Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 16

 

Н.Тын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.Бт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01411 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Тын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Бт холбогдох,

“Зээлийн гэрээний төлбөр 16.725.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 16.755.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Бын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Түмэнжаргал нь иргэн Ц.Бт 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1.500.000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иргэн Ц.Баас үндсэн зээл 11.150.000 төгрөг, алданги 5.575.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 16.755.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Н.Т нь миний танил болох Х.Мягмараар дамжуулан надтай уулзаж "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт элсэж ормоор байна гэж гуйсан. Учир нь миний бие тухайн үед "Жи тайм корпорейшн" ХХК-ийн багт ажиллаж байсан. "Жи тайм корпорейшн" компанийн хөтөлбөрт элсэх зорилгоор Н.Т нь 4.000.000 төгрөгийг "Жи тайм корпорейшн" ХХК-ий дансанд тушааж хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүссэн тул миний бие өөрийн багийн гишүүн Биндэръяагаар Н.Тын 4.000.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр Жи тайм корпорейшн ХХК-ий дансанд тушаалгасан. Зээлийн гэрээний тухайд Н.Т нь өөрийн танил болох Ч.Соёлмаагийн "Жи тайм корпорейшн" ХХК-ий хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7.500.000 төгрөг дээр өөрийн Жи тайм корпорейшн ХХК-ий дансанд байршуулсан 4.000.000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Жи тайм корпорейшн ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би Н.Таас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16.755.000 төгрөгийг Н.Тд төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01411 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3,232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 16 725 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241 730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 241 575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11.500.000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар 10%-ийн хүүтэйгээр зээлдүүлсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн. Тухайн үед би Н.Т гэгчийг огт танихгүй, тэр ч бас намайг танихгүй, танихгүй хүн 11.500.000 төгрөгийг огт барьцаагүй шижлүүлэхгүй шүү дээ. Харин ч би Жи тайм ХХК-д элсэн орж ВИП хөтөлбөрт найз Мягмар миний дор элсэн орж, Мягмар өөрийн элсүүлэх 2 хүн болох хамт ажилладаг Соёлмаа, түүний найз Н.Тыг элсүүлэх болж тэд элсэлтийн хураамжаа төлсөн. Энэ сүлжээнд өөрсдөө сайн дураар орсон бөгөөд харин намайг өөрсдийн доор орох 4 хүнийг олж сүлжээг задалж өгөхийг хүссэн. Иймээс Соёлмаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн нэрээр миний мөнгө гэж 7 сая төгрөг шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 сая төгрөг Н.Т гэсэн нэрээр орж ирсэн. Энэ өдөр мөнгийг зээлсэн мэтээр гэрэ хийе гэж хэлсэн тул гарын үсэг зурсан. Тухайн үед бидний хувьд сүлжээг задалж дээшээ гарах яриа тохиролцоо байсан тул түүгээрээ байгаа гэж бодсон. Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11.500.000 төгрөгийг Н.Таас надад шилжүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Энэ өдөр 4 сая төгрөг миний дансанд орж ирсэн. Үүнийг авсан нь үнэн. Уг мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг авсан. 2.500.000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ц.Баас зээлийн гэрээний үүрэгт 16.725.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 16.775.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Б зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Ц.Б нь Н.Таас 11.500.000 төгрөг зээлээгүй өөрөө Жи тайм корпорейшн компанид элсэн орох зорилгоор элсэлтийн хураамжаа надад шилжүүлсэн гэж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Б, Н.Т нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Н.Т зээлийн гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн, хариуцагч Ц.Б Жи тайм корпорейшн компанид элсэн орохоор элсэлтийн хураамжаа миний дансанд шилжүүлсэн гэж маргаж мэтгэлцсэн байх ба Н.Т, Ч.Соёлмаа нар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Жи тайм корпорейшн компанийн сүлжээнд элсэхээр 3.450.000 төгрөгийг 5094292441 тоот данснаас шилжүүлсэн, нэхэмжлэгч Н.Т Ч.Соёлмаатай Хаан банкны 5094586699 тоот дансыг хамтран эзэмшдэг ба энэ данснаас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Бын дансанд 7.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөг шилжүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Т сүлжээний хөтөлбөрт элсэн орсон болох нь баримтаар нотлогдоогүй, Жи тайм корпорейшн компанийн данс болох Т.Мянганбаярын Худалдаа хөгжлийн банкны 407254687 дугаарын данс руу 11.530.000 төгрөг шилжүүлсэн байх боловч энэ нь Жи тайм корпорейшн компанийн сүлжээний хөтөлбөрт элсэх үйл баримттай холбоогүй ямар зориулалтаар хэнд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алданги шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр хариуцагч Ц.Баас 16.725.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлүүдэд нийцсэн байна.

Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги  төлөх нөхцөлтэй байгуулсан зээлийн гэрээг үгүйсгэсэн няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд хариуцагч Ц.Бын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01411 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ц.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.575 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ