| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0014/Э/ |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Д.А ,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Н,
Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б т холбогдох 1728001310119 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 08-нд Дархан-Уул аймгийн Шарын гол уурхайн сумын эмнэлэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ноён сум, 1 дүгээр багийн Сөрт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.Б , регистрийн дугаар ЧН.......,
Шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн Ноён суманд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.А ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө хөдөөнөөс суманд ирсэн. Бензин аваад нүүрс аваад сумын гэрээс ойр зуурын мод, прүсс, гөлмөн төмөр ойр зуурын юм авах гэж очсон. Очоод юмаа ачиж дуусаад хамгийн сүүлд лоом авах гэсэн чинь эхнэр лоом булаацалдсан. Бид хоёр лоом булаацалдаж байгаад хүний юм бол авбал аваг гэж бодоод тавьсан чинь арагшаа унасан. Сумын цагдаа дуудсан. Хэсгийн төлөөлөгч намайг авч яваад мэдүүлэг авсан. Тийм л юм болсон. Надад зодсон зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би нөхөртэйгөө 2006 онд танилцсан. Хүү Мягмарнаран 2008 онд төрсөн, 2011 онд охин Уранбайгаль төрсөн. Нөхөр малаа маллаад, би ажлаа хийгээд төвд байхаар тохирсон. Нөхөр маань хөдөөнөөс ирээд согтуу архидаад байхаар төвөөр яваад байсан. Хүүхдүүдийнхээ зассан дэвтрийг гэртээ мартчихаад гэртээ авах гээд ирсэн чинь манай хүн согтуу гэртээ ирсэн байсан. Надаас секс хийхийг шаардсан. Би зөвшөөрсөн. Удаад байхаар нь хурдал гэсэн чинь. 2015 онд нөхөр маань согтуу ирсэн. Намайг хий хоосон хардаад унагаж байгаад дэвссэн. Би ерөөсөө цагдаад мэдэгддэггүй байсан. 2016 оны 01 дүгээр сард хаалгаа дотроос нь түгжээд над руу юм шидээд байсан. 01 дүгээр сард бас дахиад ирсэн. Эгч маань ирчихсэн унтаж байсан. Тэгээд зодоод байхаар нь гараад зугтаагаад дүүгийндээ очиж хоносон. 03 дугаар сард туршлага судлахаар явах гэж байсан чинь ирж зодоод миний толгой өвдөөд огиулаад байсан. Чулуу шүүрч аваад далайгаад хүрээд ирсэн. Яая даа байз гэж байгаад гэртээ харьсан чинь нөхөр, хадам ээж ирсэн байсан. Хүүхдийн хувцас тайлах гэхээр нь хэрэггүй ээ, одоо явъя гэсэн чинь чи хүнд муу хэлүүлээд 2 хүүхдээ чирээд явж байдаг хохь чинь гэсэн. Хүүхдээсээ муухай муухай юм асуугад байдаг. Хагас сайн өдөр байсан. Жижиг гэрээс багаж хэрэгсэл ачаад байсан. Манай ахын канистртай ажилласан тос байсан чинь энийг асга, би юмаа авъя гэхээр нь юу яриад байгаа юм. Наадах чинь хажуу айлынх гэсэн чинь би энийг чинь Цогтцэцийгээс авсан гээд намайг төмрөөр хананд шахаад байсан. М.Б өмнө нь намайг 7 удаа зодож байсан, би гэр бүлийнхээ нэр хүндийг бодоод хэлдэггүй байсан. Хүү маань айдаг, охин бага учраас юм хэлдэггүй. Хэрэг дуусахаар биеэ үзүүлнэ.” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би М.Б тэй суусан цагаас хойш архи ууж маргалддаг болсон. 2009 онд Ноён сумын төвд би ажил дээрээс гэртээ ирэхэд М.Б архи уучихсан согтуу байсан. М.Б надтай өдрийн цагаар секс хийе гээд намайг хэвт гэхээр нь би газар хэвтсэн чинь миний дээр гараад надтай секс хийсэн. Би түүнийг хурдал гэж хэлсэн чинь уурлаад босч гэрийн гал тогооны шүүгээнээс хутга авчираад миний өмнө ирээд “Ална чамайг, чи өөр хүнтэй унтсан юм уу, хэнтэйгээ унтсан юм” гэж хэлэхээр нь би гэрээс гарах гэтэл миний зүүн гарын эрхий хурууг хутгаар нэг удаа зүссэн. Би ухаан алдсан байсан. Нэг сэрээд хартал гэртээ хэвтэж байсан, гарнаас цус гараад газар хэвтэж байсан. М.Б сумын эмнэлэг дээрээс эмч авчирсан. Намайг сумын эмнэлэг дээр авчираад миний хутгаар зүссэн гарыг оёж боосон. Тухайн үед П эмч байсан. 2011 оны зун 8 дугаар сард Ноён сумын хөдөө 1-р багийн нутагт оторт явж байгаад М.Б айл хэсэж яваад согтуу хүрч ирээд ирэхээр нь “чи бас архи уучихсан юм уу” гэхэд намайг гэрийн баруун хана руу хөлөөрөө тийрээд унагачихсан. Зодох гээд хүрээд ирэхээр би гэрийн хаяанд байсан хайчийг аваад нүдээ аниад өөдөөс нь барьсан чинь миний гарт байсан хайчийг булааж аваад эргүүлээд миний хоёр гарын хуруунуудыг зүсчихсэн байсан. М.Б гэрээс гараад явчихаар би сум руу түргэн дуудсан чинь Оюун эмч ирсэн. Намайг сумын эмнэлэг рүү авч яваад гаранд оёдол тавиад боолт хийж өгсөн. 5-6 хоног хүүхдийнхээ даавууг угааж чадахгүй хүүхдүүдээр давуугаа угаалгаж байсан. Мөн 2015 онд Ноён сумын төв дээр гэртээ байж байхад М.Б архи уучихсан согтуу хүрч ирээд намайг үсдэж аваад газар унагаачихаад дээрээс дэвсээд байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй 6-7 хоног миний сав давсаг, ууц нуруугаар хөндүүрлэж явсан. Дараа нь дахиад 2017 оны 01 дүгээр сард би ажил дээрээс тараад гэртээ ирэхэд М.Б гэрийн хаалгаа эвдчихээд гэртээ ороод сууж байсан. Намайг хаагуур тэнэж байгаад ирэв гэхэд би тэнээгүй ажлаасаа тараад одоо л ирж байна гэхэд М.Б уурлаад гэрийн үүдэнд байсан түлээнээс над руу авч шидээд байсан. Тэр шидсэн түлээ нь миний зүүн гарын тохойн дээр оносон хэд хоног тохой хөндүүртэй явсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна, намайг гэртээ шөнө амарч байхад М.Б архи уучихсан хүрч ирээд намайг барьж аваад “ална” гэж хэлэхээр нь би гэрийн хойд талд гартал гэрт унтаж байсан. Отгонгэрэл эгч босч ирээд М.Б ийг “тэгж болохгүй гэж хэлээд хорьсон. М.Б над руу юм авч шидээд байхаар нь гэрээс Отгонгэрэл эгч бид нар зугтаагаад гарч яваад сумын цагдаа утсаар дуудсан. Сумын цагдаа хүрч ирээд М.Б ийг аваад явсан. Цагаан сараар нь гэрт очоогүй төрсөн ах Цолмон ахындаа очиж шинэлсэн. Мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны шөнө намайг Ноён сумын төвд гэртээ байж байхад М.Б архи уучихсан халамцуу хүрч ирээд надад агсам тавиад миний толгой руу гараараа цохиж авахаар нь би М.Б ийг аргадаад байж байхад гэрт унтаж байсан хоёр хүүхэд сэрээд уйлалдаад том хүү Мягмарнаран ааваа битгий тэгэлдээ гуйж байна гэж хэлсэн. Би тэгээд М.Б ийг аргадаад гэртээ унтуулсан. Би маргааш өдөр сумын эмчид үзүүлээд эмч надад зөвлөгөө өгөөд эм бичиж өгсөн. Дахиад 2017 оны 05 дугаар сарын 12-нд намайг ажил дээр байж байгаад орой гэртээ иртэл М.Б , хадам ээж Сайнаа ирчихсэн байсан. Би гэртээ ороод гарах гэтэл М.Б хэрүүл өдөөд намайг хоёр хүүхдээ дагуулаад хүнд муу хэлэгдээд хохь чинь гэж хэлээд намайг зодох гээд над руу дайраад байсан. Хадам ээж Сайнаа М.Б ийг хорьж болиулсан. Би сумын цагдаа дээр ирээд М.Б ийг агсам тавиад, амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэж хэлсэн. М.Б ийг сумын цагдаа нар ирж аваад явсан. 2017 оны 11 дүгээр сарын 12-нд би гэртээ хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад байж байхад М.Б хөдөөнөөс фургон автомашинтайгаа хүрч ирээд хажуу талын гэрийн гадаа байгаа машинаа холдуулаа, би гэрт орж прүүс мод ачих гэсэн юм гэж хэлсэн. Би машинаа холдуулчихаад буцаж гэртээ ороод юм угааж байтал М.Б гаднаас хөрөө хаана байна гээд ороод ирэхээр нь би гэрээс гараад хажуу талын гэрт ороод гэрийн зүүн талын цаасан хайрцаганд байсан хөрөөг гаргаж өгтөл цэнхэр канистартай тос байсныг харчихаад үүнийг асга би саваа авъя гэж хэлэхээр нь би наадах чинь хүний сав гэж хэлсэн. М.Б цаасан хайрцаганд байсан лоомийг авсан. Би тэр лоомийг хүний лоом гэж хэлээд лоомийг авах гээд булаалцалдаж байтал М.Б миний толгой, нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохиж авсан. Миний толгой манараад газар дайвагнаад байсан. Тэгтэл барьж байсан лоомоо тавьчихаад гэрт байсан дөрвөлжин төмрөөр намайг цохиод гэрийн хана руу шахаад байсан. Би газар унасан чинь дээрээс өшиглөөд дэвсээд байсан. Гэрт манай эгч Алтанцэцэг орж ирээд “юу болоод байгаа юм” гээд намайг гарнаас татаад босгосон. Би гэртээ ороод сумын цагдаа руу утсаар залгаж дуудлага өгсөн. Удалгүй төлөөлөгч хүрч ирээд М.Б ийг аваад явсан. Бид хоёр тусдаа амьдардаг, нөхөр М.Б хөдөө мал дээрээ байдаг. Би сумын төв дээр ажлаа хийгээд хоёр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь явуулдаг. М.Б архи уухаараа хэрүүл өдөөд намайг хардаад удаа дараа цохиж зодсон. Би 4 удаа сумын эмнэлэгт очиж үзүүлж байсан, бусад тохиолдолд нь тэвчээд өнгөрүүлдэг байсан. Отгонгэрэл эгч, Алтанцэцэг хоёр намайг зодож байхад таарсан. Бусдаар бол М.Б намайг удаа дараа цохиж зодоход хажууд хүн байгаагүй хүн гэрт ороод ирэхээр намайг зодохоо байчихдаг юм. Манай хоёр хүүхэд М.Б ийг удаа дараа намайг зодож цохиж хамт хажууд байдаг байсан. Том хүү Мягмарнаран одоо 10 настай 5 дугаар ангид явдаг, охин Уранбайгаль 7 настай одоо сумын 1 дүгээр ангид сурдаг. Тухайн үед бие их хөндүүрлэж байдаг байсан, одоо бол мэдэгдэх зүйл байхгүй байна. Гантулга гэдэг хүн манай сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж байсан. Энэ зун Улаанбаатар хот руу шилжээд явчихсан. Би энэ хүнтэй ямар нэгэн дотно харьцаанд орсон зүйл байхгүй. М.Б өөрөө энэ хүнтэй хардаад байдаг, Би энэ хүнтэй ажлын талаараа холбогдож 2 удаа концерт бэлдэж байсан юм. М.Б өмнө нь хүнтэй сууж байгаагүй. Архи тамхи их хэрэглэдэг, архи уухаараа их хэрцгий авир зантай, энгийн үед бол даруу төлөв зантай хүн байгаа юм. М.Б сүүлийн үед дандаа намайг ална гэж заналхийлж байгаад цохиж зоддог байсан. Одоо бол гайгүй байгаа. Би 2017 оны 11 дүгээр сард шүүхэд салах өргөдөлөө өгсөн. Шүүхээс бид хоёрыг 1 сарын хугацаар эвлэрэх хугацаа өгсөн. Хоёр хүүхэд бид гурав сэтгэл санаа тайван бус байна, хоёр хүүхэд мотоцикль дугарахаар их айдаг, аавтайгаа уулзахаас хоёр хүүхэд их айдаг, ажлаа хийхэд хэцүү байна, хамт олны дунд таагүй уур амьсгал М.Б гаргасан. Энэ хооронд явсан 3 удаагийн зардал мөнгө мөн өмгөөлөгчийн төлбөр 500.000 төгрөг, бусад гарсан зардлаа төлүүлмээр байна...” гэжээ. /хх-40-44/,
Гэрч Ө.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Д.А , М.Б хоёрыг танина, Д.А сургуульд багшладаг, нөхөр нь хөдөө малаа малладаг. Хааяа нэг хүмүүсийн яриагаар М.Б , Д.А хоёр муудалцсан гэж ярьж байдаг. Д.А нь нөхөртөө зодуулсан гэж сумын хүмүүс ярьдаг л байсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэж ирж байгаагүй...” гэжээ. /хх-45/,
Гэрч М.У гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Д.А ыг танина, нөхрийг нь танихгүй. Д.А манай нөхөр ирж зодсон л гэж хааяа ярьдаг. Д.А сая энэ асуудлаар ирэхдээ нүд нь хөхөрсөн ирсэн байсан. 3 удаа зодсон гэж ярьж байсан. Хавар Сэврэй сум руу сургуулийн багш нар туршлага судлах гээд явах гэсэн шөнө М.Б ирээд загаар зодсон гээд бие хөндүүрлээд байна гэж байсан...” гэжээ. /хх-47/,
Гэрч Т.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай ангийн хүүхэд Мягмарнаранг 1-р ангид суудаг жил 2012 онд манай нөхөр согтуу ирж агсам тавиад байхаар би хоёр хүүхдээ аваад цагаан нурууны цаана гарч хоночихоод ирлээ гэж ярьж байсан. Бас 9 жилийн өмнө Д.А гартаа оёдол тавиулаад сумын эмнэлэгт хэвтэж байсныг нь мэднэ, өнгөрдөг өвөл шөнө манай ангийн Мягмарнаран миний утас руу залгаад аав ээжийг зодоод байна, та хүрээд ирээч гэсэн. Би цагдаад утсаар хэлсэн. М.Б хөдөө голдуу байдаг, хааяа ирэхээрээ хардаж сэрдээд муудалцаад байдаг гэсэн. Мягмарнаран өөрөө ярьж байгаагүй, Д.А гэртээ үлд гэхээр нь аав согтуу ирвэл яах юм гээд уйлаад үлддэггүй гэж ярьж байсан...” гэжээ. /хх-48/,
Гэрч Д.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2016 онд сумын төв дээр Д.А ынд унтаж байхад хаалга үүд нүдээд байсан. М.Б орж ирээд Д.А ыг ална гэж орж ирээд байсан. Хүүхэд нь босоод айгаад уйлаад байхаар нь би чи гэсэн айгаад байж байсан чинь М.Б хутга авна гэж хэлээд шүүгээнийх нь нүдийг дараад зогсоод байхаар нь чи согтуу юм уу гэхэд М.Б би архи уугаагүй, огт архи уугаагүй гэж хэлсэн. Дөрвөлжтэй түлш аваад Зул руу шидсэн, хоёр хүүхэд нь уйлаад байсан. Д.А ер нь айсан, дарамтлуулсан, сэтгэлийн дарамттай байдаг юм шиг байсан, хоёр хүүхэд нь мотоцикль дуугарахаар аав ирлээ, яанаа гэж хэлж байдаг. Миний мэдэхээр зөндөө л зодуулсан гэж байсан. Гар хөлийг нь зүссэн гэж дуулдаж байсан.” гэжээ /хх-49/,
Гэрч Б.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2012 онд Ноён сумын эмнэлэгт ирж ажиллаж байх хугацаанд 8 дугаар сард Сүвтийн наад тал дээр гэртээ гэмтсэн хүн байна гэсэн яаралтай дуудлага аваад би дуудлагаар очсон. Д.А гэж эмэгтэй хоёр гараа даавуугаар боосон цус ихээр гоожсон, уйлсан, сэтгэл санааны хямралтай хүн байсан. Амин үзүүлэлт гэж хүний биеийн байдлыг үнэлэн яаралтайгаар баруун гарын алга талд 2 см газар оёдол хийсэн шарханд анхдагч цэгцлэлт хийсэн. Тухайн гэрт би тайвшруулах эм уулгасан. Би гэрт нь үлдээсэн байсан. Тухайн үед гэрт нь бага насны хүүхэдтэй байсан боловч өөрийнх нь хүсэлтээр гэрт нь үлдээсэн. Тухайн үед манай жижүүрийн сувилагч ирж дуудлага ирлээ гэж хэлсэн. Өмнө нь нөхөртөө зодуулдаг гэж ярьдаг байсан, сумын төвд байхад нөхөртөө зодуулсан гэж ирж үзүүлж байсан. Д.А нь хоёр гараа даавуугаар боосон, уйлсан, хүүхдээ тэвэрсэн байсан. Д.А нь манай нөхөр хайчаар дүрж алах гээд байхаар нь өөрийгөө хамгаалах гэж байгаад хоёр гараа зүсүүлчихсэн гэж хэлж байсан...” гэжээ. /хх-50/,
Насанд хүрээгүй гэрч Б.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай аав эрүүл ч байсан согтуу ч байсан манай ээжийг зоддог. Сумын төв дээр ирэх болгондоо архи ууж байдаг. Нэг удаа согтуу ирэхдээ би та нарыг бүгдийг чинь ална тэгчээд би өөрийгөө ална гэж бид нарыг айлгадаг бас нэг удаа аав ирчээд дээс байна уу би хойлоогоо боож би өөрөө үхнэ гэж айлгадаг байсан, манайх Өмнөговь аймгаас 7 км-т оторлож явж байрхад бас ээжийг зодсон тэр үед манай хойд айлыг шар ахын ээж нь ирж холбоо ахтай ирж ээж дүү бид гуравыг авч байсан. Намайг жоохон байхад аав согтуу ирсэн. Ээж бас л согтуу байгаа юмуу гэхэд ээжийг барьж аваад ээжийн баруун гарыг хутгаар эсгэж байсан. Би гэртээ байхдаа гадаа мотоцикль дуугарахад аав ирж байна гэж байнга айж байдаг, бас ээж бид гурав айлын найран дээр сууж байсан, аав хөдөөнөөс орж ирээд чи хоёр хүүхэд аваад хаагуур хамаагүй тэнээд байгаа юм муу пизда минь, гичий минь, янхан минь гэж зодож байсан. Аав ер нь согтуу ирэхээрээ байнга ээжийг зоддог. Дүү бид хоёр их айдаг хэцүү байдаг. Манай аав согтуу ирэх болгондоо үгээр доромжилж байгаад дараа нь ээжтэй маргалдаад хутга хайгаад байдаг. Хутгыг аваад нуучихдаг байсан. Манай аав хөдөө байхдаа архи уудаггүй байсан. Аав баруун гараа зангидаж байгаад ээжийн толгой хэсэг рүү нь цохидог, газар унагаж байгаад дэвсдэг. Манай аав ээжийг бас заг модоор цохиж ээжийн гарыг гэмтээж байсан. Манай аав ирэхдээ янхан минь, гичий минь пизда минь гэж доромжилдог. Би оныг нь сайн санахгүй байна ямарч байсан ээжийн гарыг эсгэж байсан зүйл байгаа. Намайг манай аав ганц удаа алгадаж байсан. Бас согтуу ирчихээд намайг ус хутгаад өг, хувцас тайлаад өг тамхи асаа, архи аягалаад өг гэж хэлж байсан...” гэжээ. /хх-51-52/,
Гэрч Д.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “М.Б ийнх сумын төвд манай хашааны урд талд байдаг. Энэ хоёр байнга хэрэлдэж муудалцаж байдаг. Хааяа хүүхэд нь шөнө орж ирээд танайд хоноё гэдэг. Яасан гэхээр манай аав ирчихээд ээжийг зодоод агсам тавиад байна гэж хэлдэг. Нэг удаа заг модоор цохиж зодсон асуудал байдаг. Би тэр үед нь юм хэлээгүй л өнгөрсөн. М.Б бол хөдөөнөөс сумын төв орж ирэх болгонд архи ууж эхнэр хүүхдээ айлгаж байдаг. М.Б байнга эхнэр хүүхдээ айлгаж зодсон асуудал гаргадаг. Д.А нь 2011 онд хөдөө байхдаа хайчаар хоёр гарыг нь зүсээд оёдол тавиулсан. М.Б нь Д.А ыг заг модоор цохисон гэж хэлж байсан...” гэжээ. /хх-54/,
Гэрч Д.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би дүү Д.А тай хамт гэрт нь байж байсан чинь гаднаас манай дүүгийн нөхөр М.Б гаднаас орж ирээд машинаа холдуул би юмнуудаа ачлаа гэсэн. Манай дүү машинаа холдуулчихаад гэр рүү орох гэсэн юм. Гэрээ онгойлго өөрийнхөө юмнуудыг авмаар байна гэхээр нь би очоод үзээд ир гээд явуулсан. Ээжийг аав зодож байна гэхээр нь онгойлгож өгсөн юм шиг байгаа юм. Д.А ын хүүхэд чанга чанга дуугараад байна гэхээр нь би гараад очтол түлээн дунд унасан байсан. Би дүүгээ гараас нь татаж босгоод гэрээс гаргасан. Өмдөн дээр нь их л гутлын мөр харагдаж байсан. Би гэр рүү орсон...” гэжээ. /хх-54/,
Шүүгдэгч М.Б ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 1983 оны 12 дугаар сарын 09-нд Дархан хот Шарын голын уурхайн эмнэлэгт төрсөн, айлын 2 дахь хүүхэд. Аавыг Х.М, ээжийг Б.С гэдэг хоёулаа тэтгэвэрт гарсан, Улаанбаатар хот Дэнжийн мянгын 61-р сургуульд ороод 5 дугаар ангийг төгссөн. Тэгээд эмээ өвөө дээрээ байж байгаад 2000 онд аавын эмээ Сумъяа дээр Өмнөговь аймгийн Ноён суман дээр ирээд хөдөө байж байгаад Д.А тай танилцаад 2008 оны 01 дүгээр сард Д.А тай нэг гэрт орж албан ёсоор гэрлэсэн юм. 2002 онд Өвөрхангай аймгийн 256-р цэргийн ангид 1 жилийн албыг хаасан. Одоо эхнэр Д.А , хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 20-нд би Ноён сумын 1 дүгээр багт байдаг Сөрт гэх өвөлжөөнд байдаг гэрээсээ өөрийн эзэмшлийн фургон автомашинаар Ноён сум руу ганцаараа явсан. Ноён суманд өглөө 07 цагийн үед ирчихээд сумын шатахуун түгээх станцаас бензин аваад сумын төвд байдаг гэртээ очсон. Хашаан дотор гэрийн зүүн талд байсан мод \прүс\-ыг машиндаа аччихаад 4 ханатай гэрт ороход тэнд манай эхнэр Д.А байсан. Би гэрт байсан хадаасны лоом, жоотуу, яндан зэрэг эд зүйлийг авах гэж байтал эхнэр Д.А тэр хадаасны лоомийг надтай булаацалдаж байгаад арагшаа түлээрүү саваад унасан. Намайг янз бүрээр доромжилоод байснаа цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд намайг авч яваад надаас байцаалт авсан. Тухайн үед тэр хадаасны лоомноос болж хоорондоо маргалдсан. Ноднин өвөл 2017 оны 01 дүгээр сарын 12-нд манай эхнэр сумын сургуулийн дуу хөгжмийн багш Гантулгатай нэр холбогдоод түүнээс болж хоорондоо маргалдсан. Би хөдөө яваад өгсөн , Д.А ыг цохиж зодсон зүйл байхгүй. Надтай гэрт байсан лоом булаацалдаж байгаад арагшаа саваад унасан. Би гэрээс гараад явсан. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр Д.А ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, цээжний ар зүүн хэсэг, зүүн бөөр орчим 2 гуяны цус хуралт гэмтэл үүссэн гэх ба уг гэмтлийн талаар мэдэхгүй байна...” гэжээ. /хх-55/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-7/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-9/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-14/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-56/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №560 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Д.А ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи цээжний ар зүүн доод хэсэг, зүүн бөөр орчим, 2 гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-57/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-58, 59/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-30/,
Хувийн баталгаа гаргасан баримт /хх-31/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-35-42/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/,
Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол /хх-46-48/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-49/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-51,59/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-52/,
Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн Засаг даргын тодорхойлолт /хх-53/,
Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-54/,
Эвлэрлийн гэрээ /хх-56/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-57/,
Хүсэлт хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-58/,
Эмчлүүлэгчийн карт /хх-60-62/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хх-63/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-64-65/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-66/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-67-69/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-70/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн Ноён суманд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.А ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.А ыг 2009 оноос 2017 оны 05 дугаар сарын 12-ны хооронд, мөн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд зодсон нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Байнга зодох гэдэг нь 3 болон түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгох ба шүүгдэгч М.Б ийг гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.А ыг байнга зодсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.А ын бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №560 тоот шинжээч эмчийн: “Д.А ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи цээжний ар зүүн доод хэсэг, зүүн бөөр орчим, 2 гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Улсын яллагч шүүгдэгч М.Б т 6 сарын хугацаагаар хорих ял санал болгосон ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б т хорих ялын доод хэмжээ болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А ын өмгөөллийн хөлс болох 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Уг эрхээ эдэлж өмгөөлөгч авч гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр /хх-68-69/ тогтоодож байна. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хуульд заасан эрхээ эдэлж өмгөөлөгч авсан зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан байх тул Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбарыг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй юм.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Д.А д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Д.А нь цаашид биеэ үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэсэн мэдүүлэг өгч иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд, хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол учирсан байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг нимгэн төмрийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Б ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 200.000 төгрөгийг шүүгдэгч М.Б төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмрийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А ын өмгөөллийн хөлс болох 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А нь эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ