Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0053

 

2018 оны 01 сарын 17 өдөр                   Дугаар 221/МА2018/0053                          Улаанбаатар хот

        “У У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0867 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “У У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0867 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У У” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн “У У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-0260035 дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16,92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “У У” ХХК давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т буй зохицуулалт нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т буй зохицуулалттай салшгүй холбоотой хэм хэмжээнүүд байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж буй этгээдэд өргөдлөө ямар байдлаар гаргах шаардлагыг тавьсан, өргөдөл гаргагч этгээдэд үүрэг бий болгосон зохицуулалт байх бөгөөд хэрэв өргөдөл гаргагч Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасныг зөрчиж өргөдөлд дурдсан талбайг “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашигласан хориглосон газар, нөөцөд авсан ямар нэгэн байдлаар давхцуулж гаргасан” тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийг гаргах нь үндэслэлтэй болно. Гэтэл нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасны дараа 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу Засгийн газрын 289 дүгээр тогтоол батлагдаж, уг тогтоолын дагуу батлагдсан солбилцлоор нэхэмжлэгч “У У” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбайн зарим хэсгийг усны сан бүхий газарт хамааруулсан бөгөөд нэхэмжлэгч өргөдөл гаргах үед энэ талаар мэдэх боломжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, мөн хариуцагч 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг үндэслэн өргөдлийн талбайд бүхэлд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн талбай нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутгийг хамарсан ба өргөдлийн ихэнх талбай байршиж буй Тайшир сум дахь талбай нь усны сан бүхий давхцаагүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай байгаа хэсэгт хасалт хийн үлдсэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөх талаарх хүсэлт, гомдлыг хариуцагчид хандан гаргаж байсан байдаг. Ийм нөхцөлд хариуцагч нэгэнт түрүүлж гаргасан өргөдлийн талбайн зарим хэсэг цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан Засгийн газрын тогтоолоор усны сан бүхий газарт хамаарсаныг харгалзан үзэж усны сан бүхий газарт хамаарсаныг харгалзаж үзэж усны сан бүхий газартай давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлагыг зөрчиж өргөдөл гаргасан гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

...Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоотоор NE-026035 өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дэмжиж байна гэж өөрчилсөн, мөн уг саналаа 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн саналаар дахин баталгаажуулж дэмжиж байна гэсэн санал өгсөн нь Говь-Алтай аймгийн Засаг даргаас өмнөх шийдвэрээ зассан захиргааны акт гаргасан гэж үзэх боломжтой. Нэгэнт Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хувьд цаашид Засаг даргын дэмжихгүй саналтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй болсон.

...маргаан бүхий захиргааны акт буюу нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг гаргахдаа зөвхөн аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй санал ирсэн гэсэн үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэл болгосон байдаг бөгөөд харин хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг үндэслэл болгоогүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх захиргааны азтын хууль зүйн үндэслэлд дурдаагүй Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар тушаалаар “Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлд Засаг даргаас “дэмжихгүй” санал ирүүлсэн” гэх үндэслэлээр “У У” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “У У” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан дээрх шийдвэрийг хүчингүй болгож, NE-0260035 дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан дээрх шийдвэрийн “У У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-0260035 дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16,92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Нэхэмжлэгч “У У” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир, Есөнбулаг сумдын нутаг дэвсгэрт 5939.39 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 07 дугаар сарын 21-нд тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн”, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн “дэмжсэн” санал хүргүүлсэн байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-нд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” саналыг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд Д.Ч гэгч нь “У У” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргаас “дэмжсэн” санал авахуулахаар 2015 оны 10-12 дугаар сарын хооронд Ц.Г, Т.Н, Т.А нарт мөнгө өгч залилуулсан, улмаар тэдний гаргаж өгсөн гэх Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжсэн” санал нь хуурамч болохыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмалын газраас дуудаж уулзахад мэдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс Говь-Алтай аймгийн Засаг дарга “дэмжихгүй” гэсэн саналаа 2 удаа “дэмжиж байна” гэж өөрчилсөн нь Говь-Алтай аймгийн Засаг дарга өмнөх шийдвэрээ зассан захиргааны акт гаргасан явдал гэж тайлбарласан төдийгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Говь-Алтай аймгийн Засаг даргын цаг хугацааны хувьд сүүлд гаргасан тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” саналууд хүчинтэй байх тул өмнө нь гарсан “дэмжихгүй” саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “У У” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал өгсөн атлаа 2015 оны 12 дугаар сарын 24, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн “дэмжсэн” саналуудыг ямар учраас гаргах болсныг болон үүний шалтгаан, нөхцлийг тодруулж энэ талаарх баримтуудыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болохоор заасан. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “дэмжихгүй” саналд дурдсан нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн болох, ямар учраас 2015 оны 12 дугаар сарын 24, 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрүүдэд дэмжсэн санал өгөх болсон шалтгаан, үндэслэл тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0867 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН