугаар зүйлийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж заасан.

8.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар суралцаагүй 35 хоногийн сургалтын төлбөр болох 1,441,176 төгрөгийг хохирол гэж үзэх үйл баримт тогтоохгүй байхын зэрэгцээ нотлогдохгүй байна.

Мөн дээрх заалтыг сургуулийн зүгээс суралцагч талд гэрээнээс татгалзсаны улмаас хүлээлгэх хариуцлагын заалт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага үг болон эс үйлдэхүйн, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

Гэрээний 12 дугаар зүйлийн 12.5-д ...1 долоо хоног хичээллэсэн бол 2 долоо хоногийн, 2 долоо хоног хичээллэсэн бол 4 долоо хоногийн гэх мэтээр хичээлд суусан хугацааг 2 дахин нэмж, нийт төлсөн төлбөрөөс хасаж, үлдэгдэл дүнг буцаан олгоно гэх хэлцлийн агуулга нь үг зүйн болон утга агуулгын хувьд хохирол болон хариуцлагын үүрэг хүлээлгэх зохицуулалт гэж үзэхээргүй байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

10.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г олон улсын бүрэн дунд сургуулиас 1,441,176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ед олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэгт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г олон улсын бүрэн дунд сургуулиас 1,441,176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ед олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г олон улсын бүрэн дунд сургуулиас 38,009 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ед олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА