Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2024/00630

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2024/00630

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам, шүүгч П.Туяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, ******* сум, 3 дугаар баг, К 27-31 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, ******* сум, 3 дугаар баг, К 27-******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 6,622,086 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч Б.Ундармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Д.******* холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 6,622,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Миний бие Хэнтий аймгийн ******* сумын 3-р баг, К-27-31 тоотод амьдардаг. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай гэрт хүн байхгүй, эзгүй байсан бөгөөд ******* сумын "" сууц өмчлөгчдийн холбооноос над руу утсаар холбогдож, танайхаас ус алдаад байх шиг байна гэсэн. Би гэрийнхээ түлхүүрийг хүнд үлдээсэн байсан учир тэр хүн рүүгээ ярьж очиж үз гэж хэлсэн. Намайг хэлсний дараа тэр хүн маань манай гэрт очиж үзэхэд манайхаас ус алдаагүй, дээд айлаас их хэмжээний ус алдаж, манайхыг нэлэнхүйд нэвтрээд, доод граш руу ус урсаад байна гэж хэлсэн. Би тухайн үед видео калл хийж холбогдсон. Манай дээд айл их хэмжээний ус алдсаны улмаас манай 3 өрөөнүүд нэлэнхүйдээ, бүхэлдээ усанд автаж хана таазны эмульс, замаск норж, унаж, ханын цаас норж хууларсан, бүх өрөөний паркетан шал норж усанд хөвсөн байдалтай байсан. Би тэр дор нь наад байгаа бодит байдлын талаар зураг, бичлэг хий гэж хэлсэн. Зураг, бичлэг хийж байхад "" сууц өмчлөгчдийн холбооны захирал С., манай байрны өндөр настан , миний явуулсан 2 хүн хамт байсан. Тэд бүгдээрээ бодит байдлыг гэрчилнэ. Энэ айл өмнө нь 4 удаа манай дээрээс их бага хэмжээгээр ус алдаж байсан. Би тухай бүр нь өөрөөсөө мөнгө гаргаж засвар хийж байсан. Надад нэг ч удаа засварын мөнгө өгч байгаагүй. Надаас уучлалт ч гуйгаагүй. Сая ус алдсанаас хойш гуай надтай ярихгүй, уулзахгүй болохоор нь би өөрөө 3 удаа гар утас руу нь залгаж холбогдсон. Утсаа авсан ч эргээд залгая гэдэг хариу өгөөд таг чиг. Хүний урманд яаж байна, ийж байна гэж нэг ч удаа асуугаагүй. Энэ хооронд надад хүнд гарз тохиолдож ажил явдал боллоо, цагаан сар боллоо.... Нэг ч удаа утсаар ярьсангүй, засвартаа хэрэглээрэй гээд нэг ч төгрөг өгсөнгүй. гуайд үнэхээр гомдолтой байна. Дүн өвлийн хүйтэнд битүү чийгтэй гэртээ, үнэхээр хэцүү хэд хоногийг өнгөрүүлсэн. Тэр чийгийг гаргах гэж цонхоо өдөр шөнөгүй онгойлгоно, би өөрөө хөлдөж үхэнгээ алдана. Азаар гэр бул маань хотод тулдаа л хүүхэд шуухад ханиад гэсэнгүй. Энэ өвөл гадаа ямар хүйтэн байгаа билээ. Ус алдсанаас болж гэрийн бүх цахилгаанд гэмтэл гарсан. Тэгээд цахилгаан түгээх газар /эрчимд/ дуудлага өгч, тухайн газраас хүн ирж гэрийн бүх цахилгааныг янзлуулсан. Дээд айлын нэг ч төгрөг өгөхгүй, надтай эргээд холбогдоно гэчихээд алга болоод байсан учир би аргаа бараад өөрт байгаа мөнгөөрөө гэртээ дутуу засвар хийлээ. Манай гэр одоо өнгө алагласан л юм байна. Ижил буруу обойтой. Мөн хивс дээрээс гоожсон усанд нэвт норсон, 3 хивсээ угаалгын газар өгөөд нэмэргүй, бүүр хуучин хивснээс ч долоон дор юм болсон. Шинэ жилээр хямдрал зарласан болохоор шинэ зурагт аваад гэртээ тавьсан байсан. Дээрээс ус алдсанаас болоод зурагт маань дэлгэц нь гэмтээд асахаа байсан /нотлох баримттай/. Буцаагаад авсан газраасаа тодорхойлолт аваад Улаанбаатар хотод аваачиж засуулсан. Би өөрөө гэрт нь орж засварын мөнгө хэрэгтэй байна гэдгээ эхнэрт нь хэлээд үнэлгээ тогтоосон баримтаа өгөөд явсан. Би аргаа бараад шүүхэд хандаж байна. Энэ хохирол бол цэвэр буюу дээрээс ус алдсанаас болсон. Мөн 2017, 2018 оны үед манай гэрийн халуун, хүйтэн усны төлбөр маш өндөр гараад байсан. Би тухайн үед нь удаа дараа Хэнтий ус сувагт гомдол гаргадаг байсан. Би нэг өдөр дээд айл ынх онгорхой байхаар нь ороод халуун, хүйтэн усны тоолуурын заалтыг нь харсан чинь огт байхгүй, тоолуурын заалтаа авч хаяад нууцаар шууд манайхтай холбоод өөрийнхөө тоолуурын заалтыг авчихсан байгааг мэдээд холбогдох газарт нь мэдэгдсэн. Тэгээд ус сувгаас хүмүүс ирээд тэр хууль бус, ёс бус үйлдлийг таслан зогсоосон. Тэд нар танайх гомдолтой бол хэлээрэй. Бид гэрчлээд хохирлыг барагдуулна гээд явсан. Тухайн үедээ настай хүмүүс юм даа гээд би юм яриагүй орхисон. Гэтэл одоо ийм хөгийн зан гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Иймд хариуцагч Д.оос байрандаа засвар үйлчилгээ хийхэд гарсан зардал 6,472,086 /зургаан сая дөрвөн зуун далан хоёр мянга наян зургаан/ төгрөг, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 150,000 /нэг зуун тавин мянган төгрөг, нийт 6,622,086 /зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга наян зургаан / төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Д. бид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан дараах эвлэрлийн гэрээг сайн дураараа байгуулж байна. Нэхэмжлэгч Г. нь Д.оос гэм хорын хохирол 6,622,086 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал уг шаардлагаас 2,622,086 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д. нь 4.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн. Уг төлбөрт хугацаа тохиролцоогүй болно. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөгч О. гэжээ.

3.Иргэдийн төлөөлөгч Б.Ундармаа нь зохигчид эвлэрэн хэлэлцсэн тул дүгнэлт гаргаагүй болно

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч нь 6,622,086 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 2,622,086 төгрөгөөр багасгаж, үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Талуудад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч зохигчид нь шүүх хуралдааныг өөрсдийгөө байлцуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан болно.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 6,622,086 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 2,622,086 төгрөгөөр багасгаж, үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагч Д. нь төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулж нэхэмжлэгч Г.д олгосугай.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн 2 ширхэг диск, 1 ширхэг флашийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ

ШҮҮГЧИД П.ЦЭЦЭГДУЛАМ

П.ТУЯА