| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/07359/И |
| Дугаар | 101/ШШ2024/03249 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/03249
2023 06 25 101/ШШ2024/03249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ********байрлах, ******* ******* ******* /РД:*******/-д холбогдох,
72,891,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие "******* гурпп" *******-тай 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр НХТЗ/19 "Үйлчилгээний талбай захиалгын гэрээ"-г байгуулсан. Гэрээгээр Улаанбаатар хот, *************** гудамж, ************ давхарт *** тоот, ***********талбай бүхий үйлчилгээний талбайг ***-ийг нь 6,500,000 төгрөг, нийт 52,975,000 төгрөг, нийт төлбөрийг 100 хувь төлж худалдан авсан.
Гэвч өнөөдрийг хүртэл миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөөгүй, үйл ажиллагаа явуулъя гэхлээр үйл ажиллагаа явүүлах ямар ч боломжийг огт олгодоггүй нөхцөл байдлыг үүсгэж, өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Үйлчилгээний талбай захиалах гэрээг байгуулаад 2 жил 8 сарын хугацааг аваад байна. Энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гарган өгч, миний мэдэлд шилжүүлэх болов уу гэж олон сар жилээр нь харсан боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин ч миний худалдаж авсан талбайг "******* гурпп" ******* нь бусдад буюу гэх дэлгүүрт түрээсэлсэн байдалтайгаар үйл ажиллагаа явулж байна.
Бидний хооронд байгуулсан гэрээнд Захиалагч нь төлбөрийг төлөх, гүйцэтгэгч нь биет байдлын болон эрхийн зөрчилгүйгээр үйлчилгээний барилгыг барьж, гэрээний хавсралтад заасан хэсэгт ***** талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Гэвч Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ үл ухамсарлаж, захиалагч миний захиалсан талбайг өгөхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй, үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхгүй өнөөдрийг хүртэл явуулсан. Очоод уулзахлаар хэл амаар доромжилдог, гэх дэлгүүрт худалдааны төвийн 1-4 давхрыг худалдана, мөнгийг чинь одоо өгөх боломжгүй гэх мэт зүйлийг ярьж, намайг олох ёстой байсан орлого, гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөөр хохироож байна. Өнөөдөр энэ мөнгийг хадгаламжид хадгалаад байж байсан бол тодорхой хэмжээгээр өсөх, бусдад түрээсэлсэн бол олох ёстой байсан орлого төдий хэмжээгээр нэмэгдэхээр байсан.
******* ******* ******* нь уг барилгыг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ашиглалт оруулсан бөгөөд хүлээлгэж өгч байна гэж акт үйлдсэн ч өөрсдөө аваад үлдсэн. Бидэнд өгөөгүй, худалдаа үйлчилгээний талбайг оруулж танилцуулж байснаар өөрөөр хүлээлгэж өгөөгүй.
Үүний дараагаар бодитоор худалдаа, үйлчилгээний талбайг хүлээлгэж өгөөгүй өнөөдрийг хүрээд байна. Иймээс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ашиглалтад орсон худалдаа үйлчилгээний талбайг хүлээлгэж өгөхгүй байгаа учраас 14 хоногийн хугацаанд хүлээлгэж өгөх боломжоор хангахыг удаа дараа хүссэн. Гэвч энэхүү 14 хоногийн хугацаанд хүлээлгэж өгөөгүй тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 500,000 төгрөгөөр түрээсэлж нийт шүүхэд хандах хүртэл 25 сарын хүү 12,500,000 төгрөгийг гаргуулна.
Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг үндэслэн 52,975,000 төгрөгийг энгийн хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож 2021.10.01-2023.11.01-ны өдөр хүртэл 1 сарын 0,56 хувь /энэ нь жилийн 6.8 хувийн хадгаламжийн хүүгээр тооцсон/. 1 сард төлөх хүүгийн төлбөр 296,660 төгрөг, нийт 25 сарын 7,416,500 төгрөг гаргуулна.
Иймд Үйлчилгээний талбай захиалгын гэрээг цуцалж, үндсэн төлбөрт шилжүүлсэн 52,975,000 төгрөг, олох ёстой байсан орлого 12,500,000, хүү 7,416,500 төгрөг, нийт 72,891,500 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ш.******* нь үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний дагуу хугацаандаа нэхэмжлэгч талаас 100 хувь гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагч хугацаандаа талбайг ашиглалтад оруулаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлж авахад шаардлагатай материалыг захиалагчид өгнө гэх үүрэг хүлээсэн боловч уг талбай нь бүхэлдээ банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар өнөөдрийн хүртэл үйлчилгээний талбай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлдөө баталгаажуулж авах бичиг баримтыг гаргаж өгөөгүй, гаргаж өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд нэхэмжлэгч удаа дараа хугацаа тогтоогоод хүлээсэн боловч тодорхой үр дүн гараагүй. Тиймээс гэрээнээс татгалзаад үндсэн төлбөрт шилжүүлсэн 52,975,000 төгрөг, олох ёстой байсан орлого 12,500,000 төгрөг, хүү 7,416,500 төгрөг нийт 72,891,500 төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д ...гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Ш.******* нь тухайн үед ээжийнхээ хадгаламжийг цуцлаад төлбөрт төлсөн 52,975,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Арилжааны банкны дундаж хүү болох жилийн 6.8 хувиар бодоод 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тооцоод нийт 25 сарын 7,416,500 төгрөг, түрээслүүлсэн бол олох ёстой байсан орлого 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шууд учирсан хохирол болж байна. Тиймээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу хариуцагч үүнийг төлөх үүрэгтэй. Үндсэн гэрээний үнийн дүн болох 52,975,000 төгрөгт мөн гэрээнээс татгалзсантай холбогдуулан хариуцагч тал маргадаггүй. Тийм учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* *******-ийн зүгээс Ш.*******г гэрээний төлбөр төлсөн асуудал дээр маргахгүй бөгөөд тухайн талбай болон Нийслэл худалдааны төвийн барилга нь бүхэлдээ Худалдаа Хөгжлийн банкны зээлийн гэрээний барьцаанд байгаа, тус банкинд хийгдэх зээлийн төлбөр графикийн дагуу төлөгдөж байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн талбайн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх асуудал дээрх барьцааны асуудлаас шалтгаалан хойшилж байгаа болно.
Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Ш.*******гийн олох ёстой байсан орлого гэх 12,500,000 төгрөг, энгийн хугацаагүй хадгаламжийн хүүг жилийн 6,8 хувийн хүүгээр тооцож нэхэмжилж буй 7,416,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гэрээ хууль ёсны дагуу байгуулсан. Үүн дээр хариуцагч тал маргахгүй. Худалдаа үйлчилгээний талбай захиалгын гэрээ гэсэн нэртэй боловч үндсэндээ Худалдах, худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан. Үндсэн гэрээний үнийн дүн болох 52,975,000 төгрөг дээр маргах зүйл байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний зүйлд талбай захиалах гэрээ хамаарах магадлалтай гэж үзэж байна. Энэ нь гэрээнээс татгалзах зүйл нь өгсөн, авснаа буцаах, төлбөр шилжүүлсэн бол төлбөрийг буцаах зохицуулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдэл 19,916,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэжмлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, "******* гурпп" ******* болон Ш.******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрий НХТЗ/19 "Үйлчилгээний талбай захиалгын гэрээ", барилгын план зураг, Хугацаагүй хадгаламжийн дансны нөхцөл нэртэй хүснэгт, өмгөөлөгч Д.Хишигбаяр болон нэхэмжлэгч Ш.******* нарын хооронд байгуулагдсан 2023.10.30-ны өдрийн 2023/01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ш.*******гийн иргэний үнэмлэхийнэ хуулбар, Голомт банкны дугаартай дансанд Нийслэл худалдааны төв 3-19 тоот талбай захиалгын төлбөр Ш.******* утгаар 52,975,000 төгрөгийг дугаар данснаас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримт, өмгөөлөгч ******* болон нэхэмжлэгч Ш.******* нарын хооронд байгуулагдсан 2024.04.10-ны өдрийн 20243/01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ;
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* *******-иас Н.т олгосон 2023.11.16№56/23 дугаартай итгэмжлэл, ******* ******* *******-иас Я.д олгосон 2023.11.21№61/23 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан, Үйлчилгээний талбай захиалгын гэрээг цуцалж, үндсэн төлбөрт шилжүүлсэн 52,975,000 төгрөг, олох ёстой байсан орлого 12,500,000, хүү 7,416,500 төгрөг, нийт 72,891,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь Үйлчилгээний талбай захиалгын гэрээний зүйл нь банкны барьцаанд байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгч чадаагүй хэмээн Үндсэн гэрээний үнийн дүн болох 52,975,000 төгрөгийн талаар маргахгүй, олох байсан орлого болон хүү хэмээн шаардсан 19,916,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.
4. Талууд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр НХТЗ/19 дугаартай "Үйлчилгээний талбай захиалгын гэрээ"-г байгуулж, захиалагч тал Ш.******* нь гүйцэтгэгч тал ******* ******* *******-ийн**************талбай бүхий үйлчилгээний талбайг *****-ийг нь 6,500,000 төгрөг, нийт 52,975,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт төлбөрийг 100 хувь төлсөн болох нь хэрэгт авагдсан захиалгын гэрээ, Голомт банкны дугаартай дансанд Нийслэл худалдааны төв 3-19 тоот талбай захиалгын төлбөр Ш.******* утгаар 52,975,000 төгрөгийг дугаар данснаас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.1. "Үйлчилгээний талбай захиалгын гэрээ"-ний 4.5-д Захиалагч Үйлчилгээний төлбөрийг бүрэн төлснөөр Үйлчилгээний талбайг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогох баримт бичгийг Гүйцэтгэгч тал нь Захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан байх ба захиалагч нь гэрээ байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээний үнийг төлсөн байх боловч хариуцагч ******* ******* нь дээрх үүргээ биелүүлээгүй байна.
4.2. Хариуцагч нь талбай захиалгын гэрээ нэртэй гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх тайлбарыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
5. Талууд, дээр дурдсанаар харилцан үүрэг хүлээж, хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байна.
6. Хариуцагч нь дээр дурдсан үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандаж, гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасантай нийцэж байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасантай нийцэж байна.
7. Харин, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын олох ёстой байсан орлого 12,500,000, хүү 7,416,500 төгрөг, нийт 19,916,500 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
7.1. Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.
7.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 1 сарын 0,56 хувиар хүү тооцох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар, нэхэмжлэгч нь бусдын хугацаатай хадгаламжийг цуцалж, улмаар олох байсан хүүг авч чадаагүй хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээний зүйлийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 25 сарын хугацаанд, нэг сард 500,000 төгрөгөөр түрээслэх байсан, улмаар 12,500,000 төгрөгийн орлого олох байсан гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч ******* ******* *******-иас 52,975,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,916,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 522,408 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамж 422,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА