Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 147

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Д.С, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,  

Иргэдийн төлөөлөгч Л.Батбаяр,                 

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С, 

Шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох 1730000020008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн харьяат, 1995 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, эхнэр, хүүхэд, ах, дүү нарын хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С.Б. 

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Бнь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн ах С.Лийг алсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 сарын 03-ны өглөө босоод барьж байсан барилга руугаа явсан. Очиход хадаас дууссан байсан. Хамт ажиллаж байсан ахынхаа мотоциклийг унаад хадаасанд явсан. Би гэрээрээ орчихоод явъя гэж бодоод гэрээрээ ороход эхнэр хүүхэд байхгүй байсан, вакцин хийлгэнэ гэж байсан болохоор би эмийн сангийн үүдэнд мотоциклоо тавьж орхиод эмнэлэг рүү ороход эхнэр эмнэлгээс гарч ирсэн. Би эхнэрээ хайраа гэртээ очоод хоолоо хийж бай би араас чинь очъё гэхэд эхнэр “би гэр рүүгээ явахгүй, С.Л ах намайг зодоод хөөж туугаад байна” гэж хэлсэн. Би хайраа гэр рүүгээ явж бай, би мотоциклийг нь өгчихөөд хүрээд очъё гэж хэлчихээд мотоциклоо тавьсан газар очиход С.Л ах эмнэлгийн баруугаар хэрэг гардаг газар явж байсан. Би ахтай таараад та яагаад эхнэрийг маань зодоод, хөөж туугаад байдаг юм бэ, би танайд амьдраагүй, дүүгийнхээ гэрт байгаа гэхэд янхан гичийгээ өмөөрлөө гэсэн. Би баруун гараараа ахыг нэг цохисон. С.Л ах арагшаа ухраад газар суусан. Би гэрийн табочиктай явж байсан. Би ахыг нэг өшиглөсөн. С.Л ах намайг “Чи муу янхан гичийгээ өмөөрөөд сайн явахгүй дээ, чи үхнээ” гэж хэлэхээр нь би нэг алгадсан. Би тэндээс явахдаа эмнэлгийн баруугаар орохдоо эргэж нэг харахад С.Л ах босох гэж байсан. Би ажил дээрээ очиход Ц ах дээврийн мод дууссан байна. Хоёулаа модонд явъя гэхээр нь хашаанаас нь мод ачиж авчираад буулгаж байхад манай ажлынхан үд амраад явсан байсан. Модоо буулгачихаад байж байхад манай хамгийн бага дүү утсаар яриад “та яагаад Л ахыг зодож байгаа юм бэ? Эмнэлэг дээр байгаа, найдваргүй гэж байна” гэж хэлсэн. Би Ц ахаар эмнэлэг дээр буулгуулаад ороход ах чинь өнгөрчихлөө гэж хэлсэн. Би төрсөн ахыгаа алсандаа маш их гэмшиж байна. Уучлаарай ааваа, хохирогч ааваасаа уучлалт гуйж байна. 

.... 2017 оны 07 сарын 02-ны орой ажлаа тараад ирэхэд эхнэр хүүхэд уйлаад сууж байсан. Би яасан бэ гэхэд Д ах чинь зодоод хөөж туугаад байна гэж хэлсэн. Би ажил руугаа эхнэрээ дагуулаад явсан. Ажлаасаа 21 цаг гээд ирээд гэртээ унтах гээд байж байхад эхнэр “чамд нэг зүйл хэлье, ахтайгаа битгий муудаарай” гэсэн. Би хэл хэл гээд хэлүүлэхэд ах чинь намайг өөртэйгөө унтахгүй бол ална гээд зодоод байсан гэж хэлсэн. Маргааш нь манай эхнэр би чамтай хамт ажил руу чинь явъя, ах чинь өчигдөр орой ярьсан зүйлийг гэрийн гаднаас сонссон байна. Намайг ална гээд байна гэж хэлсэн. 07 сарын 02-ны ярьсан зүйл бодогдоод хашраая гэж бодсон. Би ахыгаа алъя гэсэн санаа байгаагүй, ганц хоёр удаа цохиод хашрах байх гэж бодсон. Манай эхнэр бүгдийг нь цагдаа, шүүхэд хэлнэ гэсэн. Би эхнэрийн нэр төр унана гэж бодоод би анх цагдаад мэдүүлэг өгөхдөө бэлгийн харьцаанд орсон гэдгийг хэлээгүй. Манай эхнэрийг зодсон гэдгийг хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар сумын 2 дугаар баг буюу сумын төвд оршин суудаг. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ гарч барьж буй барилга дээрээ ажилласан юм. Барилгын ажлын хадаас нь дуусаад намайг манай ажлынхан хадаасанд яваад ир гэхээр нь Б ахын эзэмшлийн мотоциклийг жолоодон хадаасанд явсан. Гэр рүүгээ очоод эхнэр хүүхэд байхгүй болохоор нь эмнэлэг рүү очиход манай эхнэр Ү хүүхдээ тэврээд гарч ирсэн. Тэгээд эхнэрээ гэрлүүгээ харь гэхэд эхнэр “ гэртээ харихгүй С.Л ах намайг хөөж туугаад байна “ гэхээр нь гэртээ харьж бай гээд мотоцикль тавьсан газраа ирэхэд С.Л ах эмийн сангийн урдуур ганцаараа явж байхаар нь дуудаад очиж уулзаад “ та яагаад эхнэр хүүхэд зүгээр байлгахгүй байгаа “ юм гэхэд “янхан, гичийгээ өмөөрлөө” гэхээр нь баруун гараараа Л ахын зүүн шанаанд нэг удаа цохьсон. Мөн баруун хөлөөрөө нүүр орчимд нь нэг удаа өшиглөсөн. Нэг удаа алгадаад мотоцикль дээрээ очиж унаад ажиллаж байгаа барилга дээрээ ирж ажиллаа хийсэн. Миний хувьд төрсөн ахыгаа зодож амь насыг хохироосондоо харамсаж байна... гэх мэдүүлэг, /хх-57-58/

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай талийгаач хүү хүнд гай болоогүй. Өөрийнхөө дүүд гай боллоо. Тэр охиныг ална гээд хоёр хутга бариад дайрч байсан. Хоёр дүү нь салгаж авсан. Тэр охиныг алсан бол яана вэ. Хаа байсан Хэнтий аймгийн Батширээт сумаас бэр болж ирээд манай тэнэг хүүгийн гарт үрэгдсэн бол яана вэ. Би дүүдээ гай болсон нь сайн байна гэж бодож байна. Бид хамаатан саднаараа оршуулгын зардлыг гаргасан. Манай хүү хэцүү хүн байсан. Хөгшин бид хоёрын үгийг авахгүй. Архи ууна, тамхи татна, муу бүхнийг хийдэг байсан. Ээжийгээ барьж зоддог хүн байсан. Тухайн үед нь төрсөн хүүгээ цагдаа хуулийн байгууллагад хэлж чадаагүй. Ээж нь хэрэггүй гэдэг байсан. Би өөрөө алгаддаг байсан...гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: С.Л, С.Б хоёр бол миний хүүхдүүд юм. С.Л нь гэртээ байнга архи ууж агсан согтуу тавьдаг. Манай хүү Бийн эхнэр хүүхдийг байнга айлгаж хэл амаар доромжилдог хүн юм. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү Б нь эхнэр, хүүхдээ өмөөрөөд ах С.Лийг зодож амь насыг нь хохироосон. Надад гаргах гомдол байхгүй, нэхэмжилэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-8-10/

 

- Гэрч Ц.Игийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 15 минутын үед эмнэлэг дээр байхад манай сувилагч О орж ирээд “ эмнэлгийн баруун урд нэг хүн ухаан алдчихсан, доошоо хараад хэвтэж байна” гэхээр нь эмнэлэгээс гарч очиход манай сумын иргэн С.Л байхаар нь “ Д сэрээрэй “ гээд эмнэлэгээс дамнуураг авчруулж, хүлээн авахын өрөөнд оруулсан. Тэгээд амин үзүүлэлтийг үзэхэд даралт, зүрхний цохилт нь буучихсан  ам нь шороо болсон, амнаас нь цус гарч, уруул нь хөхөрсөн байдалтай байсан. Анхны байдал дээрдэхгүй байж байгаад амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа дарангуйлагдаж 12 цаг 35 минутанд зогссон. 

С.Л нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөөний 10 цагийн үед эмнэлэгээс гарч, өөрийнхөө картан дээр хийгдсэн эмчилгээгээ бичүүлээд гарсан. Тухайн үед ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй, сайхан амарлаа, бие сайхан боллоо гээд явсан. Энэ үед ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй, эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй ...гэх мэдүүлэг /хх-13/, 

 

- Гэрч Ц.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед эмийн сангаас эм авах гэж байхад Д.Э хажууд зогсож байхдаа “ Б нь ах С.Лийгоо аймаар зодсон “ гэхээр нь эмийн сангийн цонхоор харахад Б нь мотоцикльтойгоо хөдлөөд явсан. Тэгээд би эм авчихаад эмнэлэг рүү явж байхад манай ажлын Д.Э, О хоёр дамнуургандаа С.Лийг өргөөд хүлээн авахын өрөө рүү оруулсан .Энэ үед С, И хоёр эмч байсан бөгөөд яаралтай тусламжийг үзүүлсэн. С.Лийн нүүр нь шороо болоод амнаас нь нөжирсөн цус гарчихсан байсан. Миний бие зүрх судсыг дэмжих бүхий л яаралтай тусламжийн тариаг эмчийн заавраар хийсэн... гэх мэдүүлэг / хх-14/,

 

- Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд байх эмийн сан руу орох гэж байхад улаан өнгийн саравчтай малгайтай хүн хэвтэж байсан хүнийг хөлөөрөө өшиглөж байсан. Тэр хүн хар өнгийн мотоцикльтой эмийн сангийн урд талаар хөдөлсөн. Уг хүн бол Сүхбаатар сумын төвийн зүүн урд хэсгээр байдаг С гэдэг хүний хүү Б байсан...гэх мэдүүлэг / хх-19 /,

 

- Гэрч А.Үийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг бэр болоод ирэхэд гайгүй хүлээж авч байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн С.Л нь намайг дээрэлхэж, хэл амаар доромжилж зоддог байсан. 2017 оны цагаан сарын өмнөхөн байх гэртээ ганцаараа байхад С.Л гаднаас орж ирээд “ чамайг ална, надтай унтахгүй бол ална “ гээд надруу дайрч давшилж байгаад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Үүнээс хойш намайг айлгаж сүрдүүлдэг нь ихэссэн. Би энэ талаар нөхөр Бт хэлж байсан. Харин  2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед Б ажилдаа явсан. Харин би хүүхдүүдийнхээ вакцинийг хийлгэх гэж эмнэлэг дээр өдрийн 11 цаг өнгөрөөгөөд гэрлүүгээ очиход С.Л, Б нар гэртээ байгаагүй. Намайг гэртээ байж байхад С.Лийг эмнэлэг дээр байна гэдийг мэдсэн. Энэ хоёр юунаас болж муудсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-20/,

 

- Т.Эы мөрдөн байцаалтанд өгсөн: С.Л нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед гэртээ ирэхдээ эмнэлэгээс гарлаа гээд ор хөнжлийн даавуугаа болон эмчлүүлэгчийн картаа гэртээ тавьчихаад би гарчихаад ирье гээд явсан. Энэ үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэрээс гарах үедээ ямар нэгэн ил харагдах  гэмтэл, бэртэл, шарх сорив байгаагүй. Би гэртээ байж байтал эмнэлэгийн машин ирээд С.Л муу байна гэж хэлээд намайг эмнэлэг дээр авч ирэхэд эмч нар тусламж үзүүлээд гүйлдээд байсан. 12 цаг 30 минутанд нас барлаа гэсэн... гэх мэдүүүлэг /хх-  / ,

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэнд: 1.Талийгаач С.Лийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа,духны гадна зүүн дээд хэсгийн болон зүүн шанааны хэсгийн зөөлөн эдийн хүрэн тав бүхий хуучин зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.С.Л нь гавал тархны битүү гэмтэл, тархины баруун талын бөмбөлөгийн чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорхи шинэ цусан хурааны улмаас үүссэн төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан. 4.Талийгаач С.Лийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хуучин өвчин тогтоогдсонгүй. 5.Шүүх хиймийн шинжилгээгээр С.Лийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илэрээгүй. 6.Шүүх биологийн шинжилгээгээр С.Лийн цогцосноос авсан цус нь В /lll/ бүлгийн харъяалалтай байна... гэжээ/хх-43-46/,

 

- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын “ Сын Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй. 2.Сын Б нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. Сын Б нь хэрэг хариуцах чадвартай” гэх магадлагаа, /хх-50-53/

 

- Шинжээч А.Бийн: С овогтой С.Лийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доор шинэ цусан хураа бүхий шинэ гэмтлүүд тогтоогдсон ба уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл ба энэ нь шууд нас барах шалтгаан болсон. Уг гэмтлийг авсан тохиолдолд эмнэлгийн тусламж нэн даруй авсан ч амь насыг аврах боломж байхгүй... гэх мэдүүлэг/ хх-56/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх- 3-6/

 

-   Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-37-39/

 

-    Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх- 13-17/

 

-    Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл.2017.07.03, гэрэл зураг / хх- 59-61/

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн Засаг даргын 2017.07.04-ний өдрийн 42 тоот тодорхойлолт /хх- 67/

-    Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 66/

 

-  №0000173011 дугаартай С.Лийн нас барсны гэрчилгээ гэсэн баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч С.Бнь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ах С.Лийн толгойд цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас С.Л нь “ гавал тархины битүү гэмтэл, тархины баруун талын бөмбөлөгийн чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорхи шинэ цусан хурааны улмаас үүссэн төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар “ нас барсан болох нь гэмт шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С, гэрч Г.И, Ц.С, Д.Э, А.Ү, Т.Э нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6837, 6838 дугаартай дүгнэлтүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 26 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц, эмгэг судлал магадлагааны акт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

C.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч С.Бнь амь хохирогч С.Лийн “ эхнэр А.Үийг нь байнга хэл амаар доромжлох, зодох, бэлгийн харьцаанд орох дарамт шахалт үзүүлдэг ” зэрэг хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох, гэр бүлээ хамгаалах, өмгөөлөх зорилгоор түүнтэй  маргалдаж хохирогчийн толгойд гараараа цохиж, гэдсэнд хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас С.Л нь тархиндаа гэмтэл авч нас барсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний “2017 оны 07 сарын 02-ны орой ажлаа тараад ирэхэд эхнэр хүүхэд уйлаад сууж байсан. Би яасан бэ гэхэд Д ах чинь зодоод хөөж туугаад байна гэж хэлсэн. Би ажил руугаа эхнэрээ дагуулаад явсан. Ажлаасаа 21 цаг гээд ирээд гэртээ унтах гээд байж байхад эхнэр “чамд нэг зүйл хэлье, ахтайгаа битгий муудаарай” гэсэн. Би хэл хэл гээд хэлүүлэхэд ах чинь намайг өөртэйгөө унтахгүй бол ална гээд зодоод байсан гэж хэлсэн. Маргааш нь манай эхнэр би чамтай хамт ажил руу чинь явъя, ах чинь өчигдөр орой ярьсан зүйлийг гэрийн гаднаас сонссон байна. Намайг ална гээд байна гэж хэлсэн. 07 сарын 02-ны ярьсан зүйл бодогдоод хашраая гэж бодсон. Би ахыгаа алъя гэсэн санаа байгаагүй, ганц хоёр удаа цохиод хашрах байх гэж бодсон. С.Л ах эмийн сангийн урдуур ганцаараа явж байхаар нь дуудаад очиж уулзаад та яагаад эхнэр хүүхэд зүгээр байлгахгүй байгаа юм гэхэд “янхан, гичийгээ өмөөрлөө” гэхээр нь баруун гараараа Л ахын зүүн шанаанд нэг удаа цохьсон. Мөн баруун хөлөөрөө нүүр орчимд нь нэг удаа өшиглөсөн “ гэх,

хууль ёсны төлөөлөгч Ж.Сын “Манай талийгаач хүү өөрийнхөө дүүд гай боллоо. Тэр охиныг ална гээд хоёр хутга бариад дайрч байсан. Тэр охиныг алсан бол яана вэ. Хаа байсан Хэнтий аймгийн Батширээт сумаас бэр болж ирээд манай тэнэг хүүгийн гарт үрэгдсэн бол яана вэ. Би дүүдээ гай болсон нь сайн байна гэж бодож байна. Манай хүү хэцүү хүн байсан. Хөгшин бид хоёрын үгийг авахгүй. Архи ууна, тамхи татна, муу бүхнийг хийдэг байсан. Ээжийгээ барьж зоддог хүн байсан. Манай хүү Бийн эхнэр хүүхдийг байнга айлгаж хэл амаар доромжилдог хүн юм ” гэх,

гэрч А.Үийн “ Намайг бэр болоод ирэхэд гайгүй хүлээж авч байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн С.Л нь намайг дээрэлхэж, хэл амаар доромжилж зоддог байсан. 2017 оны цагаан сарын өмнөхөн байх гэртээ ганцаараа байхад С.Л гаднаас орж ирээд “ чамайг ална, надтай унтахгүй бол ална “ гээд над руу дайрч давшилж байгаад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Үүнээс хойш намайг айлгаж сүрдүүлдэг нь ихэссэн. Би энэ талаар нөхөр Бт хэлж байсан. Энэ хоёр юунаас болж муудсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-20/,

гэрч Д.Эийн “ Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд байх эмийн сан руу орох гэж байхад улаан өнгийн саравчтай малгайтай хүн хэвтэж байсан хүнийг хөлөөрөө өшиглөж байсан. Тэр хүн хар өнгийн мотоцикльтой эмийн сангийн урд талаар хөдөлсөн. Уг хүн бол Сүхбаатар сумын төвийн зүүн урд хэсгээр байдаг С гэдэг хүний хүү Б байсан ” гэх,

гэрч Ц.Сгийн “ Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед эмийн сангаас эм авах гэж байхад Д.Э хажууд зогсож байхдаа “ Б нь ах С.Лийгоо аймаар зодсон “ гэхээр нь эмийн сангийн цонхоор харахад Б нь мотоцикльтойгоо хөдлөөд явсан. Тэгээд би эм авчихаад эмнэлэг рүү явж байхад манай ажлын Д.Э, О хоёр дамнуургандаа С.Лийг өргөөд хүлээн авахын өрөө рүү оруулсан ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

 

С.Бгэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг буюу бусдыг зодож байгаа өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн зүй бус үйлдлийн эсрэг, хувийн шалтгаанаар хохирогчийг зодож гэмтэл учруулан амь насыг нь хохироосон байна. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа шүүгдэгч С.Бын гэм буруугийн талаар “ Гэмт хэргийн гарах болсон шалтгаан бол хохирогчийн зүй бус үйлдэл юм. Хохирогч С.Л нь Бын эхнэр хүүхдийг айлгаж, эхнэрийг нь ална гэж сүрдүүлж байгаад бэлгийн харьцаад орсон зэрэг зүй бус үйлдэл хийсэн байдаг. Б үүнийг мэдээд сэтгэл санаа нь цочрон давчдаж, үүнийг таслан зогсоох гэж байсан. Иймээс С.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилнэ үү “ гэж маргаж буйг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

Учир нь шүүгдэгч С.Буг хэрэг үйлдэгдэхийн урьд орой хохирогч С.Лийн эхнэрийг нь хүч хэрэглэхээр заналхийлэн, эрхшээл дарамтад оруулан, бэлгийн харьцаанд оруулсан хүндээр доромжлогдсон үйлдлийг мэдсэн хийгээд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12.00 цагийн орчимд ах С.Лтойгоо тааралдаж түүнийг цохиж, зодохдоо сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй бөгөөд энэ нь шүүгдэгч С.Бийн “ Би ахтай таараад та яагаад эхнэрийг маань зодоод, хөөж туугаад байдаг юм бэ, би танайд амьдраагүй, дүүгийнхээ гэрт байгаа гэхэд янхан гичийгээ өмөөрлөө гэсэн. Би баруун гараараа ахыг нэг цохисон. С.Л ах арагшаа ухраад газар суусан. Би гэрийн табочиктай явж байсан.Би ахыг нэг өшиглөсөн. С.Л ах намайг “Чи муу янхан гичийгээ өмөөрөд сайн явахгүй дээ, чи үхнээ” гэж хэлэхээр нь би нэг алгадсан. 07 сарын 02-ны ярьсан зүйл бодогдоод хашраая гэж бодсон. Би ахыгаа алъя гэсэн санаа байгаагүй, ганц хоёр удаа цохиод хашрах байх гэж бодсон “ гэх мэдүүлгээр нотлогдоно.  

 

Шүүгдэгч С.Бт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч С.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

 

Шүүгдэгч С.Бнь эхнэр Үийг хэл амаар доромжлох, зодох, бэлгийн харьцаанд орох дарамт шахалт үзүүлдэг зэрэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

С.Бнь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч С.Бнь амь хохирогчтой төрсөн ах дүүгийн холбоотой, уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу түүний аав Ж.С гомдол саналгүй гэсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч С.Бнийт 143 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Бт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Бийн цагдан хоригдсон 143 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан С.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН

 

                                   ШҮҮГЧИД                            Д.С

 

                       Д.ГАНЗОРИГ