Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2024/00572

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2024/00572

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 5 дугаар гудамжны 26 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 20 тоотод оршин суух, ******* овогт холбогдох машины үнийн 50 хувь болох 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.,

Хариуцагч: Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П. нь хариуцагч Л. холбогдуулан машины үнийн 50 хувь болох 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.П. миний бие Л.эй 2012 оноос хойш 2023 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. Бид 2 хоорондоо 13 насны зөрүүтэй хүмүүс бөгөөд Л. 60 нас нилээд гарсан, Би 40 нас нилээд гарсан байхад танилцаж, Багануур дүүрэгт манай хадам ахын хашаанд байрлах байшинд хамт амьдарч байсан. П. миний бие Улаанбаатар хотын фокстрот бүжгийн клубэд 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл өдрийн 50,000-80,000 төгрөг буюу сарын 1,500,000-2,400,000 төгрөгийн ажлын хөлстэй хөгжимчнөөр ажилласан. Ингэж ажиллах хугацаандаа буюу 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр "Нэткапитал лизинг" ХХК-тай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулж, 2014 онд үйлдвэрлэгдсэн тоёота королла маркийн автомашиныг худалдан авахаар 10.500.000 төгрөг зээлж, урьдчилгаанд 30% болох 4,500,000 төгрөг төлж худалдан авсан. Автомашины зээлийг төлж дууссаны дараа 2023 оны 7-р сарын *******-ны өдөр "Нэткапитал лизинг" ХХК-аас автомашины өмчлөх эрхийг П. над руу шилжүүлсэн өдөр одоо над руу шилжүүл гэж дарамтлан, Багануурын авто тээврийн газар хамт очъё гэж шахаж шаардсан тул түүний хэл амнаас төвөгшөөж 15,000,000 төгрөгийн үнэтэй автомашинаа Л.ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн. Уг тээврийн хэрэгслийг худалдан авах гэрээг байгуулж сар болгоны төлбөрийг төлж дуусгасан. Мөн Л.эй хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө тул королла пиэлдэр маркийн 34-64 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг П. миний бие хамтран өмчлөх эрхтэй болно. Л. ямар ч хөрөнгө оруулаагүй хашаа байшинг хүртэл хамтран амьдарсан хугацаанд бий болсон тул дундын хөрөнгө гэж үзэж байгаа тул миний өөрийн худалдан авсан тээврийн хэрэгсэл бол дундын хөрөнгө болох нь ойлгомжтой юм. Дундын өмч болох тээврийн хэрэгслийг Л. өнөөдрийг хүртэл дангаараа эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн зориулалт шинж чанараас шалтгаалан, өөрт ногдох хэсгийг салган авах боломжгүй тул ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй билээ. Тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан ба нэг өмчлөгчид ногдох хэсгийн үнэ 7,500,000 төгрөг болно. Иймд дундын өмч болох Тоёота королла пиэлдэр маркийн 34-64 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн П. надад ногдох хэсгийн үнэ болох 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч П. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би энэ олон жил ажиллаж олсон цалин, орлогоо оруучихаад энэ хүнд алдана гэхэд надад харамсалтай байна, би хөгжим тоглоод нэлээд орлого олж байсан, миний цалинг энэ хүн ирээд бэлнээр авдаг байсан. Би 2020 онд 10 удаа машины төлбөр төлсөн, бүжгийн клубт ажиллахаас гадна CD бичиж зардаг байсан. Багануурт ирээд би Анхилуун зоогийн газарт хагас, бүтэн сайн өдөр бүжиг явуулдаг байсан, нэг өдөр хөгжим тоглоод 200,000 төгрөг авдаг байсан. Хариуцагч худлаа яриад байна, миний цалинг үүдэнд сахиж зогсож байгаад авч явчихаад машины төлбөрт хийсэн шүү гэж хэлдэг байсан. Би маш их ажиллаж байсан, намайг Монголын бүх бүжигчид мэднэ, 2020 оны 11 сард Корона өвчин гараад бүжгийн клуб хаагдаж байсан ч гэсэн 2022 онд нээгдээд бээлий, масктай бүжиглэж байсан. Энэ машиныг авахад тал мөнгө нь миний мөнгө байсан, би одоо их өртэй байгаа гэв.

3.Хариуцагч Л. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүн 2022 он хүртэл бүжгийн клубт ажилласан гэж байна. Тийм юм болоогүй, тухайн үед Корона өвчин гараад бүх бүжгийн клуб ажиллаагүй, хаагдаж байсан. Тэгж байгаад 2022 оны 4 дүгээр сараас заримыг нь нээгээд алаг цоог ажиллаж байсан, тэр үеэр энэ хүн өдөрт 80,000 төгрөгийн цалин авч байгаагүй, 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан, би цалинг нь аваад өөрийнх нь дансанд хийж өгдөг байсан. Яагаад гэвэл энэ өөрөө АТМ ажиллуулж мэддэггүй байсан, энэ талаар цалин өгч байсан захирал С. нь шүүх дээр ирээд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. С. захирал мэдүүлэгтээ би цалинг нь П.од өөрт нь өгч байсан гэж хэлсэн байсан. Тэгээд үүнээс хойш 2022 оны 4 дүгээр сараас 6 сар хүртэл ажилласан, тэгж байгаад Багануурт ирээд хашаа байшин авна гээд байхаар нь би чамд хашаа байшин авах мөнгө байгаа юм уу гэхэд намайг тэтгэврээ авчих, тэгээд хашаа байшин авъя гэж хэлж байсан. Ер нь ямар нэгэн мөнгөний хэрэг гарвал дандаа надаас авдаг, өөрөөсөө нэг ч төгрөг гаргаж байгаагүй. Би өөрөө тэтгэвэртэй, дээрээс нь манай гадаадад байдаг хүүхдээс хэрэглээний мөнгө гэж сар бүр 1,000,000 гаруй төгрөг явуулдаг байсан. П.ыг ямар ч биеийн байцаалт байхгүй, гэр оронгүй, архичин байхад нь би өөд нь татаж бүх юмыг нь хөөцөлдөж байгаад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг нь өөрийнхөө мөнгөөр авч өгч байсан. Би энэ нэхээд байгаа 7,500,000 төгрөгийг өгөхгүй, хамт байх хугацаандаа энэ машиныг хамт л хэрэглэж байсан, П. машинд зориулж ямар ч урсгал зардал гаргаж байгаагүй, нэг удаа бензин хийгээд өгөөч би мөнгөгүй байна гэсэн чинь хийхгүй явсаар байгаад бензин нь дуусаад замд зогсож байсан. Тэгээд өөрөө Эрдэнэ сум руу явж бензин авч байсан, ийм л хүн, харин ч энэ хүнийг өдий зэрэгтэй болгосныхоо төлбөр, мөнгийг би эргүүлээд нэхэмжлэх эрхтэй, би хамт байдаг байхдаа бүх юмыг нь бэлдэж өгч байсан, тамхи байхгүй гэхээр нь татах тамхийг нь хүртэл бөөнөөр нь авч өгч байсан. Тэгээд Анхилуун зоогийн газарт хөгжим тоглож байсан гэж ярьж байна, нэг их ажиллаж байгаагүй, 2015 онд эдний холын нэг хамаатан сургуулийн багш хүүхэн жижиг хар хөгжим өгч байсан, би тэрийг нь хот авч явж засаад хааяа л бүжгийн клубт тоглож байсан. Тэгээд олсон мөнгөө өөрөө аваад архидаад алга болдог байсан. Би энэ машины төлбөрийг 26 удаа төлсөн, үүнийг Нэт капитал ББСБ-ын баримтаас харж болно, худлаа баримт гаргаж өгнө гэж байхгүй биз дээ гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, №4042028 дугаартай Зээлийн гэрээ, №4042028 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, Нэткапитал лизинг ХХК-ийн тодорхойлолт,

Хариуцагчаас гар бичмэл, Хаан банкны дансны хуулга, №4042028 дугаартай Зээлийн гэрээ, №4042028 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Нэткапитал лизинг ХХК-ийн албан бичиг, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хуулбар зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн,

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.гээс гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П. нь хариуцагч Л. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П. нь шаардлагын үндэслэлээ: Хариуцагчийн эзэмшилд байгаа Tоёото корола маркийн автомашин дундын өмч тул машины үнийн 50 хувь болох 7,500,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч Л. Нэткапитал лизинг ХХК-аас авсан авто машины зээлийн 29 удаагийн төлөлтийг би төлсөн, П. 7 удаагийн төлөлтийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч П. нь хариуцагч Л.эй 2013 оноос 2023 оны 02 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан ба хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Нэт капитал лизинг ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2014 онд үйлдвэрлэгдсэн Tоёото корола автомашиныг худалдан авахаар 10,500,000 төгрөгийг зээлж, урьдчилгаанд 30 хувийг төлж, нийт 15,000,000 төгрөгөөр худалдан авсан байна. Уг зээлийн урьдчилгаа мөнгийг талууд хувааж төлсөн ба Нэт капитал лизинг ХХК-иас сар бүрийн 470,000 төгрөгийн зээл төлөлтөөс П. 7 удаа буюу 3,290,000 төгрөг болон урьдчилгаанд 1,500,000 төгрөг төлсөн, Л. 29 удаа буюу 13,630,000 төгрөг төлсөн гэдэгт тадууд маргадаггүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу Л.ийн эзэмшлийн Tоёото корола маркийн автомашиныг зээлээр худалдан авахад нэхэмжлэгч П. зээл болон урьдчилгаанд төлсөн 4,790,000 төгрөгийг төлсөн ба уг мөнгийг буцаан гаргуулах нь Иргэний хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд хариуцагч Л.ээс машины үнийн 50 хувь болох 7,500,000 төгрөг гаргуулах шаардлагаас 4,790,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,710,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс 4,790,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 91,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ээс машины үнээс 4,790,000 төгрөгийг гаргуулж ******* ******* овогт ******* од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,710,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс 91,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ