| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03742/И |
| Дугаар | 102/ШШ2024/04688 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/04688
| 2024 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/04688 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * тоот. *
12,657,329 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов. /хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Компьютер худалдааны төвийн * нь хариуцагч *-нд холбогдуулж ашиглалтын зардалд 12,657,329 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1. Нэхэмжлэгч: Компьютер худалдааны төвийн * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч * * нь Компьютер молл худалдааны төвд оффисын өрөө, худалдаа үйлчилгээний талбай өмчлөгч болон түрээслэгч нарын өмнөөс талбай ашиглалттай холбоотой зардал болон дараах төлбөрүүдийг төлдөг. Үүнд Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-тай Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Ус сувгийн Удирдах газартай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Т* ХХК-тай цахилгаан шат, урсдаг шатны техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-тай кабель худаг сувагчлал түрээслэх гэрээ, МЦХ ХК-тай цахилгаан холбоо сүлжээ ашиглах гэрээг тус тус байгуулж сар бүр гэрээний дагуу ашиглалтын төлбөр төлдөг. Хариуцагч *-ийн захирал * нь Компьютер молл худалдааны төвийн * давхрын * тоот хаягт байрлалтай 239,91 мкв талбайд 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ашиглалтын төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. Улмаар талууд төлбөрт харилцан тохиролцож 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж Төлбөр барагдуулах гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний 1.1-т гэрээний зорилго нь * тал нь * талд 2017 оны 01 сарын 01-нээс 2023 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ашиглалтын төлбөр 15,557,329 төгрөгийг төлөөгүйгээс тодорхой хэмээний мөнгийг төлж үлдэгдэл 12,657,329 төгрөгийг * талтай харилцан тохиролцсоны дагуу гэрээний хавсралт *-д заасан төлбөрийн хувиарын дагуу төлөх бөгөөд төлбөрийг тухайн сарын ашиглалтын төлбөр дээр нэмж төлөхтэй холбооотой талуудын харилцааг зохицуулахад оршино гэж заасан. *-ийн захирал * Төлбөр барагдуулах гэрээнд зааснаар ашиглалтын зардал болох 12,657,329 төгрөгийг төлөхгүй, үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч *-наас 12,657,329 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс Компьютер худалдааны төвийн *ны шинэчилсэн дүрэм, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, төлбөр барагдуулах хуваарь, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Иргэн аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ, Хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны эрчим хүчээр хангах гэрээ, Хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ, 2024 оны 01 сарын 05-ны өдөр *-нд хүргүүлсэн мэдэгдэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч “хариуцагч * нь Компьютер молл худалдааны төвийн * тоот талбайд үйл ажиллагаа явуулж байх хугацааны ашиглалтын төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс төлбөр хуримтлагдаж, Төлбөр барагдуулах гэрээгээр 12,657,329 төгрөгийг хугацаа тогтоож төлхөөр тохирсон боловч хугацаандаа төлөөгүй” гэсэн үндэслэлээр шаардсан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч * нь *ны төвийн* давхарт *тоотыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байхдаа 2017 оны 01 сарын 01-нээс 2023 оны 09 сарын 30 хүртэлх хугацааны ашиглалтын төлбөр 15,557,329 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2023 оны 09 сараас 10 сарын 02-ны өдрийн хугацаанд 2,900,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12,657,329 төгрөгийг талууд гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож Төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ.
Төлбөр барагдуулах гэрээгээр * нь 2023 оны 10 сараас 2024 оны 08 сарын хугацаанд ашиглалтын зардал 12,657,329 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч хугацаандаа төлбөрийг төлөөгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, Төлбөр барагдуулах гэрээний 1.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
4.2. Хариуцагч * нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч нь шүүхэд тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасан нөхцөл үүссэн, нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч маргаагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
5. Иймд хариуцагч *-наас ашиглалтын зардалд 12,657,329 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Компьютер худалдааны төвийн *-д олгож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч *-наас 12,657,329 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * *-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-наас 217,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Компьютер худалдааны төвийн *-д олгосугай.
3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА