Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 17

 

М.Мын нэхэмжлэлтэй,

хариуцагч ОАЗДТГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/01357 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Мын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАЗДТГт холбогдох,

“Ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч М.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 06 сарын 29-ны өдрийн Б/41 тоот тушаалаар тус Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдсон. 2016 оны 11 сарын 02 өдрийн Тамгын газрын Б/41 тоот “Албан тушаал бууруулах” тухай тушаалаар намайг архивын тасгийн даргаар томилсон. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд намайг эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү шийдвэрийг хариуцагч Тамгын газрын дарга сайн дураараа биелүүлэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оноос өдийг хүртэл 3 жил орчим хугацаанд үргэлжилж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 681 дугаартай шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацааны цалингийн зөрүү 3.034.000 төгрөгийг Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 681 дугаартай шийдвэрээр 629.742 төгрөг болохыг тогтоосон. Иймд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг Засаг даргын Тамгын газраас гаргуулж надад олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар тогтоолоор М.Мыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг ЗДТГ-т даалгасан. Аймгийн ЗДТГ-ын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж “М.Мыг ажилд эгүүлэн томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” аймгийн ЗДТГ-ын даргын Б/11 дүгээр тушаалыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. 2019 оны 06 дугаар сард М.М нь аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “М.Мыг ажилд эгүүлэн томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” аймгийн ЗДТГ-ын даргын Б/11 дүгээр тушаал гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэнтэй холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дүр эсгэн биелүүлсэн гэх үндэслэлээр Орхон аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан. Одоогоор эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд эрүүгийн хэргийн эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү? гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/01357 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 3 778 452 төгрөгийг гаргуулан М.Мт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 75 405 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

М.М нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Аймгийн ЗДТГ-ын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж “М.Мыг ажилд эгүүлэн томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” аймгийн ЗДТГ-ын даргын Б/11 дүгээр тушаалыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. М.М нь “Аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/10, Б/11 тушаалуудыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тодорхой шалтгааны учир түдгэлзүүлж өгөхийг хүсье” гэх өргөдлийг ЗДТГ-т гаргасан. Уг өргөдөлтэй холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б/13 дугаар “Тушаалуудын хэрэгжих хугацааг түдгэлзүүлэх тухай” Орхон аймгийн ЗДТГ-ын даргын тушаал гарсан. Уг тушаалуудыг үндэслэн Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажиллагааны хувийн хэргийн материалыг хаасан. Уг гомдлын дагуу Орхон аймаг дахь Цагдаагийн газраас ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүд Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 21.7.1-д заасан гэмт хэрэг Шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй/ үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Орхон аймгийн Прокурорын газраас дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/18 тогтоолыг гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

М.М нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр “Ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчаас дээр дурдсан эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг түдгэлзүүлэх, Цагдаагийн газраас эрүүгийн хэргийг нотлох баримтаар судлуулах тус тус хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан 142/Ш32019/04871 захирамж гаргасан бөгөөд хариуцагчаас уг захирамжид гомдол гаргаж 142/ШТ2019/00139 тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон. Анхан шатны шүүхээс 142/ШТ2019/00139 тогтоолыг үндэслэн иргэний хэргийг түдгэлзүүлсэн захирамж гарсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосон 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар тогтоол гарсан. Ийнхүү хүсэлтүүдийг хангах, хангахаас татгалзах талаар шийдвэр явцдаа цагдаагийн газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг тодорхой шалтгаангүйгээр шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нь Улаанбаатар, Дорнод аймгуудад албан томилолтоор ажиллаж байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эрүүгийн хэргээс нотлох баримт авах хүсэлтийг Цагдаагийн газар, Прокурорын газарт гаргасан боловч хэргийн оролцогч биш, оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд бус тул хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ талаар анхан шатны шүүхэд удаа дараа тайлбарласан боловч хууль зүйн үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Д.Соёлчхүүд холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримт судлуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь ИХШХШТ хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

... Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6 заалтыг үндэслэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/01357 шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдол нь хэрэгт хамааралгүй бөгөөд хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Учир нь иргэний хэргийн шүүхэд оролцогч зохигчид өөрсдийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж өгөх ба хэрэв оролцогч өөрөө олж авах боломжгүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримт байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар нотлох баримтыг шүүхээр цуглуулах бүрэн боломжтой байсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргаж байсан хүсэлт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй хүсэлт байсан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байсан. Мөн хариуцагчийн мэтгэлцэж буй байрь суурь энэхүү маргааны хууль зүйн факттай хамаарал бүхий биш бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх боломжгүй байна.

Түүнийг ажилд томилсон шүүхийн шийдвэр биелээгүй, цалин, түүнтэй адилтгах зөрүүг олгоогүй одоо болтол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хэвээр байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулы ёсны бөгөөд зүйн үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.М хариуцагч ОАЗДТГт холбогдуулан цалин олговорын зөрүү гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөхгүй маргажээ.

Ажил олгогч 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б/11 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Мыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тус аймгийн Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Шийдвэр гүйцэтгэлийн ажилллагааг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч М.М хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан тус аймгийн Цагдаагийн  газарт гомдол гаргаснаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр № 1925003260294 дугаар Прокурорын тогтоолоор “М.Мыг ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор  шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №5/18 дугаар Прокурорын тогтоолоор “...уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хэргийн холбогдогч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй ажил олгогчийн буруутай  үйлдлээс нэхэмжлэгчийн  хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.М тус аймгийн Тамгын газрын Архивын тасгийн даргаар ажилласнаар түүний нэг сард олгогдох цалин олговрын зөрүү 629.742 төгрөг болох нь нотлогдож байх тул анхан шатны шүүхээс цалин олговрын зөрүү 3.778.452 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... эрүүгийн хэргийг шалгаж байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэж шүүх бүрэлдэхүүн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр № 150 дугаар Шүүхийн тогтоолоор “Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүгийн хэргээс нотлох баримтуудыг Прокурорын газраас гаргуулж авч чадаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, татгалзлаа өөрөө нотлох, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Энэхүү иргэний хэрэгт хариуцагч Д.Соёлчхүүд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэргийг  хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол хэрэгт авагдсан  тул шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан эрүүгийн хэргээс нотлох баримт судлуулах тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-д заасныг зөрчсөн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулаан үзээгүй, хэтэрхий нэг талыг барьсан гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/01357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ