| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/00948/И |
| Дугаар | 101/ШШ2024/04517 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/04517
| 2024 10 03 | 101/ШШ2024/04517
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух Б /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоот хаягт байрлах ЖХХК /рд:0/,
Хариуцагч: 0 хаягт оршин суух Ю нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, өмгөөлөгч М.А, гэрч С.Н, Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Б.Б нь ЖХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг. Тухайн үед компанийн ажилчин тул хөнгөлттэй нөхцлөөр хувь лизингээр байр авах боломж гарсан. Урьдчилгаа 30 хувийг төлчих юм бол үлдэгдэл төлөлтийг сар тутам цалингаараа төлөөд явж болно гэсэн. Ингээд би 2014 оны 12 сарын 22-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал А.Морон сууц худалдах, худалдан авах №0043 дугаартай гэрээ байгуулж, дугаар сургуулийн зүүн талд байрлах Г дүгээр байрны 11 давхрын 0тоот 1 өрөө, 29,13 мкв талбай бүхий орон сууцыг 1 мкв нь 1,400,000 төгрөгөөр тооцож нийт 40,782,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдаж авсан.
Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн орон сууц ашиглалтанд орсон боловч тус компанийн эцчийн өмчлөгч нь барьж буй барилгыг бүхэлд нь Хаан банкинд барьцаалж 3 тэрбум төгрөгийн зээл авсан учир энэ өрийг дуусахаар улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарна гэсэн. Ингээд байж байтал А.Мзахирал 2021 онд нас барсан тул шинээр томилогдон ирэх Ю захирлыг ирэхийг хүлээсэн. 2023 оны 10 сард хятад захирал нь ирэхэд уулзахад гэрчилгээг чинь өгөх боломжгүй шүүхээр явж гэж хэлсэн.
Хариуцагч талаас хий хоосон баримтгүй хардаж сэрдэж байгааг ойлгохгүй байна. Санхүүгийн баримтаа хараагүй байж хүний өгсөн зүйлийг хий хоосон цээжний бангаар яарьж байгааг олгохгүй байна.
Өнөөдөр гэрчээр дуудагдаж ирсэн Л.Агэж охин энэ байранд амьдарч байгаа хүмүүсийн төлөө их зүйл хийсэн. Миний бие санхүүгийн баримтуудыг өгөхгүй байгаа нь үнэн. Учир нь компанийн удирдлагууд өөрчлөгдөөд ойлгомжгүй нөхцөл байдалд байгаа. Надаас санхүүгийн баримтуудыг авах гэж дарамталдаг. Устгаад хаячих аюултай учир би шалгадаг газарт нь бол өгнө. Харин өнөөдөр хариуцагч гэж шүүхэд төлөөлж ирээд байгаа энэ хоёр хүнд бол өгөхгүй.
Миний хувьд компанийг мөнгө, төгрөг дааруу хүнд хэцүү үед өөрийн гэрээний дагуу бүх төлөлтөө хийсэн.
Одоогийн удирдлагуудтай тохиролцох гэж оролдсон боловч 10 сая төгрөг өгчих гэж хэлсэн байдаг. Би ийм мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Хувийн байдлаар туслах боломж байна уу гэхээр нь 5 сая төгрөг олж өгье гэж хэлсэн удаа байгаа.
Иймд 0 тоот хаягт байрлах 29.13 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ЖХХК-д даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь Б.Б нь энэ компанид нягтлангаар ажиллаж байсан. Гэтэл бид нарт санхүүгийн баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа. Бид гэрчээр асуугдахаар ирсэн хүмүүст холбогдуулан цагдаад гомдол гаргасан.
ЖХХК болон тухайн үед ажиллаж байсан албан хаагч нарт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд 0тоот орон сууцтай холбоотой шалгах ажиллагаа явуулж байгаа. Цаашид нягтлантай нь холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй.
Иймд энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэх хүртэл иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Энэ хүн ажиллаж байсан нь үнэн. Төлбөрийн баримтууд болон орон сууцны гэрээнд санхүүгийн тамга тэмдэг дарагдсан байдаг боловч гэрч нарын үйлдэлтэй холбоотой энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь энэ хэргийн субьект болохыг үгүйсгэхгүй.
Энэ компанийг гадаад улсын иргэн үүсгэн байгуулсан юм. 2014-2015 оны хооронд 177 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр болж Хаан банкнаас зээлээ авч барьж дуусгасан. А.Мнь 2020 оны 12 сард нас барснаас хойш энэ компанийн санхүүгийн баримтуудад төвөгтэй байдал үүссэн. 2023 онд хувьцаа эзэмшигчийн зүгээс Ю гэсэн хятад улсын иргэнийг гүйцэтгэх удирдлагаар ирүүлсэн.
Гэтэл санхүүгийн зөрчилтэй холбоотой зүйлүүд үүсэн. Нэхэмжлэгч нь энэ компанийн санхүүгийн ямар ч баримтыг гаргаж өгдөггүй. Би тухайн үед байрны бүх төлбөрийг барагдуулсан гэдэг боловч санхүүгийн баримтуудыг өгч байгаагүй.
Маргааны зүйл болсон 0тоот орон сууцны гэрээ контракт нь компанид эх хувиараа байдаггүй бөгөөд гэрээн дээр дарагдсан санхүүгийн тамга тэмдэг хүртэл эргэлзээтэй байна. Хэрэв энэ хүн зохих ёсоор ажлаа явуулж байсан бол санхүүгийн хүнд байдалд энэ компани орохгүй байсан
Мөн одоогийн гүйцэтгэх захиралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэхээс өмнө иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримтууд, оршин суугаа газрын хорооны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн тайлан,
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2024 оны 1 сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, 3 сарын 26-ны өдөр хариуцагчийн гаргасан хүсэлт, 2024 оны 3 сарын 29-ний өдрийн 0 дугаартай дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, хариуцагчийн 2024 оны 6 сарын 21-ний өдрийн дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ЖХХК, Ю нарт холбогдуулан 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №0043 дугаартай орон сууцны барилга, худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах бичиг баримт гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргасан гэж тодорхойлсон.
ЖХХК болон Б.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны барилга, худалдах, худалдан авах тухай №0043 дугаартай гэрээ байгуулагдаж, нэг талаас буюу ЖХХК нь 0 тоот хаягт байрлах 29.13 мкв, 1 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнэ төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/
Талуудын гаргасан тайлбар, гэрээний агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан
Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
4.Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Б нь компанийн нягтлан бодогч байсан бөгөөд байгууллагын санхүүгийн баримтыг өгөхгүй байгаа. Төлбөрийн баримтууд дээр дарагдсан санхүүгийн тамга тэмдэг болон төлбөрийн баримт дахь гарын үсэг зурсан Агэх хүнд холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулж байгаа тул уг эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь иргэн Б.Б, ЖХХК-ийн нарын хооронд байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээж, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцахаар заасан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримт болон кассын орлогын баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-13 дугаар тал/
Хариуцагчаас орон сууцны нийт үнэ 40,782,000 төлөгдсөн үйл баримттай маргаагүй.
Харин компанийн ажилтнуудад холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан
Иргэний эрх зүйн харилцааг тусгаалах зарчмын дагуу хариуцагчийн компанийн ажилтнуудад холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргасан гэх үндэслэл болон хэрэгт авагдсан нийслэлийн дүүргийн прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, 2024 оны 3 сарын 29-ний өдрийн 4/588 дугаартай хүсэлтийн хариу гэх албан тоот зэрэг бичгийн баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, компанийн дотогш чиглэсэн маргаан буюу бичиг баримт, тамга тэмдэгийн үнэн зөв эсэн талаарх маргаан нь талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамааралгүй гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримтууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт, хөдөлмөрийн гэрээ, гэрч Л.А, С.Н нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Б нь ЖХХК тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн, маргаан бүхий орон сууцанд 2014 оноос хойш амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байх тул гэрээний нөгөө тал болох ЖХХК-иас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна.
Харин тус компанийн гүйцэтгэх удирдлага Юд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс дээрх орон сууцны барилга баригдаж дууссан бөгөөд тухайн орон сууцанд амьдарч байгаа талаарх гаргасан тайлбарт хариуцагч тал маргаагүй.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зохицуулсан.
Орон сууц захиалгын гэрээний 4.4-т худалдагч тал гэрээний дагуу орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгна зааснаар ЖХХК нь орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар Б.Бийг дүүргийн 16 дугаар хороо, Г дүгээр байр, 11 дүгээр давхрын 0тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ЖХХК-нд даалгаж, иргэн Юд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бийг дүүргийн 16 дугаар хороо, Г дүгээр байр, 11 дүгээр давхрын 0 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ЖХХК-нд даалгаж, иргэн Юд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,060 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ЖХХК-иас 432,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА