Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/1018

 

                                                                Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

хохирогч Ё.Д-ын өмгөөлөгч Д.Чинзориг,

яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2242 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.О-д холбогдох 2203 00335 0369  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б.О нь Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, /РД: ***********/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

Яллагдагч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 52 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянгийн зам, шинэ гүүрний уулзварт “БГФ” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Тоёота Корола Филдер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав “Уулзвар нэвтрэх”, 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ”, а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл”, 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.О-д холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлт, тайлбар болон хэрэгт авагдсан баримттай танилцахад дараах нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

Яллагдагч Б.О-ийн унаж явсан гэх “Тоёота Корола Филдер” загварын тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар, ослын улмаас тээврийн хэрэгслийн урд салхины шил цуурч, копут хонхойсон болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд ББСБ-ыг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоож, тайлбар, мэдүүлэг аваагүй байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлт /хх-118/-ийг прокурорт гаргасан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд “иргэний нэхэмжлэгч”-ээр тогтоож /хх 29-30/, мэдүүлэг авсан боловч биеийн байцаалт, холбогдох мэдээлэл дутуу бичигдсэн байна.

Иймд уг алдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6, 8.7 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоож, тайлбар, мэдүүлэг авч холбогдох ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй тул яллагдагч Б.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх бол..." гэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Нөгөөтэйгүүр, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Ч-ийн гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт дахин хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, яллагдагч Б.О-ийн жолооны үнэмлэхийг хэргийн хамт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичлээ. Үүнд: 1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Тухайн хэргийн хувьд яллагдагч Б.О-ийн жолоодон явсан “Тоёота Корола Филдер” загварын тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч дээрх автомашиныг Б.О өөрөө жолоодож хөдөлгөөнд оролцдог, тухайн байгууллагатай зээлийн гэрээг өөрөө хийсэн, мөн тухайн байгууллага руу 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас албан тоот хүргүүлсэн ба дээрх байгууллагаас “... автомашины жинхэнэ өмчлөгч болох манай машины барьцаалан зээл авсан зээлдэгч Б.О-ийг тогтоож өгнө үү...” гэх байгууллагын албан тоот зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Иймд дээрх байгууллагыг иргэний хариуцагчаар татаж, холбогдох хүнээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих, хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан. “Тоёота Корола Филдер” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч ББСБ-ыг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар иргэний хариуцагчаар татах үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж зааснаар шүүхийн шатанд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн 2242 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Тоёота Корола Филдер” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь Б.О болох ББСБ-ын албан тоот болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдлийн улмаас учирсан гэм хор хохирлыг төлж байгаа, бүрэн төлөхөө илэрхийлсэн. Иймд дээрх байгууллагыг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн. Мөн иргэний нэхэмжлэгчийг тогтоож, мэдүүлэг авсан боловч биеийн байцаалт, холбогдох мэдээлэл дутуу бичигдсэн нь үнэн. Нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ё.Д-ын өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний хувьд хэргийг прокурорт буцаах талаар хүсэлт гаргаагүй. Хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул түүний төрсөн охиныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтүүдийг шүүхийн шатанд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хүсэлтүүдийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.О-ийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдэд дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаагаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг шүүгчийн захирамжаар тогтоох боломжтой юм. Энэ ажиллагаа нь шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш. Мөн иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг тогтоосон бөгөөд төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан биеийн байцаалтын талаарх ерөнхий мэдээллийг нөхөн бичих боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан 2 ажиллагааг заавал хийх шаардлагагүй үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Б.О тус шүүх хуралдаанд: “... Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоох эсэх ажиллагаа, мөн иргэний нэхэмжлэгчийн биеийн байцаалтын ерөнхий мэдээллийг нөхөн бичих зэрэг ажиллагаа нь хэргийг заавал мөрдөн шалгах ажиллагаанд буцаах асуудал биш бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүх хуралдаанаар Б.О-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2242 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Т.ӨСӨХБАЯР

                       ШҮҮГЧ                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                       ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР