| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/0145/э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Эрдэмбилэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 138
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар Н.Эрдэмбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1730000910076 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн харьяат, 1974 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хадан таваг гэх газраас өөрийн адуунд 2017 оны 01 дүгээр сард нийлсэн иргэн О.Бгийн 2 тооны алдуул адууг мэдсээр байж, өөрийн адуунд нийлүүлж, 2017 оны 04 дүгээр сард хүрэн зүсмийн байдсыг бусдад худалдаж, хээр зүсмийн үрээг адуундаа нийлүүлж завшин бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын эхээр манай адуунд 2 адуу ирж нийлээд 04 сар хүртэл байсан. Би хүнд нь хэлээгүй. Би 4 сард хүнд адуу өгөх ёстой байсан. Тэгээд хүрэн зүсмийн адууг хүнд өгсөн. Би хохирлыг барагдуулахаар адууг адуугаар өгсөн... гэв.
- Яллагдагч Б.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай адуунд 2016 оны 12 сараас 2017 оны 01 сарын хооронд О.Б ахын хүрэн зүсмийн байдсан гүү болон хээр зүсмийн шүдлэн үрээ нийлсэн юм. Би 2017 оны 04 сард Г гэх хүнд хүрэн зүсмийн шүдлэн байдсыг нь 200.000 төгрөгөөр зарсан юм. Хээр зүсмийн шүдлэн үрээ нь бол манай адуунд байгаа юм. Уг хоёр адуу тууран тамгатай адуу байгаа, манай адуунд нийлээд салахгүй байсан юм. Би хохирогч О.Бгийн хохирлыг бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг/ хх-17/.
- Хохирогч О.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай адуунаас нийт 9 тооны адуу алдагдсаны 2 нь зөв талын гуян дээрээ тууран тамгатай хүрэн зүсмийн байдсан гүү, зөв талын гуян дээрээ тууран тамгатай хээр зүсмийн шүдлэн үрээнүүд юм. Манай хүү Т адуугаа малладаг юм. Т уг алдсан адуунуудын талаар мэдэж байгаа. Манай хүрэн зүсмийн байдсан гүү болон хээр зүсмийн үрээг Эрдэнэцагаан сумын 5-р багийн иргэн Б.Б нь хулгайлсан байна. Миний 2 адууны хохирлыг Баттөр гэгч нь төлж барагдуулсан, надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-5-7/,
- Гэрч Х.Эийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайд Сэлэнгэ аймгаас Г гэх хүн ирж адуу худалдаж авсан. 2017 оны 4 сарын үед Г надтай хамт явж Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутаг Эрдэнэ толгой гэдэг газар нутаглах Б.Х /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх хүнээс 3 тооны адуу авсан. Уг тууран тамгатай хүрэн зүсмийн байдсыг Б.Х гэх хүн Гад зарсан. Г ачиж явах гэсэн боловч шүлхий өвчний улмаас авч явж чадалгүй манай адуунд үлдээхдээ өөрийн тамга гээд “м” үсэг тамга дарж үлдээсэн ... гэх мэдүүлэг / хх-8/,
- Гэрч О.Гын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 04 сард бэлэн мөнгөөр Б.Ба, Б.Б нараас хүрэн зүсмийн нар саран тамгатай даага, хүрэн зүсмийн туурай тамгатай шүдлэн байдас, апуу хочтой Хуягаа гэх хүнээс хүрэн зүсмийн шүдлэн байдас авсан, тамгыг нь мэдэхгүй байна ...гэх мэдүүлэг / хх- 10/,
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2017.11.07-ны өдрийн 5/66 дугаартай тодорхойлолт /хх-18/
- Б.Бийг Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/
- Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2017 оны 10 сарын 22-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-22/
- Шүүгдэгч Б.Бийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.11.16-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-24/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.11.16-ны өдрийн 5/21 дугаартай Прокурорын тогтоол /хх- 02/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь түүний болон хохирогч О.Бгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдох тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хадан таваг гэх газраас өөрийн адуунд 2017 оны 01 дүгээр сард нийлсэн иргэн О.Бгийн зөв талын гуян дээрээ тууран тамгатай хүрэн зүсмийн байдсан гүү, зөв талын гуян дээрээ тууран тамгатай хээр зүсмийн шүдлэн үрээг алдуул мал гэж мэдсээр байж адуундаа нийлүүлэн, бусдад худалдах зэргээр завшин 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Бийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.Б, гэрч О.Г, Х.Э нарын мэдүүлэг, Эрдэнэцагаан сумын 2017 оны 10 сарын 22-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх буюу алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Б.Бийн өөрийн адуунд ирсэн иргэн О.Бгийн хүрэн зүсмийн байдсан гүү, хээр зүсмийн шүдлэн үрээг адуундаа нийлүүлэн, улмаар 2017 оны 04 дүгээр сард хүрэн зүсмийн байдсыг бусдад худалдсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний “Манай адуунд 2016 оны 12 сараас 2017 оны 01 сарын хооронд О.Б ахын хүрэн зүсмийн байдсан гүү болон хээр зүсмийн шүдлэн үрээ нийлсэн. Би 2017 оны 04 сард Г гэх хүнд хүрэн зүсмийн шүдлэн байдсыг нь 200,000 төгрөгөөр зарсан. Хээр зүсмийн шүдлэн үрээ нь бол манай адуунд байгаа. Уг хоёр адуу тууран тамгатай адуу байгаа, манай адуунд нийлээд салахгүй байсан юм” гэх /хх- 17/, хохирогч О.Бгийн “ зөв талын гуян дээрээ тууран тамгатай хүрэн зүсмийн байдсан гүү, зөв талын гуян дээрээ тууран тамгатай хээр зүсмийн шүдлэн үрээг Эрдэнэцагаан сумын 5-р багийн иргэн Б.Б нь хулгайлсан байна. Миний 2 адууны хохирлыг Баттөр гэгч нь төлж барагдуулсан“ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
Б.Б нь уг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авах, захиран зарцуулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн адуунд ирсэн хоёр адууг адуундаа нийлүүлж, зарж борлуулах зэргээр бусдын өмчлөх эрхэнд хохирол учруулжээ.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба прокуророос ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.
Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаа шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч О.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухайгаа хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн, мөн 2017 оны 10 сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтдээ ” Миний хохирлыг барагдуулж хохирлын маргаангүй болсон тул надад гаргах гомдол байхгүй “ гэж дурджээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаа шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч О.Бд учирсан 700.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Б.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН