Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Б.Батнасан

         Хохирогч Н.О-н хууль ёсны төлөөлөгч А.Н

Шүүгдэгч З.Г

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.С, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгчдэгч З.Г нарт холбогдох 17160009100048 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1997 оны 11 сарын 17-нд Говь-Алтай аймагт төрсөн, 20 настай,  эрэгтэй, дээд боловсролтой, ХАБ-ын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж ах дүү нарын хамт амьдардаг, ... оршин суух хаягтай, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ... регистрийн дугаартай, Ш овогтой Д-н С гэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, 1973 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .... оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ДС... регистрийн дугаартай, Ж овогтой З-н Г гэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.С нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн ... төвд иргэн А.Н-н гэрийн гадна З.Г-н буруутай үйл ажиллагааны улмаас нүүрэн тус газарт цохиж З.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

        Шүүгдэгч  З.Г нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны төвд иргэн А.Н-н гэрт А.Н-н хүү 3 настай Н.О-н толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч  З.Г нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны төвд иргэн А.Н-н гэрт А.Н-н хүү 3 настай Н.О-н толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд тархины доргилт, духанд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны төвд иргэн А.Н-н гэрийн гадна машин засаж байх үед нь  шүүгдэгч З.Г гэрээс гарч ирээд толгойн тус газар нь цохисоны улмаас зөрүүлэн  түүний нүүрэн тус газарт цохиж зүүн хацар ясны хугарал, зүүн гайморийн хөндийд цустай, зүүн нүд, зүүн хацарт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр хохирол  санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ. 

         Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч З.Г, Д.С нар   гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.С-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...10 дугаар сарын 06-ны өдөр бүл ах Б ахын машиныг янзалж байгаад Н ахынд ороход З.Г ах ирсэн тэр хоёр хурим найр сайхан болсон уу гээд ярилцаад сууж байсан. Би буцаж гараад машин дээр очоод байж байхад Н ахын эхнэр хоол ид гэж хэлсэн тэгээд хоол идээд сууж байхад З.Г ах босч ирээд багананаас бариад зогсож байгаад Н ахын 3 настай хүүхдийг цохиод унагасан. Тэгээд Б ах бид хоёр гарч ирээд машинаа янзалсан. Тэгтэл З.Г ах гарч ирээд хашааны хаалгаар гарч явснаа буцаж орж ирээд намайг толгой руу цохиод авахаар нь би сандарсандаа зөрүүлээд цохичихсон. Удалгүй З.Г ахын эхнэр 2 хүнтэй ирээд З.Г ахыг аваад явсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохиролд 10 хоногийн дотор 3.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч З.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Н бид хоёр найман жилд цуг сурч байсан найзууд байгаа. Тухайн өдөр Н-тай гудманд таараад найр хурим болсон гээд Н-г гэрт нь хүргэж өгсөн байгаа. Хурим найр сайхан боллоо гээд юм ярьж суунгаа архи уусан. Тухайн өдөр унд цай уугаагүй байсан учир их хурдан согтсон байсан. Тэгээд босохдоо Н-н хүүхдийг гараараа цохисон байсан. Тэр үед архи уусан байсан учир юу болсон талаар мэдэхгүй нэг сэрэхэд гэртээ байсан. Сэрээд харахад толгой, хувцас цус болсон байсан тэгээд эхнэрээсээ юу болсон талаар асуухад айлын гадаа тасарсан байсныг бид хэд очиж авлаа гэж хэлсэн. Хүүхдийн эмчилгээний зардал гээд Н-тай ярилцаж тохиролцоод 300.000 төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хадам аавынхаас гарч яваад З.Г-тай таарсан. Тэгээд бид хоёр хамт манайд ирээд нэг шил архи гаргаж өгсөн тэрийг уусан. Тэгтэл түлхүүр барьж байсан гараарай манай хүүг цохисон. Хүү доошоо унахад ээж  нь орилоод аваад гарсан. Тэгээд би Г чи хүүхэд цохичихлоо эвтэйхэн байгаач гэж хэлсэн. Тэгэхэд би цохичихсон юм уу? гэсэн тэгэхээр нь гарч амар гэхэд гараад явсан. Г-г гарч явахад манай эхнэр хүүхдээ тэврээд орж ирсэн. Г хашаанд буцаж орж ирээд Д.С-г цохисон гэсэн тэрийг нь би сайн хараагүй. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н-н хашааны завсраар танихгүй залуу манай дүүг зодохлоор нь би нэг цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хх23-рт/,

Гэрч С.И-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б-н үүдний амбаарын хажууд Г уначихсан У /С/ нэг цохиж харагдахлаар нь У чи болиоч яаж байгаа юм гэж нэг орилсон... манай хүүгийн толгойн хоёр хэсэг газарт түлхүүрийн үзүүрээр зурагдаж цус шүүрсэн, цохисон газар нь бондоож хавдсан байсан. Тэрнээс хойш гүйлгэж, бөөлжөөд уйлагнаж айж цочоод унтаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх24-25рт/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Г-н эхнэр Б нь Г архи уучихсан тасарсан байна. Очоод аваад ирье гэхээр нь машиныг нь асгаагаад ах О.С нь бариад авгайтай нь бид 3 хамт авах гээд очсон чинь Г мотоцикль дээрээ тээгээд уначихсан мотоциклийнх нь яндан, гишгүүр, багаж, суудал, дугуй зэрэг нь цус болчихсон, нүд нь хар хөх хавдартай байсан. Тэгтэл хашаанаас нэг залуу гараад ирэхлээр нь хадам ах О.С нь энд яасан юу болсон гэсэн чинь тэр залуу наад хүүхэд чинь энд жаахан хүүхэд цохиж унагаагаад агсам согтуу тавиад байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх28-рт/

Гэрч О.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Г-н эхнэр Б ирээд Г хойно Н-д архи уугаад тасарсан байна. Очоод аваад ирье гэхээр нь машиныг нь асгаагаад Н-н хашааны үүдэнд очсон чинь Г мотоцикль дээрээ тэгнээд хэвтчихсэн, хамар амнаас нь цус гоожсон, нүд хар хөх өрсөн хавдартай ухаангүй шахуу байсан. Яасан юм бол гэж бодоод зогсож байтал тэдний хашаанаас нэг залуу гараад ирэхээр нь энд юу болсон юм бол гэж асуусан чинь наад хүн чинь айлын жаахан хүүхэд цохихлоор нь би нэг цохисон юм гэсэн...” гэх тарын мэдүүлэг /хх29-рт/

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...И эгч хоол аягалаад бүгдээрээ хоол идээд сууж  байхад Г хоол идээд сууж байснаа шууд босож ирээд түлхүүр атгасан гараараа Н ахын хүүхдийг цохисон ...Г орилж чарлаад гарч мотоцикль дээрээ очиж байгаад буцаж та нарыг ална гээд хашаанд орж ирээд машинд юм хийж байсан С-ыг нэг цохиод автал нөгөөдөх нь урдаас нь ганц цохисон чинь доошоо суучихаад босоод хашааны хаалгаар гараад мотоцикль дээрээ тээгээд хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх 30-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 306, 309 дугаартай актууд, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч  болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

         Шүүгдэгч  Д.С-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч З.Г-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Батнасангийн хүсэлтээр: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн улаан өнгийн, мустанг-5 маркын, улсын дугааргүй мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-12-14-рт/, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.С-н гараар бичиж өгсөн тайлбар /хх32-рт/, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 306 дугаартай шинжээч эмч Д.Д-н шинжээчийн дүгнэлт /хх-38-39-рт/, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 309 дугаартай шинжээч эмч Д.Д-н шинжээчийн дүгнэлт /хх-43-44-рт/, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ж овогтой З-н Г-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-55-57-рт/, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ш овогтой Д-н С-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх58-60-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд  энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

         Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч  З. Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоох  үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч З.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.С-н тухайд ам бүл тавуулаа амьдардаг, аав нь ажил хийдэг, өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгч З.Г-д 3.500.000 төгрөгний хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, шүүгдэгч З.Г-н тухайд сард 260.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг, эхнэр нь 270.000 төгрөгийн, З.Г нь өөрөө 259.000 төгрөгийн цалингийн зээл төлдөг зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан  үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн материалаас үзэхэд З.Г-н хохирол нэхэмжилсэн 1.729.560 төгрөгний баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх хувь биш, зарим баримтууд нь хэрэгт хамааралгүй байгаа хэдий ч шүүгдэгч Д.С нь  Г-д учирсан хохиролд 3.500.000 төгрөгийг нөхөн төлөхөө ирлэрхийлсэн, шүүгдэгч Д.С нь тогтоосон хугацаанд хохирлоо нөхөн төлөөгүй тохиодолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.С, З.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Д.С нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, З.Г нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, З.Г, Д.С нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Д.С нь шүүдэгч З.Г хууль бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

З.Г нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч З.Г иргэний нэхэмжлэгч А.Н-д 300.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Д.С 3.500.000 төгрөгийг З.Г-д төлөхөө илэрхийлсэн, З.Г, Д.С нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ж овогтой З-н Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш овогтой Д-н С-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-г 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.С-г 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Г, Д.С нарт танилцуулсугай.

4. Шийтгэх тогтоолт хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч З.Г-н эзэмшлийн ***ГАА улсын дугаартай хөх өнгийн портер машиныг буцаан олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч З.Г иргэний нэхэмжлэгч А.Н-д 300.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Д.С 3.500.000 төгрөгийг З.Г-д төлөхөө илэрхийлсэн, З.Г, Д.С нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Г, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА