Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 140

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн 1730001360110 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат, 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл 4, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, О.Б.

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч О.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дүгээр багийн нутаг Хуран гэх газар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ниссан Патрол маркийн 12- 49 ОРХ улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а.д, 5.11 а.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг хязгаарлан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалт зөрчин,  Даюунг маркийн 36- 21 сүз улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан А.Пыг мөргөж, А.Пын эрүүл мэндэд “ баруун чихний сэтэрсэн шарх, баруун гуяны доод 1/3-р хөндлөн хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 - Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед харанхуй орчинд уулын налуу, тоос шороо ихтэй газар явж байтал өөдөөс мотоцикльтой хүн гарч ирж, шүргэлцсэн. Тэгээд буугаад хартал мотоциклийн жолооч нь хөл, хөл гээд байхаар нь анхны тусламж үзүүлэх гэж эмнэлэг рүү авч явсан. Маргааш нь Улаанбаатар хот руу явуулж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед хэн нь буруутай нь хамаагүй хүнээ л эмнэлэгт үзүүлье гэж бодсон. Уулын хоёр талаас богино зайд, тоос шороотой газар тулгуу гарч ирж хоорондоо мөргөлдсөн.  Би эгнээ байраа буруу эзэлснээс болж зам тээврийн осол гарсан. Тойрог, налуу газар байсан учраас харагдаагүй. Өөдөөс шууд л тулаад гарч ирсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-г зөрчсөнөө зөвшөөрч байна. 500,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байгаа. Учирсан хохирлын баримтыг бол цуглуулаагүй. 3 сая төгрөгийн хохирол гарсан. Мотоциклын хохиролд 1 сая төгрөг өгсөн. Мотоцикль өөрт нь байгаа.... гэв.

 

           - Хохирогч А.Пын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутаг Ханы голд байх гэр рүүгээ Эрдэнэцагаан сумын төвөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед гарч сумын төвөөс 4 км орчим газарт байх Хуран гэх газар авто машинтай мөргөлдөж биедээ гэмтэл авсан. Баруун хөл өвдөгний дээгүүр хугарсан, баруун чих сэтэрсэн, эмчилгээ хийлгэсэн.Одоогоор эдгэрсэн байгаа, мөн миний унаж явсан мотоциклийн эд анги эвдэрсэн. Эмчилгээний зардлыг гаргасан тул биеийн байдал сайн байна, одоо миний мотоциклийг янзлаад өгөх юм бол ямар нэг гомдол байхгүй, Б нь миний хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн байгаа ” гэх мэдүүлэг /хх-15-16/

 

            - Гэрч У.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 16-ны оройн 20 цагийн орчим манай найз Б залгаад сумаас 5 орчим км-т байна. Найз нь аваар хийчихлээ, эмнэлэг цагдаа хоёр дуудмаар байна гэхээр нь би цагдаа болон эмнэлэгт хэлж улмаар уг газар руу явсан. Тухайн үед Б мотоциклийн жолоочийг эмнэлэг рүү осолд орсон тээврийн хэрэгслээр зөөвөрлөөд явж байгаатай таарсан юм” гэх мэдүүлэг /хх-21/

           

            - Гэрч М.Огийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу Ниссан Патрол маркийн 12-46 ОРХ улсын дугаартай авто машинтай Б нь жолоочоор, Батнасан бид 3 явсан юм. Ингээд Шилийн богд уулан дээр гарчихаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 30 минутын үед орж байтал өөдөөс мотоцикльтой хүн гарч ирээд мөргөлдсөн. Миний хувьд арын суудалд сууж явсан. Осол болсноос хойш эмнэлэг, цагдаа дуудсан бөгөөд мотоциклийн жолооч нь ёолоод бахираад байхаар нь хүнд тусламж үзүүлэх зорилгоор авто машиныг хөдөлгөж Эрдэнэцагаан сумын хүн эмнэлэг рүү явсан. Б нь архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-23/

 

- Гэрч М.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017оны 10-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу Ниссан Патрол маркийн 12-46 ОРХ улсын дугаартай авто машинтай Б нь жолоочоор  Очирсүрэн бид 3 явсан юм. Ингээд Шилийн богд уулан дээр гарчихаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 30 минутын үед орж байтал өөдөөс мотоцикльтой хүн гарч ирээд мөргөлдсөн. Жолооч замаас баруун гар тийш дарсан. Мотоцикль авто машинтай мөргөлдөхдөө авто машины урд гуперны зүүн хэсэгт мөргөсөн. Тухайн орчин тоостой үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Миний хувьд урд талын суудалд сууж явсан. Осол болсноос хойш эмнэлэг, цагдаа дуудсан бөгөөд мотоциклийн жолооч нь ёолоод бахираад байхаар нь хүнд тусламж үзүүлэх зорилгоор авто машиныг хөдөлгөж Эрдэнэцагаан сумын хүн эмнэлэг рүү явсан. Б нь архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-24/

 

- Гэрч О.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10 сарын 15-ны өглөө Улаанбаатар хотоос Б гэх найзынхаа машиныг Эрдэнэцагаан сум руу хүргэж өгөх гэж гарсан юм. Уг өдрөө Сүхбаатар аймагт ирж хоноод маргааш өглөө нь буюу 2017 оны 10 сарын 16-ны өглөө Сүхбаатар аймгийн Дарьганга сумаар дамжин Шилийн богд ууланд гарчихаад Эрдэнэцагаан сум руу хөдөлсөн юм. Тэгээд Эрдэнэцагаан сумаас баруун тийш 5 орчим км байх налуу газар 20 цагийн үед явж байтал өөдөөс мотоцикль гэнэт гарч ирж улмаар хоорондоо шүргэлцсэн асуудал гаргасан юм. Тухайн зам нь харагдах орчин муу, зам байрласан газар нь налуу чулуурхаг, зам нь шантай байгаа байдал нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Миний хувьд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд харин мотоциклтой хүн зүүнээс баруун тийш чиглэлд явж байсан юм. Өөдөөс гэрэл гарч ирмэгц би баруун гар тал руугаа дарж зогсоход мотоцикльтой хүн ирж мөргөсөн юм. Би тухайн үед буугаад машины ард байх залуу дээр очиход хөл өвдөөд байна яа яа гээд байхаар нь цагдаа эмнэлэг дууд гэж сумын төвд байх найз Бод утсаар хэлсэн юм. Тэгээд нэг хэсэг таг болохоор нь асуухад одоохон эмнэлэг, цагдаа аваад очлоо гэхээр нь хүлээсэн тэгээд сүүлдээ утсаа авахгүй болохоор нь машиндаа уг залууг суулгах гэхэд миний машины дугуй хагарсан байсан юм. Тэгээд дугуйгаа солиод хүнээ аваад явж байтал цагдаа таарсан юм ” гэх мэдүүлэг. /хх-25/

 

          - Шинжээчийн 17 дугаартай дүгнэлтэнд:...Патрол маркийн 12-49 орх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а,б, 5.11 а.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг хязгаарлан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно ” гэсэн заалтуудыг  зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-40/

                                                                                                                                    

            - Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 392 дугаартай дүгнэлтэнд:  А.Пын биед баруун чихний сэтэрсэн шарх, баруун гуяны доод 1/3-р хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ./хх-28/

           

- Хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 4,3 км-т “Хуран” гэдэг нэртэй газарт буюу Эрдэнэцагаан сумын төвөөс Шилийн богд чиглэлтэй шороон зам байв. Уг зам нь налуу гадаргуутай, эргэлттэй, чулуутай, тусгаарлах зурвасгүй 2 эгнээ шороо зам байв, Осол гарсан гэх зам нь 3.30 метр өргөнтэй зам байх бөгөөд ойр орчимд ямар нэгэн замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байх ба замын ертөнцийн зүгээр хойт ирмэг дээгүүр тээврийн хэрэгсэл явсан мөр байх ба мал болон машин, мотоциклийн тоормосны мөр байхгүй “ гэжээ. /хх-03/

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 /

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-06/
  •  
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-06/
  •  

  - О.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/

 

  - О.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/

 

  - Хохирогч А.Пын мотоциклийн үнэлгээ /хх-60/

 

  - Хохирогч А.Пын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан  хүсэлт / хх-67 /

 

  - Шүүгдэгч О.Бын Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 2017.10.16-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх- 68/

 

  - Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2017.11.17-ны өдрийн 5/45 дугаартай тогтоол /хх-75/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

            Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

                                 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч О.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 19.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг Хуран гэх газарт Ниссан патрол маркийн 12-49 ОРХ улсын дугаартай машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а.д, 5.11 а.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг хязгаарлан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно ” гэсэн заалт зөрчин Даюунг маркийн 36-21 сүз улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан А.Пыг мөргөж, түүний эрүүл мэндэд “ баруун чихний сэтэрсэн шарх, баруун гуяны доод 1/3-р хөндлөн хугарал гэмтэл ” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Бын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч А.П, гэрч У.Б, М.О, М.Б нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 392 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 17 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

  

   О.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

          Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа өөдөөс ирсэн мотоцикльд зам хувааж зай тавилгүй явснаас буюу Замын хөдөлгөөний дүрмээр тодорхойлогдсон “ тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно “ гэх зохицуулалтын хэрэгжүүлээгүйгээс өөдөөс явсан мотоцикльтой А.Пыг мөргөсөн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч О.Бын “ Эрдэнэцагаан сумаас баруун тийш 5 орчим км байх налуу газар 20 цагийн үед явж байтал өөдөөс мотоцикль гэнэт гарч ирж улмаар хоорондоо шүргэлцсэн. Тухайн зам нь харагдах орчин муу, зам байрласан газар нь налуу чулуурхаг, зам нь шантай байгаа байдал нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Өөдөөс гэрэл гарч ирмэгц би баруун гар тал руугаа дарж зогсоход мотоцикльтой хүн ирж мөргөсөн “ гэх, хохирогч А.Пын “ Тухайн зам нь харагдаж орчин муу зам байрласан газар нь налуу чулуурхаг зам нь шантай, мөн өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэл маш хурдтай явж байсан бөгөөд цагаан өнгийн хурц гэрлээр машинаа тоноглосон бөгөөд уг гэрлүүдийг асаасан нь миний харагдах орчинг хязгаарласан байдал тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна “ гэх мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 17 тоот дүгнэлт зэргээр нотлогдоно.

 

Шүүгдэгч О.Б дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр “ тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно “ гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч анхаарал болгоомжгүй явснаас осол гарч, бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байна.

 

            Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

            Шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Пын эмчилгээний болон бусад зардлыг төлсөн, хохирогч түүнтэй эвлэрсэн, хохирлын маргаан байхгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

                                   

            О.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  хохирогч А.П нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдая.

 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч О.Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Ялтан О.Бт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 4. Ялтан О.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.П хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

                                                                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН