Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/04862

 

 

 

 

 

 

 

2024 10 22 101/ШШ2024/04862

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:0 байранд байрлах В ХХК /регистрийн дугаар 0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,  хаягт оршин байрлах, Тгрупп ХХК /РД:0/-д холбогдох,

910,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пнар оролцов.

Хариуцагч Тгрупп ХХК-нд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авсан өгсөн барааны тооцоог нийлэхэд 840,560 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан ба 840,560 төгрөгийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ба тэрээр одоогийн амьдарч байгаа хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйн улмаас түүнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхээс 183/ШШ2023/0 дугаартай шийдвэр гаргаж, хариуцагчийн хаягийг олж тогтоосон.

Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр .. . хөрөнгө, . . . худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх . . . худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 840,560 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1,2-д эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.3-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт" буюу хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-т нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар" нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа 70,200 төгрөг, нийт 910,760 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох албан тоотыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Тгрупп ХХК-нд холбогдуулан 910,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2022 оны 08-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл бараа худалдан авсан төлбөрт 840,560 төгрөг, шүүхээр эрэн сурвалжилсан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 70,200 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Хэрэгт тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүд авагдсан байна. /хх-ийн 7, 8, 9-13 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зорилго зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар хариуцагч нь 840,560 төгрөгийн төлбөртэй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 840,560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгчээс хариуцагчийг эрэн сурвалжилсан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 70,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай хобогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээ гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Хуульд заасан шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд буюу нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэйг хуулиар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамж төлөх хуульд заасан үүргийг хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас хохиролд 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 840,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тгрупп ХХК-иас 840,560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.БАЯРМАА