| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/00497/И |
| Дугаар | 101/ШШ2024/04590 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/04590
| 2024 10 08 | 101/ШШ2024/04590
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух Да /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух Ц /РД:0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,725,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 16,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч Б.Да нь Б.Цтэй ах дүүгийн хүүхдүүд буюу үеэлийн харилцаатай. Хувь хувьдаа жижиг бизнессийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоорондоо мөнгө зээлж, буцааж төлдөг харилцаатай байсан.
2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс мөнгө өгч авдаг харилцаа эхэлсэн ба энэ харилцаа нь 2023 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн. Б.Ц болон Э.Б нар гэр бүлийн хүмүүс байсан. Б.Ц нь нөхөр Э.Бы Худалдаа хөгжлийн 0 дугаартай данс болон өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас мөнгө зээлүүлдэг байсан ба Б.Да зээлээ эргүүлж төлөхдөө зөвхөн Б.Цгийн данс руу шилжүүлдэг байсан. Харин нөхөр Э.Бы данс руу хийж байгаагүй. Зээл авахдаа дандаа өөрийнхөө дансаар авдаг байсан. Нийт 111,225,000 төгрөгийг Б.Да миний бие буцааж Б.Цд төлсөн ба ингэхдээ 21,725,000 төгрөгийг илүү төлсөн байсан.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21,725,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
2.Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Хариуцагч Д.Да нь манай хамаатны хүүхэд ба 2022 оны 12 сараас э эхлэн нөхөр А.Б бид хоёроос урт богино хугацаатай их бага хэмжээгээр мөнгө зээлж буцаан төлдөг байсан.
Бидний хооронд ямар ч зээлийн гэрээ хийгдэж байгаагүй. Зөвхөн итгэлцэл дээр явагдаж байсан. хамгийн сүүлд 2023 оны 6 сарын 14-ний өдөр 5 сая төгрөг зээлсэн ба нийт 83,000,000 төгрөг зээлж, буцаан хамгийн сүүлд 2023 оны 5 сарын 28-нд 3,000,000 төгрөгийг буцаан өгснөөс хойш цувуулан авсан мөнгөнөөс дахин төлөөгүй байгаа болно. Зээлж авсан мөнгөө гүйцээж төлөөгүй атлаа зээлийн гэрээний дагуу төлбөр хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул зээлсэн мөнгө, буцаан төлсөн мөнгөний зөрүү буюу дутуу төлөх ёстой 16,300,000 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3. нэхэмжлэгчээс, 2023 оны 12 сарын 26-ны өдрийн итгэмжлэл, тооцооллын хүснэгт, Хаан банкны 0 дугаарын дансны хуулга,
Хариуцагчаас итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны 0 дугаартай дансны хуулга, тооцооллын хүснэгт зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны данс эзэмшигчдийн талаар лавлагааг нотлох баримтаар авсан байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.Да нь хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 16,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,750,000 төгрөгийг гаргуулах үндэслэлийг зохигчид хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд нийт 92,000,000 орчим төгрөгийн зээл авсан бөгөөд 113,305,000 төгрөгийг буцаан төлсөн тул илүү төлсөн 21,750,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
2.Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21,750,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эхлээд хууль зүйн дүгнэлтийг хийх нь зүйтэй байна.
Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 16,300,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчээс зээлийг бүрэн төлж барагдуулсан. Харин 21,750,000 төгрөгийг илүү төлсөн тул буцаан гаргуулах үндэслэлтэй гэж маргаж байна.
3.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч Б.Цгээс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 92,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Дад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, хариуцагчийн гаргаж өгсөн Эгийн Бы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдох бөгөөд хариуцагчаас дээрх мөнгийг зээлж авсан талаар нэхэмжлэгч тал маргаагүй, зөвшөөрч байна. /хх-ийн 7-81 дүгээр тал, 106-116 дугаар тал/
Тухайн үед хэд хэдэн удаагийн шилжүүлгээр мөнгө шилжүүлсэн хүсэл зориг, зорилго, талуудын тохиролцооны агуулга зэргээс дүгнэн үзэхэд зохигчид хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талууд хэн аль нь мөнгө зээлж, буцаан төлөх хүсэл зоригтой байсан гэж тайлбарлаж байх тул гэрээ байгуулагдсан, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс мөнгө шилжүүлж эхэлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээ хэрэгжсэн бөгөөд зээлдэгчид мөнгийг буцаан төлөх үүрэг энэ үеэс үүссэн байна.
Талуудын тайлбараар зохигчид зээлсэн мөнгийг буцаан төлөх хугацааг тохиролцоогүй, хугацааны талаарх тохиролцоо бичгээр хийгдээгүй, хугацааны талаарх хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан талаарх баримтгүй байх тул зээлийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан гэж дүгнэх боломжгүй байна.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хэдийд ч шаардах, түүнээс хойш хуульд заасан хугацааны дараа буцаан төлөх үүрэг зээлдэгч болон зээлдүүлэгчид үүссэн гэж үзнэ.
Хэрэгт авагдан баримтаас дүгнэхэд хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 92,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх хугацаанд 110,805,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 7-81, 106-116 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч Б.Ц нь гэрээний дагуу мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан бакны дансны хуулга, хариуцагчийн гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг бичгийн баримт дахь мөнгө буцаан төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудын хувьд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 110,805,000 төгрөг төлсөн буюу 18,305,000 төгрөгийг илүү төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 7-81, 106-116 дугаар тал/
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн 92,500,000 төгрөгийн төлбөрт тухайн хугацаанд хамаарах төлөлтийг тооцож үзэхэд 110,805,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч 92,500,000 төгрөг төлөхөөс 110,805,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 18,305,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хариуцагчаас Э.Баас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн, хариуцагчийн хүсэлтэд дурдсан хаягаар гэрчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх баримтыг хүргүүлсэн боловч хүсэлтэд заасан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх хариуг хорооны Засаг даргаас ирүүлсэн байна. /хх-ийн 136-137, 139-140 дугаар тал/
Шүүгчийн туслахын зүгээс гэрчийн хаягийг тодруулахаар хүсэлт гаргасан хариуцагч талтай удаа дараа утсаар холбогдож асуусан боловч хаягийг нь өгөхгүй, мэдэхгүй гэх хариуг ирүүлсэн байна.
Нотлох чиг үүргийн хувиарлалтын дагуу хүсэлт гаргасан тал гэрчийг дуудан ирүүлэх хаяг, холбогдох мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч талыг хуульд заасан нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гэрч асуулгах хүсэлтээ дэмжээгүй гэж үзэхээр байна.
Мөн хариуцагч талын гаргасан хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 17, 24-ны өдөр, 5 дугаар сарын 13-ны өдөр, 9 дүгээр сарын 3, 12-ны өдөр, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд буюу удаа дараа шүүх хурал хойшилсон тул хариуцагчийн ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэгт авагдсан нотолгоог үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цгээс 18,305,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагчийн нэхэмжлэгчээс 16,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Цгээс 249,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА